Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2018/01170

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Цасчихэрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28ы өдрийн 181/ШШ2018/00712 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Цасчихэрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Худалдаа үйлдвэрлэлийн их сургуульд холбогдох,

 

Ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Саранцацрал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Чулуунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Цасчихэр нь 2006 онд тус сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль байхад нь туслах ажилтнаар ажилд ороод 2010 оноос Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд Монгол Улсын Их сургуулийн захирлын 658 тоот тушаалаар багшаар томилогдон ажилласан. 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5 жил ажиллаад Мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу 5 жил тутамд олгогддог мөнгөн тэтгэмжээ авах эрх үүссэн боловч өгөхгүй байсан тул тус дүүргийн шүүхэд хандсан. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 131 дүгээр Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагыг өөрчлөн байгуулах тухай тогтоолоор Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийг Монгол улсын их сургуулиас тусгаарлан Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль болгон өөрчлөн зохион байгуулж, 2017-2018 оны хичээлийн жилд үйл ажиллагааг бие даалган ажиллуулахаар шийдвэр гарснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу хариуцагчаа сольж "Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургууль"-ийг хариуцагчаар татсан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч байгууллагаас ахиад дараагийн шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан ч тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ба хариуцагч Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад энэ асуудал одоогоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгаа болно.

Гэтэл үүнд ажил олгогч дөнгөж сургууль бие дааж байхад мөнгөний асуудал ярилаа, нэхэмжлэлээ татаж ав гэх мэтээр дарамталж байснаа 9 хүүхэдтэй ангийг минь надад хэлэлгүйгээр тараагаад өнөөдөр ажлаас халж байгаа асуудлыг шүүхээр 5 жилд нэг удаа олгох тусгайлсан хуульд заасан тэтгэмжийн асуудлаа шийдүүллээ гээд халсан гэж үзээд гомдолтой байна.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Цасчихэр нь 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн ректорын 128 дугаартай тушаалаар сургалтын хэрэглэгдэхүүн, хэвлэх цехэд туслах ажилтнаар орж ажилласан. 2010 оны Засгийн газрын 15 дугаар тогтоолын дагуу Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль Монгол Улсын Их сургуулийн бүрэлдэхүүний Худалдаа Үйлдвэрлэлийн сургууль болсон үед 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тухайн бүрэлдэхүүн сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Батсайхан нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн нийтлэг үндэслэл 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйл, Монгол Улсын Их сургуулийн дүрэм, дотоод журмуудыг тус тус зөрчиж 408 тоот дугаартай тушаал гаргаж Мэргэжпийн сургалт Үйлдвэрлэлийн төвд Д.Цасчихэрийг багшаар авч ажиллуулсан байна.

Д.Цасчихэр нь Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ ажилд авах 2006 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 128 дугаар тушаал, ажилд томилох 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 408 дугаартай тушаалыг гаргуулан хэргийн материалд нотлох баримтаар хавсаргах хүсэлт гаргасны дагуу уг материалыг шүүхэд бүрдүүлж өгөхөөр тушаалуудыг Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургуулийн архиваас шүүж гаргах явцад Д.Цасчихэрийн багшаар томилогдсон уг тушаал нь хууль бус болохыг олж мэдсэн. Шинээр үүсэж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан шүүхэд зохих ёсоор тусад нь хандах болно. Д.Цасчихэр нь хууль бус тушаалаар томилогдон 2010 оноос 2017 онуудад Монгол Улсын Их сургуульд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшаар ажилласан бөгөөд нэхэмжлэлдээ 2010 оноос Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвд Монгол Улсын Их сургуулийн захирлын 658 тоот тушаалаар багшаар томилогдон ажилласан гэж худал дурджээ.

Мэргэжлийн боловсролын тухай хуулийн дагуу 5 жил тутамд олгогддог мөнгөн тэтгэмж авах эрх нь 2015 оны 12 дугаар сарын 16-нд үүссэн байтал түүнээс хойш 2 жил орчим өнгөрсний дараа Монгол Улсын Их сургуулиас авч чадахгүй явсаар байгаад 2017 оны 9 дүгээр сард Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургуулийн харьяанд ирэнгүүтээ хариуцагчаа сольж нэхэмжлэл гаргасан. Д.Цасчихэрийн нэхэмжлэлдээ дурдсанчилан энэхүү байдлаас шалтгаалан дарамталж, анги тарааж, ажлаас халсан зүйл байхгүй болно. Аливаа асуудлыг хууль дүрэм зохих журмын хүрээнд шийдвэрлэж ирсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор тус сургуулийг Монгол Улсын Их сургуулиас тусгаарлан "Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургууль" БСБ болгон өөрчлөн зохион байгуулж 2017-2018 оны хичээлийн жилээс бие даалган үйл ажиллагааг нь явуулахаар шийдвэрлэсний дагуу үндсэн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэн авч, Монгол Улсын Их сургуулиас нэг ч оюутан шилжүүлж аваагүй төдийгүй төсөв мөнгөгүй, шинээр оюутан элсүүлж элссэн оюутны сургалтын төлбөрөөр санхүүжилт хийж эхэлсэн.

2017 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн Худалдаа Үйлдвэрлэлийн их сургуульд зөвхөн ерөнхий эрдмийн хичээл заадаг багш нар болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, лицей сургуулийн багш нар байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулах ажилтан нийлсэн 47 багш ажилтан эхний ээлжинд шилжиж ирсэн. Бакалаврын сургалтын оюутан 4 жил суралцдаг, Мэргэжпийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч 1 жил суралцдаг учир Монгол Улсын Их сургуульд элссэн бакалаврын оюутнууд үлдсэн. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн суралцагч нар 1 жил суралцаад төгссөн учир суралцагч шилжин ирээгүй болно.

Багшийн ажлын байр, орон тоо нь оюутны элсэлтийн тоо, анги дүүргэлт, тэдгээрт заах хичээлийн цагийн ноогдлоос шалтгаалж батлагддаг. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нар сургалтын харилцаанд оролцохдоо Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Мэргэжпийн боловсрол, сургалтын тухай хууль болон бусад хууль тогтоомж, Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журам, аргачлал зөвлөмжийн дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг.

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийг Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/103 тоот тушаалаар баталсан элсэлтийн хяналтын тоо, мэргэжлийн дагуу зохион байгуулсан боловч суралцагчийн тоо хангалтгүйгээс багш нарын заах хичээлийн ажлын ачаалалгүй болж ирсэн тул захиргааны зөвлөлийн хурлаар уг асуудлыг удаа дараа хэлэлцэж элсэлтийн хугацааг сунгасан.

Сунгасан хугацаа 2017 оны 10 дугаар сарын 01-нд дуусахад 55 суралцагч бүртгүүлж 2 мэргэжлийн анги нээж хичээллүүлсэн. /2017 оны 10 дугаар сарын 10 хурлын тэмдэглэл/, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, Төрийн захиргааны төв байгууллага, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215, баталсан Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын ажлыг багц цагаар тооцох журам, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн сургалтын ажлын багц цагаар тооцох журмын дагуу багш нарын сургалтын багц цагийн тооцоог гаргахад 3 багшийн ачаалал гарсан учир багш нарын тоог 3-аар цөөрүүлэх шаардлага гарсан. Энэ тухай өөрсдөд нь мэдэгдсэн. 2 багш нь хууль журмыг ойлгож өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. 2017 оны 11 дүгээр сарын 01-нд Д.Цасчихэрт мэдэгдэл өгсөн. 2017-2018 оны хичээлийн жилийн багш ажилтны орон тоо цалинг удирдах зөвлөл баталсан. Ажлаас чөлөөлөх хуулийн хугацаа болоход Д.Цасчихэр өвчтэй байсан учир бид хүлээж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлсөн болно. Иймд Д.Цасчихэрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыгхэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасныг тус тус баримтлан "Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургууль"-ийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай Д.Цасчихэрийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал давж заалдах гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан "Хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол", мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан нөхцлийн аль нэгийн талаар ажил олгогч болон ажилтан амаар тохиролцон ажил үүрэг гүйцэтгэж байсныг хамааруулж үзэх ёсгүй атал шүүх хамааруулж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг хэдийгээр баримтлан шийдвэрлэх ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруутай үйл ажиллагаа биш болно. Энэ бол ажил олгогчийн үүрэг бөгөөд ажил олгогч үүргээ биелүүлээгүй нь түүнд давуу байдал тогтоох ёсгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл нь бусад гэрээний нэгэн адил түүнд хамаарах ч хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу эрх зүйн чадамжтай этгээдүүд гэрээг хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой байдаг. Уг шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус атал шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй нь уг ажлаас халсан тухай тушаал шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй буюу хүчин төгөлдөр бус эсэхэд шүүх дүгнэлт өгсөнгүйд гомдолтой байна.

Хөдөлмөрийн тухай хуульд "орон тоо цөөрүүлэх" гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасах бөгөөд хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтанд 30 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой байдаг. Гэтэл ажил олгогч нэхэмжлэгчид орон тоо цөөрүүлэх тушаал шийдвэр гараагүй цаг хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэзээ цуцлах тухай огноо байхгүй тодорхой бус мэдэгдэх хуудас өгсөний дараа буюу орон тоо цөөрүүлэх тус сургуулийн удирдах зөвлөлийн тушаал 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарсан байна. Эндээс хархад нэхэмжлэгчийг шүүхэд 5 жил ажилласаны тэтгэмжийг гаргууллаа гээд ажил олгогч өөрийн үзэмжээрээ халах шалтаг хайж эхлээд мэдэгдэлийг нь өгөөд араас нь тушаал шийдвэр нөхөж гаргасан гэж үзэж байна.

Мөн мэдэгдэл өгсөнөөс хойш бүтэн 2 сар өнгөрсөний дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б/02 тоот тушаалаар ажлаас чөлөөлөхдөө 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажил хүлээлцүүлэн чөлөөлсөн боловч 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан хуулийн үндэслэлийг алдагдуулж байгааг шүүхээс тогтоосон ч авч үзсэнгүй. Тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.3.7.4-д гэсэн тус байгууллага хуульд заасан хугацааны дотор мэдэгдэл өгөөд ажлаас хална гэж заасан байгааг мөн шүүхээс анхаарсангүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Цасчихэрн нь хариуцагч Худалдаа үйлдвэрлэлийн их сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.4.5, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 55 дугаар зүйлийн 55.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.2, Мэргэжлийн Боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйл, "Худалдаа Үйлдвэрлэлийн Их сургууль"-ийн дүрмийн 4.2.6, 4.6.1, 6.2.7 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.7.1 дэх заалт, "Худалдаа үйлдвэрлэлийн Их сургууль"-ийн Удирдах Зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаартай тогтоол, захирлын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/34 дугаартай тушаал, Мэргэжлийн Боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журмыг тус тус үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б/02 тоот тушаал гаргаж, багш нарын орон тоо цөөрсөн үндэслэлээр Д.Цасчихэртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх 6, 66, 78, 95/

Тус сургуулийн бүтцэд хамаарах сургалтын нэгж болох Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоог Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн А/103 тоот тушаалаар 4 мэргэжлээр нийт 150 суралцагч байхаар батласан боловч 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 4 мэргэжилд нийт 48 суралцагч, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 4 мэргэжилд нийт 55 суралцагч элсэхээр бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан сайдын тушаал, захиргааны зөвлөлийн хурлын 02, 06 тоот тэмдэглэлүүдээр нотлогдож байна. /хх 71-74, 81-87/

Дээрх элссэн суралцагчийн тоо батлагдсан хяналтын тоонд хүрээгүйн улмаас оюутны тоо, түүнд заах сургалтын цагийн ачааллаас шалтгаалан багшийн орон тоо, ажлын байр бий болдог үндэслэлээр Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаас 09 дүгээр тогтоолоор Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багшийн 6 багшийн орон тоог 3-аар цөөрүүлэхээр шийдвэрлэж, бодитойгоор 3 орон тоог хассан үйл баримт тогтоогдож байна. /хх 91-102/

Ийнхүү орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлөх талаар мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хугацаа, журмаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн байна.

Хариуцагч Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Удирдах зөвлөлийн тогтоол 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарахаас өмнө ажил олгогч орон тоо цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.Цасчихэрт өгсөн байна. /хх 121/

 

Хэрэгт авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №02 дугаартай Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд элсэлтийг 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгах талаар..., нэмэлт элсэлт авч 11 дүгээр сарын 01-ний дотор элсэгчдийн дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөрийн яаманд хүргэж, ноогдох санхүүжилтийг авах шаардлагатай талаар хэлэлцэгдэж байсан бөгөөд улмаар 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан байна. /хх 82/ Иймд дээрх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мэдэгдлээр 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгч Д.Цасчихэрийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцсэн тул шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28ы өдрийн 181/ШШ2018/00712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ЦОГТСАЙХАН