| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2410 00000 1471 |
| Дугаар | 2025/ДШМ/561 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/561
2025 05 13 2025/ДШМ/561
А.Б , М.Б , Г.Д нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Сүрмандах,
шүүгдэгч А.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал,
шүүгдэгч М.Б /цахимаар/, Г.Д /цахимаар/,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/697 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн А.Б , М.Б , Г.Д нарт холбогдох 2410 00000 1471 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19 цаг 50 минутын орчимд А.Б тай бүлэглэн, санаа зорилгоо нэгтгэж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е” худалдааны төвийн хүнсний барааны тасгийн хөргүүрээс 600 грамм утсан гахайн гуяны махыг халаасандаа хийж авч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 28.608 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 40 минутын орчимд М.Г , А.Б , Г.Д нартай бүлэглэн, санаа зорилгоо нэгтгэж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е” худалдааны төвөөс 348.000 төгрөгийн үнэ бүхий “Топ тен” брэндийн эрэгтэй богино хар өнгийн куртик, 306.000 төгрөгийн үнэтэй “Топ тен” брэндийн хар өнгийн өмд, поло захтай шаргал өнгийн цамц зэргийг тус тус хүч хэрэглэхүйгээр, нууцаар, хууль бусаар авч, зэвсгийн чанартай зүйл болох хувцасны мэдрэгчийг салгах тусгай багаж хэрэглэн дохиоллыг салгаж, хувцсыг өмсөж тус дэлгүүрээс гарч явж, нийт 715.500 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд Г.Д , А.Б нартай бүлэглэн, санаа зорилгоо нэгтгэж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е” худалдааны төвөөс “Топ тен” брэндийн 248.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй куртик, мөн 457.600 төгрөгийн үнэтэй 4 хос нярайн хослол, 106.900 төгрөгийн үнэтэй “Намуу” брэндийн эмэгтэй хамбан халаад, 89.900 төгрөгийн үнэтэй “Aviva Rivacase 999" брэндийн хар өнгийн үүргэвч зэрэг 902.400 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл болох хувцасны мэдрэгчийг салгах тусгай багаж хэрэглэж дохиоллыг салгаж, тус дэлгүүрээс гарч явахыг завдсан зэргээр үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, нийт 1.617.908 төгрөгийн хохирол учруулсан.
Шүүгдэгч А.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 21 цагийн үед М.Б , М.Г нартай бүлэглэн, санаа зорилгоо нэгтгэж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е” худалдааны төвөөс 32.900 төгрөгийн үнэтэй эко зэстэй улавч 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 32.900 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19 цаг 50 минутын орчимд М.Б тэй бүлэглэн, санаа зорилгоо нэгтгэж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е” худалдааны төвийн хүнсний барааны тасгийн хөргүүрээс 600 грамм утсан гахайн гуяны махыг халаасандаа хийж авч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 28.608 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 40 минутын орчимд М.Г , М.Б , Г.Д нартай бүлэглэн, санаа зорилгоо нэгтгэж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е” худалдааны төвөөс 348.000 төгрөгийн үнэ бүхий “Топ тен” брэндийн эрэгтэй богино хар өнгийн куртик 306.000 төгрөгийн үнэтэй “Топ тен” брэндийн хар өнгийн өмд, поло захтай шаргал өнгийн цамц зэргийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл болох хувцасны мэдрэгчийг салгах тусгай багаж хэрэглэн дохиоллыг салгаж, өмсөж тус дэлгүүрээс гарч явж нийт 715.500 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд М.Б , Г.Д нартай бүлэглэн, санаа зорилгоо нэгтгэж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е” худалдааны төвөөс “Топ тен” брэндийн 248.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй куртик, мөн 457.600 төгрөгийн үнэтэй 4 хос нярайн хослол, 106.900 төгрөгийн үнэтэй “Намуу” брэндийн эмэгтэй хамбан халаад, 89.900 төгрөгийн үнэтэй “Aviva Rivacase 999" брэндийн хар өнгийн үүргэвч зэрэг нийт 902.400 төгрөгийн эд зүйл, барааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл болох хувцасны мэдрэгчийг салгах тусгай багаж хэрэглэж дохиоллыг салгаж, тус дэлгүүрээс гарч явахыг завдсан зэргээр үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, нийт 1.617.908 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Д нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг 40 минутын орчимд М.Б , М.Г , А.Б нартай бүлэглэн, санаа зорилгоо нэгтгэж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е” худалдааны төвөөс 348.000 төгрөгийн үнэ бүхий “Топ тен” брэндийн эрэгтэй богино хар өнгийн куртик, 138.000 төгрөгийн үнэтэй “Топ тен” брэндийн хар өнгийн өмд, 168.000 төгрөгийн үнэтэй поло захтай шаргал өнгийн цамц зэргийг авч, хувцасны өрөөнд орж тусгай багаж хэрэгсэл ашиглан хувцасны дохиолол мэдрэгчийг салгах аргаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдэж хохирогчид нийт 654.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд М.Б , Г.Д нартай бүлэглэн, санаа зорилгоо нэгтгэж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е” худалдааны төвөөс “Топ тен” брэндийн 248.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй куртик, мөн 457.600 төгрөгийн үнэтэй 4 хос нярайн хослол, 106.900 төгрөгийн үнэтэй “Намуу” брэндийн эмэгтэй хамбан халаад, 89.900 төгрөгийн үнэтэй “Aviva Rivacase 999" брэндийн хар өнгийн үүргэвч зэрэг нийт 902.400 төгрөгийн эд зүйл, барааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, зэвсгийн чанартай зүйл болох хувцасны мэдрэгчийг салгах тусгай багаж хэрэглэж дохиоллыг салгаж, тус дэлгүүрээс гарч явахыг завдсан зэргээр үргэлжилсэн үйлдлээр үйлдэж, нийт 1.556.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Б , А.Б , Г.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б, Б, Д нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Б д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Б өд 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Д д 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б , Г.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Б өд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Д д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-н нэхэмжилсэн 347.968 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэмт хэрэгт оролцоогүй ба шүүгдэгч нарыг хулгай хийж байгааг мэдээгүй. Урьд нь 3 удаагийн ял шийтгэл шийтгүүлсэн ч тухайн үед залуу насны болчимгүй үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшдэг. Би одоо өөрийн сурч эзэмшсэн мэргэжлээрээ үсчин хийж байгаа. Урьдын алдаанаас сургамж авсан тул өөрийн хүч хөдөлмөрөөрөө эхнэр, 3 хүүхдээ асран хамгаалж, тэжээн, тэтгэж яваа. Удахгүй эхнэр маань амаржих гэж байхад ийм байдалтай байгаадаа маш их харамсаж байна. Мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд “би энэ гэмт хэрэгт оролцоогүй гэтэл хамт явж байсан гэдгээр гэмт хэрэгт холбогдуулсанд гомдолтой байна” гэдгээ мэдүүлсэн ч “өөрийн буруугүйг нотлох үүрэггүй” гэсэн дүгнэлт гаргаж ял шийтгэсэн. Иймд хэргийг маань үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.
...Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй, эхнэр төрөөд удаагүй, бага насны 3 хүүхэдтэй. Гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ илэрхийлж байна. 3 удаа ял шийтгүүлж байсан боловч үсчнээр ажиллаж 3 хүүхдээ тэжээж байсан. ...Д надад “ахаа надад тэнчээ байгаа хүүхдийн хувцсыг аваад өгөөч” гэхэд нь би Г.Д д авч өгсөн. Би уг дэлгүүрт ямар үндэслэлээр орсон вэ гэвэл манай эхнэр “шинэ бараа ирсэн байна” хямдрал зарласан, “Чи очиж үзээд, боломжийн хувцас байвал авчих” гэж ярьсан. Энэ талаарх чат хэрэгт байгаа. ...Дэлгүүрээс худалдан авалт хийсэн. Дэлгүүрээс хулгай хийгээд гарахдаа Г.Д надад “хувцас хулгайлаад цүнхэнд хийсэн. Одоо аваад гаргах гэж байна” гэхэд нь би ах нь олон алдсан, “хулгай хийж болохгүй шүү” гэж хэлсэн. Гэтэл М.Б хаалгаар чигээрээ гараад явсан. ...” гэв.
Шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Ц.Даваажаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Учир нь, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М ийн “...М.Б , Г.Д , А.Б нар орж ирээд М.Б гахайн мах халаасандаа хийж гарч явсан, ...эко зэстэй улавчийг А.Б , Т.Г , М.Б нар үзээд зогсож байгаад явахдаа М.Б хүрмийнхээ халаасанд хийгээд ...касс хэсгээр гарч явсан, ...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч М.Б , Г.Д нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт А.Баттулгыг хулгай хийж байгаа талаар огт мэдээгүй гэсэн мэдүүлэг, А.Б-н “шүүгдэгч нарыг хулгай хийж байгааг огт мэдээгүй” гэх мэдүүлгийг няцаагаагүй, зөвхөн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэх дүгнэлт гаргаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан ямар нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь тухайн үйлдлүүдэд оролцож, хөтөлбөргүй тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасан шаардлагыг хангаагүй.
Иймд А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Б давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэрэг хийгээгүй хүнд ял оногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Д давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. А.Б-н хувьд М.Б бид хоёрыг хулгай хийж байгааг мэдээгүй. Хэрэг хийгээд хамгийн сүүлд хамгаалагчид баригдахад Тулгаа ахад би хэлсэн. “М.Б хувцас цүнхэндээ хийсэн, аваад гаргах гэж байна” гэхэд Тулгаа ах “боль, гэж хэл хулгай хийж болохгүй, дараа нь асуудал үүссэн, ах нь 3 удаа ял эдэлж байсан. Буцаагаад барианд нь тавчих” гэж хэлсэн. Гэтэл М.Б рүү залгахад утсаа аваагүй, гүйж очоод харахад хаалгаар гарч байсан. Энэ хэрэгт хамааралгүй хүнийг асуудалд оруулчихсан. ...” гэв.
Прокурор Б.Сүрмандахад давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрүүдэд 4 удаагийн үйлдлээр шүүгдэгч А.Б , шүүгдэгч М.М , шүүгдэгч Г.Д нар “Е” худалдааны төвд үйлчлүүлж байгаа мэтээр орж эд зүйл, хувцас өмсөж, хар өнгийн цүнхэнд хувцас, эд зүйл хийж авч гарсан үйл баримт тогтоогддог. Уг үйл баримтад шүүгдэгч А.Б “би хулгай хийж байсныг мэдээгүй, хулгайлах гэмт хэрэг хийгээгүй талаар гомдолдоо” дурдаж байна. Шүүгдэгч А.Б камерын бичлэгт А.Б 4 удаагийн үйлдлүүдэд холбогдсон. Бусад шүүгдэгч нартайгаа ярилцсан, өлгүүрээс хувцас авах, хувцасны өрөөнд орох, давхарлаж өмсөж байгааг мэдсэн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч А.Б “гэмт хэргийг таслан зогсоох боломжтой байсан. Шүүгдэгч нарыг хулгай хийснийг мэдээгүй гэж байна.” Шүүгдэгч нар хоёр, хоёроороо гарч явсан бичлэг байдаг. Гэмт хэргийн талаар мэдээлэх боломжтой байсан. Гэтэл шүүгдэгч Б.Б хэргийн талаар мэдээлэхгүйгээр 4 удаагийн үйлдлээр хамт явж байгаа нь хулгайлах хэргийг бүлэглэж, санаа зорилго нэгдэж оролцсон. Мөн дэлгүүрээс гараад хамт явсан талаар мэдүүлэг байдаг, архи ууж, хоол идсэн талаар энэ явцад шүүгдэгч нар хувцас давхарлаж өссөн байсныг мэдэхгүй байх үндэслэлгүй. Бусад шүүгдэгч нарын хувьд “шүүгдэгч А.Б хулгайлах гэмт хэргийн талаар мэдээгүй” гэж мэдүүлдэг боловч хэрэгт оролцоогүй гэх нотлох баримт болохгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч нарын үйлдэл болон хувийн байдалд нь тохирсон ял оногдуулсан. Шүүгдэгч А.Б гэм буруугаа хүлээгээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд маргаж оролцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч А.Б , М.Б , Г.Д нар нь өөр хоорондоо бүлэглэн, санаа зорилгоо нэгтгэж, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е” худалдааны төвөөс нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу тасдагч багаж хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 1.617.908 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М ийн “...2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай дэлгүүрээр 21 цагийн үед Б , Г , Б нар орж ирээд 32900 төгрөгийн эко зэстэй улавч хулгайлсан байсан. Тухайн үед хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд аяллын тасгийн лангуун дээр байрлах эко зэстэй улавчийг Б , Г , Б нар үзээд зогсож байгаад явахдаа Б хүрэмнийхээ халаасанд хийгээд 21 цаг 06 минутад төлбөр тооцоог төлөлгүй касс хэсгээр гарч явсан байсан... 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19 цаг 51 минутад Б , Б нар ...1 дүгээр давхрын хүнсний хэсгээр явж байгаад мах махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг хөргүүр хэсгээс утсан гахайн махнууд хамтдаа үзэж байгаад Б 28,608 төгрөгийн утсан гахайн мах гартаа барьж явж байгаад чихэр амттаны тасагт очоод хүрэмнийхээ халаасанд хийгээд төлбөр тооцоог төлөлгүй касс хэсгээр гараад явсан. 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ...Б , Б , Д нар нь хамтдаа дэлгүүрээр орж ...2 давхарт байрлах Тор Тен брэндийн бэлэн хувцасны тасагт очоод гурвуулаа янз бүрийн хувцас аваад хувцас солих өрөө рүү орж гараад байсан. ...Тухайн үед А.Б нь дөрвөн ширхэг нярай хүүхдийн хослол өлгүүртэй нь бариад хувцас солих өрөө рүү орсон ба гарч ирэхдээ нярай хүүхдийн хослолыг хувцас солих өрөөнд үлдээсэн байсан. Мөн Г.Д нь араас нь хар өнгийн “Aviva rivacase 999” брэндийн үүргэвч хувцас солих өрөө рүү авч орсон. ...4 этгээд нийт 4 удаагийн үйлдлээр 12 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хулгайлж 1.617.908 төгрөгийн хохирол учруулсан. Гэхдээ хулгайлсан 4 ширхэг нярайн хослол, 1 ширхэг куртик, 1 ширхэг эмэгтэй хамбан халаад, 1 ширхэг хар өнгийн үүргэвчийг манай дэлгүүр тус өдрөө хураан авсан. ...” /1хх52-54/,
дахин өгсөн “...Тухайн этгээдүүд нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 12 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хулгайлж 1.617.908 төгрөгийн хохирол учруулсан. Гэхдээ 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хулгайлсан 4 ширхэг нярайн хослол, 1 ширхэг куртик, 1 ширхэг эрэгтэй хамбан халаад, 1 ширхэг хар өнгийн үүргэвчийг манай дэлгүүр тус өдрөө хураан авсан. Тийм учраас өмнөх 3-н удаагийн үйлдлийн хулгайлсан барааны хохирол болох 715.508 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна. ...” /1хх57/,
гэрч С.Б-н “...Энэ хулгайчууд бэлэн хувцасны тасаг дээр очоод ойр ойрхон хувцас солих өрөөнд ороод байсан. Нэлээн удсаны дараа гарахад нь дохиолол дуугараагүй. Харин цүнхгүй орсон хүмүүс цүнхтэй болчихсон байсан. Энэ үед сэжиглээд цүнхийг нь шалгахад 7-н нэр төрлийн бараа байсан. Бүгд дохиоллыг нь салгачихсан бүх бараагаа хулгайлсан цүнхэндээ хийчихсэн байсан. Хувцасны дохиоллуудаа хаана хаяснаа хэлээгүй. ...” /1хх61-62/,
М.Б ийн сэжигтнээр өгсөн “...өнөөдөр Е худалдааны төвөөс хувцас хулгайлах зорилготой байсан ба хувцасны соронз авдаг “Чог салгагч” гэх нэртэй багаж аваад 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Е худалдааны төв рүү орсон. Е худалдааны төвийн 2 давхарт байрлах хувцасны тасгаас нэг куртик, хүүхдийн 4 хувцас, 1 ширхэг цүнх аваад хувцас сольдог өрөөнд ороод түгжээг нь салгаад цүнхэндээ хийгээд авч гараад кассаар нь гараад алхах гэж байтал тус газрын ажилтан ирээд намайг барьсан. ...” /1хх83-84/,
яллагдагчаар өгсөн “...дохиолол салгагчийг манай найз Солонгос улсаас явуулсан. ...касс нь дээр баригдахгүй гэж бодсон учраас хулгай хийх санааг гаргасан. ...хулгайлсан хувцаснуудынхаа дохиоллыг салгаад өлгүүрт байгаа хувцаснууд дээр нууж тавиад хувцсаа давхарлаж өмсөөд эсхүл цүнхэндээ хийгээд касс хэсгээр мэдэгдэхгүй гарсан. 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хувцас хулгайлаад гарч байгаад касс дээр баригдсан. ...Д д энэ талаар хэлсэн бөгөөд бид 2 туршиж үзсэн, эхний өдөр баригдаагүй учир дахин хулгай хийх санаа төрсөн. ...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх101-102/,
А.Б-н сэжигтнээр өгсөн “...Б надад хандаад “Ахаа би нэг куртик үзье, хамт яваад өгөөч” гэж хэлээд бэлэн хувцасны тасгаар явсан. Тухайн үед Б Налайх руу найзынхаа хүүхдийн төрсөн өдөрт явна гэж хэлсэн бөгөөд гэнэт нярай хүүхдийн хувцас үүрч явсан цүнхэндээ хийгээд байсан. Тэгээд би Б өд хандаж “Чи ингэж болохгүй, баригдана, асуудал үүсээд дараа нь лай болно шүү, би энэ асуудалд чинь ямар ч хамаагүй шүү, наадхаа боль, авсан юмнуудаа буцааж тавь” гэж хэлээд касс дээр авсан ундаагаа бичүүлэх гээд зогсож байтал Б ийг хамгаалалтын албаныхан барьсан. Тэгээд би Д ийг “юу болсон талаар хараадах” гээд Б рүү явуулсан бөгөөд Д ийг адил барьсан. Тэгээд намайг харуул, хамгаалалтын албанаас “асууж, тодруулах зүйл байна” гэж хэлээд дуудсан, яваад очиход Б ийн үүрч явсан цүнх нь дотроос баахан хулгайлсан хувцаснууд гаргаад тавьчихсан байсан. ...” /1хх86-87/,
Г.Д ийн сэжигтнээр өгсөн “...Б хувцасны тасгаар хувцас үзэж байхад “дохиолол салгагч байна” гэж хэлсэн. Тэгээд би өөртөө ноосон цамц, хар өнгийн өмд өмсөж үзсэн ба Б “энэ дохиоллыг нь салгачихдаг юм” гэж хэлээд үзүүлээд салгасан. ...дохиоллыг нь салгаад шууд өмсөөд гарсан. ...маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дахин Хан-Уулын Е орсон. ...Гэтэл Б найзынх нь хүүхдийн төрсөн өдөр гээд дахин хулгай хийх санаа гаргасан. Тэгээд Б хүүхдийн хувцас аваад хувцас солих өрөө орж дохиоллыг нь салгасан. Би лангуунаас хувцас хийх хар үүргэвч авч Б өд өгсөн, Б үүргэвчиндээ хулгайлсан хүүхдийн хувцсаа хийгээд кассын хэсгээр түрүүлж гарсан. ...гараад явж байтал хамгаалалтын албаныхан Б ийг аваад явсан, ...би араас нь кассын хэсгээр гартал намайг бас хамгаалалтынхан аваад явсан. ...” /1хх90-91/,
яллагдагчаар өгсөн “...баригдахгүй хулгай хийж болох юм шиг санагдаад эхний өдөр өмд, цамц өмсөөд дохиоллыг нь салгаад гарсан. ...2024 оны 10 дугаар сарын 06-ны баригддаг өдөр Б ахад хэлэхэд бид 3-г болиулах гэсэн. ...куртикийг хэн авсныг мэдээгүй, баригдахад цүнхнээс гарч ирсэн. ...хулгайн хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх106-107/ гэх мэдүүлгүүд,
шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /1хх23/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх32-33/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх35-48/, “Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн Х-00099 дугаартай “...нийт хохирлын үнийн дүн 1.617.908 төгрөгөөр тогтоогдож байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх65-66/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Б д 2 жилийн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б , Г.Д нарт тус тус 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” заасан шударга ёсны зарчимд нийцжээ.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог.
Түүнчлэн, гэмт хэргийн объектив шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй бөгөөд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдэгт бусдын эд хөрөнгийн хулгайлахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан бүх төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хамааруулан ойлгох бөгөөд энэ тохиолдолд гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр үйлдсэн гэж үзэхээр хуульчилсан.
Шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хувцасны мэдрэгчийг тусгай багаж, хэрэгслийн тусламжтайгаар салгаж, дохиолол дуугарахгүй байх нөхцөлийг бүрдүүлж дэлгүүрээс авч гарсан байх тул хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч А.Б “...Би гэмт хэрэгт оролцоогүй ба шүүгдэгч нарыг хулгай хийж байгааг мэдээгүй. Гэтэл хамт явж байсан гэдгээр гэмт хэрэгт холбогдуулсанд гомдолтой байна. ...өөрийн хүч хөдөлмөрөөрөө эхнэр, 3 хүүхдээ асран хамгаалж, тэжээн, тэтгэдэг, удахгүй эхнэр маань амаржих гэж байгаа. Иймд хэргийг маань үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн,
түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М ийн мэдүүлэг болон шүүгдэгч М.Б , Г.Д нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “А.Б хулгай хийж байгаа талаар огт мэдээгүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй буюу А.Б-н “шүүгдэгч нарыг хулгай хийж байгааг огт мэдээгүй” гэх мэдүүлгийг няцаагаагүй, ...шүүгдэгч А.Б нь тухайн үйлдлүүдэд оролцож, хөдөлбөргүй тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй...” гэж заасан ба шүүгдэгч А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд, анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт “би тэр 3-г хулгайн гэмт хэрэг хийж байгааг мэдээгүй, би огт хулгай хийгээгүй” гэж мэдүүлсэн хэдий ч тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжаа өөр бусад нотлох баримтаар зааж нотлоогүй бөгөөд анхан шатны шүүх “...шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм...” гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Хэргийн 1 дүгээр хавтасны 35-48 дугаар талд авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг бүхий сидинд авагдсан дүрс бичлэг зэргээс үзвэл шүүгдэгч А.Б нь М.Б , Г.Д нартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Е худалдааны төв рүү 4 удаа хамт орж, гарахдаа худалдан авалт хийгээгүй байх бөгөөд тэдгээртэй үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг хамтран үйлдсэн болох нь хяналтын камерт бичигджээ.
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “зураг 11” гэх хэсэгт “...Г.Д нь өлгүүрт өлгөсөн цайвар өнгийн 2 ширхэг цамцыг гартаа барьж байгаад хувцас солих өрөө рүү орж байх ба Г.Д нь А.Б , М.Б нарын хамт зогсож байна...” гэж, “зураг 12” гэх хэсэгт “...Г.Д нь цайвар өнгийн цамцыг хувцас солих өрөөнд өмссөн толинд харж байгааг харуулав...” гэж, “зураг 17” гэх хэсэгт “...М.Г нь хар өнгийн бомбор куртик хувцас солих өрөө рүү авч ороод өөрийнхөө өмсөж буй хувцасны гадуур давхарлаад өмсөж байх ба Б нь хувцас солих өрөөний гадаа хараад хүлээж байгааг харуулав...” гэж, “зураг 21” гэх хэсэгт “...А.Б нь хүүхдийн өлгүүртэй хувцаснууд гартаа барьсан байдалтай Г.Д ийн хамт хувцас солих өрөө рүү орж байгааг харуулав...” гэж, “зураг 22” гэх хэсэгт “...Хувцас солих өрөөнд Г.Д , А.Б нар нь 7 орчим минут байж байгаад “хүүхдийн хувцаснууд хийсэн байсан” хулгайлсан хар үүргэвчийг Г.Д барьсан байдалтай гарч байгааг харуулав...” гэж, “зураг 25” гэх хэсэгт “...А.Б , М.Б нар дахин хувцас солих өрөө рүү орж байгааг харуулав...” гэж тэмдэглэгдсэн байх ба хяналтын камерын бичлэг болон хулгайн хэрэг зөрчлийг шалгасан тухай танилцуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.М-н “...2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай дэлгүүрээр 21 цагийн үед Б , Г , Б нар орж ирээд 32900 төгрөгийн эко зэстэй улавч хулгайлсан байсан. Тухайн үед хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд аяллын тасгийн лангуун дээр байрлах эко зэстэй улавчийг Б , Г , Б нар үзээд зогсож байгаад явахдаа Б хүрэмнийхээ халаасанд хийгээд 21 цаг 06 минутад төлбөр тооцоог төлөлгүй касс хэсгээр гарч явсан байсан... 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19 цаг 51 минутад Б , Б нар ...1 дүгээр давхрын хүнсний хэсгээр явж байгаад мах махан бүтээгдэхүүн худалдан борлуулдаг хөргүүр хэсгээс утсан гахайн махнууд хамтдаа үзэж байгаад Б 28,608 төгрөгийн утсан гахайн мах гартаа барьж явж байгаад чихэр амттаны тасагт очоод хүрэмнийхээ халаасанд хийгээд төлбөр тооцоог төлөлгүй касс хэсгээр гараад явсан. 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ...Б , Б , Д нар нь хамтдаа дэлгүүрээр орж ...2 давхарт байрлах Тор Тен брэндийн бэлэн хувцасны тасагт очоод гурвуулаа янз бүрийн хувцас аваад хувцас солих өрөө рүү орж гараад байсан. ...Тухайн үед А.Б нь дөрвөн ширхэг нярай хүүхдийн хослол өлгүүртэй нь бариад хувцас солих өрөө рүү орсон ба гарч ирэхдээ нярай хүүхдийн хослолыг хувцас солих өрөөнд үлдээсэн байсан. Мөн Г.Д нь араас нь хар өнгийн “Aviva rivacase 999” брэндийн үүргэвч хувцас солих өрөө рүү авч орсон. ...4 этгээд нийт 4 удаагийн үйлдлээр 12 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн хулгайлж 1.617.908 төгрөгийн хохирол учруулсан. Гэхдээ хулгайлсан 4 ширхэг нярайн хослол, 1 ширхэг куртик, 1 ширхэг эмэгтэй хамбан халаад, 1 ширхэг хар өнгийн үүргэвчийг манай дэлгүүр тус өдрөө хураан авсан...” /1хх57/ гэх мэдүүлэг зэргийг өөр хооронд нь харьцуулан дүгнэвэл шүүгдэгч А.Б нь шүүгдэгч Г.Д , М.Б нарын хамт тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...М.Б , Г.Д , М.Г нарыг 4 удаагийн үйлдлээр хулгай хийж байхад нь Е худалдааны төв рүү хамт орсон нь үнэн. Гэхдээ тухайн үед тэр 3-ыг хулгай хийж байгааг мэдээгүй. ...би огт хулгай хийгээгүй...” гэх мэдүүлгийг үгүйсгэн няцаасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэхэд бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Тодруулбал, гэмт хэрэгт хамтран оролцох хууль зүйн ойлголт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн байх шинж бөгөөд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж зааж, хамтран оролцооны төрөл, хэлбэрийг тодорхой хуульчилж өгсөн болно.
Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/697 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн прокурорын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2410000002047 дугаар тогтоолоор тус эрүүгийн хэргээс яллагдагч М.Г т холбогдох хэргийг тусгаарласан байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч А.Б , М.Б , Г.Д нар нь 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/697 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч Ц.Даваажаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б , М.Б , Г.Д нарын тус тус цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА