Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч В.*******,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа ,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.*******гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814002780161 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч: ******* нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 7 дугаар гудамжны 24 тоотод байх *******ийн гэрт эхнэр *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Өчигдөр би хадмынд яваад ороход манай гэр бүлийн хүн хүүхдүүдтэйгээ байсан. Урд өдөр нь манай хүн оройтоод ирсэн болохоор нь би уурлаад “хаагуур яваад байдаг юм, танай ажил эрт тарсан юм байна лээ ш дээ”, гэсэн чинь “би ажилтай байсан” гээд уурлахаар нь би 1, 2 удаа алгадсан.Тэгээд би хөл рүү нь өшиглөсөн. Үнэн ийм л зүйл болсон. 2012 онд хурим найраа хийсэн Тэгэхдээ батлуулаагүй. 2 хүүхэдтэй. Том нь 5 настай Бага нь 2 настай. 5 жил хамт амьдарч байна. Манай хүн дунд захын Баянхайрхан гэх цайны газарт ажилладаг.ажилд ороод нэг сар болж байна. анх орохдоо орой 18 цагаас хойш ажиллахгүй илүү цагийн мөнгө төгрөг өгдөггүй юм билээ. Тийм л гэрээ хийж анх орсон. Тэгсэн манай хүн оройтоод байхаар нь би уурласан. Наад гэрээгээ дагаж ажилладаггүй юм уу гээд уурласан чинь өөдөөс хэрэлдээд байхаар нь би уурандаа алгадаж өшиглөсөн нь үнэн. Хөх толгой ******* гэх найзындаа уусан. Манай хүргэний ах дүүгийн хүн байгаа юмаа 2 уулаа 2 том пиво уусан. Тэгээд жаахан халчихсан байсан,болохоор тийм зүйл гаргасан байна миний буруу. Намайг үлээлгэсэн 1,03 % тай согтолттой байсан тэгээд эрүүлжүүлсэн. Тийм намайг Бг алгадахад намайг таягаараа цохих гээд байхаар нь би таягийг нь булааж авах гээд гараас нь татсан чинь маажчих шиг болсон. Гэхдээ намайг таягаараа цохих гээд байхаар нь би гараараа хаасан. Өөр зүйл болоогүй. Өвөө байсан. бас 2 эгч нар нь байсан. 2 эгчийг нь Энхээ, Уукаа гэдэг хүмүүс байдаг. Тэр 2 эгч нь байсан. Өөр хэлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/

Би 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр эхнэр А Б намайг жижүүрт хонох ажилтай байсан учир өвөө *******ийнд хүүхдүүдээ аваад хоносон маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өглөө ажлаасаа буугаад эхнэр хүүхдэдээ очих гэж өвөөгийнх рүү явж байхад найзтайгаа таарсан тэгээд би хоёр том пиво хувааж уугаад хадам өвөө *******ийнд очсон тэгээд гэрт ороход эхнэр ******* гутлын улаа бурхан руу харуулчихсан сууж байсан тэгээд би чи яагаад бурхан руу гутал улаа харуулаад байгаа юм бэ гэж хэлсэн тэгсэн би өөрөө өөрийнхөө гэрт яах нь чамд хамаагүй гэж хэлсэн Би тэгэхээр нь чи яахаараа ингэдэг юм гэж хэлээд хөл рүү нь өшиглөж хацар руу нь алгадсан тэгтэл ******* эгч нь орж ирж салгасан тэгээд цагдаа дуудаж намайг өгч явуулсан. Би эхлээд зүүн хөл орчимд нь өшиглөсөн тэгээд би зүүн хацарт нь алгадсан тэр үед хамраас нь цус гарсан өөр өөр цохиж зодсон зүйл байхгүй. Өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 55-57/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би өмгөөлөгч авахгүй. Одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Ойлголоо. Би мэдүүлэг өгнө. За ойлголоо. Би 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүтэн сайн өдөр байсан юм хүүхдүүд харах хүн байхгүй хүүхдээ өвөөгийнд нь үлдээсэн юм тэгээд ажил дээрээ жоохон юм хийж 15 цагийн үед хүүхдээ авах гэж очсон юм тэгээд хүүхдээ хувцаслаж байхад манай нөхөр ******* гаднаас орж ирсэн тэгээд намайг хөлөө ач суучихсан байсан чинь миний хөл рүү өшиглөсөн би чи яаж байгаа юм гэж архи уучихсан байхлаар дургүй хүрч урдаас нь загнасан тэгтэл манай нөхөр ******* алгадсан тэгэхэд нь *******ь өвөөгийн дургүй нь хүрч чи яаж байгаа юм эхнэрээ алгадаад гэж хэлээд таягаар *******ийг цохих гэсэн тэгээд өөрөө хөл муутай болохоор унаад өгсөн тэгтэл Д өвөөгийн хажуу талаар нь орж ирээд намайг шанаа орчим гараараа цохисон тэгтэл миний хамраас цус гарч манай эгчийн нэг нь цагдаа дууд тэгээд цагдаа нар ирж ******* авч явсан Манай нөхөр хэрэглэсэн байсан. Манай нөхөр байнга хэрэглээд байдаггүй хаяа нэг хэрэглэдэг уусан үедээ ямар нэгэн авир араншин гаргаад байдаггүй. Бид хоёр 2012 онд гэр бүл болсон тэрнээс хойш хамт амьдарч байна. Өвөө, ******* хоёр байсан гаднаас ******* эгч орж ирсэн. Би яг яагаад тэгсэн талаар сайн мэдэхгүй байна.Би тухайн үед архи уусан байхаар нь жоохон загнасан бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийгээд байдаггүй гэнэт л тийм зүйл болчихсон. Надад гомдоллох зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/

...Манай гэр бүлийн хүн хойно хөх толгойн 6 дугаар цэцэрлэгт ажил хийдэг. Жижүүрийн ажилтай. Өчигдөр урд шөнө жижүүртэй хоносон учраас би хүүхдүүдээ аваад өчигдөр өвөөгийндөө 5-7-24 тоотод ирж хоносон. Тэгээд би өглөө ажил дэрээ очоод өнөөдөр театр дээр байгууллагуудын дэвжээ тэмцээн болоод манайх тэнд худалдаа наймаа хийгээд хоол зарсан. Тэгээд байж байхад манай гэр бүлийн хүн над руу залгаад хаана байна гэхэд нь би ажил дээрээ байна, одоо харилаа гэсэн. Тэгсэн чинь чи хариад 2 хүүхдээ хувцаслаад байж бай би очоод та 3 ийг авъя гэсэн. Тэгээд би өвөөгийндөө 5-7-24 тоотод ирээд хүүхдүүдээ хувцаслаад байж байхад манай гэр бүлийн хүн Д нь архи уучихсан орж ирээд намайг алгадсан. Тэгээд дараа нь миний зүүн шанаа руу гараа зангидаж байгаад шанаадаад унагасан. Тэгсэн миний хамраас цус гараад тэгсэн манай өвөө гэрт байсан болохоор намайг салгах гээд татсан чинь манай өвөөг цохисон. Тэгээд манай өвөөгийн гарыг самардаж маажаад гарыг нь хөхрүүлсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Албан ёсны гэр бүл мөн. Хурим найраа 2012 онд хийсэн. 2 хүүхэдтэй хамт 6 жил ханилж байна Үгүй зодож үзээгүй бараг ам мурийж үзээгүй. Тэгсэн өнөөдөр яасан байгаа юм бүү мэд гар хүрч цохиж зодлоо.зүүн шанаа хорсож өвдөж байна бас хөл рүү өшиглөсөн болохоор хөдөлж явахад хөндүүртэй байна. өөрөөр гайгүй байна. Тогтмол уухгүй ажил хийдэг болохоор баяр ёслолын үеэр уудаг. Тэрнээс нээх уугаад байдаггүй Манай ээжийн төрсөн аав нь байгаа юмаа. Тэрнээс манайх хөх толгойд байдаг. Урд шөнө би өвөөгийнд хоносон. Манай хүн ажилтай гараатай байсан болохоор ажил дээрээ хоносон. Бараг уугаагүй юм шиг байсан тэгэхдээ архи юм уу? пиво юм уу? үнэртэж байсан. тэгэхээр намайг зодож байгаагаа мэдэж байсан./хх-ийн 21-23/

 4. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Манай хүргэн Д манайд орж ирээд сайн байна уу? гэх зүйлгүй эхнэрээ зодоод хөл гар луу нь өшиглөөд унахаар нь би салгах гээд очиход намайг түлхээд би зодуулчихлаа. Өөр зүйл болоогүй. Тэгээд манай охин дуудлага өгсөн Нөхөр нь нэлээд халамцуухан орж ирсэн.Тэгэхээр нь би гайхаад энэ нөхөр хаана уучихсан юм болдоо гээд бодож суутал эхнэрээ өшигчөөд унахаар нь би салгах гээд хөл муутай хүн яваад очтол намайг гараас татаад базлаад түлхсэн. Одоо миний гараас цус гоожоод бодвол самардсан юм байлгүй. Хөхөрчихсөн байна энэ хүн дээр дорвитой арга хэмжээ авч өгмөөр байна. Энэ Б манай дунд охины хүүхэд байгаа юм. Ээж нь байхгүй өнгөрөөд удаж байгаа өнчин өрөөсөн хүн болохоор дээрэлхэж байгаа юм байлгүй. Энэ хүнийг өршөөхгүй,явдаг юманд нь явуулмаар байна. Хүн хэлтэй хэлж яриад шийдчихэж болмоор юм тэгэхгүй шууд орж ирээд зодоод авахаар нь гайхаад би салгах ээд боссон чинь өөрөө зодуулчихлаа. Манай том охин байсан. *******, ******* гэх манай охид байсан Манай энэ охины ээжийнх нь эгч, дүү нар бүгд байсан. Биднийг юман чинээ санахгүй шууд бидний дэргэд охиныг минь зодож байхад бид зүгээр өнгөрөөхгүй Нүдэн дээр зодож байгаа юм чинь нүднээс далд бүр алах юм байна л даа. Хөх толгойд гэр нь байдаг. Жаахан архи уучхаад согтуу мотоциклоо унаж ирээд шууд орж ирээд охиныг минь зодож байдаг яасан аймаар хүн бэ уг нь энэ хэд 6 жил хамт амьдарч байгаа юм. Дундаасаа 2 хүүхэдтэй. Бид найр хурмыг нь хийж өгсөн Тэгсэн одоо араатны гарт өгсөн байна гомдолтой байна. Би охиноо салгаж авах гээд босоход шууд гар луу цохисон. Тэгснээ намайг түлхээд миний гараас маажаад татсан. Тэгсэн миний гар хөхрөөд цус гоожоод тэгсэн манай охин цагдаа дуудсан харин цагдаа хурдан ирээд аваад явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/

5. Гэрч А.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...******* манай хүргэн байгаа юм 2018 оны 05 дугаар сарын 13 өдөр Д хоёр хүүхдээ гэрт үлдээчихсэн байсан юм тэгээд 16 цагийн үед эхнэр Б нь гэртээ орж ирчхээд хүүхдүүдээ авч явах гэж байхад араас нь Д согтуу орж ирсэн тэгээд эхнэр Бгийн хөл рүү өшиглөсөн тэгтэл эхнэр нь өөдөөс нь юм хэлэхэд нь алгадсан тэгтэл аав *******ь босож ирээд дундуур нь орж салгах гэсэн тэгтэл Д ахиж алгадаж хамраас нь цус гоожуулсан тэгж байхад ******* эгч орж ирээд загнаж Дийг боль гэж алгадсан тэгээд цагдаа дуудаж өгч явуулсан. Би тэр талаар мэдэхгүй байна хоорондоо нэг дор байхгүй болохоор мэдэхгүй байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

6. Гэрч А.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 05 дугаар сарын 13 өдөр би гэртээ унтаж байхад аавын гэрийн гадаа мотоцикль чимээ гарч хүүхдүүд уйлалдаж дуу болцгоосон тэгээд би аав *******ь гэрт яваад ороход Бгийн хамраас цус гарчихсан, аавын гар нь хөхөрчихсөн байдалтай байж байсан манай хүргэн ******* согтуу байж байсан намайг харахад эхнэрээ алгадаж өшиглөсөн тэгээд бид нар салгах гэж оролдоод цагдаа дуудаж өгч явуулсан. Унтаж байгаад ороход тийм зүйл болчихсон байсан би яг юу болсон талаар тийм сайн мэдэхгүй байна. Намайг орж харахад ******* согтуу орилж хүүхдүүд уйлж байсан тэгээд би цагдаа дуудсан. Манайх нэг хашаанд байдаг. Би хараагүй хамраас нь цус гарчихсан байсан Бгийн хамраас цус гаргачихлаа гэж хэлсэн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 05 дугаар сарын 13 өдөр би гэртээ охин Б хүүхдүүдийг нь хараад байж байсан тэгтэл гаднаас Б ирж хүүхдүүдээ авах гэж хувцас өмсөж байхад хүргэн Д согтуу орж ирсэн тэгээд мэндийн зөрүүгүй шууд Бгийн хөл рүү өшиглөсөн би чи яаж байгаа юм эмэгтэй хүн зодох эрх байгаа юм уу гэж хэлээд өөрийнхөө таягны үзүүрээр цохих гэсэн боловч оноогүй би газар унасан тэр үед миний гар орчимд Д цохисон тэгээд дараа нь эхнэрээ цохисон Б хамраас цус гарсан тэгж байхад манай охин *******, ******* нар цагдаа дуудаж цагдаа ирж авч явсан. Ямар учраас зодсон талаар би сайн мэдэхгүй байна. Би нэг удаагийн хэрэг юм байна гэж бодож өнгөрөөсөн. Авир араншин зүгээр жаахан омогтой хүн байх гэж би боддог. Надад нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

6. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 327 дугаартай шинжээчийн:

1. *******-н биед тархи доргилт, зүүн хацар, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх баруун гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 40-41/

7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 326 дугаартай шинжээчийн:

1. *******ийн биед баруун баруун шуу, алганы ар хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх баруун гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. гэх дүгнэлт /хх-ийн 45-46 / болон хавтаст хэргийн 64 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн дугаар хуудсанд авагдсан хохирогч нь шүүгдэгч *******ид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 10-15 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Skyworth” маркийн зурагт битүүмжилсэн тэмдэглэлүүд, болон шүүгдэгч *******ийн өөрийн дансны хуулга нэг хуудас баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 7 дугаар гудамжны 24 тоотод байх *******ийн гэрт эхнэр *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч А.*******, А.******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 327,326 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэж, шүүгдэгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн,хохирогчтой эвлэрсэн болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс түүнийг “Гэр бүл ийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт нь хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Skyworth” маркийн зурагт битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч *******ид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600000 / төгрөгөөр торгох ялыг 2018 оны 07 дугаар сарын 16-ний өдөр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.           

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.               

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “Skyworth” маркийн зурагт битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч *******ид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ