Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/395

 

        2025           04            02                                     2025/ДШМ/395

 

Б.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхзул,

хохирогч Ц.Сийн өмгөөлөгч О.Баярбаясгалан, Д.Баттулга,

яллагдагч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Минжмаа,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/1512 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Энхзулын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр, хохирогч Ц.Сийн өмгөөлөгч Д.Баттулга, О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Эад холбогдох эрүүгийн 2209014350942 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Яллагдагч Б.Э нь “М” ХХК болон “Х” ХХК нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А1 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.Сийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Н оффис 4 давхар ... тоотод байхад нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 8 удаагийн үйлдлээр нийт 277,700,000 төгрөгийг Ж.Бын эзэмшлийн Хаан банк дахь ... тоот дансаар шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад яплагдагч Б.Э нь өөрийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийлгэж, хохирогч Ц.Сэтэй хамтран ажиллах гэрээнд заасан малын тэжээлийн ургамал тариалах ажилд ямар хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн болон гэрээнд заасан малын тэжээлийн ургамал биш рапс тариалахаар болсон, мөн хохирогчтой байнга харилцаатай байсан зэргийг нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангасан байдлаар хэрэгт хавсаргуулах хүсэлтийг гаргаж байсан байх ба үүнийг мөрдөгч, прокуророос хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Шүүхээс дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтооход ач холбогдолтой гэж үзсэн болно. Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Сээс 4 удаа мэдүүлэг авахад яллагдагч Б.Эыг мөнгө шилжүүлж авснаас хойш ямар нэгэн харилцаа холбоогүй болсон, хөрөнгө оруулалтыг юунд зарцуулсан талаар тайлан, баримтыг үзүүлээгүй, дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэх агуулгатай мэдүүлгүүдийг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Ц.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг магадпах, мөн яллагдагч Б.Эыг “Хамтран ажиллах гэрээ”-ээр халхавчилж, хуурч, бодит байдпыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийснээр Б.Э нь хамтран ажиллах гэрээгээр халхавчилж, анхнаасаа гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх санаа зорилго агуулаагүй, биелэгдэх боломжгүй, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч буцааж төлөхгүйгээр өөрийн болгох шунахайн сэдэлт, зорилго, санаатай үйлдэл хийсэн эсэхийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байна.

Түүнчлэн яллагдагч Б.Эын эхнэр Ж.Б болон хохирогч Ц.Сэ нар нь хамтарч “Р” ХХК /1хх 50/-ийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Газар тариалан эрхлэх, Үр тарианы гурилын үйлдвэрлэл, Талх, нарийн боов үйлдвэрлэл, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа” үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулсан байх ба уг компанийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-нд заасан ажлыг хийж гүйцэтгэх зорилгоор байгуулсан гэж яллагдагч нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт дурдсан тул уг компанийг ямар зорилгоор үүсгэн байгуулсан болох, үйл ажиллагаа явуулсан эсэх зэргийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

Прокуророос гэмт хэргийн улмаас 277,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх ба мөрдөгчийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 227-237/-ээр Ц.Сээс шилжүүлсэн хөрөнгө оруулалтыг хэрхэн, юунд зарцуулсан талаар дэлгэрэнгүй дурдсан байх бөгөөд дээрх тэмдэглэлд дурдсанаар “М” ХХК-ийн ажилчдын цалин хөлс болон бусад компаниуд руу тодорхой үйл ажиллагааны төлбөрт мөнгөн дүнг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Тиймээс яллагдагч Б.Эыг залилах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нарийвчлан тогтоох буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоох нь зүйтэй байна.

Мөн прокурорын яллах дүгнэлтийг яллагдагч, түүний өмгөөлөгч нарын зүгээс эс зөвшөөрч дээд шатны прокурорын байгууллага буюу Нийслэлийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасны дагуу хэргийг татаж хянаад Ж.Бын дансанд шилжүүлсэн 277,700,000 төгрөгөөс 134,867,946 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж дурсан байна.

Иймд яллагдагчийн өмгөөлөгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргасан хүсэлтээс шүүх яллагдагч Б.Эын гар утсанд үзлэг хийж нотлох баримтыг хэрэгт хавсаргах мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг хүпээн авах үндэслэлтэй байх ба шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсанаас өөр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Энхзул бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт цугларсан нотлох баримтаар дээрх нөхцөл байдал бүрэн нотлогдсон бөгөөд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй байна. Тодруулбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сийн удаа дараа өгсөн мэдүүлэг, Ж.Бын эзэмшлийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга болон бусад баримтаар яллагдагч Б.Э нь хохирогчоос шилжүүлэн авсан боловч гэрээнд заасны дагуу төлбөрийг шилжүүлээгүй байна. Түүнчлэн, яллагдагч нь хамтын ажиллагааны үйл явцыг тайлагнах буюу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэрээний талаарх үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг нь хязгаарласнаас дүгнэхэд яллагдагч нь хохирогчоос шилжүүлэн авсан эд хөрөнгийг анхнаасаа буцаан өгөх санаа, зорилгогүй, гэрээгээр халхавчлан залилсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоосон гэж дүгнэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллагдагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд баримт сэлтийг гаргаж өгөх боломжтой болно.

2.Шүүгчийн захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай....” гэжээ.

Шүүхээс дээд шатны прокурорын газраас хэргийг хянахдаа 134,867,946 төгрөгийг зориулалтын бусаар ашигласан гэж бичсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоох шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан боловч ямар мөрдөн шалгах ажиллагаа хийх талаар захирамждаа дурдаагүй байна. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сийн удаа дараа өгсөн мэдүүлэг, Ж.Бын эзэмшлийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга зэрэг нотлох баримтаар хохирогч 277,700,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд гэрээний дагуу үйл ажиллагааны ашиг огт аваагүй, шилжүүлэн өгсөн мөнгөө огт буцааж аваагүй болохыг тогтоосон байхад дээд шатны прокурорын газрын тогтоолд дурдсан хэсгийг иш татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхээс гэмт хэргийн улмаас хохирлын хэмжээг гэм буруугийн шүүх хуралдаанд Ж.Бын эзэмшлийн Хаан банк дахь ... тоот дансны хуулгыг шинжпэн судлан, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тодорхойлох бүрэн боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогч Ц.Сийн өмгөөлөгч Д.Баттулга давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн зүгээс цагдаагийн байгууллагад 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Б.Э нь 2021 оны 03 дугаар сарын эхээр манай компанийн ажлын байр болох … тоотод ирж уулзсан. Уулзалтаар Б.Э нь хохирогч Ц.Сэд “Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт “М ХХК-ийн 700 га газар тариалангийн талбай байдаг, тус талбайд малын тэжээлийн ургамал тарих гэсэн юмаа 280,000,000 төгрөгийн санхүүжилт олгооч, 1 га талбайгаас 150 ширхэг, 700 га талбайгаас 105,000 ширхэг боодол ногоон тэжээлийн ургамал бий болно, 1 ширхэгийг нь 5,000 төгрөгөөр зарж борлуулахад 525 сая төгрөгийн орлого бий болно, тухайн борлуулалтын орлогоосоо эхний ээлжинд санхүүжилтээр олгосон мөнгийг чинь буцаан өгчихье, дараа нь үлдсэн ашгаа 70, 30 хувиар хуваая, маш богинохон хугацаанд санхүүжилт чинь нөхөгдөх маш ашигтай төсөл болно” гээд удаа дараа гуйгаад байсан тул тухайн үед миний бие Б.Э нь олны танил хүн учраас арай ч намайг хуурчихгүй байх гэж итгээд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр А1 тоот гэрээн дээр гарын үсэг зурж түүний эхнэр Ж.Бын харилцах дансруу 277,700,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан гэсэн гомдлыг гаргасан байдаг.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд үргэлжилсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасны дагуу хуульд заасан бүхий л ажиллагааг хийж гүйцэтгэсэн байдаг. Тодруулбал, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, Сэлэнгэ аймгийн Сант сумын ургац хураалтын мэдээ, Сэлэнгэ аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний газрын албан бичиг гэх хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Б.Э нь анхнаасаа хохирогчоос авсан мөнгийг буцааж өгөх санаа зорилгогүй залилсан гэдэг нь дээрх баримтуудаар нотлогдож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгг нотолбол зохих байдлуудыг бүрэн хийж гүйцэтгэж нотолсон байдаг.

Өөрөөр хэлбэл хохирогчид “малын тэжээлийн ургамал болон рапс тарьж их хэмжээний ашиг олно, богино хугацаанд санхүүжилтээ нөхнө, эхний ээлжинд санхүүжилт олгосон мөнгийг буцаан олгоно” гэх мэтээр итгүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч авсан мөнгийг дээрх зориулалтаар ашиглаагүй хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, гадаад нислэгийн тийз болон бусдад төлөх өр төлбөр гэх мэт хувийн хэрэгцээндээ зарцуулсан байдаг. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс мөн хуулийн 35.8 дугаар зүйлд заасан шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нотлох баримт гаргаж өгөх нь боломжтой байхад анхан шатны шүүх яллагдагч талын нотлох баримтуудыг хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна гэснийг хүлээн авч хэргийг заавал ажиллагаанд буцаах үндэслэлд хамаарахгүй байхад хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. “Р” ХХК нь яллагдагчийн хамаарал бүхий этгээдийн 100 хувь эзэмшлийн компани бөгөөд энэ хэрэгг хамааралгүй энэ талаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагаггүй юм.

… хохирогчийн зүгээс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 8 удаагийн гүйлгээгээр нийт 277,700,000 төгрөгийг яллагдагч Б.Эад шилжүүлсэн. Тухайн мөнгөнөөс яллагдагч нэг ч төгрөгийг хохирогчид буцааж шилжүүлээгүй. Харин дээд шатны прокурор дансны хуулгаас “М” ХХК-ийн ажилчдын цалин хөлс болон бусад компаниудын төлбөрт шилжүүлсэн дүнг хасч 134,867,946 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн нь энэхүү дүнгээр хохирлын хэмжээг тогтоосон гэсэн үйл баримт биш юм.

Яллагдагч Б.Э нь хохирогчид газар тариалан буюу ногоон тэжээл эсхүл рапс тарьж ашиг олно мөнгийг нь эхний ээлжинд буцааж өгнө гэж авсан болохоос бусдад төлөх өр төлбөрөө төлөх, хувийн хэрэгцээндээ зарцуулах, эсхүл ажилчдынхаа цалинг төлнө гэж мөнгө аваагүй бөгөөд анхнаас хуурч мөнгө авсан гэдэг нь тогтоогддог бөгөөд улсын яллагчийн хохирлын дүнг 277,700,000 төгрөг гэж тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд хохирлыг дахин шалгах үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 02 сарын 07-ны өдрийн 1512 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогч Б.Сийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Уг хэрэгт хохирогч Ц.Сийн зүгээс анх 2022.05.18-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан байдаг. Улмаар 2022.05.27, 2022.06.30-ны өдөр Б.Эаас гэрчээр анх мэдүүлэг авсан /1хх-33/. Энэ үеэс эхлэн яллагдагч Б.Э нь Ц.Сэ гэх хүн өөрт нь холбогдуулж залилуулсан талаар гомдол гаргасан гэдгийг мэдэж байсан. Яллагдагч Б.Э нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ би бусдыг залилаагүй гэрээний үндсэн дээр үүссэн иргэний маргаан гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Э нь тухайн хэргийг иргэд хоорондын маргаан гэж үзэж байгаа бол үүнийг нотолсон баримтыг гаргаж өгөх эрх нь хуулиараа яллагдагчид байдаг.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй...” гэж заасан бөгөөд яллагдагч Б.Э нь хохирогч Сэтэй утсаар вайбер сүлжээгээр харилцсан нотлох баримт байгаа бол үүнийг цагдаагийн байгууллага болон прокурорт гаргаж өгч шалгуулах бүрэн боломжтой байсан.

Хохирогчийн зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргаад 3 жил болсон бөгөөд яллагдагч Б.Э нь 3 жилийн өмнө өөрийгөө ямар хэрэгт холбогдож байсныг мэдэж байсан, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгдөг байсан бөгөөд энэ 3 жилийн хугацаанд өөрийн Сэтэй харьцсан чатыг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ 3 жилийн хугацаанд нэг ч удаа энэ талаар гар утсанд болон вэйбар сүлжээнд харьцсан гэх баримтыг гаргаж өгч байгаагүй болно. Гэтэл 3 жилийн дараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Э нь “...Ц.Сэтэй Вайбер сүлжээгээр хоорондоо холбогдож байсан хамтран ажиллах гэрээнд заасан малын тэжээлийн ургамал тариалах ажилд ямар хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн болон гэрээнд заасан малын тэжээлийн ургамал биш тариалахаар болсон мөн хохирогчтой байнга харилцаатай байсан...” талаарх зүйлсийг шалгуулмаар байна гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт ач холбогдолгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Бодит байдал дээр яллагдагч Б.Э нь Ц.Сэтэй “Хамтран ажиллах гэрээ-”гээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021.03.11-нээс 2021.09.10-ны өдрийн хооронд 277,700,000 төгрөгийг өөрийн эхнэр Ж.Бын эзэмшлийн хаан банкны дансаар шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог.

Миний үйлчлүүлэгч Ц.Сэ нь газар тариалангийн бизнес эрхэлдэггүй, энэ талаар ямар ч ойлголт байхгүй бөгөөд энэ байдлыг нь ашиглаж яллагдагч Б.Э нь Залилах гэмт хэргийг үйлдсэн байдаг. Яллагдагч Б.Э нь Ц.Сэ, түүний нөхөр Г.Ганбаяр нартай танилцсан цагаас эхэлж тэдний ажлын байр болох ... тоотод байрлах Х ХХК-ны оффист очиж итгэл төрүүлэн ятгаж газар тариалангийн бизнес ашигтай Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт манай М” ХХК-ийн 700 га тариалангийн талбай байдаг. Уг талбайд малын тэжээлтйн ургамал тарих гэсэн юм. 1 га талбайгаас 150 ширхэг 700 га талбайгаас 105,000 ширхэг боодол ногоон тэжээлийн ургамал бий болно. 1 ширхэгийг нь 5,000 төгрөгөөр зарж борлуулахад 525,000,000 төгрөгийн орлого бий болно 280 сая төгрөгийн хөрөнгө оруулаач гэж итгүүлсэн байдаг. Тухайн үед миний үйлчлүүлэгч хамтран ажиллах гэрээ байгуулая гэж хэлэхэд байгуулна гэж хэлсэн байдаг боловч байгуулаагүй байдаг.

Яллагдагч Б.Эын зүгээс Ц.Сэд итгэл төрүүлж мөнгөө шилжүүлэхийг шаардаж байсан тул миний үйлчлүүлэгч Ц.Сэ нь Эад итгэж өөрийн Худалдаа хөгжлийн банкны ... дугаарын данснаас Б.Эын эхнэр Бын Хаан банкны ... дугаарын харилцах данс руу 50,000,000 төгрөгийг “тэжээлийн ургамал зардал урьдчилгаа” гэх утгатайгаар анх шилжүүлсэн байдаг.

Мөнгө шилжүүлсэний дараа Б.Этай холбогдож гэрээ байгуулая гэсэн боловч Б.Э нь завгүй байна гэх шалтгаанаар гэрээ байгуулаагүй. Ингээд хохирогчийн зүгээс араас нь хөөцөлдөж байж мөнгөө шилжүүлсэн тул баримт нотолгоо бий болгох үүднээс  2021.03.23-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл 50 сая төгрөгийг шилжүүлсэнээс хойш 12 хоногийн дараа “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байдаг.

Уг гэрээний 1.1-д “Гэрээний талууд Сэлэнгэ баймгийн Сант сумын нутаг дэвсгэр дэх Б талын эзэмшлийн 700 га газар тариалангийн талбайд малын тэжээлийн ургамал тариалж зах зээлд борлуулах, ашиг хуваах чиглэлд хамтран ажиллана” гэж заасан. 2.3-т “Б тал нь А талын санхжүүлжилтийг үндэслэн өөрийн эзэмшлийн хавсралт 1-д заасан 7 хэсэг талбайд “Овъёос” гэсэн 1 төрлийн тэжээлийн ургамлыг технологийн дагуу тариалж ургуулах арчлах хураах борлуулах үйл ажиллагааг дангаар хариуцна” гэж заасан байдаг.

Гэтэл яллагдагч Б.Э нь Ц.Сээс авсан 277,700,000 төгрөгийг газар тариаланд зарцуулаагүй хувьдаа зарцуулсан болох нь түүний мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар давхар нотлогддог. Түүнчлэн хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч уг гэрээг хэрхэн хэрэгжиж байгаа түүний биелэлтийн талаар мэдээлэл солилцож гэрээг дүгнэсэн асуудал байхгүй байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс хохирогч Ц.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг магадлах мөн яллагдагч Б.Эыг Хамтран ажиллах гэрээ”-гээр халхавчилж, хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба дээрх мөрдөн шалгах ажиллагаа хийснээр Б.Э нь хамтран ажиллах гэрээгээр халхавчилж, анхнаасаа гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх санаа зорилго агуулаагүй, биелэгдэх боломжгүй бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч буцааж төлөхгүйгээр өөрийн болгох шунахайн сэдэлт, зорилго санаатай үйлдсэн хийсэн эсэхийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байна...” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэхээр байна.

2. Анхан шатны шүүхээс яллагдагч Б.Эын эхнэр Ж.Б болон хохирогч Ц.Сэ нар нь хамтрагч “Р” ХХК-ийг 2021.10.07-ны өдөр Газар тариалан эрхлэх үр тарианы гурилын үйлдвэрлэл, талх нарийн боов үйлдвэрлэл, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа” үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулсан бай ба уг компанийг 2021.03.23-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх зорилгоор байгулсан гэж яллагдагч нь шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан тул уг компанийг ямар зорилгоор үүсгэн байгуулсан болох үйл ажиллагаа явуулсан эсэх зэргийг шалгаж тогтоох шаардлагатай байна...” гэжээ. Уг ажиллагааг мөн хийх шаардлагагүй, хэрэгт ач холбогдолгүй болно.

Учир нь яллагдагч Б.Э нь 2021.03.23-ны өдрийн хамтран ажиллах гэрээг М” ХХК болон Ц.Сийн “Х” ХХК хооронд байгуулсан байдаг бөгөөд Р” ХХК нь уг хэрэгтэй ямар ч хамааралгүй компани байдаг. Гэтэл шүүхээс яллагдагчийн 3 жилийн дараа шүүх дээр хэлсэн үгэнд хөтлөгдөж Р” ХХК-ны шалгах шаардлагатай гэж үзсэн нь ойлгомжгүй хэрэгт ач холбогдолгүй болсон байна.

 

3. Анхан шатны шүүхээс “...прокуророос гэмт хэргийн улмаас 277,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байх ба мөрдөгчийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлээр Ц.Сээс шилжүүлсэн хөрөнгө оруулалтыг хэрхэн, юунд зарцуулсан талаар дэлгэрэнгүй дурдсан байх бөгөөд дээрх тэмдэглэлд дурдсанаар М” ХХК-ийн ажилчдын цалин хөлс болон бусад компаниуд руу тодорхой үйл ажиллагааны төлбөрт мөнгөн дүнг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Тиймээс яллагдагч Б.Эыг залилах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нарийвчлан тогтоох буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоох нь зүйтэй байна...” гэжээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газарт хөдөө аж ахуй тасаг бэлчээр газар тариалан, хариуцсэн мэргэжилэн Д.Оюун-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Батбаяр, Ганбаяр, Б, яллагдагч Б.Э нарын мэдүүлгээр 2021 онд Сэлэнгэ аймгийн Сант суманд байрлах газарт М ХХК нь рапас тариалсан болох нь нотлогддог. Гэтэл бодит байдал дээр Б.Э нь ургац хурааж авсан боловч үүнийгээ Ц.Сэд хэлэлгүй хуурч, бодит байдлыг нууж, ургац хурааж аваагүй гэж хэлсэн байдаг.

Түүнчлэн миний үйлчлүүлэгч Ц.Сэ 277,700,000 төгрөгийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас Б.Эын эхнэр Бын данс руу шилжүүлсэн байдаг. Шилжүүлсэнээс хойш тухайн мөнгийг өөртөө хувьдаа захиран зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогддог. Иймд хохирлын мөнгө дүн дээр зөрүү гарах шалтгаан нөхцөл байхгүй бусдад учруулсан хохирлын хэмжээ 277,700,000 төгрөг бөгөөд уг мөнгөнөө эргүүлж авсан нэг ч төгрөг байхгүй болно.

Залилах гэмт хэрэг нь өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авч байгаа шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзнэ.

            Яллагдагч Б.Э нь Ц.Сэтэй “Хамтран ажиллах гэрээ-”гээр халхавчлан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021.03.11-нээс 2021.09.10-ны өдрийн хооронд 277,700,000 төгрөгийг өөрийн эхнэр Ж.Бын эзэмшлийн хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлага байхгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан, яллагдагч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Гэтэл тухайн хэрэг үйлдэгдээд 4 жил цагдаагийн байгууллагад гомдол гаргаад 3 жил болсон боловч өнөөдрийг хүртэл тухайн хэрэг шийдэгдээгүй удаашралтай явж хохирогчийн эрх ашиг зөрчигдсөөр байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/1512 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Яллагдагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Миний гар утас, вэйбар шалгах ёстой гэдэг нь хууль зүйн үндэслэлтэй тул шалгуулах саналтай байна. “вэйбар”-т бүх зүйл цаг минуттай гардаг учраас заавал шалгуулах шаардлагатай байна. “вэйбар” хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой рапас тарихад давагдашгүй хүчин зүйл болсон талаарх нотлох баримтыг шинжээч томилуулж гаргах хэрэгтэй байгаа. Шинээр байгуулсан компанийн тухайд анх гомдол гаргахдаа 2021 оны 09 дүгээр сараас хойш сураггүй алга болсон талаар хохирогч дурддаг. Гэтэл тус компани 2022 оны 03 дугаар сард байгуулагдсан. Энэ хугацаанд сураггүй алга болсон зүйл байхгүй. Өдөр тутам харилцаж байсан талаарх нотлох баримт байгаа учраас дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх ёстой. Хохиролтой холбоотой 277,700,000 төгрөгийн асуудал дээр шинжээч томилуулах хэрэгтэй. Уг компанийн 700 га газарт малын тэжээл тарьсан уу хэрэв тарьсан нөхцөлд мэргэжлийн хөдөө аж ахуйн чиглэлийн шинжээч оролцуулж хэдэн төгрөгийн зардал гарсан талаар дүгнэлт гаргуулах шаардлага байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй.” гэв.

Яллагдагч Б.Эын өмгөөлөгч Г.Минжмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор эсэргүүцэлдээ 7 нь хүсэлт гаргасан үүнээс 1 хүсэлтийг яллагдагч Б.Эын өмгөөлөгч гарсан. Цахим вэйбарыг хуулбарлаж хэрэгт хавсаргах талаар дурдаж байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасны дагуу заавал хийх ёстой. Хохирогч Ц.Сэ удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг. Уг мэдүүлгийн эх сурвалж байхгүй болсон талаар ярьдаг боловч бодит байдал дээр . “вэйбар”-т байгаа чатуудад шалгалт хийх шаардлагатай. Гэрчээр татаж яллах тогтоол үйлдсэнээс хойш нийт 7 удаа хүсэлтийг мөрдөгчид гаргасан байдаг. Мөрдөгч Энхмаагаас хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хуульд заасны дагуу хүсэлтийн хариу өгөөгүй. Өмгөөлөгчийн зүгээс 3 шатны прокурорт эрх үүргийнхээ дагуу гомдол гаргасан. Улсын ерөнхий прокуророос анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ирсний дараа мөрдөгч Энхмаагийн хүсэлтийг хангах ёсгүй гэх хариуг гардаж авсан. 2 компанийн хоорондох үйл ажиллагааг нотлох баримт нь “вэйбар” учраас заавал мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай. Рапас тариалах явцад мөндөр орж хохирол учирсан талаар нотлох баримт болох бичлэгүүд байдаг. Энэ үйл баримтад мөрдөгч үзлэг хийж бэхжүүлсний үндсэнд нотлох баримтын шаардлага хангах учиртай. 277,700,000 төгрөгийг хохирогчоос авснаас 134,867,946 сая төгрөг гэж хохирлын хэмжээ зөрүүтэй байна талаар гаргасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Мөрдөгч Энхмаагийн яллагдагч Б.Эын эхнэрийн дансны үзлэг хийсэн тэмдэглэлээр хохирлыг тогтоож байгаа нь мөрдөн шалгах ажиллагаа биш гэж үзэж байна. 134,867,946 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан нь гэмт хэргийн шинжтэй гэж яллаж байгаа. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллах дүгнэлт үндэслэл болохгүй талаар ярьж байна. Яагаад зорилтын бусаар мөнгө зарцуулсан талаар өөр нотлох баримт шаардлагатай байна. Энэ талаар мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргаагүй байдаг. Мөн 139.000.000 төгрөгийг “М” ХХК-ийн ажилчдын цалин хөлс болон бусад компаниудын төлбөрт шилжүүлсэн талаар үйл баримтууд, бусад тоног төхөөрөмж худалдаж авсан зэрэг үйл баримтуудаар хэргийг прокурорт шилжүүлсэн. Хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтууд нь зөрүүтэй байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. “Р” ХХК-ийн яагаад шалгах талаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан. хохирогч Ц.Сийн өмгөөлөгч нар тайлбартаа, яллагдагчийн компани учраас шалгах шаардлага байхгүй гэх дүгнэлт өгч байна. Гэтэл хэргийн үйл баримтыг харахад “Р” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч нь хохирогч Ц.Сэ өөрөө байдаг. Мөн дансаар мөнгө авсан Ж.Б нар үүсгэн байгуулсан үйл баримт байдаг. Цагаатгах болон яллах талын баримтыг шийдвэрлэж прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч Б.Эад холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

             Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг нотолж тогтоогоогүй байхад хэргийн бодит байдлыг зөв тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь зөв байна.

             Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлын хүрээнд яллагдагч Б.Э нь хохирогч Ц.Сийн мөнгийг залилж авсан гэх үйл баримтыг тодруулан бүрэн шалгаж дүгнэх шаардлагатай гэж үзлээ. 

Анхан шатны шүүхээс “…нотолбол зохих байдал нотлогдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг тогтоох, мөн яллагдагчийн гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилгыг тогтоохоор түүний гар утсанд үзлэг хийлгэх” үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс гадна энэхүү зөрчлийг арилгасны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Эын гар утсанд үзлэг хийлгэж, хохирогч Ц.Сэтэй хамтран ажиллах гэрээнд заасан малын тэжээлийн ургамал тариалах ажилд ямар хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн, гэрээнд заасан малын тэжээлийн ургамал биш рапс тариаллахаар болсон, мөн хохирогчтой байнга харилцаатай байсан эсэхийг шалгасны эцэст түүний шунахайн сэдэлт, зорилго, санаатай үйлдэл хийсэн эсэх асуудалд дүгнэлт хийх шаардлагатай байна.

Мөн прокуророос хохирлыг тооцож гаргахдаа Б.Э, Ц.Сэ нарын хооронд байгуулагдсан гэрээний үнийн дүнгээр хохирлыг тооцсон нь үндэслэлгүй буюу гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг шалгаж, хэргийн хохирол, хор уршгийг ямар хэмжээгээр тогтоох нь зүйтэй байгаа асуудалд дүгнэлт хийх шаардлагатай байна.

Харин, шүүгчийн захирамжид заасан “Р” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл болон ямар зорилгоор байгуулагдсан эсэх нь тус хэргийн үйл баримтад хамааралгүй байх тул энэ талаарх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж шалгах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” тухай хохирогчийн өмгөөлөгч Д.Баттулга, О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор С.Энхзулын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/1512 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/1512 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Д.Баттулга, О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурор С.Энхзулын бичсэн прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч Б.Эад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ