2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/11747

 

 

2025 о 12 с 18 ө

Дугаар 191/ШШ2025/11747

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэгй даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ************** /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** байрлах,******* ХХК /рд:*******/-д холбогдох,

 

53,049,764 төгрөг гаргуулах, *** 33 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ө.*******, нарийн бичгийн дарга Б.Баярхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *** тоотын өмчлөгч бөгөөд байраа түрээслүүлж орлого олдог байсан. 2014 оны 07 сарын 20-ны өдөр******* ХХК надтай гэрээ байгуулаагүй байхдаа манай байрыг нураасан байсан бөгөөд нураасныхаа дараа нөхөн гэрээ байгуулж би байрныхаа оронд үйлчилгээний 33 м.кв талбайтай байр авахаар харилцан тохиролцсон. /Тухайн үед зураг төсөл нь ч гараагүй байсан тул гэрээн дээр байрны тоот тусгагдаагүй болно./ Уг гэрээгээр 2015 оны 05 сарын 01-ний өдөр гэхэд байр ашиглалтад ороогүй бол барилга ашиглалтад орох хүртэлх түрээсийн төлбөрийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцон олгохоор тусгагдсан. Тус компани өнөөг хүртэл түрээсийн мөнгө төлөхгүй байгаа. 2019 оны 09 сарын 25-нд БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2015.05.01- 2019.07.01-ний хүртэлх түрээсийн олох ёстой байсан орлого болох 24,100,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч уг компани төлөөгүй. ШШГЕГ дээр ажиллагаа явагдаж байгаа. Одоо байрны суурин дээр буюу *** байрны оронд *** гээд 16 давхар орон сууц баригдсан боловч үйлчилгээний зориулалтыг өөрчилж орон сууц болгосон байгаа. Уг байр мэргэжлийн комисст хүлээлгэж өгөх шатандаа явж байгаа гэсэн. Би баригдсан барилгын *** 33 м.кв өрөөг захиалахаар захиалгын гэрээ үйлдсэн боловч **** ХХК баталгаажуулаагүй. Би нэг давхрын байрыг нь үйлчилгээний зориулалттай болгож авах эсвэл шүүхийн шийдвэрийн 24,100,000 төгрөгөндөө тааруулж орон сууцны м.кв нэмүүлж авахыг шийдэж өгнө үү гэсэн өргөдлийг ХХК-д 2 удаа өгсөн боловч ШШГЕГ-т өгсөн өргөдлөө будаан татан авахаас нааш гэрээ хийхгүй гэх утгатай албан бичиг удаа дараа өгсөн байгаа. Тиймээс гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас үүссэн хохирол болох 2019 оны 07 сараас 2024 оны 9 сар хүртэлх 63 сарын түрээсийн төлбөр буюу олох ёстой байсан орлого болох 59,803,437 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.******* 2025 оны 03 сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ХХК нь үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол би 33 м.кв үйлчилгээний байраа түрээсэлж орлого олох байсан. Гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас надад үүссэн хохирлыг 27 м.кв орон сууцны ханшаар тооцуулсан байсныг өөрчилж 2019 оны 07 сарын 01-нээс 2025 оны 02 сарыг дуустал нийт 68 сарын түрээсийн төлбөр буюу зайлшгүй олох байсан орлого болох 52,849,764 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн компаниас лавлагаа гаргуулсан 200,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагчаас нийт 53,049,764 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.******* 2025 оны 10 сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*** 33 м.кв байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. 2014 оны 07 сарын 20-ны өдөр манай байрыг нураасан байсан. Нураасныхаа дараа нөхөн гэрээ байгуулж би байрныхаа оронд үйлчилгээний 33мкв талбайтай байр авахаар харилцан тохиролцсон. Тухайн үед зураг төсөл гараагүй нураах зөвшөөрөл байгаагүй. Зүгээр нэг хүн хөлслөөд нураасан байсан. Тухайн үед манай гэрийн тавилга эвдэрсэн байсан. Тэр үедээ 900,000 төгрөг авч байсан. Тэрнээс хойш 2015 оны 05 сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөр төлнө гэж гэрээний дагуу төлөөгүй учраас цагдаагаар явсан. Цагдаа энэ эрүүгийн хэрэг биш байна гэж үзсэн. 2 өрөө байр санал болгосон энэ тал дээр маргадаггүй, би үйлчилгээний талбай гэдэг утгаар гэрээ хийсэн. Одоог хүртэл хохирсоор байгаа үйлчилгээ хийх ямар ч боломжгүй болсон тиймээс санал болгосон 101 тоот байрыг авахаар шийдсэн байгаа, улсаас үйлчилгээний талбайг өгөхгүй гэж хэлээгүй юм байна гэдгийг өнөөдрийн баримтаар үзүүлэхийг зорьсон. Үйлчилгээтэй талбай гэдэг зөвшөөрөл өгчихсөн тийм тодорхойлолт гарсан байсан. Тэгж байхад үйлчилгээний талбай болгоогүй. Барилга барьж байхад нь би очсон. Очиход өөр байсан. Зураг төслийн дагуу явагдаагүй байсан. Хаалга хийх гэж байсан газар жижиг цонх гаргасан байсан. Орон сууц гэхээр гадагшаа гарах тагт байхгүй жижиг өрөө байсан. Зориулалтын биш болгосон байна гээд бичгээр 2 удаа хандсан. Үзлэг тооцоог ХХК-аар гаргуулсан. Өмгөөлөгчөөс зөвлөгөө авч компани дээр очсон. Очоод байрныхаа гэрчилгээг үзүүлсэн. Манайх бол ийм дан байр байсан юм аа, энэ байр гэрээнийхээ дагуу баригдсан байсан бол 2 өрөө байр биш юм аа гэхэд 33 м.кв үйлчилгээний талбай хөлслөх боломжтой байсан. Үүнийг тогтоож, судалгаа гаргаад өгөөч ээ, гэхдээ өндөр үнээр битгий гаргаарай. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд 2025 оны 09 сарын 01 хүртэлх улирал бүрийнхийг тус тусад нь нэмээд гаргасан. Нэг үнээрээ байлгаж болохгүй. Иргэний хуулийн 227.3 дахь хэсгээр үндэслэж 53,049,764 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа, олох ёстой байсан орлого нь үндэслэлгүй байна. Мэдээж зайлшгүй олох ёстой байсан орлого гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байгаа юм. Үүнээс гадна нэхэмжлэгч өөрөө хэлсэн ХХК-тай холбогдохдоо үнийн дүнг аль болох багаар тавиад өгөөрэй гэж хэлсэн гэж байгаа юм. Тэгэхээр ХХК нь өөрөө аливаа нэгэн хүсэлтийн хүрээнд судалгаа хийдэг. Энэ нь нотлогдох үнэн баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр өндөр эсхүл бага үнийн дүн гаргах боломжтой нөхцөл байдал үүсэж байна. Тэгэхээр 52,849,764 төгрөгийн түрээсийн үнэлгээ нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт судалгаа гаргасан 200,000 төгрөгийн зардал гэж бас яриад байна. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой зардлаа өөрөө гаргах ёстой тийм учраас 200,000 төгрөг үндэслэлгүй байна. *** тоот бодитоор байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Хавтаст хэргийн 4-27, 51-53, 77-82, 107-114, 135-152-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Хавтаст хэргийн 153-р тал. 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Хавтаст хэргийн 84-89, 91, 93-103, 130-р тал.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г.******* хариуцагч ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгэсэс учирсан хохирол болох 59,803,437 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.******* хариуцагч ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс олох байсан орлогод 52,849,764 төгрөг, лавлагааны төлбөрт 200,000 төгрөг, нийт 53,049,764 төгрөг гаргуулах, *** 33 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн ба уг шаардлагаа дэмжиж байна.

 

3. Хариуцагч тал өмнөх хувьцаа эзэмшигчийн гэрээний үүргийг хариуцахгүй, шинээр гэрээ хийх хүсэл зоригоо илэрхийлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

4. Зохигчдын хооронд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч ХХК *** байрны суурин дээр барих барилгаас 33 м.кв талбай бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч Г.Мөнхзаяа нь өөрийн өмчлөлийн дугаарт бүртгэлтэй, 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, гэрээгээр тогтоогдож байна. /хх-13-19/

 

Зохигчдын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус заажээ.

 

4.1. Г.******* нь өөрийн өмчлөлийн дугаарт бүртгэлтэй,cТөмөр замын УС-15 дугаар байрны 7 тоот 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар орон сууц захиалгын гэрээний төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4.2. ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Б. тухайн гэрээг байгуулсан, 2016 оны 11 сарын 11-нд ХХК-ийн захирал Д.Төмөрбат болсон, үүнээс хойш захирлууд хэд хэдэн удаа солигдож 2024 оны 05 сарын 29-нд Т.Ганчимэг захирлаар томилогдон ажиллаж байгаа болох нь ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгэр тогтоогдож байна. /хх-44/

 

4.3. *** 33 м.кв орон сууц бодитоор баригдсан талаар хариуцагч маргаагүй ба уг орон сууц улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 12 сарын 16-ны өдрийн тоот албан бичгээр тогтоогдож байна.хх-130/

 

4.4. Нэхэмжлэгчээс хэргийн 13-16-р хуудсанд өгсөн гэрээ 2014.07.31-ний өдрийн огноотой байх ба хавсралт гэрээ нь үндсэн гэрээ байгуулахаас өмнөх буюу 2014.06.26 гэсэн огноотой байх тул хавсралт гэрээг шүүх үнэлэх боломжгүй.

 

4.5. 2014.07.31-ний өдрийн гэрээнд ажил гүйцэтгэгч ажлыг хэзээ хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр гэрээнд заагаагүй боловч ХХК орон сууцыг 2024 онд улсын комисст өгсөн, айлууд нь нүүж орсон гэж талууд тайлбарлаж, маргаагүй.

 

4.6. Нэхэмжлэгч Г.******* цагдаагийн байгууллагад хандсан боловч залилан мэхлэх гэмт хэрэг биш гэж үзсэн байх ба түүний 2025 оны 10 сарын 23-нд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа үйл баримтаас өөрөө хүлээн зөвшөөрч, барилга баригдахыг хүлээсэн гэж үзэхээр байх ба хариуцагч талын компанийн хувьцаа эзэмшигч, удирдлагууд удаа дараа солигдсон, санхүүжилт байхгүйгээс 10 гаруй жилийн дараа Гантулга гэж хүн өөрийн хөрөнгөөр орон сууцыг ашиглалтад оруулсан гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

 

4.7. Хариуцагч тал компанийн урьд урьдын хувьцаа эзэмшигч нарын гэрээний үүргийг хариуцахгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй ба компанийн хувийн хэрэгт авагдсан нэхэмжлэлийг няцаахад шаардлагатай гэх баримтаа өөрсдөө бүрдүүлж өгөөгүй тул уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

 

4.8. ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлж орон сууцыг Г.*******гийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж өгөөгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Г.*******г Баянзүрх дүүрэг 8-р хороо, *** 33 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй.

 

5. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй., 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.

 

5.1. Ажил гүйцэтгэгч ХХК барилгыг барьж ашиглалтад оруулаагүйгээс захиалагч Г.******* нь гэрээнээс татгалзаагүй, гэрээний үүргээ шаардаж байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол шаардах эрх үүсээгүй байна.

 

5.2. Г.Мөнхзаяаг дугаарт бүртгэлтэй *** 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бусдад түрээслүүлж орлого олох байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

5.3. Орон сууцыг бусдад түрээслүүлж орлого олох байсан гэж дүгнээгүй тул ХХК-д төлсөн 200,000 төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй.

 

5.4. Дээрх үндэслэлүүдээр гэрээний үүргээ биелүүлээгүйгээс олох байсан орлогод 52,849,764 төгрөг, лавлагааны төлбөрт 200,000 төгрөг, нийт 53,049,764 төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй байна.

 

5.5. Хариуцагч тал нэхэмжлэгчийн байр 27 м.кв, гэрээнд 33 м.кв гэсэн байгаа, гэрээний 2.3.2, 2.3.3-т зааснаар 5 м.кв-ийн зөрүүг төлөөгүй гэх боловч сөрөг нэхэмжлэлээр мөнгө нэхэмжлээгүйг дурдав.

 

6. Иймд нэхэмжлэгч Г.*******г *** 33 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлээс 53,049,764 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 456,968 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс өмчлөгчөөр тогтоолгох шаардлагад тохирох 421,950 /гэрээний 2.3.2-т зааснаар 33 м.кв байрыг 1,600,000 төгрөгөөр тохирсон гэж тооцов/ төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж, хариуцагчаас 421,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.*******г *** тоот 33 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлээс 53,049,764 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 456,968 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 421,950 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж, хариуцагчаас 421,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

5. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 сарын 24-ний өдрийн шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай 191/ШЗ2025/50793 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ