| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2403 00802 101 |
| Дугаар | 2025/ДШМ/56 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/56
2025 05 13 2025/ДШМ/562
Х.Э ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар /цахимаар/,
шүүгдэгч Х.Э , түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж,
хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Н.У ын өмгөөлөгч М.Хатанзориг,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/861 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Э ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2403 00802 1014 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 10 цаг 15 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-н товчооны “Солонгос хүнд даацын авто замын сэлбэг”-ийн дэлгүүрийн урд “North benz” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг 5.10.а, 5.10.б тэмдэг, 1.17 тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална.”, мөн дүрмийн 10.6-д заасан “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө.”, 1.2.16-д “...“зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ.” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Hyundai Starex” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч О.М ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн П -ны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Х.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Э ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э ыг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Э ад мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Э аас 4.438.735 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Х.Э ын жолоодох эрхийн 38465 дугаарын үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Х.Э ад буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Э нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан хохирол, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс гаргасан 2025 оны 03 сарын 27-ны 861 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлүүдээр үндэслэлгүй, шударга бус гэж үзэж, гомдол гаргаж байна.
1. Намайг Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалтад зааснаар буруутгасан явдалд гомдолтой байна.
Учир нь, тухайн үед эргэх хөдөлгөөн дуусаж байхад хурд хэтрүүлсэн, бүрэн бус техник миний тээврийн хэрэгслийн хойд дугуйг хүчтэйгээр ирж мөргөсөн.
Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалтад “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаанаар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийн баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж заасан.
Том оврын автомашин нь уулзвар нэвтрэх болон буцаж эргэх хөдөлгөөн хийхэд удаанаар үйлдлийг хийдэг бөгөөд би туслах замаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр төв зам руу нэвтрэн, эргэх хөдөлгөөнийг эхлүүлсэн бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 дахь заалтыг баримталсан болно.
Мөн миний барьж байсан том оврын автомашины урд 2 дугуй эсрэг урсгалын 3 дугаар эгнээнд байраа эзлэн тус урсгалын 2 дугаар эгнээний хөдөлгөөн зогсохыг харж аажмаар урагшилж байсан. Харин хойд 2 дугуй өөрийн урсгалын 3 дугаар эгнээнд байрлалтай байсан нь эргэх хөдөлгөөн дуусаж байсныг бүрэн илтгэж байна.
Энэ нь миний шүүх хурлын үеэр өгсөн ослын газрын зураг болон мөрдөн байцаалтын шатанд үзүүлсэн камерын бичлэг дээрээс тодорхой харагдана.
Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 болон 9.7 дахь хэсгийг зөрчиж анхааруулах дохио өгөөгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Гэрэл дохио өгөөгүй гэж хэрэгт авагдсан камерын бичлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр буруутгаж байна. Энэ нь ямар ч үндэслэлгүй. Мөрдөн байцаалтын үед мөрдөгч надад ойрын зайны камерын бичлэгийг үзүүлсэн бөгөөд тухайн бичлэгт би тээврийн хэрэгслийн гэрэл дохио өгч, удаанаар хөдөлгөөнөө үргэлжлүүлж буй нь тод харагдаж байсан.
Гэтэл шүүх хурлын үеэр үзүүлсэн камерын бичлэг солигдсон буюу гэрэл дохио харагдахааргүй холын зайнаас авагдсан камерын бичлэгийг гаргаж ирсэн. Мөрдөн байцаалтын үеийн камерын бичлэг ба шүүхийн үеийн камерын бичлэг зөрүүтэй гарсан нь нотлох баримт дутуу үнэлэгдсэн гэж үзэж байна.
Мөн “хохирогч О.М , иргэний нэхэмжлэгч Ц.Ж нарын “....том оврын ачааны машин дохио өгөлгүй шууд орж ирсэн...” гэх мэдүүлэг, хохирогч БНСУ-ын иргэн П -ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед ачааны том машин зам руу орж ирэхдээ дохио өгөөгүй...” гэх мэдүүлэгтэй санал нийлэхгүй, эрүүгийн хэрэгт харш шударга бус мэдүүлэг өгсөн гэж үзэж байна.
2. Мөрдөн шалгах болон шүүх ажиллагаанд процессын зөрчил гарсан, шүүхийн шийдвэрт дутуу нотолгоо ашигласан бөгөөд ослын газрын хэмжилт буруу хийгдсэн. Ослын нөхцөл байдалд буруутай этгээдийг үнэн зөв тогтоогоогүй. Тоормосны мөрийн хэмжилтийг биднийг байлцуулахгүйгээр хийсэн. Үүний улмаас тоормосны замын мөрийн хэмжилт дутуу гарсан байсан. Өөрийн авсан фото зурагт үндэслэн хэмжилт хийхэд 4-5 метрийн зөрүү гарч байсан бөгөөд үүнийг мөрдөн шалгах явцаас шүүх хурлын үе хүртэл хэлж, шинжээч дахин томилуулах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дугаар зүйлд “Мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах бөгөөд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих ёсгүй.” мөн хуулийн 8.1 дүгээр зүйлд “шалгуулагчийн эрх, ...шалгуулж байгаа этгээд нь ...өөрийн тайлбар, эсэргүүцэл, баримт, нотолгоо гаргах эрхтэй.” Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 15.1.5-д “Ослын дараах шалгалт, хэмжилт, зам дээрх ул мөрийг зөвхөн холбогдох албан тушаалтны заавраар, жолоочийн мэдлэгтэйгээр хийх ёстой. 15.1.9-д “Тээврийн хэрэгслийн ослын байрлалыг тэмдэглэх, хэмжилт хийхэд жолооч болон ослын оролцогчдыг байлцуулан хийхийг тусгасан.” гэжээ.
Гэтэл энэхүү хэмжилт, зураглал зэрэг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15.1.9 дэх заалт, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1, 8.1 дэх зүйл, заалтуудыг зөрчиж намайг байлцуулахгүйгээр хийгдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны хууль ёсны байдлыг алдагдуулсан гэж үзэж байна.
Хэмжилтийн үр дүнд үндэслэн хийсэн дүгнэлт, схем, нотолгоо нь тухайн ослын нөхцөл байдлыг бүрэн, бодитой тусгах боломжгүй, улмаар буруутгах үндэслэл нь хүчингүй байх ёстой.
Осол гарсан үед тухайн техник 70.78 км/цаг хурдтай явж байсан гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан. Тоормосны мөрийг үнэн зөв хэмжсэнээр үүнээс ч илүү хурдтайгаар жуулчин тээвэрлэж байсан гэдэг нь гарч ирнэ. Жуулчин тээвэрлэсэн “Hyundai Starex” маркийн машин нь бүрэн бус техник байсан ба энэ нь осол гарах үндэслэл болсон гэж үзэж байна.
Энэ талаар ч мөн удаа дараа хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Мөн шүүх хурлын үеэр миний өгсөн зурагт “торомз бариагүйн улмаас кардан татсан нь тоормосны мөрөөр ил харагдаж” байхад үүнийг авч хэлэлцээгүй. Мөн “Hyundai Starex” маркийн машин болох бүрэн бус техникийг ачилтын машинд ачих үед замын цагдаа болон ачигч машины ачигч нар байсан нь кардан татсан байсныг гэрчилнэ. Яагаад тус тээврийн хэрэгслийн бүрэн, бүрэн бус эсэхийг оношлох боломжгүй гэснийг гайхаж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэжээ. Гэтэл энэ заалтыг зөрчиж тоормосны систем нь бүрэн ажиллагаагүйн дээр хурд хэтрүүлсэн.
Мөрдөн байцаалтын үеийн камерын бичлэг ба шүүхийн үеийн бичлэг өөр байсан. Хэрэг прокурор дээр байх хугацаанд хэргийн нотлох баримттай өмгөөлөгч танилцах үед хуучин бичлэг байсныг өмгөөлөгч Ц.Оргил нотолно. Урьд нь үзүүлсэн камерын бичлэг дээр гэрэл дохио тод гарч байсан, харин шүүх дээр гаргасан бичлэгт энэ нь илэрхийлэгдээгүй. Хэргийн нотлох баримт устгасан байх магадлалтай харагдаж байгаа учир үүнд гомдолтой байна.
3. Жуулчин тээврийн үйл ажиллагаа нь холбогдох журам, стандартуудыг зөрчсөн. 3.1-д “Жуулчин тээврийн үйлчилгээний цагийн хориг зөрчсөн.”, 3.1.1-д “Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт “Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрмийн” 3.6, 6.5 заалтад “шөнийн цагт (22:00-06:00) тээвэрлэлт эрхлэхгүй” гэж заасан. 3.1.2-д “Хөдөлмөрийн хуулийн зургадугаар бүлэг, 88 дугаар зүйлийн 88.1 “Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно.” гэж заажээ. Гэтэл уг жуулчны тээврийн хэрэгсэл 05:00 цагт хөдөлсөн нь энэ заалтыг ноцтой зөрчсөн байна.
3.2-д “Жолоочийн хөдөлмөр, амралтын горим зөрчсөн.”, 3.2.1-д “МNS 5231:2003 “Жуулчны автотээврийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” стандартад “Жолооч 4.5 цаг тутамд 45 минутын амралт авах ёстой.” гэж заасан.”, 3.2.2-д “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн гуравдугаар бүлэг 3.7.г хэсэгт “эрх бүхий байгууллагаас тогтоосон жолоочийн хөдөлмөр, амралтын горимыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэж заасан.
Гэтэл уг жуулчны тээврийн хэрэгсэл нь 436 км замыг 5 цагийн турш амралтгүй туулсан бөгөөд энэ нь ослын гол шалтгаануудын нэг буюу жолоочийн самбаачлах чадварыг удаашруулсан, арга хэмжээ авах хугацааг алдсан гэж үзэж байна.
4. Ослын гол үндэслэл хэт нэг талыг барьсан. “Hyundai Starex” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Ж ыг 70.78 км/цагийн хурдтай явж байсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасныг зөрчсөн, мөн тухайн осол гарсан зам нь нэг чигт 3 эгнээгээр зорчдог зам байхад замын 3 дугаар эгнээгээр явж байсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх ба үүнийг осол гарах үндсэн шалтгаан биш гэж үзсэн.
Энд осол гарах хамгийн том шалтгаан болох бүрэн бус техниктэй тээвэр хийснийг шинжилж, нотлох баримтаар татаагүй. Мөн тус жуулчин тээврийн байгууллага хууль, стандартыг зөрчсөн талаар авч үзээгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээс харахад, миний буруутай үйлдлийг тогтоохдоо шүүх, мөрдөн шалгах байгууллагууд дараах үндсэн алдаа, зөрчлийг гаргасан. Үүнд: Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтуудыг буруу тайлбарлаж, бодит нөхцөл байдлыг гуйвуулсан. Гэрэл дохио өгсөн нь мөрдөн байцаалтын бичлэгт тодорхой байсан боловч шүүхийн үеэр өөр бичлэг гаргаж, нотолгоог дутуу үнэлсэн. Ослын газрын хэмжилт буруу, жолооч нарыг байлцуулахгүйгээр хууль зөрчин гүйцэтгэсэн. Шүүх болон мөрдөн шалгах явцад миний гаргасан хүсэлтүүдийг хүлээж аваагүй, нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй. Жуулчин тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэлт, техникийн бүрэн бүтэн байдлын дутагдал, хууль журам зөрчсөн байдал зэрэг нь ослын гол шалтгаануудын нэг байсан боловч огт авч үзээгүй. Жуулчин тээврийн компанийн үйл ажиллагаа хууль зөрчсөн байсныг үл ойшоосон нь шүүхийн шийдвэрт алдаа байгааг нотолж байна.
Иймд энэ бүх үндэслэлд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах, бүх камерын бичлэгийг дахин хянан үзэх, мөрдөн байцаалтын үеийн бичлэгийг хууль ёсоор баталгаажуулах, ослын газрын хэмжилтийг дахин хуулийн дагуу, оролцогчдыг байлцуулан хийлгэх ажиллагааг хийлгэх, тээврийн хэрэгслийн техникийн байдалд шинжилгээ хийх, жуулчин тээврийн үйлчилгээний журмын зөрчлийг шалгаж, ослын нөхцөлд холбогдуулан шинээр дүгнэлт гаргуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/861 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Э ын өмгөөлөгч Ц.Дагвадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Э тухайн үед гэрэл, дохио өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтаар гэрэл, дохио өгөөгүй гэж дүгнэсэн. Осол гарсан зам 3 эгнээтэй, буцаж эргэх тэмдэглэгээтэй хэсэгт Х.Э тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан. Урьд дугуй 3 дугаар эгнээд, хойд дугуй нөгөө талын эгнээний гурав дугаар эгнээнд байсан. Гэтэл “Hyundai Starex” маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ирж “North benz” маркийн тээврийн хэрэгслийн хойд хэсгийг мөргөсөн осол болсон. Х.Э ыг мөрдөгч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж магадалгаа гаргасан. Мөрдөгчийн магадалгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг анхан шатны шүүх хуралдааны явцад хэлсэн. Мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлтэй нэгэн адил үнэлэгдэг учраас мөрдөгчийн магадалгаа хууль ёсны байх ёстой. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай талаар анхан шатны шүүх хуралдаанд оролцсон боловч шүүх хүлээж аваагүй. “Hyundai Starex” маркийн тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргасан. Хурд хэтрүүлсэн, үүнийг тоормосны мөрөөр тогтоосон. Мөн 3 дугаар эгнээгээр явах ёсгүй машин 3 дугаар эгнээгээр явсан. Замын хөдөлгөөний дүрмийн 8 дахь заалтад заасныг зөрчсөн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж байсан. “Хойд дугуйны кардан гацсан байсан” талаар Х.Э ярьдаг. “Уг машиныг ачих үед” Х.Э гарсан. Зам тээврийн ослын талаар шинжээчийн дүгнэлт гаргах ёстой, хэн осол гаргах нөхцөлийг бүрдүүлснийг олж тогтоох үүрэгтэй. Жуулчин тээврийн үйл ажиллагааны холбогдох журам, стандартуудыг зөрчсөн үндэслэлтэй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагатай. Х.Э ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Н.У ын өмгөөлөгч М.Хатанзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл бий болоогүй. Шүүгдэгч Х.Э манай үйлчлүүлэгчийг “тээврийн хэрэгслийнхээ гар карданыг татсан” талаар гомдолдоо дурдсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчээс жолооч Ц.Ж аас энэ асуудлын талаар асуусан тэмдэглэлд тодорхой албажсан байдаг. Тээврийн хэрэгсэл ачих явцад гар кардан татсаныг тайлбарласан. Мөрдөгч Гарьдыг магадлагаа гаргах эрхгүй талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байгаа нь буруу юм. Тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан магадлагаа гаргах эрхтэй. Уг эрх үүргийнхээ дагуу мөрдөгч Гарьд магадлагаа гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах хуульд заасан үндэслэл байхгүй. Иймд давж заалдах гомдлыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Агар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Хэргийн газрын олон бичлэг байгаагүй, ганц бичлэг байсан, тухайн бичлэгийг хууль заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад бичлэг дэлгэцээс үзүүлсэн учраас ойртож харагдсан байж болох юм. Мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлтийн талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан. Мөрдөгчийн магадалгаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэргийн үйл баримтад нийцэн гэж үзэж байна. Хохирогч талын тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлсэн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч гомдолдоо дурдаж байна. Энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх санал байна. ...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,
шүүгдэгч Х.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 10 цаг 15 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-н товчооны “Солонгос хүнд даацын авто замын сэлбэг”-ийн дэлгүүрийн урд “North benz” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө.”, 1.2.16-д “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ.” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Hyundai Starex” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч О.М ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн П -ны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:
хохирогч БНСУ-ын иргэн “Р ”-ны “...Би тэр үед унтаж байсан. Тэгээд толгойгоо юманд цохиод сэрэхэд машинд хамт суугаад явж байсан хүмүүсээс цус гоожоод аймар осол болсон байсан. Одоо миний толгой, эрүү, эрүүний доод тал, мөн зүүн гарын сарвуу, хуруунууд өвдөөд байна. ...” /1хх33-35/,
хохирогч БНСУ-ын иргэн “Л ”-ны “...Унтаж байгаад нэг сэрэхэд машины урд талын салхины шил хагарсан байсан. Өөрийн биеэ хөдөлгөх гэсэн чинь хөдөлж болохгүй байсан. Тэгтэл эмч ирээд намайг өргөөд эмнэлгийн дамнуургад хэвтүүлээд аваад явсан. Би машины хамгийн хойд суудлын голд сууж байсан. Суудлын бүсээ зүүсэн байсан. Архи уугаагүй, эрүүл байсан. Миний тархины баруун хавдсан, баруун нүдний дээд зовхинд 5 оёдол тавиулсан. Хамар хугарсан. Баруун шанаа, эрүү өвдөж байгаа. Уруул /доод/ задарсан. Оёо тавиулсан. Баруун хөлийн шилбэ гэмтсэн, бөгсөн бие гэмтсэн, хугарал бол байхгүй гэсэн. Сэтгэцэд учирсан дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй ээ. Тийм дүгнэлт гаргуулахгүй...” /1хх42-45/,
хохирогч БНСУ-ын иргэн “С ”-ны “...Жолоочийг хэдэн километрийн хурдтай явж байсныг хараагүй. Их хурдтай бол яваагүй. Би гар утсаа оролдоод явж байсан. Гэхдээ нүдний буланд жолооч их том үйлдэл хийж байгаагүй. Жолооч гэнэт огцом тоормос гишгээгүй, аажуухан хурдаа хасахаар тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авч байсан. Гэхдээ зогсох зай маш бага байсан. Осол яг юунаас болсон талаар мэдэхгүй байна. Машин тооромсолж байхад харахад нөгөө машин зам дээр хөндлөн зогсож байсан. Машины хамар хаашаа харсан байсныг мэдэхгүй байна. Манай машин миний зүүн гар тал руу шахаж захын эгнээгээр явж байсан. Урьд нь хаана зогсож байсан, хаанаас гарч ирэхийг мэдэхгүй. Осолд орж гэмтлийн эмгэнэлт ирээд толгой, аарцаг ясны томограф, хэвлийн эхо, рентген зураг авхуулсан. ...” /1хх53-58/,
хохирогч БНСУ-ын иргэн “К ”-ны “...миний нуруу өвдөж, босож явж чадахгүй байна. Мөн нүд болон гэдэс өвдөж байна. Би хамгийн хойд талын суудлын зүүн талд сууж байсан. Би унтаж байсан учир миний сууж байсан машины жолооч хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Би сэрээд харахад надаас цус, найзуудаас цус гоожсон байсан. Тэгээд би машинаас буусан бөгөөд юу ч санахгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...” /1хх65-66/,
хохирогч БНСУ-н иргэн “П ”-ны “...Миний зорчин явж байсан тээврийн хэрэгсэл 1 дүгээр эгнээгээр явж байхад 2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл урдуур дараад ороод ирсэн. Миний биед хамар, зүүн гарын тохой, баруун талын хөмсөг, хэвлий хэсгээр өвдөлттэй байгаа. Би ГССҮТ-д ирээд баруун хөмсөг оёулсан. МР1, эхо, тархины зураг авхуулсан...” /1хх72-74/,
хохирогч О.М ийн “...Би тухайн үед машины урд буюу жолоочийн хажуу талд сууж явсан юм. Ослын дараа арай хийж машинаас гараад хамгийн түрүүнд хойно сууж байсан аялагч нараа бодоод хаалгыг нь нээсэн чинь бүгд эвхрээд уначихсан, энд тэнд цус болчихсон байсан. ...Би урд жолоочийн хажууд сууж явсан. Бусад зорчигч хойно сууж явсан. Бүгд хамгаалах бүс зүүсэн байсан. Миний зүүн хөлийн өвдөгний мөгөөрсөн эд урагдалттай, чагтан холбоос суналттай, хүзүүний баруун хэсэгт хөхөрч хавдсан. Баруун гарын тохой хэсэгт хөхөрч, зовуурилж хавдсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, санал нийлж байна. ...” /1хх77/,
хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Н.У ын “...Энэ осолд өртсөн 6 аялагчдын хувьд ...аяллаар явж байгаад буцаад 20-ны өдөр Улаанбаатар хот руу орж ирэх үедээ зам тээврийн осолд өртсөн байсан. Осол болсон өдөр би ажил руугаа явж байхад манай ажлын дундын групп дээр манай ажилтан Ууганбаяр 102 дуудлаа гэсэн зурвас үлдээсэн байхаар нь Ууганбаяр руу залгаад юу болсон бэ гээд асуусан чинь солонгос улсын иргэд хот руу ирж яваад осолд орсон байна гэхээр нь би ослын газар руу явж байхад манай ажлын хүн над руу залгаад түргэн ирээд аваад явсан, та гэмтлийн эмнэлэг рүү оч гэхээр нь би шууд гэмтлийн эмнэлэг рүү очсон. ...” /1хх96-97/,
иргэний нэхэмжлэгч Ц.Ж ын “...10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг хуучин 22-н товчооны замаар орж ирээд тухайн замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд замын 3-р эгнээгээр хөдөлгөөнд оролцоод явж байхад миний баруун гар талаас буюу замын урд талын шороон замаас нэг том оврын ачааны автомашин буцаж эргэх гээд хөндлөн ороод ирсэн. Би тухайн машиныг мөргөхгүй гэж бодоод баруун талынхаа толиндоо хараад замын 2-р эгнээ рүү шилжиж ороод 1-р эгнээ рүү орох гэтэл 1-р эгнээнд машин явж байхаар нь эргээд урагшаа харахад нөгөө ачааны машины зүүн хойд дугуй миний урд тулаад ирсэн байсан. Тэр үед би машинаа зогсоох гээд тоормосоо байнга гишгээд яваад байсан ба үнэхээр ойрхон тулаад ирсэн болохоор зогсож амжаагүй ачааны машины зүүн хойд дугуй хэсэг рүү мөргөөд зогссон. ...Би үлдэж байгаад цагдаа ирэхээр хэмжилтээ хийлгэсэн. Зорчигч нар болон би хамгаалах бүс зүүчихсэн байсан.
...тухайн машин шороон замаас төв замын зорчих хэсэг рүү орж байхыг харсан. Би тэр машиныг 1-р эгнээгээр явах юм байх гэж бодсон чинь нөгөө машин шууд миний урдуур зүүн гар тийш буцаж эргэх гээд хөндлөн зүүн гар тийш дараад ороод ирсэн. Тэр үед би тоормосоо гишгээд гулгаад явахаар толиндоо харсан чинь 1-р эгнээнд машин ирж байхаар нь 1-р эгнээнд орж чадалгүй 2-р эгнээнд баруун гар тийш дарж орж яваад улмаар тэр том машины зүүн хойд дугуйны хойд хэсгээр мөргөсөн. ...Би 50-60 орчим км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед гадаа цаг агаар, үзэгдэх орчин хэвийн, халтиргаа гулгаа үүсээгүй зүгээр байсан. Би нөгөө том машины жолоочийг миний урдуур гэнэт дараад орж ирнэ гэж би бодоогүй. Би хамгаалах бүс зүүсэн байсан. ..." /1хх164, 166-167/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх5/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт /1хх7-13/, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /1хх14/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх17-20/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12542 дугаартай “...Ц.Ж ын биед хамрын нуруунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1хх206-207/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12546 дугаартай “... Ю.Мягмардоржийн биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдал, урд чагтан холбоосны суналт, дотор коллатерал холбоосны өнгөц ширхгийн урагдал, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун тохойд цус хуралт, зулгаралт, доод уруулын салстад шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1хх217-218/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12540 дугаартай “...Л -ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд шарх, хамрын нуруунд зулгаралт, доод уруулын дотор салстад шарх, баруун нүдний зовхи, баруун хацар, уруул, эрүүний баруун хэсгийг хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлий, баруун ташаанд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зүүн тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1хх229-231/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12550 дугаартай “...К -н биед бүсэлхийн 2-р нугалмын хоёр талын фасет сэртэн, арын сэртэнгийн зөрүүтэй хугарал, бүсэлхийн 1.2.3-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн зөрүүгүй хугарал, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн дээд гадаргуу, 2-р нугалмын их биеийн доод гадаргууд шахагдсан хугарал, бүсэлхий нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шарх, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндлийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна...” /1хх240-242/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12552 дугаартай “...П -н биед нарийн гэдэсний үндсэн чацархайн урагдал IV зэрэг, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг болон махир гэдэсний серозон хэсгийн урагдал I зэрэг, их сэмжний урагдал, хэвлийн хөндий дэх /800 мл/ шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрлийн үр дүнгээс хамаарна...” /2хх1-3/ зэрэг шинжээчийн дүгнэлтүүд,
“Hyundai Starex” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 10.912.600 төгрөгөөр тогтоосон “М” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх36-41/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3298 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн материалд тэмдэглэгдсэн тоормосны мөрийн уртаар “Hyundai Starex” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтооход 70,78 км/цаг гарч байна..." шинжээчийн дүгнэлт /2хх52-53/,
2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1839 дугаартай “...А.North Benz маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Хэнмэдэхийн Энхбат нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг 5.10.а, 5.10.6 тэмдэг, 1.17 тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална.” Мөн дүрмийн 10.6-д “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө.” Мөн дүрмийн 1.2.16-д “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг; гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Б. “Hyundai Starex” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. В. “Hyundai Starex” маркийн **** дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ж ын Замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн үйлдэл нь зөрчлийн шинжтэй ба Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 31 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авах үндэслэлтэй байна. Д. North Benz маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Э ын Замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн үйлдэл нь зам тээврийн хэрэгслийн жолооч Х.Э ын Замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол, хэрэг гаргахад нөлөөлсөн гэх үндэслэлтэй байна. ...” гэх мөрдөгчийн магадалгаа /2хх69-71/, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0965338 дугаартай шийтгэлийн хуудас /2хх227/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.Э ыг “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч О.М , БНСУ-ын иргэн К нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч БНСУ-ын иргэн П-ны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой хохирол төлбөрийг төлж барагдуулсан, төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Х.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг буруутган дүгнэх боломжгүй юм.
Харин, анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Э ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа зорчих эрх хязгаарлах ялын хүрээг хэт өргөнөөр буюу Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх боловч гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанарт тохирсон, ялын үндсэн зорилгод нийцсэн ялыг оногдуулах нь шүүхийн үүрэг билээ.
Зорчих эрх хязгаарлах ял нь нийгмээс хүнийг бүрэн тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэргийн хохирогч, бусад хүний эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлаас хамааруулан ялтныг шүүхээс тогтоосон хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих” эрхийг тодорхой хугацаанд хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраас явах, өөрчлөх, тодорхой газарт очихыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүрэг хүлээлгэх зэрэг хэлбэрээр хэрэгжих учиртай.
Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаарлалт тогтоох хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр ялтны гадагш зорчихгүй байх хязгаарлалтын бүсийг хэт өргөнөөр буюу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж болох аймаг, нийслэл, эсхүл сум, дүүргийн нутаг дэвсгэрээр хялбарчилж тогтоох, эсхүл үндэслэл заахгүйгээр хязгаарлалын бүсийг хэт хумьж ялтны оршин суугаа баг, хорооны нутаг дэвсгэр, эсхүл оршин суух тодорхой хаяг буюу гэрээсээ гарч явахыг хориглох нь ял оногдуулах үндэслэл, журамд нийцэхгүй бөгөөд уг ялын хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлдэг.
Иймээс шүүхээс хүлээлгэсэн зорчих эрхийн хязгаарлалт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүмүүжлийн үр нөлөөтэй байх шаардлагыг хангахаас гадна ялтан ял завших, эрх бүхий байгууллагаас уг ялын хэрэгжилтэд тасралтгүй техникийн болон биечилсэн хяналт тавих боломжийг хязгаарласан шинжтэй байж болохгүй.
Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно”, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “Нэгж” гэж аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороог” ойлгоно гэж тус тус хуульчлан заасан.
Хоёрдугаар хавтас хэргийн 125 дугаар талд авагдсан шүүгдэгч Х.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаагаар түүний оршин суух хаяг “Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 58 дугаар гудамж, 677 тоот хаягтай” гэсэн байх тул түүнд 4 дүүргийн нутаг дэвсгэрээр оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг хумьж, албан ёсоор оршин суух хаягийн бүртгэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарласан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Э “...Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтуудыг буруу тайлбарлаж, бодит нөхцөл байдлыг гуйвуулсан. ...Гэрэл дохио өгсөн нь мөрдөн байцаалтын бичлэгт тодорхой байсан боловч шүүхийн үеэр өөр бичлэг гаргаж, нотолгоог дутуу үнэлсэн. ...Ослын газрын хэмжилт буруу, жолооч нарыг байлцуулахгүйгээр хууль зөрчин гүйцэтгэсэн. ...Жуулчин тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэлт, техникийн бүрэн бүтэн байдлын дутагдал, хууль журам зөрчсөн байдал зэрэг нь ослын гол шалтгаануудын нэг байсан боловч огт авч үзээгүй. ...Жуулчин тээврийн компанийн үйл ажиллагаа хууль зөрчсөн байсныг үл ойшоосон нь шүүхийн шийдвэрт алдаа байгааг нотолно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол...” гэж, 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг 2.3 дахь заалтад “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд, зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байхаас гадна анхан шатны шүүх шүүгдэгчийн давж заалдсан гомдолд дурдсан үйл баримтад нэг бүрчлэн үнэлэлт, дүгнэлт өгчээ.
Тодруулбал, шүүгдэгч Х.Э нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт авагдсан байсан бичлэг болон анхан шатны шүүх хуралдааны үеэр үзүүлсэн бичлэг хоорондоо зөрүүтэй гэж маргасан хэдий ч хэрэгт авагдсан бичлэг бүхий сиди болон 1 дүгээр хавтас хэргийн 17-20 дугаар талд авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд нь өөр хоорондоо зөрүүгүй байна.
Түүнчлэн, шүүгдэгчийн “намайг гэрэл дохио өгөөгүй гэж буруутгасан” гэх гомдлын тухайд түүнийг тээврийн хэрэгслийн гэрэл дохио өгөөгүй гэх үндэслэлээр буруутгаагүй бөгөөд хэрэгт авагдсан бичлэг бүхий сидиг шинжлэн судлахад шүүгдэгч нь шороон замаас буюу туслах замаас гол зам руу нийлэхдээ эгнээндээ оролгүй шууд хөндлөн ороод буцаж эргэх үйлдэл хийсэн байх бөгөөд хохирогч БНСУ-ын иргэн П ”-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн үед ачааны том машин зам руу орж ирэхдээ дохио өгөөгүй. ...” /1хх23-25/ гэх, хохирогч О.М ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Дохио өгөөгүй, бид нарыг гүйцэд түрүүлж орж ирээд зогссон...” /4хх68 ар/ гэх, иргэний нэхэмжлэгч Ц.Ж ын “...зогсолт хийхгүй, дохио өгөхгүй шууд хөндлөн орж ирсэн. ..." /4хх69 ар/ нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн тул энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
Мөн ослын газрын хэмжилт буруу, жолооч нарыг байлцуулахгүйгээр хийсэн гэх боловч хэрэгт авагдсан зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчтэй хэргийн оролцогчид болох жолооч Х.Э , Ц.Ж нар танилцаж гарын үсгээ зурсан, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1839 дугаартай мөрдөгчийн магадалгаагаар тухайн зам тээврийн осол, хэрэг гаргахад нөлөөлсөн шалтгаан нь North Benz маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Э ын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болохыг тогтоосон, эдгээр нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон байх тул анхан шатны шүүх Замын хөдөлгөөний дүрэм болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж, бодит нөхцөл байдлыг гуйвуулсан дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Үүнээс гадна, иргэний нэхэмжлэгч Ц.Ж нь тухайн хэрэг учрал болох цаг хугацаанд суурин газарт баримтлах тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн болох нь хавтас хэргийн 52-53 дугаар талд авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3298 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн материалд тэмдэглэгдсэн тоормосны мөрийн уртаар “Hyundai Starex” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтооход 70,78 км/цаг гарч байна..." гэх шинжээчийн дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1839 дугаартай “...“Hyundai Starex” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Цогжавхлангийн Жанчив нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. В. “Hyundai Starex” маркийн **** дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ж ын Замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн үйлдэл нь зөрчлийн шинжтэй ба Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 31 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авах үндэслэлтэй байна...” мөрдөгчийн магадалгаагаар тус тус тогтоосны дагуу түүнд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0965338 дугаартай шийтгэлийн хуудас /2хх227/-аар 500.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж холбогдох арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан нь шүүгдэгч Х.Э ын шороон замаас гол замд орж буцаж эргэх үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйтэй шууд холбоотой гэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэнд хүнд хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, мөн Ц.Ж ын тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн буруутай үйлдэл нь гэм хорын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж шүүгдэгчээс төлүүлбэл зохих хохирлыг 40 хувиар багасгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.
Иймд, шүүгдэгч Х.Э ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/861 дүгээр шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/861 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э ыг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э ыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарласугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Э ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА