2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2026/00128

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 25 191/ШШ2026/00128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З******* овогт Эр*******ын С******* /*******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт С*******ийн Э******* /*******/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 7,500,000 төгрөг, Волейболын сургалтын төлбөр 240,000 төгрөг, сургалтаас гадуурх зардал 401,000 төгрөг, нийт 8,141,000 төгрөгийн тал хувь болох 4,070,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.С*******,

Хариуцагч С.Э*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие С.Э*******тэй 2016 онд гэрлэлтээ батлуулж байсан. Бидний дундаас 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр охин Э.******* төрсөн. Бид 2018 онд гэрлэлтээ цуцлуулж, охин минь миний асрамжид үлдсэн. Охиноо өөрийн асрамжид авсан цагаасаа өдийг хүртэл ганцаараа өсгөж, охиныхоо эрүүл, аюулгүй орин өсөж торних, сурч хүмүүжих зэрэгт байнга анхаарч ирсэн. С.Э*******ийн хувьд хүүхдийн тэтгэлэгээ л төлдөг. Хүүхэддээ тогтмол анхаарал халамж тавьдаггүй. Охинтойгоо холбоотой байгаасай гэж боддог. Ээж хүний хувьд аавтайгаа яриад уулзаж бэтгэрсэн сэтгэл нь ч гэсэн дэвтээсэй гэж бодоод яриулах гэхээр охин болон миний дугаарыг блоклоод холбогдож чаддаггүй. Анх 2022 онд өвөө, эмээтэйгээ холбогдож сургуульд орж байгаа сургалтын төлбөр болох 50%-ийг төлж байгаарай гэж хэлэхэд та хоёрт би С.Э*******ийн өмнөөс тэтгэмжийг чинь өгдөг учраас бусад зүйлээ С.Э*******тэй ярь гэж хэлээд тасалж дугаарыг минь блоклоод ярилцах нөхцөл үүсгэдэггүй. Иймд шүүхээр шийдүүлэх байнгын асуудал гарсаар ирсэн. Охин маань 2025 оны өвөл хэд хэдэн удаа ханиад хүрч хүндэрч сургуулиас чөлөө авч эмчлүүлсэн. Мөн ургамлын харшилтай жил бүр эмчилгээ болон эм тан ууж хэрэглэдэг. Эм тариа, хоол хүнс, хувцас гэх мэт хүний хэрэглээний бүх зүйл өссөн байхад би өөрөө л болгож С.Э*******ээс мөнгө нэхэж байгаагүй. С.Э******* болон түүний аав ээж нь салсан цагаас эхлээд миний охиныг хаясан мэдрэмж өгсөн. Баяр ёслол, хичээл сургууль эхлэх үед ямар нэгэн тусламж дэмжлэг байдаггүй холбоогоо тасалцгаасан. Охин маань аав өвөө эмээтэйгээ өөрийн хүсэлтээр удаа дараа холбогдох гэж оролдсон боловч хүлээж авахгүй зугтдаг. Энэ нь аав эмээ өвөө нь охинд маань үл хайхрхалт үзүүлж тэднээс авах хайр халамж хамгаалалтаас зайлсхийж байна. Тиймээс охиныхоо эрх ашгийн төлөө 108-д хандаж гомдол гаргаж байсан. Миний холбогдох ганц гарц шүүх болсон тул өөрийн санаа бодол сэтгэлийн шархаа нэг бүрчлэн бичиж байна. Одоо охин минь сургуульд суралцдаг бөгөөд энэ онд 4 дүгээр ангид элсэн суралцаж байгаа. Тус сургуулийн сургалтын төлбөр энэ хичээлийн жилд 500,000 төгрөгөөр нэмэгдэж 7,500,000 төгрөг болсон. Мөн хичээлээс гадуур Волейболын сургалтанд хамрагддаг. Волейболын дугуйлан нь мөн сарын 80,000 төгрөгийн төлбөртэй 6, 7, 8 сар явж байна. Би охинтойгоо ипотекийн зээлтэй, зээлийн төлбөрт сарын 790,000 төгрөгийн төлбөр төлдөг орон сууцанд амьдардаг, хүүхдийнхээ өдөр тутмын наад захын хэрэгцээг бүрэн хангах гэж хичээж ажиллаж ирсэн. С.Э*******ээс охиныхоо хүүхдийн тэтгэмжийг сар бүр авдаг боловч сургалтын төлбөрийг жил бүр тусад нь нэхэмжлэх шаардлагатай болдог. Энэ нь төвөгтэй намайг стрессдүүлж, сэтгэл санааны хямралд оруулахаас гадна хүүхдийн боловсролд тогтмол баталгаа өгөхөд хүндрэлтэй байна. С.Э*******ээс зөвхөн сургалтын төлбөр, дугуйлан, дамжаа сургалттай холбоотой бусад зардлыг нэхэмжилдэг. Одоо үнийн өсөлт их, цалин тэтгэмж бага байгааг ойлгохоор хүн. Сарын тэтгэмж 241,450 төгрөг өгдөг биздээ гэж хэлээд элдэв бусаар доромжилж охиндоо үл хайхралт үзүүлж байна. Хүүхдийн эрхийн тухай болон Гэр бүлийн тухай хуульд хүүхдийн амьдрал, боловсрол, эрүүл мэндийг хангах үүрэг эцэг, эхэд оногдсон гэж заасан. С.Э******* нь өөрийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ умартан, улмаар хүүхдийн маань оюуны чадавхийг эс үнэлэн үнэ төлбөргүй сурах ёстой улсын сургуульд оруул гэхчилэн ямар нийгэмд амьдарч байгаагаа мартаж, хүний үнэргүй аашилж байсан удаа байдаг. 2024-2025 оны сургалтын төлбөрийн нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүх рүү явуулсан. Шүүгчийн туслах над руу залгаж С.Э******* нь хурал зарлуулахгүйгээр 50%-ийн төлбөрийг төлөхөөр болсныг мэдэгдсэн. Тухайн өдөр нь С.Э******* над руу залгаад дараа жилийн төлбөрийг дахин шүүхэд нэхэмжлэл гаргуулахгүйгээр төлнө гэж ярьсан. 2025.08.10-нд сургуулийн захиргаа 2025-2026 оны суралцагч нар 500,000 төгрөг суудал баталгаажуулалтаа хийгээрэй гэж бичсэн байсан. С.Э******* рүү дүүгийнхээ утсаар залгаж 250,000 төгрөг төлөөрэй гэхэд элдэв бусаар доромжлоод шүүхээрээ нэхэмжилж ав гэсэн. Иймээс арга буюу шүүхээр дахин оруулж байна. Одоо 4 дэх жилээ Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулах гэж заасан. Хуульд заасан онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдгийг тэжээн тэтгүүлэгч нь Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15-р зүйлийн 2-т заасан хүнд нөхцөлд байгаа, ...бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсныг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлэгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцлийг нэгэн адил хамааруулж ойлгоно, хүүхдийн эрхийн тухай хуулийн 10-р зүйлийн 10.1.1-д зааснаар хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчныг бүрдүүлэх, 10.1.8-д зааснаар хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах нь эцэг эхийн үүрэг бөгөөд мөн хуулийн 10.2-т зааснаар эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Энэ хуулийн заалтыг охины минь сэтгэл санааны хувьд санаатайгаар зөрчиж байна гэж үзэж байна. Миний бие өөрийн охины боловсролд анхаарах нь зүй ёсны хэрэг гэж бодож хичээж ирсэн, С.Э******* ч гэсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаад явах нь охиных нь ирээдүйд хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдөр хүүхдэдээ бэлэн мөнгөөр худалдаж авсан эм тариа, үйлчилгээ, эмнэлэгийн байгууллагын зардлыг оролцуулсангүй. Мөн хүүхдийн сургууль, сурч боловсрох өөрийн хүсэл сонирхлоороо хамрагдаж байгаа секц дугуйлангийн төлбөрийг оруулсан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6.1.7-д хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд хамрагдах, 6.2-т хүүхэд хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эдэлнэ гэж заасан. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан. Эдгээр эрхийн дагуу хүүхдийн сургалтын төлбөрийн 50% гаргуулах нь хуулийн дагуу учраас энэ үүргийг С.Э*******т хариуцуулж сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт төлсөн 7,500,000 төгрөг, Волейболын төлбөр 240,000 төгрөг, Сургалтаас гадуурх зардал 401,000 төгрөг, нийт 8,141,000 төгрөгийн тал хувь болох 4,070,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: ...9 сарын 1 болж охиндоо хичээлийн хэрэглэл бусад зүйлийг бэлтгэхийн тулд Улаанбаатар очсон ба нэхэмжлэл дээрээ ахин нэмэлт зардал гаргуулах хүсэлтэй байна. Охин Э.******* нь одоо 4-р ангид элсэн орсон бөгөөд хүүхдийн өсөлт, хүмүүжил, боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагын улмаас тогтоогдсон сар бүрийн тэтгэмжээс гадна нэмэлт зардал гарч байгаа тул Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг даган нэмэлт зардлыг гаргуулах хүсэлтэй байна. Хүүхийн амьжиргааны зардал, нэмэлт зардал нийт 1,416,297 төгрөг болсон ба 50% болох 708,148.5 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Нийт 4,778,648.5 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2016 онд танилцаж, гэр бүл болж дундаасаа 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр охин Э.******* төрж, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас охиноо төрөөд удаагүй байхад салсан. Тэр цагаас хойш хүүхдийн тэтгэлэгийг сар бүр хуульд заасан хэмжээгээр тасралтгүй төлж ирсэн. Өөрөөр хэлбэл миний бие Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байгаа. Бидний охин ******* намайг танихгүй, бид түүнийг нэг нас хүрээгүй байхад тусдаа амьдарч гэрлэлтээ цуцлуулсан. Нэхэмжлэгч Э.С******* нь намайг хүүхэдтэйгээ уулздаггүй хэмээн нэхэмжлэлдээ бичсэн байх ба намайг хараад танихгүй хүүхдийн сэтгэл санааг үймүүлээд яах вэ дээ гэж боддог. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч хүүхдээр түрий барьж намайг болон аав ээж гэр бүлээс байнгын мөнгө нэхэмжилж дарамталж, дугаараа нууцалж байнга залгадаг. Хэдийгээр Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг эх үр хүүхдээ харж хандаж тэжээн тэтгэх үүрэгтэй, би энэ үүргээ ухамсарлаж хүүхдийн тэтгэлгийг цаг тухайд нь ямар нэгэн асуудалгүй төлдөг. Хуульд заасан үүргээ ойлгодог. Гэтэл энэ С******* гэх хүний байнгын дарамт шахалт нь үр хүүхдээс маань улам холдуулах нөхцөлийг өөрөө бүрдүүлдэг. Хүнтэй хүн ёсоор харьцаад хэн хэнийхээ амьдралын нөхцөл байдлыг ойлгоод бие биедээ хүндэтгэлтэй харилцвал хэн ч гэсэн үр хүүхэдтэйгээ холбоотой байхыг бодно. Энэ хүн өөрөө хүүхдээ мөнгө олох хэрэглэл шиг ойлголт төрүүлж, байнга л мөнгө нэхдэг. Охин ******* 2022 онд Дорнод аймагт сургуульд элсэн орсон цагаас эхлэн буюу сургалтын төлбөрийн тал хувийг төлсөн. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онгоц нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл хүүхдийг анх сургуульд ороход буюу нэг удаагийн тохиолдолд би сургалтын төлбөрийн тодорхой хувийг төлнө гэж дээрх хуулийн заалтаас ойлгож байна. Гэтэл жил бүр ийнхүү сургалтын төлбөрийн тал хувийг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, охиноо сургуульд орсон зардлыг би 2 жил дараалан төлсөн. Миний бие 1 сая төгрөгийн цалинтай ажил хийдэг үүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлж 750,000 төгрөг гар дээрээ авч үүнээс хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлдөг. Иймд надад сургалтын төлбөрийн тал хувийг жил бүр төлөх боломж бололцоогүй, нөгөөтээгүүр Гэр бүлийн тухай хуулийн 48.1-т заасан үүргээ би хүүхдийнхээ өмнө биелүүлсэн. Мөн нэхэмжлэлд хавсаргасан Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолтод 2025-2026 оны хичээлийн жилийн төлбөр 7,500,000 төгрөг болох нь үнэн гэснээс үзвэл уг сургалтын төлбөр төлөгдсөн гэдгийг нотлохгүй байна. Иймд 4,070,500 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм.

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 708,148 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд учир нь нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл нэр бүхий хүмүүсийн данс руу шилжүүлсэн нийт 1,416,200 төгрөгийн тал хувь болох 708,148 төгрөгийг охин *******д зарцуулсан зардлын баримт гэж шууд үзэх боломжгүй. Эдгээр баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй. ******* гэсэн гүйлгээний утгыг шууд охины зардал гэж үзэхгүй байна. Иймд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгч нотлох баримтаар,

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.С*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, охин Э.*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2025.08.04-ний өдрийн 59 дүгээр Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, 2025.08.22-ны өдрийн Н.Нийн гар тодорхойлолт, /ХХ-ийн 4-7, 19, 21 хуудас/, Хаан банкны дансны хуулга /ХХ-ийн 67-107 хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

4.Хариуцагч нотлох баримтаар,

Хариу тайлбар, 2025.10.02-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /ХХ-ийн 47 хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.С******* нь хариуцагч С.Э*******т холбогдуулж Хүүхдийн 2025-2026 оны хичээлийн сургалтын төлбөр, волейболын сургалтын төлбөр, сургалтаас гадуурх зардалд 4,070,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 708,148.5 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 4,778,648.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, талуудын гаргаж өгсөн баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...Охиноо өөрийн асрамжид авсан цагаасаа өдийг хүртэл ганцаараа өсгөж байгаа. Одоо охин минь сургуульд суралцдаг бөгөөд энэ хичээлийн жилийн сургалтын төлбөр 500,000 төгрөгөөр нэмэгдэж 7,500,000 төгрөг болсон. С.Э*******ээс зөвхөн сургалтын төлбөр, дугуйлан, дамжаа сургалттай холбоотой зардлыг л нэхэмжилдэг бөгөөд 4 дэх жилдээ шүүхэд хандаж байна. Иймд охин Э.*******гийн 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, 2025 оны 6-8 сард хичээллэсэн волейболын сургалтын төлбөр, сургалтаас бусад зардлын 50%-ийг нэхэмжилж байна... гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...Нэхэмжилж байгаа төлбөр, зардлууд нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан онцгой нөхцөл байдал тохиолдсон гэх нөхцөлд хамаарахгүй байх бөгөөд хүүхдийг хувийн сургуульд оруулахдаа надтай зөвшилцөөгүй, тухайн төлбөр, зардлууд нь баримтаар нотлогдоогүй, энэ жилийн хувьд санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалан тус зардлуудыг төлөх боломжгүй... гэж мэтгэлцсэн.

 

3.Зохигчид нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон волейболын сургалтын төлбөр, бусад зардлыг Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан нэмэлт зардалд хамаарна, хамаарахгүй гэж маргаж байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1.Нэхэмжлэгч нь охин Э.*******гийн 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 7,500,000 төгрөг төлсөн, сургалтын төлбөрийн 50% болох 3,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэх боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулгаар 2025.10.09-ний өдөр 500,000 төгрөг, тоот дансны хуулгаар 2025.11.23-ны өдөр 1,500,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн байна. /ХХ-ийн 76-77 хуудас/

 

3.2.Охин Э.*******гийн волейболын сургалтын төлбөр 240,000 төгрөгийг төлсөн гэж Дорнод хурдатгал волейболын сургалтын төвийн багш Н.Нэ тодорхойлсон байх боловч энэ талаарх санхүүгийн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй. /ХХ-ийн 21 хуудас/

 

3.3.Хүүхдийн хэрэгцээний бусад нэмэлт зардалд 2024 оны 09 сараас 2025 оны 10 сар хүртэлх хугацаанд гарсан зардлын 50% буюу 788,648.5 төгрөгийг шаардаж байх боловч нэхэмжилсэн зардал нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдохгүй, зарим дансны хуулга нь 2024, 2025 оноос өмнөх онуудад хамаарах зардлын баримт байна.

 

3.4.Хариуцагч нь 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлөхгүй байх шалтгаанаа санхүүгийн хувьд боломжгүй гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан 2025 оны 10 сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор сар бүр 1,000,000 төгрөгийн цалин авдаг болох нь тогтоогдсон.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан.

Хуульд заасан онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдэгт ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлэгийн хэмжээгээр хангагдах боломжгүй нөхцөл байдлыг хамааруулан ойлгох бөгөөд охин С.*******гийн 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 7,500,000 төгрөг болох нь Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 08 сарын 04-ний өдрийн 59 дүгээр тодорхойлолтоор тогтоогдсон, тус төлбөр нь сар бүр хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт төлж буй мөнгөөр хангагдах боломжгүй байх бөгөөд сургалтын төлбөр нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан нэмэлт зардалд хамаарна. /ХХ-ийн 19 хуудас/

 

4.1.Хариуцагч нь тайлбар татгалзлалынхаа үндэслэлийг охин Э.*******г хувийн сургуульд оруулах үедээ нэхэмжлэгч надтай зөвшилцөөгүй тул сургалтын төлбөрийг төлөхгүй гэх боловч хариуцагч нь өмнөх 2 жилийн сургалтын төлбөрийн 50%-ийг төлсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон бөгөөд зөвшилцөөгүй тул сургалтын төлбөрийг төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

 

4.2.Харин волейболын сургалтын төлбөр болон бусад нэмэлт зардал нь хэрэгт авагдсан дансны хуулга болон төлбөрийн баримтаар бүрэн нотлогдохгүй байх ба тоглоомын төвд тоглосон, хувцас, хичээлийн хэрэгсэл, гар утас г.м зүйлс худалдан авсан нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан онцгой нөхцөл байдал тохиолдсон үеийн нэмэлт зардалд хамаарахгүй гэж үзлээ.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2.3-т Хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох үүрэгтэй гэж заасан.

 

Иймд хариуцагчаас охин Э.*******гийн 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50%-ийг гаргуулах үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн төлсөн 2,000,000 төгрөгийн 50% буюу 1,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

6.Хавтаст хэргийн 8-18-р хуудас, 22-25-р хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх тус баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

7.Нэхэмжлэгч Э.С*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,624 /80,078+21,546/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч С.Э*******ээс улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.С*******д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 115.2.2., 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1.‑д зааснаар хариуцагч С.Э*******ээс охин С.*******гийн 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,778,648.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э.С*******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 101,624 /80,078+21,546/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Э*******ээс улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.С*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН