Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар  2025/ДШМ/665

 

 

 

 

    2025          05             29                                       2025/ДШМ/665

 

Ц.Х т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

шүүгдэгч Ц.Х  /цахимаар/, түүний өмгөөлөгч Н.Нармандах /цахимаар/,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/491 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Х  болон түүний өмгөөлөгч Н.Нармандах нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Ц.Х т холбогдох 2506 00648 0250 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Ц.Х  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, офицеруудын замд “Toyota mark II” загварын ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Х ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Х т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Ц.Х  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн гэм буруугийн асуудал дээр мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд маргаагүй. Урьд энэ төрлийн зөрчил гаргаж шүүхээс торгох шийтгэл авч шийтгүүлж байсан ба дахин уг үйлдлээ давтаж 6 сарын хугацаагаар торгох ял шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсандаа маш их харамсаж, гэмшиж байна. Би одоо 43 настай уурхайд туслах машиннистаар ажилладаг бөгөөд тогтсон ажилтай ба орлоготой. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 сар хоригдож байгаа ба өөрийн буруутай үйлдлээ ухаарч ойлгосон. Дахин ийм зөрчил гаргахгүй тул миний нас болон хувийн байдлыг маань харгалзан үзэж 6 сарын хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг бүрэн төлсөн. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Х ын өмгөөлөгч Н.Нармандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Х  нь өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм бурууг ойлгож, өөрийн үйлдэл холбогдолтойгоо маргаагүй. Мөн Ц.Х  нь энэ төрлийн гэмт хэрэгт анх удаа ял шийтгүүлж байгаа. Түүний ажил хөдөлмөр эрхэлдэг буюу Өмнөговь аймагт байрлах компанид операторын туслахаар ажилладаг, тогтмол цалинтай, байнгын орлоготой, мөн цөөн тооны бага малтай болон өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслүүдтэй зэргээс түүнд торгох ял оногдуулбал биелүүлэх бүрэн боломжтой юм.

Харин анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар дүгнэхдээ “...Ц.Х т ...эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан ...хорих ял шийтгэхээр ...шийдвэрлэв.” гэж улсын яллагчийн саналыг дүгнэж бичжээ. Гэтэл улсын яллагч шүүгдэгч Ц.Х т хорих ял оногдуулах саналыг шүүхэд оруулаагүй, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс гарч болохгүй байхаар зорчих эрх хязгаарлах ялын саналыг шүүхэд оруулсан байтал улсын яллагчийн ялын саналыг анхаарч үзэлгүйгээр түүний ял шийтгэлийг хүндрүүлэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хамгийн хүнд ял болох хорих ял оногдуулсан нь шүүх хэт яллах талыг барьж ял шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүгч шүүхийн хэлэлцүүлэгт миний үйлчлүүлэгчээс “ ...урьд нь 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан юм байна. Энэ торгууль чинь багадаад байна уу” гэх мэт асуулт асууж хэрэгт субъектив байдлаар хандсан, мөн улсын яллагчийн ялын саналыг харгалзаагүй зэрэг нь шүүгдэгчид хорих ял оногдуулахад нөлөөлсөн. Ц.Х  нь 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

Шүүгдэгч Ц.Х т торгох ял шийтгэлийг оногдуулснаар түүнийг ажил орлоготой, амьдрал ахуйгаа аваад явчих боломж нөхцөлийг бүрдүүлэх байгаа. Гэтэл түүнийг заавал нийгмээс тусгаарлаж цалин хөлсгүй, ажил төрөлгүй болгож байгаа нь түүнд оногдуулсан ял хэт хүндэдсэн, түүний үйлдэлд тохироогүй цээрлэл болж байна. Иймд шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу тогтоолын дүгнэлт нь шүүгдэгчид ял оногдуулахад нөлөөлсөн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.Х т оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор А.Марал давж заалдах гомдолтой холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Х  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа түүний 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулснаас 24 хоногийн дараа дахин согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримтад дүгнэлт хийсэн. Мөн шүүгдэгчийн хувийн байдал эрхэлсэн тодорхой ажилгүй тул өмгөөлөгчийн гаргасан торгох ялын санал биелэгдэх боломжгүй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ц.Х  болон түүний өмгөөлөгч Н.Нармандах нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Ц.Х  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, офицеруудын замд “Toyota mark II” загварын ****  улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх1/, жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх “...****  серийн дугаартай зориулалтын багажийн заалт 2,03 хувьтай...” гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх2/, “спиртийн агууламж 2,03 хувь” гэх баримт /хх5/, “...эрх хасах: Өмнөговь, Даланзадгад, Зөрчлийн тухай хууль 14.7.5.1, 2025-01-21, 2026-01-21, 1 жил, др:2,45%, з/ч, д/ч, А.Цэнгэл...” гэх тэмдэглэгээ бүхий жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх6/, “...”2453ӨМА Toyota mark II GX1100005588, мөнгөлөг, 1739376000000” гэх тэмдэглэгээ бүхий автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх11/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх14/, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/79 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар зөрчилд холбогдогч Ц.Х ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэвэр /хх17-20/,

Ц.Х ын яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүрэг Жуковын ойролцоо найзындаа 3-н лааз пиво уусан, тэгээд өөрийн эзэмшлийн Toyota mark II загварын ****  дугаартай авто машиныг жолоодоод офицеруудын ордон орохоор явж байхад тойрог хэсэгт цагдаа нар зогсоож шалгасан, тэр үед 18 цаг орчим болж байсан санагдаж байна, тэгээд драгер үлээхэд 2,03 хувийн согтолттой гэж гарсан. Би 2001 онд жолооч болсон одоо В ангилалтай, жолоодох эрхээ хасуулсан, 2025 оны 01 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр эрхээ 1 жилээр хасуулсан байсан. Би буруутай үйлдлээ ойлгож, гэмшиж байна, ахин ийм үйлдэл гаргахгүй. ...” /хх36/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.  

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Х ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Тодруулбал, “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон...” гэж хуульчилж өгсөн бөгөөд энэ нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасан хориглосон хэм хэмжээг шууд санаатай үйлдлээр зөрчсөн хууль зүйн ойлголт болно. 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд, шүүгдэгч Ц.Х  нь Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ЗШ/79 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад “жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох эрхгүй атал 24 хоногийн дараа дахин 2,03 хувийн согтолтойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.  

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х т 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Шүүгдэгч Ц.Х , түүний өмгөөлөгч Н.Нармандах нараас “...хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Шүүгдэгч Ц.Х  нь урьд 2025 оны 1 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн үед 2,45 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, уг үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авч, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан боловч дахин 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2.03 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгслийг жолоодож буй нь өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлаагүй гэж үзэх үндэслэл болох тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, буруутгах дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, ялыг хүндэдсэн үзэхээргүй байна.

Шүүгдэгч Ц.Х  нь Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх торгох ялыг 570.000 төгрөгөөр тогтоосон боловч тухайн ялыг эдэлсэн эсэхтэй холбоотой дүгнэлтийг хийгээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тогтоол хэрэгт авагдаагүй байна.

Энэ нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “...уг ялыг биечлэн эдэлж дууссан...” гэсэн тайлбар, дүгнэлт, прокуророос “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан тогтоол нь анхан шатны шүүх хуралдааны дараа ирсэн учир хэрэгт хавсаргаж чадаагүй, ял эдэлсэн тул нэмж нэгтгэх ял байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “...дууссан: 2020.05.01, ӨМШГА-ны 52 тогтоол...” гэж тэмдэглэсэн зэргээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл бий болоогүй буюу нэмж нэгтгэн шийдвэрлэх ял байхгүй гэж үзлээ.

Аливаа гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдал, урьд ял шийтгүүлж байсан тохиолдолд шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэх ял бий эсэхэд нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийснээр эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв хэрэглэх үндэслэл бүрдэх учир цаашид анхаарвал зохихыг тэмдэглэж байна. 

Мөн хууль хэрэглээний хувьд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримталсан нь буруу байх тул зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Иймд, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “ял хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Х ын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 44 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/491 дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан...,” гэсэн хэсгийг хасаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүдэгч Ц.Х , түүний өмгөөлөгч Н.Нармандах нарын гаргасан “ял хөнгөрүүлэх” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х ын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 44 /дөчин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.АРИУНХИШИГ

 

                                                ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР

 

                                    ШҮҮГЧ                               С.БОЛОРТУЯА