| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2209024720905 |
| Дугаар | 2025/ДШМ/521 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/521
2025 05 06 2025/ДШМ/521
Э.Б, Ч.Гнарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өнөбат,
цагаатгагдсан этгээд Ч.Г, түүний өмгөөлөгч О.Цолмон,
цагаатгагдсан этгээд Э.Б, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/209 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Өнөбатын бичсэн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцлээр Э.Б, Ч.Гнарт холбогдох 2209024720905 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулга илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Хөвдүүд овгийн Э.Б, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “...............” ХХК-д захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:......................./;
2. Баарин овгийн Ч.Г, 1982 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “.................” ХХК-д ерөнхий менежер ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:......................../;
Шүүгдэгч Э.Б, Ч.Гнар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр өөрсдийн нэр дээр бүртгэлтэй “Барилгын тусгай зөвшөөрлөөр БА-2.1, БА-6.2, БА-6.3, БА-8,1 заалтын дагуу үйл ажиллагаа, Барилгын материалын худалдаа, Барилгын засал чимэглэл, засвар үйлчилгээ эрхлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй “................. констракшн” ХХК-ийнхаа тамга, тэмдгийг ашиглаж 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ............. дүүргийн ............ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “..............” оффисын 608 тоот өрөөнд хохирогч Г.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэний эрх зүйн харилцаагаар халхавчлан, дүр үзүүлэн ................ дүгээр хорооны нутаг дэвсгэр "..................." гэх газарт 1 давхар, 66.98м², зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, техникийн өрөө, граж зэргээс бүрдэх амины орон сууцыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ” № АОС-01/3-32 дугаартай гэрээг байгуулж, тус газарт 12.138.782 төгрөгийн барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэн “.................. констракшн” ХХК-ийнхаа 5111599965 дугаартай дансаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16.424.200 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 23.624.200 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 43.048.400 төгрөгийн хохирол учруулан залилсан,
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “................” оффисын байранд 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж дүр эсгэн, хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Ү.Эыг төөрөгдөлд оруулж, 40.000.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн ".................. констракшн" ХХК-ийн "Хаан банк дахь ................. дугаарын дансаар шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ................ оффисын байранд 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж дүр эсгэн, хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Мыг төөрөгдөлд оруулж, 68.090.000 төгрөгийг 5 удаагийн үйлдлээр өөрийн эзэмшлийн “............ констракшн” ХХК-ийн Хаан банкны .................. дугаарын дансаар шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан,
................. дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ............... оффисын байранд “....................... констракшн” ХХК-ийн байранд хохирогч Х.Нтай 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “түлхүүр гардуулах нөхцөлтэй” Амины орон сууц захиалгаар бариулах тухай АОС-01/3-20 дугаартай гэрээ байгуулж дүр эсгэн, хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 38.250.000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн “Эм Эн Ти констракшн” ХХК-ийн Хаан банкны ............... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Г, Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1. 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Прокуророос шүүгдэгч Ч.Г, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .............. дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Э.Б, Ч.Гнарыг цагаатгаж, Ч.Г, Э.Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Ч.Г, Э.Б нар нь энэ хэрэг цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Ү.Э, Х.Н нарын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тэрээр нотлох баримтаа бүрдүүлэн гэрээтэй холбоотой маргаанаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Өнөбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй байдаг. Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б, Ч.Гнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, үнэн зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн байна. Тодруулбал хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нарын хохирогч нартай байгуулсан гэрээний хэрэгжилт ковид-19 цар тахлын улмаас биелэгдэх боломжгүй болсон гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй байна. Учир нь хохирогч Г.Этой 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, хохирогч Ү.Этай 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, хохирогч Б.Мтай 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, хохирогч Х.Нтай 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тус тус гэрээг байгуулсан байдаг. Монгол Улсад ковид-19 цар тахал 2020 оны 03 дугаар сард бүртгэгдэж цар тахлын сөрөг нөлөөлөл үүсэж, шат дараатай хорио цээрийн дэглэм тогтоож эдийн засаг ч тэр хэмжээгээр хүндэрч байсныг шүүгдэгч нар бодит байдалд мэдэж байсныг харгалзалгүйгээр гэрээний үүргийн биелэлт бодит байдалд хэрэгжих боломжгүй болсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй хэт явцуу дүгнэлт болсон байна. Харин шүүгдэгч Э.Б, Ч.Гнар нь дээрх гэрээний үүрэг хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдлыг тайлбарлахдаа ковид-19 цар тахал болон Орос улсын явуулж буй цэргийн ажиллагааны улмаас ажлаа хийх боломжгүй болсон гэж гэм буруугийн талаар маргадаг. Гэтэл дээрх тайлбарууд нь цаг хугацааны хувьд хэргийн нөхцөл байдалтай уялдахгүй хэргийн бодит байдал буюу гэрээ байгуулсан цаг хугацаанаас илтэд зөрүүтэй байгаа талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
2. Шүүх дүгнэхдээ захиалагч нараас гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг Э.Б, Ч.Гнар нь бараа материал худалдан авах, бараа материалаа хилээр оруулж ирсний татвар, тээврийн зардал, гаалийн баталгаат агуулахад бараа хадгалсны хөлс зэрэгт зарцуулсан үйл баримт тогтоогдож байна гэх дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Харин Э.Б, Ч.Гнар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелэгдэх боломжгүй болмогц түүгээрээ шалтаглаж хохирогч нараас авсан үнийг эргүүлэн төлөхгүй өөртөө нэг мөр авах санаа, зорилго агуулж түүнийгээ хэрэгжүүлж хохирогч нарыг төөрөгдүүлэхийн тулд үлдэгдэл 50 хувийг авч өөрсдийн бусад хэрэгцээтэй зүйлд буюу “................... проект” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай эд зүйлсийг худалдан авсан, хувьдаа 2 ширхэг тээврийн хэрэгсэл худалдаж авсан...”, 64.367.618 төгрөгийн “...өнгө оруулагч бодис, эмульс, будагч бодис...” зэргийг худалдаж авч өөр төрлийн үйл ажиллагаандаа зарцуулсан талаар бодитой дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...амины орон сууц барихад шаардлагатай бараа, материалыг Орос улсад үйлдвэрлэдэг Монгол улсад худалдан борлуулдаг албан ёсны төлөөлөгчийн байгууллагаас худалдан авдаг...” гэж мэдүүлсэн. Гэвч цагаатгах тогтоолд захиалагч нараас гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг гэрээнд заагдсан амины орон сууцыг барих бараа материалыг худалдан авах, бараа материалаа хилээр оруулж ирсний татвар, тээврийн зардал, гаалийн баталгаат агуулахад бараа хадгалсны хөлс зэрэгт зарцуулдаг мэтээр илтэд хэргийн нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж дээрх дүгнэлтээ шийдвэрийн үндэслэл болгосон байна. Мөн хохирогч Ү.Эын амины орон сууц барих ажил огт хийгдэж эхлээгүй нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийгээгүй буюу илтэд үйл баримтын алдаатай дүгнэлт хийсэн байна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Гаалийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 591 дугаартай албан бичиг, дансны лавлагаа, Эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэргээс дүгнэхэд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон байхад тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий, бодитой хууль зүйн дүгнэлт хийгээгүй цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүгдэгчид ял завшуулах нөхцөлийг бий болгож байна. Тодруулбал шүүгдэгч Э.Б, Ч.Гнар нь хохирогч нартай гэрээ байгуулан улмаар үнийн 50 хувийг эхэлж авч, үлдэгдэл 50 хувийг өгсний дараагаар барилгын ажил үргэлжлэх боломжтой гэж итгүүлэн үнийг бүрэн төлсний дараа “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний 5.2 дахь хэсэгт заасан хямдруулах үнийг нэмэгдүүлж, 1 м.кв тутамд 1.300.000 төгрөг болгон гэрээнд өөрчлөлт оруулах...” гэх агуулга бүхий мэдэгдэл хүргүүлж байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах үйлдлийн аргыг хэрэгжүүлсэн болохыг тодорхойлж байхад гэрээний эрсдэл гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна. Хохирогч Ү.Э нь мөнгө шилжүүлснээс хойш тодорхой хугацааны дараа холбогдоход удахгүй орон сууцыг чинь барина үлдэгдэл төлбөрөө яаралтай хийх хэрэгтэй байна гэх зэргээр итгэл үнэмшил төрүүлж байсан боловч бодит байдалд төлбөрөө бүрэн төлсөн Б.М, Г.Э, Х.Н нар нь Э.Б, Ч.Гнарын утас руу нь залгахаар дугаарыг нь блок хийсэн. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” оффисын 608 тоот оффисоос нүүж хаана байгаа эсэх нь тодорхойгүй сураг тасарсан тул хохирогч нарын зүгээс 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх гомдлыг гарган шалгуулахад “...Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ"-ний 5.2 дахь хэсэгт заасан хямдруулах үнийг нэмэгдүүлж, 1 м.кв тутамд 1.300.000 төгрөг болгон гэрээнд өөрчлөлт оруулах агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Шүүгдэгч Э.Б, Ч.Гнар нь мэдэгдэл хүргүүлэхээс өмнө буюу хохирогч нартай 11-ний өдрийг хүртэлх хугацаанд дээрх гэрээнд заасан хямдралтай үнэ гэх 1 мк.в 830.000 төгрөгөөр барих бодит боломжгүйг мэдсээр байж “Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулан төлбөрийг бүрэн авч байгаа үйлдэл нь Залилах гэмт хэргийг гэрээгээр халхавчилж үйлдсэн гэж үзэх гол шалгуур болж байна. Учир нь гэрээний нөхцөлийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлэх байдал гаргаж улмаар гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн субьектив санаа зорилгоо гүйцэлдүүлсэн болох нь Гаалийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03-2/2346 дугаартай албан бичгээр нотлогддог.
4.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн дүгнэлтдээ дараах нотлох баримтуудыг үндэслэл болгож гэм буруугийн дүгнэлт гаргасан байдаг. Үүнд Гэрч Б.Ц, хохирогч В.Мын мэдүүлэг, Гаалийн Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01-2/591 дугаартай албан бичиг, түүний хавсралтын хуулбар, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03-2/2344 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Ү.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Эын мэдүүлэг, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 03-2/2346 дугаар албан бичиг болон тус албан бичгийн хавсралт, зэрэг нотлох баримтуудыг үндэслэн. Гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээрээ шалтаглаж хохирогч нараас авсан нийт 189.388.400 төгрөгийг буцаан шилжүүлэхгүй байх санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хохирогч нарыг төөрөгдөлд оруулах, хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох зэрэг залилах гэмт хэргийн үйлдлийн аргыг хийж гүйцэтгэсэн нь гэм буруутай болохыг нотолж байгаа талаар дүгнэлтийг гаргасан. Цагаатгах тогтоолд яллах дүгнэлтэд дурдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах талын нотлох баримтууд, шүүх хуралдааны явцад улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийлгүйгээр дан ганц шүүгдэгч Э.Б, Ч.Гнарын шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгээр буюу ковид 19 цар тахлын нөлөөлөл, Орос улсын дайнаас хамаарч амины орон сууц барих барааны үнэ нэмэгдсэнээс хамаарч барилга барих боломжгүй болсон” гэх мэдүүлгийг үндэслэн гэрээний эрсдэлээс үүдсэн иргэний эрх зүйн маргаан гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдоно. Мөн түүнчлэн шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзнэ. Өмгөөлөгч нар 20 байшин барьсан талаар дурдаж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тэмдэглэлд авагдсан. Уг тэмдэглэлд тусгагдсанаар 8 байшин байх ёстой. Э.Б “би 8 байшин” гэж шүүх хуралдааны явцад мэдүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар 4 байшин баригдсан. Уг 4 нь байшин барьсан гэрээ нь одоо хохирогчтой байгуулсан гэрээнээс өөр гэрээ байдаг. Хохирогчоор тогтоогдсон 4 хүнтэй эхний ээлжид 100 хувь төлбөрийг авчихад барилгын ажил эхлэх талаар заасан. Нөгөө барьсан 4 нь байшингийн эзэдтэй хийсэн гэрээ нь эхний ээлжид 30 хувийн авна үлдсэн 70 хувийг байшин барьсны дараа авах талаар гэрээнд зааж тохиролцсон. Энэ хоёр гэрээг хамаатуулж ойлгох нь үндэслэлгүй. Оюуны өмчийн гэрчилгээ гаргуулсан талаар дурдаж байна. Канад технологиор барьдаг байшинг зураг төслийг боловсруулснаараа оюуны өмчийн гэрчилгээ авсан гэдэг. Гэтэл гэрч Мөнхбаатарын мэдүүлэг байдаг. “Уг байшингийн зураг төслийг 5 сая төгрөгөөр өгсөн болохоор хийж өгсөн” гэж мэдүүлсэн. Оюуны өмчийн гэрчилгээ Э.Б гаргасан уу, Мөнхбаатарын нэр дээр гарсан уу гэдэг нь эргэлзээтэй зөрүүтэй нөхцөл байдал үүссэн. Хохирогч Ү.Эаас 40.000.000 төгрөг авч уг газарт “нэг ширхэг хадаас ч хатгаагүй” гэдгийг гэм буруугийн шүүх хурал дээр ярьсан. Э.Б нь хохирогчоос 40.000.000 төгрөг авсны дараа “та барилга хэзээ эхлэх вэ” гэхэд “үлдэгдэл 40 сая төгрөг авсны дараа эхлэн” гэх зүйлийг ярьсан. Гэтэл хохирогч Ү.Э гэрээ цуцлах, мөнгөө авах тухай шаардлага тавьсан. Энэ асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлдэг. Энэ үед Ү.Эт “шүүх цагдаагийн байгууллагаар яваад олж аваарай” гэх агуулгатай зүйл ярьсан. Энэ талаар 4 хохирогч бүгд мэдүүлдэг. Энэ асуудлын талаар өнөөдрийн шүүх хуралдаанд өөр тайлбар хэлж байна. Мөн анхан шатны шүүх гэрээний харилцаа гэж зөв дүгнэсэн талаар дурдаж байна. Хууль хэрэглээний нэгдмэл байдлын тухайд залилах гэмт хэргийг гэрээний харилцаанаас ялган зүйлчлэхэд анхаарах ёстой. Гэрээний бодит байдал биелэгдэх боломжтой юу, үгүй юу гэдэг дээр дүгнэлт хийх шаардлагатай байдаг. Гэвч анхан шатны шүүхээс гэрээ биелэгдэх боломжтой эсэх дээр дүгнэлт хийж чадаагүй. Ёс зүйн гомдол гаргасантай холбоотой тайлбар хэлэхэд 2023 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн прокурорын газар томилогдож ажилласан. Ажиллах хугацаандаа нэр бүхий 4 хохирогч ирж уулзсан. Хэрэгт хагас сайн, бүтэн сайн өдрүүдэд бүтэн сууж ажилласан. Бүтэн сайны өдөр Э.Б гэх хүнтэй холбогдсон. “та ирж яллагдагчаар татсан тогтоолтой танилцана уу” гэж дуудсан. Хэргийг дүргэн шуурхай шийдвэрлэхийг зорьж ажилласан. Хоёр өмгөөлөгчийн хувийн ач холбогдолтой асуудал байдгийг хэлэх нь зүйтэй байх, Анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоол хуулийн шаардлага хангаагүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож, гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.Гөмгөөлөгч О.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр буюу цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Прокурор эсэргүүцэл бичихдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор, дээд шатны прокурор, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж байгаа үндэслэлээ тодорхой бичсэн байна” гэж заасны дагуу агуулгаар дурдсан боловч хуулийн яг ямар заалтыг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 заалтуудын аль заалтад хамаарч байгаа талаар өнөөдрийн шүүх хуралдаанд ярих ёсгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 заалтад заасан ямар хуулийн аль заалтыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй. “Эм Эн Ти констракшн” ХХК-д “Дулаан байшин” нэртэй амны орон сууц барих төсөл хэрэгжүүлсэн. Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр 20 орчим захиалагчийн зааж өгсөн газарт нь хувийн орон сууц барьж байсан. Нийт захиалагч нараас “Эм Эн Ти констракшн” ХХК-н 4 нь хохирогчтой гэрээ байгуулсан. Талууд гэрээний үүргээ биелүүлж байсан. Прокурорын зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй талаар ярьж байна. Гэрээний үүргээ биелүүлж газар шорооны ажил хийгдсэн байдаг. Энэ явцад ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллөөс хамаарч хүнд нөхцөл байдалд орсон. Энэ нөхцөл байдлын улмаас хохирогч нартай тохиролцож шийдвэрлэх талаар санал тавьсан. Уг саналыг хохирогч нар хүлээн зөвшөөрөхгүй явсаар байж цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Анхнаасаа хуурч мэхлэх, санаа зорилго байгаагүй. Талууд гэрээ байгуулж харилцан тохиролцон уг гэрээг хоёр тал харилцан дүгнэсэн. Гэтэл гэрээний эрсдэл гарч ирсэн. Анх тохиролцсоны дагуу барилга барих боломжгүй болсон. Энэ асуудлаар талууд харилцан санал солилцох байдлаар явж ирсэн. Барилгын материал өссөнтэй холбоотой үнийн нэмэгдлийн талаар гэрээнд оруулж “байшинг барьж дуусгаж өгье” гэх асуудал ярьсан. Анхан шатны шүүх үнэн зөв дүгнэлт хийсэн. Иргэний харилцаа буюу гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болсон. Анхан шатны шүүхээс Ч.Г, Э.Б нарыг цагаатгаж шийдвэрлэсэн үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан. Прокуророос гэрээнд дүгнэсэн баримтыг шинжлэн судлуулах санал гаргасан. “Акт” ярьж байх шиг байна. Уг актад гэрээний биелэлтээ дүгнэж, хийж байсан ажлын үнэлгээг гаргаж, мөн төлсөн мөнгийг гаргаж, үлдэгдэл мөнгийг буцаан төлөх талаар тусгаж гэрээ байгуулсан харилцаа байдаг. Хохирогч талаас “гомдол санал байхгүй” гэж харилцана тохиролцсон. Хоёр талын хүсэл зоригийн илэрхийллийг прокуророос хохирогчийн эрхийг боогдуулсан, хязгаарласан гэж тайлбарлаж байна. Уг гэрээ хохирогч нарын эрх, үүргийг хязгаарлагдсан зүйл байхгүй. Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарсны дараа Ү.Э давж заалдах шатны шүүхэд гомдол гараад явж байхгүй биз дээ хохирогч нарын эрх, үүрэг нь нээлтэй байгаа. Хохирогч нараас авсан мөнгийг зориулалтын дагуу хэрэглээгүй. Өөр зүйлд зарцуулсан талаар прокурор дурдаж байна. Тийм зүйл байхгүй “Эм Эн Ти констракшн” ХХК-ийн 10 гаруй хуулийн этгээдүүдтэй тус бүрдээ өөр өөр үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс орсон орлогоор 2 портер авсан. Мөн сахрын үйлдвэрт ашигладаг тоног төхөөрөмжүүдийг хохирогч нарын мөнгөөр авсан гэж хэт нэг талыг барьж байгаа нь үндэслэлгүй юм. Прокуророос нотолгоотой зүйл ярихгүй байна. Прокуророос шинжээч томилоод зориулалтын дагуу зарцуулсан талаар дүгнэлт гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гаргахын өмнө 2 захиалагчтай гэрээ дүгнэж хаасан. Үлдсэн 2 захиалагчтай гэрээ байгуулж хохирол төлбөр төлөгдсөн. Хохирол төлбөр төлөгдсөн учраас хохирогч Ү.Э давж заалдах шатны шүүх хуралдаан оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Хард шейр гэрчилгээний талаар прокурор дурдаж байна. Уг гэрчилгээг эрх бүхий байгууллагаас олгосон. Уг гэрчилгээ үндэслэж захиалагч нар өмнө ойлгохгүй байсан зүйлийг одоо ойлгож байна. Уг баримт гаргаж ирснээр харилцана ойлголцолд хүрч гэрээний биелэлтийг дүгнэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг бүхэлдэн хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.Бийн өмгөөлөгч Ц.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дээрх хэрэгт дөрвөн гэрээлэгчийн төлсөн төлбөрөөр барилгын суурь, газар шорооны ажил, цэвэр, бохирын холболтууд зэрэг ажил хийгдсэн. Уг ажил хийхэд төлбөр гарсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Хард шейр гэрчилгээтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны баримт гаргаж өгөөгүй. Сүүлд нь гаргаж өгсөн талаар прокурор дурдаж байна. Гэтэл хэрэг шүүхэд очны дараа хэдэн хуудас, хэр хэмжээний нотлох баримтыг өмгөөлөгч нар болон Ч.Г, Э.Б нарын зүгээс цуглуулж өгсөн. Хард шейр гэрчилгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргах ёстой. Гэтэл тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдээгүй учраас өмгөөлөгч дараа нь гаргаж өгсөн. Зарим нэг хохирогч нарын гаргаж байсан гомдол хэрэгт бүртгэлтийн материалд авагдсан. “Эм Эн Ти констракшн” ХХК-тай байгуулсан гэрээ цуцалж хохирогчид мэдэгдэл өгсөн. Гэтэл хохирогч нараас “гэрээнд заасны дагуу “Эм Эн Ти констракшн” ХХК-д гэрээний дагуу торгууль төлөх байсан. Гэтэл хохирогч нар бид торгууль төлмөөргүй байна гэдгээ илэрхийлдэг. “Эм Эн Ти констракшн” ХХК-ийн зүгээс “хохирогч нараас торгууль авахгүй” гэх зүйл ч яриагүй нөгөө талаас ч санал гаргахгүй байсаар маргаан өдий хүрсэн нь үнэн. Хохирогч Ү.Э тайлбар мэдүүлэгтээ “торгууль, алданги үйл ажиллагаанд зарцуулсан зардлын асуудал яригдсан учраас цагдаагийн байгууллагаар явсан” талаар мэдүүлдэг. Прокуророос анхан шатны шүүх хуралдаан удаа дараа хойшилсон талаар дурдаж байна. Хуулийн дагуу хүсэлтээ гаргаж шүүх хуралдаан хойшилж байсан. Гэтэл 9 удаагийн шүүх хуралдааныг хойшлуулахад үндэслэлгүйгээр хойшлуулсан зүйл байхгүй. Шийтгэх тогтоолын 17 дугаар заалтад “20 гаруй барилга баригдсан” гэдгийг хэрэг шүүхэд ирсний дараа нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Гэрээний үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч Ү.Э, М, Э, Ннарын амны орно сууц барих ажил зогссон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Бусад захиалагчид харилцан тохиролцож байшин баригдсан. “Дулаан байшин” төслийн оюуны өмчийн гэрчилгээг Э.Б авсан талаар хэрэгт авагдсан. Э.Б “хямд төслөөр чанартай байшин барих зорилготой байсан” талаар бид нар хэлдэг. Үүнд Орос, Украйны дайн, ковид 19 цар тахал нөлөөлсөн байдаг. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөв үнэлж дүгнэсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 онд авсан захиалгууд ковид 19 цар тахлын нөхцөл байдлаас болж удааширсан. Улсын Их Хурлын 88 дугаар тогтоол гарсан. Барилгын тендер авсан компаниудын төсөвт өртөг хүрэхгүй байгаа талаар гомдол санал гарсан. Барилгын материалын үнэ ковид 19 цар тахал болон Орос, Украйны дайнаас хамаарч үнэ өснө. Манай компани 20 гаруй өрх айлын захилга авснаас гэрээний дагуу байшин барьсан. Үүнээс 4 айл, үлдсэн. Уг 4 нь айлтай гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлээгүй нөхцөлд 20 хувийн торгууль төлөх талаар заасан байсан. Энэ асуудлаар хэд хэдэн удаа хуралдсан. Өртөг нэмэгдсэнтэй холбоотой гэрээ цуцлах тухай мэдэгдсэн. Манай компанийн зүгээс барилгын цэвэр бохирын ажлыг хийсэн байсан учраас цааш ажил явуулах болсон боловч барилгын материалын үнэ өсөн учраас нөхцөл байдал хүндэрсэн. Энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үлдсэн айл өрхүүдийн байшинг барьсан. Гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Нэг газар байшинг бариагүй. Айл тус бүрд нь хашаанд нь байшин барьсан. Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Хард шейр гэрчилгээ сүүлд гарсан гэдэг нь тухай үед маш олон байгууллагууд хүсэлт өгөөд гэрчилгээ гаргахгүй байсан учраас эргээд хард шейр гэрчилгээ өгч эхлэх үед нь авсан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.Гтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс гарсан цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Э.Б, Ч.Гнарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад шүүгдэгч Э.Б, Ч.Гнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Прокуророос Ч.Г, Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1. 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Ч.Г, Э.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтэд заасан Ч.Г, Э.Б нарыг буруутгаж буй гол нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Мөн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ дурдаж хууль зүйн дүгнэлт хийх ёстой атал энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүйгээс гадна улсын яллагчийн яллах талын баримтыг үгүйсгээгүй байхаас гадна хохирол төлөгдсөн нөхцөл байдал нь шүүгдэгчийн үйлдлийг зөвтгөх, гэм бурууд эргэлзэх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэсэн заалтыг тус тус зөрчсөн үндэслэлд хамаарах юм.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурор прокурор Б.Өнөбатын бичсэн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/209 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Ч.Г, Э.Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА