Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2018/0350

 

У.Б-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-Э, Р.И нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0011 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, У.Б-гийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0011 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зйүлийн 14.1.9, 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байршилтай, Баянбүрд хотхоны 40 айлын орон сууцны 2 дугаар орц, 3 дугаар давхар дахь нэхэмжлэгчийн өмчлөлийн байрыг 32 тоот хаалганы дугаараар нэхэмжлэгч иргэн У.Бгийн нэр дээр бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0714002384 дугаар бүртгэлийг, 000215778 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хамт хүчингүй   болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Гуравдагч этгээд “Х” Банк нь барьцааны эрхтэй байсныг тодорхойгүй байдлаар шийдвэрлэж банкны эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрлээ. Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгоод түүнээс гарах үр дагаврыг хоосон орхисноос буюу У.Б нь хөрөнгөө дахин бүртгүүлж өөр эрхийн улсын бүртгэлтэй болно, харин барьцааны хувьд дахин барьцааны гэрээ байгуулах замаар зохицуулна гэж тусгасныг У.Б өөртөө ашигтай байдлаар хандаж Барьцааны гэрээний нэмэлтэд гарын үсэг зурахаас татгалзан банкны барьцааны эрхийг дуусгавар болгож байна. Хэдийгээр гуравдагч этгээдийн хувьд барьцааны эрхийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүссэн авч, анхан шатны шүүхээс улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. Учир нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт байршилтай, Баянбүрд хотхоны 40 айлын орон сууцны 2 дугаар орц, 3 дугаар давхарын 32 тоот 37 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байгаа буюу устаж үгүй болоогүй, улсын бүртгэлд бүртгүүлж дахин давтагдахгүй эрхийн бүртгэлийн болон хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан, У.Б өмчилж, ашигласаар байгаа. Хамгийн гол нь хаалганы тоотын 32 гэсэн хаяг давхардсанаас бус хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар давхардаагүй байгааг шүүхээс дурьдсан. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасны дагуу эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах боломжтой, энэ нь мөн хуулийн 7.7-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг заавал шаардахгүйн дээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны байгууллага хаалганы тоотыг өөрчлөн өгөх боломжтой гэж байхад өөрөөс хамаарах үйлдлээ нэхэмжлэгч  хийгээгүй байж ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасныг хангасан нь ойлгомжгүй байна. Иймд шийдвэрийг өөрчилж, гуравдагч этгээдийн барьцааны эрхийг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.   

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч У.Б-гийн Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “У.Б-гийн нэр дээр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0714002384 дугаар бүртгэл болон 000215778 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг зөрчжээ. Тодруулбал,

         Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 6 дугаар зүйлийн 6.1-д “ Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тусгайлан заасан хугацаанд нэхэмжлэгч нь дээд шатны байгууллага болон захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

          Хариуцагч байгууллага нэхэмжлэгч У.Б-гийн гаргасан мэдүүлэгт дурьдсанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Баянбүрд хотхоны 40 айлын орон сууцны 32 тоотод байрлалтай 2 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг 2013 оны 07 дугаар сарын 31-ны өдөр түүнд олгосон байх ба У.Б-гийн дээрх хаягт шилжин ирсэн тухай 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолтод “2 дугаар баг, Баянбүрд хотхон, 31 тоот” гэж тэмдэглэжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч У.Б нь улсын бүртгэлийн гэрчилгээ 32 тоотоор олгогдсон ч 31 тоотод оршин суудаг болохоо 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс мэдсэн гэж ойлгох ба тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ байр ашиглалтад орсон хугацаанаас хойш цахилгаан, ус, дулааны төлбөр, СӨХ-ны төлбөрийг 31 тоотоор тогтмол төлж байсан тухайгаа дурдсан байна.

Ийнхүү тухайн үед мэдсэн атлаа 4 жилийн хугацаа өнгөрсний дараа дээр дурдсан улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсаныг хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзэх боломжгүй.

 Харин хаалганы тоотоо өөрчилж бүртгүүлснээр нэхэмжлэгчийн хүсэл зориг хангагдахаар, ийнхүү өөрчилж бүртгэх боломжтой талаар улсын бүртгэлийн байгууллага мэдэгдсээр байхад энэ эрхээ эдлэхгүй улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь ойлгомжгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 115/ШШ2018/0011 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан У.Б-гийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “У.Б-гийн нэр дээр бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0714002384 дугаар бүртгэл, 000215778 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг,  гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж тус тус буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                ШҮҮГЧ                                                     Э.ЗОРИГТБААТАР  

                                ШҮҮГЧ                                                     Д.БААТАРХҮҮ

                                ШҮҮГЧ                                                     О.НОМУУЛИН