2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10800

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025  11   27  191/ШШ2025/10800

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ......дугаар хороо, ..... дугаар байр, ..... тоотод оршин суух,.....-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, .......дүгээр хороо, ...... гудамж-8, ...... төвийн байранд байрлах, .....-д холбогдох

 

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулахад хассан цалин болон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор, урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Эр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эр, С.Ма

Гэрч Э.Пү, Б.Цэ, Д.Ан, З.Ою, Г.Су

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Эр нь хариуцагч ...... ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  Миний бие ...... ХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар хугацаагүй гэрээтэй Захиргааны хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажилласан. Ажилласан хугацаанд албан ажлын эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, зохимжгүй нөлөөлөл, зан харилцаа, хандлага их байсан.

2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 4.1.4, 5.2.1, 8.1.3, Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх тухай А/157 дугаартай журмын 3.1.9, 5.3, 5.4, 6.1, хөдөлмөрийн гэрээний 3.1.14, 4.1.3-т заасныг тус тус үндэслэж нэхэмжлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулсан. Ингэхдээ Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 3.1.9-т заасан чиг үүргийг бусдад шилжүүлсэн, хариуцаж байгаа ажилтны үйл ажиллагаанд хяналт тавих, нэгжийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргээ хангалтгүй биелүүлж, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэн үндсэн цалинг 1 (нэг) сарын хугацаанд 20 (хорь) хувь бууруулсан.

Ажлын байрны тодорхойлолтод зааснаар тамга тэмдгийг хэлтсийн дарга хариуцах чиг үүрэг байхгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 8.3, 8.10-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа баримтлах журам, процесс ажиллагааг хийгээгүй. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн 3 талт хороонд гомдол гаргаад явж байхад 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Иймд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороонд ажлаас үндэслэлгүй халсан гэж гомдлоо нэмэгдүүлж, шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хандсан.

2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалын нэг үндэслэлд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ХД24/33 дүгнэлтийг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор буюу илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, 11 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэлт гарсан гэж үзвэл 12 дугаар сарын 11-ний өдөр сахилгын шийтгэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу ногдуулах ёстой. Нөгөө талаасаа сахилгын зөрчлийг гаргасан гэж үзэхгүй. Байгууллага ажилтан хөдөлмөрийн маргаан гаргаад ирэнгүүт тодорхой нэр бүхий хэлтсийн ажилтнуудыг зохион байгуулалттайгаар зохион байгуулж, ажилтныг худал мэдээллээр гомдол гаргуулсан.

Ёс зүйн сахилгын хорооны хурлын тэмдэглэл бодитой гараагүй, хавтаст хэрэгт ирүүлсэн ажил олгогчоос гаргаж өгсөн хурлын тэмдэглэл зөрүүтэй байсан, илт нэхэмжлэгчийн хэлсэн үгийг хэлээгүй гэдэг агуулгаар тэмдэглэл гарсан. Энэ тэмдэглэлийг үндэслээд дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт нь хууль зүйн үр дагаврын хувьд хуульд нийцэхгүй. Архивын тухай хууль, Архивын албан хэрэг хөтлөлтийн заавар, хуучин Засгийн газрын тогтоол байдаг. Одоо тусгайлсан хууль болсон. Агуулгын хүрээнд ёс зүйн хорооны тэмдэглэл нь хуульд нийцээгүй. Хөдөлмөрийн дотоод журмыг 8.3, 8.10-т заасан ажиллагааг хийгээгүй. Нэгэнт байгууллага хөдөлмөрийн дотоод журамдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 122.2 дахь хэсэгт заасан сахилга хариуцлагыг хэрхэн оногдуулах талаар журамласан бол тэр журмаа дагаж мөрдөх үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.4.5-д заасны дагуу ...... ХК, Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хороонд байгуулагдсан 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №ЭТТ-2024/1631 дугаар хамтын гэрээнд зааснаар үр дүнгийн урамшууллыг компанийн санхүү, эдийн засгийн үзүүлэлттэй уялдуулан, компанийн ашгаас нийт ажилтнуудад олгодог. Үр дүнгийн урамшууллыг олгох үндэслэлтэй юм.

Миний бие 2023 оны хагас жилээр 10,739,519.58 төгрөг, 2024 оны хагас жилээр 10,710,807 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг энэ зарчмаар авч байсан тул байгууллагын хамтын гэрээгээр тогтоосон урамшууллыг авах байсан нь хэрэгт авагдсан цалингийн хүснэгтэд байдаг.

Хууль бусаар ажиллаагүй байх хугацаанд олгосон үр дүнгийн урамшууллыг миний эрхэлж байсан ажил, албан тушаалтай ижил зэрэглэлийн хэлтсийн даргын авсан урамшуулалтай адилтган үзэж жишиг болгосон дүнгээр буюу 2025 оны эхний хагас жилийн урамшуулалд одоогийн Захиргааны хэлтсийн даргын албан тушаалын үндсэн цалин болон 9,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулахад хассан цалин болон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор, үр дүнгийн урамшуулалт цалинд 9,500,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ...... ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: 

2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Д.Эрг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/125 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээс чөлөөлж, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс Захиргааны хэлтсийн даргаар томилсон. Ажил хүлээлцэх актаар Д.Эрд Хуулбар үнэн дардсыг хүлээлгэн өгсөн. Мөн эд хөрөнгийн бүртгэлийн картаар уг дардас өөр дээр нь бүртгэлтэй боловч хэлтсийн ахлах, мэргэжилтэнд хариуцуулсан байх бөгөөд мэргэжилтэн Н.Дэ нь 2024 оны 8 дугаар сард ээлжийн амралтаа эдлэхдээ ажлыг нь орлох мэргэжилтэн Ц.А үлдээсэн байна.

Энэ хугацаанд дардас ашиглалт, хадгалалт, хамгаалалт, түүнд тавих нэгжийн удирдлагын хяналт хангалтгүйн улмаас 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хуулбар үнэн дардас алга болж, 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн дарга Б.О нь баримтууд дээр хуулбар үнэн дардас даруулж чадаагүй.

Улмаар 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэлтсийн мэргэжилтэн Ц.Ал хуулбар үнэн дардас олдохгүй байгаа талаар Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анунд мэдэгдсэний дагуу Яаралтай арга хэмжээ авч ажиллах тухай цахим шууданг мөн өдөр Захиргааны хэлтэс болон Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга нарт хүргүүлж, дардас захиалж шинээр хийлгэх, алга болсон дардсыг хүчингүйд тооцуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж, хариуцлага алдсан ажилтнуудад хариуцлага тооцох арга хэмжээг авсан.

Компанийн өдөр тутамд ашиглагддаг Хуулбар үнэн дардас үрэгдэж алга болсон асуудалд хөрөнгө хариуцсан нэгжийн шууд удирдлагын хувьд ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн.

Хоёр. Ажлаас чөлөөлсөн үндэслэлийн тухайд: Гүйцэтгэх захирлын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар тушаалаар Д.Эрд үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дор дурдсан /энэ хэсгийн 2.2, 2.3/-д заасан зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж шийдвэрлэсэн.

2.2. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн .......тоот албан бичиг ирүүлснийг компанийн бичиг хэрэг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан. Улмаар бичиг Хууль зүйн зохицуулалтын хэлтсийн ахлах хуульч О.Бацохогдож, баримтуудыг гаргуулахаар 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр архивын мэргэжилтэнд цахим шуудан хүргүүлсэн.

Архивын мэргэжилтний зүгээс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр баримтууд хуулбарлаад бэлэн болсон 1, хуулбар үнэн дарж, гарын үсэг зуруулахаар хэлтсийн даргад өгсөн гэсний дагуу АТГ-т хариу хүргүүлэх албан бичгийн төсөл боловсруулагдаж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн огноотой бланклагдаж бэлэн болсон.

Гэвч Захиргааны хэлтсийн дарга Д.Эр нь хуулбар үнэн баталгаажуулахаар өгсөн зарим баримт буюу....... дугаартай гэрээний хавсралтуудыг эх хувиас хуулбарлаж ирүүлээгүй тул дарахгүй. Хуулбар хэсгийг хасаж, зөвхөн гэрээний эхний хэсгийг хүргүүлэхээр хуулбар үнэн олгосон 2024/68 дугаар актыг засаж оруулж ир гэх шалтгаанаар Архивын хуулбар үнэн дарж баталгаажуулаагүй.

Ажлын байрны тодорхойлолтод зааснаар өөрийн хариуцсан нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах, арга зүйгээр хангаж ажиллах ёстой байтал архивын ажилтнуудын гэрээний хавсралт баримт /Гэрээ эрх зүйн хэлтсийн ...... ХК 01 дардастай/ болох талаар тайлбарыг хүлээн авахгүй ойлгомжгүй байдал үүсгэж албан бичгийн хариуг хүргүүлэх ажиллагааг удаашруулсан.

Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс Захиргааны хэлтсийн дарга Д.Эр нь өвчтэй гэх шалтгаанаар ажилдаа ирээгүй бөгөөд АТГ-т хүргүүлэх баримт удааширсан тул Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дээрх баримтуудыг архивын хуулбар үнэн дардсаар баталгаажуулан, 2024/67, 2024/68 дугаар акт үйлдсэн.

Энэ хугацаанд Д.Эргийн гэрээний хавсралтыг хуулбар үнэн дарж баталгаажуулахгүй гэх дээрх шаардлага нь үндэслэлтэй эсэхийг Дотоод хяналт, эрсдэлийн удирлагын газар шалгаад, архивын хуулбар үнэн дарахгүй байх үндэслэл байхгүй тул журмын дагуу хуулбар баримтуудыг баталгаажуулан АТГ-т нэн яаралтай хүргүүлэх талаар 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ХД24/33 дугаартай дүгнэлтийг гаргасан.

Улмаар баримтуудыг албан бичгийн хамт 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгсөн.

2.3. Захиргааны хэлтэс /Д.Эр/-ийн шууд удирдлагад харьяалагдан ажилладаг ....г нарын нэр бүхий 10 ажилтнууд нэгжийн удирдлагын ёс зүй, харилцаа хандлага-ын талаар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гомдол гаргасан.

Улмаар Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хороо гомдлыг шалгах ажиллагаа явуулж, холбогдогч Д.Эргаас тайлбар авахаар 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэр бүхий ажилтнуудын гомдлыг албаны цахим шуудангаар нь хүргүүлсэн. Мөн Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хийхээр товлосон боловч нэхэмжлэгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж /2024.11.04-2024.12.11/ байгаа шалтгаанаар тайлбар ирүүлээгүй тул өөрийг нь оролцуулах, тайлбарыг нь авах шаардлагатай гэж үзсэн.

Д.Эр нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бичгээр тайлбар ирүүлсэн. Мөн гомдол гаргагч нартай ганцаарчилсан уулзалт хийж, тайлбарыг амаар сонсож тодруулсны үндсэн дээр асуудлыг хорооны 2024 оны 12 дугаар сарын 16, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн, нийт гишүүдийн 100 хувийн саналаар ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж, Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №2 тоот дүгнэлтийг гаргасан.

Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хороо гаргасан дүгнэлтээ 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №2 тоот дотоод албан бичгээр Гүйцэтгэх захиралд ирүүлсэн тул Гүйцэтгэх захирал хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №2 тоот дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн гэрээний 4.5.7-д ...ажлын байранд бусад ажилтанд ... бусад аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлсэн, ялгаварлан гадуурхаж, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн болох нь ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон гэж заасныг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан.

Д.Эр нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажилтнуудыг арга зүйгээр хангаж, удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, хуулбар үнэн дардас дарж баталгаажуулах асуудлаар ойлгомжгүй байдал үүсгэж, эрх бүхий байгууллагаас шаардсан зарим баримтад архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулахгүй, хариу хүргүүлэх ажиллагааг удаашруулсан. Мөн өөрийнх нь шууд удирдлагад ажилладаг нэр бүхий ажилтнуудаас нэгжийн удирдлагын ёс зүй, харилцаа хандлага-ын талаарх гомдлыг шалгаад Ёс зүйн зөрчил гаргасан гэх дүгнэлт гарсан ба энэхүү зөрчил нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  Д.Эр иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, ...... ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар "Д.Эрд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалын хуулбар /хх-3/, ...... ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дүгээр Д.Эргийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар /хх-4/, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн G/2023/0030 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-5-9/, Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэрийн хуулбар /хх-10-13/, ...... ХК-ийн ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны дүгнэлтийн хуулбар /хх-14-15/, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлт, хавсралт /хх-16-25/,

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-29/, 2023.03.16-ны өдрийн Д.Эрг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /хх-39/, Хөдөлмөрийн гэрээ /хх-40-42/, Ажлын байрны тодорхойлолт /хх-43-44/, 2022.03.16-ны өдрийн А/124 дугаартай Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал /хх-46-54/, 2024.09.02-ны өдрийн Б/1153 дугаартай Д.Эрд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-55/, Ажилтны сахилгын зөрчлийн хуудас /хх-56, 88/, ажил хүлээлцэх акт /хх-57/, Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа БҮТЭЗ-ийн бүртгэл /хх-58/, Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл /хх-65/, 2024.09.02-ны өдрийн Б/1152 дугаартай Ц.А хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-67/, 2022.10.25-ны өдрийн А/677 дугаартай Компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлах тухай тушаал /хх-68-75/, 2024.05.09-ний өдрийн А/157 дугаартай Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмыг шинэчлэн батлах тухай тушаал /хх-76-80/, 2024.08.15-ны өдрийн А/303 дугаартай Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас журмын зарим заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /хх-81/, 2024.08.15-ны өдрийн А/303 дугаартай тушаалын хавсралт /хх-82-86/, 2025.01.06-ны өдрийн Б/04 дугаартай Д.Эргийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал /хх-87/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ...... ХК-д хүргүүлсэн албан бичиг /хх-91, 94/, ...... ХК-иас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн албан бичиг /хх-92-93, 95-96/, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлт, хавсралт /хх-97-101/, 2022.03.07-ны А/103 дугаартай Архивын баримт ашиглалтын журмыг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт /хх-102-104/, 2022.07.21-ний А/453 дугаартай Ёс зүйн дүрэм шинэчлэн батлах тухай тушаал /хх-105-107/, ...... ХК-ийн ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэл /хх-117-126/, ...... ХК-ийн ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны дүгнэлт /хх-127/, ...... ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалд хүргүүлсэн албан бичиг /хх-128/, Цалингийн лавлагаа /хх-136/, ...... ХК-ийн дүрэм /хх2-116-118/, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны

 

/хх3-190-191/, 2025.08.20-ны өдрийн А/317 дугаартай Ажилтнуудад хагас жилийн үр дүнгийн урамшуулал олгох тухай /хх-192/

 

5. Хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүхийн журмаар цуглуулсан баримт. Үүнд: ...... ХК-ийн Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны 2024 оны 12 дугаар сарын 16, 19-ний өдрүүдийн хуралдааны дууны, дүрсний бичлэг, компанийн 2018, 2024 оны гэрээний журам /119-115/, 2023 оны А80 дугаар тушаалаар батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн журам /хх2-111-115/, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ХНХСХ /Хүний нөөцийн хөгжил сургалтын хэлтэс/-т гаргасан тайлбар, хавсралт баримт /ХНХСХ-ийн ахлах мэргэжилтэн н.Сүх-Очирт өгсөн/, 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр болон 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид гаргасан гомдол /ЭТТ ХК-ийн бичиг хэргийн мэргэжилтэн 3.Оюунсүрэн, Б.Энхчин нарт өгсөн/, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргасан гомдол /компанийн бичиг хэргийн мэргэжилтэн Б.Энхчинд өгсөн тул өргөдөл гомдлын бүртгэл, цохолт, хаалтын лавлагаа, тус комиссийн шийдвэртэй хавсаргасан ЭТТ ХК-ийн архивд хүлээлгэж өгсөн баримт/, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын ХД24/33 дугаартай Дүгнэлт /2024.11.11/ гарсантай холбогдуулан ХНХСХ-д гаргасан тайлбар, хавсралт баримт /ХНХСХ-ийн ахлах мэргэжилтэн н.Санжидмаад өгсөн тул ЭТТ ХК-ийн архивд хүлээлгэж өгсөн баримтаас/, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ёс зүйн хорооны дүгнэлт /2024.12.19/ гарсантай холбогдуулан Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид гаргасан гомдол /ЭТТ ХК-ийн бичиг хэргийн мэргэжилтэн Б.Э өгсөн тул компанийн архивд хүлээлгэж өгсөн баримтаас/, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан тайлбар /ХНХСХ-ийн мэргэжилтэн н.Цэ өгсөн тул тус хэлтсийн ажил хэргийн баримтаас, архивд хүлээлгэж өгсөн бол архив/ /хх2-201-228/, ...... ХК-ийн 2023/А137 дугаар тушаалаар батлагдсан Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам, ...... ХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ЭТТ-2024/1631 хамтын гэрээ, ...... ХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/454 дугаар тушаалаар батлагдсан Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх хорооны ажиллах журам, ...... ХК-ийн Ёс зүйн маргааныг хянан шийдвэрлэх хорооны бүрэлдэхүүнийг баталсан тушаал /хх3-91-119/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Эр нь хариуцагч ...... ХК-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулахад хассан цалин болон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, үр дүнгийн урамшуулалд 9,500,000 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаардсан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Д.Эр хариуцагч ......-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ

Компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 3.1.9-т нэмэлт өөрчлөлт оруулж, тамга, тэмдэг, дардсыг Захиргааны хэлтэс дотооддоо зохион байгуулахаар шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгчид 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед тэмдгийг н.Алтанболд хариуцан ажиллаж байсан ба нэхэмжлэгч нь тэмдэг алга болсон асуудлаар цаг алдалгүй, шуурхай арга хэмжээ авч ажилласан. Сахилгын зөрчлийн хуудаст дурдсан зөрчлийн агуулгад тэмдгийг шилжүүлсэн нь зөрчил болох талаар тусгаагүй.

Архивын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх баримтад хуулбар үнэн тэмдэг дарах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн хэлтсийн гүйцэтгэх чиг үүрэгт хамааралтай асуудал байхаас гадна нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүрэг байсан.

Ажилтнуудын ёс зүйн асуудлаар гаргасан өргөдөлд хэзээ, ямар үйл баримт болсон, нэхэмжлэгчээс ямар дарамт шахалт үзүүлсэн нь тодорхойгүй байдаг. Ёс зүйн сахилгын хорооны ажиллах журмаар 1 гишүүн шалгаж тогтооно гэх боловч шалгасан баримт байдаггүй. Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл агуулгын хувьд хуульд нийцээгүй. Түүнчлэн Ёс хорооны хурлыг н.Анун даргалсан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, хууль бус бүрэлдэхүүн дүгнэлт гаргасан.

Ажил олгогчоос сахилгын зөрчилд шийтгэл ногдуулахдаа хууль заасан хугацааг хэтрүүлсэн гэх агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагч ...... ХК нь нэхэмжлэгч Д.Эргийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ Нэхэмжлэгчид ажил хүлээлцэх актаар Хуулбар үнэн дардсыг хүлээлгэн өгсөн ба эд хөрөнгийн бүртгэлийн картаар нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй боловч хэлтсийн ахлах, мэргэжилтэнд хариуцуулсан. Улмаар 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хуулбар үнэн дардас алга болсон. Компанийн өдөр тутамд ашиглагддаг Хуулбар үнэн дардас үрэгдэж алга болсон асуудалд хөрөнгө хариуцсан нэгжийн шууд удирдлагын хувьд ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавих чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн албан бичигт дурдсан асуудлаар хариу хүргүүлэх албан бичиг холбогдох албан тушаалтнуудад цохогдон, төсөл боловсруулагдаж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн огноотой бэлэн болсон. Гэвч Захиргааны хэлтсийн дарга Д.Эр нь хуулбар үнэн баталгаажуулахаар өгсөн зарим баримт буюу....... дугаартай гэрээний хавсралтуудыг эх хувиас хуулбарлаж ирүүлээгүй гэх үндэслэлээр Архивын хуулбар үнэн дарж баталгаажуулаагүй.

Ажлын байрны тодорхойлолтод зааснаар өөрийн хариуцсан нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах, арга зүйгээр хангаж ажиллах ёстой байтал архивын ажилтнуудад ойлгомжгүй байдал үүсгэж албан бичгийн хариуг хүргүүлэх ажиллагааг удаашруулсан. Уг асуудлыг Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар шалгаад, архивын хуулбар үнэн дарахгүй байх үндэслэл байхгүй гэж үзэн журмын дагуу хуулбар баримтуудыг баталгаажуулан нэн яаралтай хүргүүлэх дүгнэлтийг гаргасан.

Нэхэмжлэгчийн шууд удирдлагад харьяалагдан ажилладаг нэр бүхий 10 ажилтнууд нэгжийн удирдлагын ёс зүй, харилцаа хандлага-ын талаар гомдол гаргасан. Нэхэмжлэгч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж /2024.11.04-2024.12.11/ байгаа шалтгаанаар тайлбар ирүүлээгүй, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бичгээр тайлбар ирүүлсэн. Мөн гомдол гаргагч нартай ганцаарчилсан уулзалт хийж, тайлбарыг амаар сонсож тодруулсны үндсэн дээр асуудлыг хуралдаанаар хэлэлцэн, нийт гишүүдийн 100 хувийн саналаар ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлээгүй. Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн хууль зөрчөөгүй.

Дээрх зөрчлүүд нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн гэж татгалзан, маргажээ.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь ажил олгогчоос гаргасан тушаалыг эс зөвшөөрч, ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж хуульд заасан хугацаанд Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд тухайн хорооны хурлаар талууд харилцан тохиролцоогүй гэсэн шийдвэр гаргасны дагуу шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасантай нийцсэн байх тул нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 ...... ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/125 дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Эрг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Захиргааны хэлтсийн даргаар томилон ажиллуулж, G/2023/0030 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн тушаал, хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

5.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гэж зааснаас үзвэл хөдөлмөрийн гэрээг хуульд заасан үндэслэлээр тодорхой хугацаатай байгуулж болох ба үүнээс бусад тохиолдолд хугацаагүй байгуулна.

 

2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан ..... дугаартай хөдөлмөрийн гэрээний 1.2.9-д гэрээний хугацаа: хугацаагүй гэж тохиролцож, талууд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна. /1хх 40-43/

 

5.3 Хөдөлмөрийн гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Эр нь ...... ХК-ийн Захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувь бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

 

6. Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Талууд Д.Эрд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаж байна.

 

7. 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар тушаалын тухайд

 

7.1 Хариуцагч ...... ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар Д.Эрд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 4.1.4, 5.2.1, 8.1.3, Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх тухай А/157 дугаартай журмын 3.1.9, 5.3, 5.4, 6.1, Д.Эртай байгуулсан G/2023/0030 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.1.14, 4.1.3-т заасныг тус тус үндэслэн ...Компанийн дотоод үйл ажиллагаанд хэрэглэдэг дардас (Хуулбар үнэн)-ыг хариуцан ажиллах хугацаандаа Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 3.1.9-д заасан чиг үүргээ бусдад шилжүүлсэн, хариуцаж байгаа ажилтны үйл ажиллагаанд хяналт тавих, нэгжийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргээ хангалтгүй биелүүлж, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж Захиргааны хэлтсийн дарга Д.Эрд үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувь бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Тодруулбал, хариуцагч ...... ХК нь нэхэмжлэгч Д.Эрг Компанийн дотоод үйл ажиллагаанд хэрэглэдэг Хуулбар үнэн дардсыг хариуцан ажиллах хугацаандаа бусдад шилжүүлсэн, хариуцаж байгаа ажилтны үйл ажиллагаанд хяналт тавих, нэгжийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргээ хангалтгүй биелүүлж, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

7.2 ...... ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/157 дугаар тушаалаар шинэчлэн баталсан Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 5.1.3-т Захиргаа, удирдлага хариуцсан нэгж нь компанийн бүх дардас, хэвлэмэл хуудас хариуцсан ажилтныг тушаалаар томилж, ажлын байрны тодорхойлолтод тусгаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүрэгтэй талаар заажээ.

Захиргаа, удирдлага хариуцсан нэгж, түүний удирдлагаас нэхэмжлэгч Д.Эрг дардас хариуцсан ажилтнаар томилсон тушаалыг тухайлан гаргаж, ажлын байрны тодорхойлолтод нарийвчлан тусгасан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Гэвч 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Ажил хүлээлцсэн акт болон 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тайлант хугацаанд гаргасан Ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа БҮТЭЗ-ийн бүртгэлээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч Д.Эрд Хуулбар үнэн дардсыг хүлээлгэн өгч, түүний нэр дээрх хөрөнгөөр бүртгэсэн болох нь тогтоогдож байна. /1хх 57-58/

 

7.3 Шүүх хуралдааны явцад талууд хэн аль нь Хуулбар үнэн дардас алга болсон үйл баримтын талаар ...дардас хариуцаж байсан Захиргаа хариуцсан нэгжийн ахлах мэргэжилтэн Н.Дэ нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа эдлэхдээ ажлыг нь орлон гүйцэтгэх хэлтсийн мэргэжилтэн Ц.А дардсыг үлдээж, 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Ц.Ал нь Хуулбар үнэн дардсыг үрэгдүүлсэн талаар тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Ц.Ал нь энэ талаар ...Дардсыг хариуцдаг хэлтсийн ажилтан ээлжийн амралт авахдаа надад хариуцуулан хүлээлгэн өгсөн. Уг дардсыг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 10-11 цагийн орчимд...хуульчийн ашигласны дараа шүүгээнд хийж амжаагүй процессорын дээр байх тавиур дээр түр тавьсан байсан. Үүнээс хойш тухайн өдрийн 14-16 цагийн хооронд ажил хамтран гүйцэтгэхээр сууж байсан ажилтны сандлын ирмэгт процессорын дээрх тавиур тээглэж, дээр нь байсан эд зүйлс нуран унасныг түүж буцаан байрлуулсан. Энэ үед үйлчлэгч орж ирэн хогийн сав доторх хогийг султгахаар орж ирэхэд ширээн доороос савтай хогийг авч өгч султгуулан буцаан байрлуулсан. Дараа өдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 13-ны орой ажил тарах цагийн орчимд ХНҮСХ-ийн дарга баримт дээр хуулбар үнэн дардас даруулахаар орж ирэх үед миний бие дардсыг өрөөн дотор байж болох газруудад хайж үзээд олоогүй... гэх тайлбарыг ажил олгогчид гаргаж, ажил олгогчийн зүгээс дардсыг зохих журмын дагуу хадгалаагүйн улмаас гээгдүүлж, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэн Ц.А хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Түүнчлэн, Хуулбар үнэн дардас алга болсон талаар Ц.Алоос нэхэмжлэгч Д.Эрд 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд мэдэгдэж, нэхэмжлэгч Д.Эргаас 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Захиргаа Удирдлагын газар мэдэгдэн, холбогдох арга хэмжээг авч, тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/303 дугаар тушаал, түүний хавсралтад зааснаар Хуулбар үнэн дардсыг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс хүчингүй болсонд тооцож, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шинээр Хуулбар үнэн дардсыг хийлгэхээр захиалсан болох нь хэрэгт авагдсан тайлбар, тушаал, захиалгын баримт, мөнгө хүссэн өргөдөл ба төлбөрийн хүсэлт, төлбөрийн даалгавар, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

7.4 Хариуцагч ...... ХК-ийн гүйцэтгэх захирал нь 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/677 дугаар тушаалаар Компанийн бүтцийн нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчлэн батлахдаа Захиргааны хэлтсийн үндсэн үйл ажиллагааны чиг үүргийн 14-т Компанийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг стандартын дагуу удирдан зохион байгуулах /Гүйцэтгэх захирлын тушаал, албан даалгаврыг албажуулах, ирсэн, явсан бичиг, мэдээ, баримт бичгийн эргэлтийн мэдээ, компанийн хэвлэмэл хуудсыг хариуцах, хяналт тавьж, захиалах, тараах, тайлан гаргах, тэмдэг, дардас хариуцах/ гэжээ.

...... ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/157 дугаар тушаалаар шинэчлэн баталсан Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 3.1.8-т Байгууллага, иргэдэд архивын хуулбараар олгож буй бүхий л төрлийн баримт, бичиг, лавлагаанд хэрэглэх зорилгоор Захиргаа хариуцсан нэгжийн удирдлага нь ...... ХК хуулбар үнэн, ... он ... сар ... өдөр, гарын үсэг, ...... ХК зөвхөн албан хэрэгцээнд №03 гэсэн бичвэртэй дардаснуудыг хэрэглэнэ.

3.1.9-т Тухайн онд хөтлөгдөж буй Гүйцэтгэх захирлын тушаал, бусад баримт бичгийг дотоодод ашиглах, гадагш хуулбарлан олгохдоо Захиргаа, хариуцсан нэгжийн удирдлага нь хуулбар үнэн дардас дарж, гарын үсэг зурж баталгаажуулна. Гэрээний хуулбар, мэдээллийг өгөхдөө компанийн гэрээний журмыг дагаж мөрдөнө гэж тус тус заасан.

 

Хуулбар үнэн дардас гээгдэж, үрэгдсэнтэй холбоотойгоор тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/303 дугаар тушаалаар Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 3.1.9, 5.1.3, 5.3-т агуулгын өөрчлөлтийг оруулсан ба үүнээс 3.1.9-т Байгууллага, иргэдэд архивын хуулбараар олгож буй бүхий л төрлийн баримт, бичиг, лавлагаанд хэрэглэх зорилгоор Захиргаа хариуцсан нэгжийн удирдлага нь ...... ХК хуулбар үнэн, ... он ... сар ... өдөр, гарын үсэг, ...... ХК зөвхөн албан хэрэгцээнд №03 гэсэн бичвэртэй дардаснуудыг хэрэглэнэ гэснийг

3.1.9-т Байгууллага иргэдэд архиваас хуулбараар олгож буй бүх төрлийн баримт бичиг, лавлагаанд хэрэглэх зорилгоор ашиглагддаг дардсыг тамга тэмдгийн үйлдвэрт захиалж хийлгэсэн албан бичгийн огноо дугаараар үүсгэсэн Бүртгэлийн дугаар .......... ХК, Хуулбар үнэн, ...он ... сар ... өдөр, гарын үсэг бүхий бичвэртэй ...... ХК зөвхөн албан хэрэгцээнд 03, ...... ХК Яаралтай гэсэн бичвэртэй дардсыг тус тус хэрэглэнэ гэж өөрчилсөн байна.

 

Нэхэмжлэгч талаас дээрх журмын өөрчлөлтийг үндэслэн Захиргаа хариуцсан нэгж Хуулбар үнэн дардсыг хариуцах этгээдийн талаар дотооддоо зохион байгуулах боломжтой болсноос гадна ажил олгогчоос сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргахдаа журмын нэмэлт, өөрчлөлтийг анхаарч үзээгүй, зөрчсөн гэж тайлбарласан.

 

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/303 дугаар тушаалын үндэслэлээс үзвэл, Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 3.1.9 гэсэн атлаа 3.1.8-д өөрчлөлт оруулсан байна.

Журмын 3.1.9-т Тухайн онд хөтлөгдөж буй Гүйцэтгэх захирлын тушаал, бусад баримт бичгийг дотоодод ашиглах, гадагш хуулбарлан олгохдоо Захиргаа, хариуцсан нэгжийн удирдлага нь хуулбар үнэн дардас дарж, гарын үсэг зурж баталгаажуулна. Гэрээний хуулбар, мэдээллийг өгөхдөө компанийн гэрээний журмыг дагаж мөрдөнө гэх заалтыг хасаагүй, агуулгын өөрчлөлтийг оруулаагүй байна.

Захиргаа, хариуцсан нэгжийн удирдлага буюу Захиргааны хэлтсийн дарга нь тухайн онд хөтлөгдөж буй гүйцэтгэх захирлын тушаал, бусад баримт бичгийг дотоодод ашиглах, гадагш хуулбарлан олгохдоо хуулбар үнэн дардас дарж, гарын үсэг зурж баталгаажуулах байдлаар үйл ажиллагаандаа дардсыг хэрэглэх этгээд байна.

7.5 Хэрэв Хуулбар үнэн дардсыг өөр этгээд, ажилтан хариуцаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь дээрх журмын 5.5-д заасан ажиллагааг явуулах байжээ.

Тодруулбал, дардас хариуцаж байсан ажилтан Н.Дэийн эзгүйд түүний ажлыг түр орлон гүйцэтгэсэн ажилтан болох Ц.А ажил хүлээлцэх хуудаст тэмдэглэл үйлдэн дардсыг тухайн газар хариуцсан нэгжийн удирдлагын зөвшөөрлөөр хариуцуулан хүлээлгэн өгөхөөр байтал уг ажиллагааг явуулаагүй, явуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

7.6 Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Д.Эр нь Хуулбар үнэн дардсыг үрэгдүүлсэн этгээд биш хэдий ч хариуцаж байгаа ажилтны үйл ажиллагаанд хяналт тавих, нэгжийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргээ хангалтгүй биелүүлж, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 тушаалыг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч талаас Ажилтны сахилгын зөрчлийн хуудас-т Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 3.1.9-т заасан чиг үүргээ бусдад шилжүүлсэн талаар дурдаагүй, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3, 8.10-т зааснаар ажилтны сахилгын шийтгэлийн хяналтын хуудас бичигдээгүй гэх боловч журмын 3.1.9-т заасан чиг үүргээ бусдад шилжүүлсэн талаар дурдаагүй нь түүний бусад үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй тул ажил олгогчийг Хөдөлмөрийн дотоод журмын 8.3, 8.10-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Хуулбар үнэн дардас гээгдэж, үрэгдсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

8. 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дугаар тушаалын тухайд

 

8.1 Хариуцагч ...... ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дугаар Д.Эргийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 3.4.2.3, 3.4.2.10, Ёс зүйн дүрмийн 2.9, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 4.1.4, 8.4, 8.4.7, Д.Эртай байгуулсан G/2023/0030 дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.1.14, 4.5.7, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ХД24/23 дүгнэлт, Компанийн Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн ... сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа архивын өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах, хэлтсийн ажилчдаа удирдлага зохион байгуулалт, арга зүйгээр хангаж ажиллах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн болох нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны ХД24/33 дүгнэлтээр тогтоогдсон, мөн өөрийн харьяалан удирдаж буй ажилтнуудад хүндэтгэлгүй хандаж, ялгаварлан гадуурхсан, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн талаар нэр бүхий 10 ажилтнаас гомдол гаргасныг Компанийн Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хороо шалгаж ёс зүйн зөрчил гаргасан талаар 2024 оны 02 дугаартай дүгнэлт гарсан гэж үзэж Захиргааны хэлтсийн дарга Д.Эрг үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ.

 

8.2 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06/16599 дугаартай ...2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаартай .....болон бусад хэсгийн хайгуулын өрөмдлөгийн геофизикийн ажил гүйцэтгэх гэрээ, мөн ... 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ЭТТ-2018/378 дугаартай . хайгуулын өрө....мдлөгийн геофизикийн ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн актуудыг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хуулбарлан баталгаажуулж ирүүлэх,

 

2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06/16601 дугаартай ...2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн R-R-ЭТТ-2023/03-23/НТШ-8 дугаартай Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, мөн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ЭТТ-2017/043 дугаартай Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг дүгнэсэн актыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хуулбарлан баталгаажуулж ирүүлэх тухай албан бичгийг тус тус хариуцагч ...... ХК-д хүргүүлсэн байна.

 

8.3 Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын .. дугаартай дүгнэлт, архивын мэргэжилтэн Б..... нарын тайлбар, хариу албан бичиг, Баримт бичгийг Хуулбар үнэн дардсаар баталгаажуулан хуулбарлан олгосон акт №2024/67, №2024/68 зэрэг хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар хариуцагч Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг хүлээн авснаас хойш дараах үйл баримт тогтоогдож байна.

 

8.3.1 Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 06/16599, 06/16601 дугаар албан бичгийг хариуцагч компанийн бичиг хэргийн мэргэжилтэн ирсэн бичгийн бүртгэлд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр бүртгэсэн.

 

8.3.2 Архивын мэргэжилтэн .......нараас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 235 хуудас баримтуудыг бэлтгэн Хуулбар үнэн дардсаар баталгаажуулахаар нэхэмжлэгч Д.Эрд өгч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Д.Эр нь дээрх баримтаас Э..... ..... дугаартай гэрээний хавсралтыг Эх хувь биш хуулбар хувийг олшруулж баталгаажуулахаар оруулж ирсэн гэж үзэн буцаасан.

 

8.3.4 Захиргаа, удирдлагын газрын дарга Н.А нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр архивын нэгжийн боловсруулалтыг дахин хийж Хуулбар үнэн дардас дарж баталгаажуулан №2024/67, №2024/68 дугаартай акт үйлдэж Хууль зүйн зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн

 

8.3.5 Хариуцагчаас холбогдох баримтыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01/2285, 01/2286 дугаартай албан бичгээр 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Авлигатай тэмцэх газар хүргүүлсэн байна.

 

8.3.4 Түүнчлэн нэхэмжлэгч Д.Эр нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа очоогүй болох нь шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбараар тогтоогдсоноос гадна Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэрт буй гомдлын үндэслэлд тодорхой дурдагдсан байна.

 

8.4 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн ЭТТ-2018/377, ЭТТ-2018/378 дугаартай гэрээний хавсралтад Хуулбар үнэн дардас дараагүй, эх хувь биш хуулбар хувийг олшруулж баталгаажуулахаар оруулж ирсэн гэж үзэн буцаасан үйлдлийг хариуцагч нь архивын өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах, хэлтсийн ажилчдаа удирдлага зохион байгуулалт, арга зүйгээр хангаж ажиллах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэн, зөрчил нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны ХД24/33 дүгнэлтээр тогтоогдсон гэжээ.

 

Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын №ХД24/33 дугаартай дүгнэлтэд ... Захиргааны хэлтсийн дарга Д.Эргийн тайлбараар өөрийн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, ажил үүргээ орлох ажилтанд хариуцуулаагүйгээс шалтгаалсан..., ... 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/157 дугаар тушаалаар шинэчлэн баталсан Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 3.1.8-т зааснаар Хуулбар үнэн дардас хэрэглэх албан тушаалтан нь Захиргаа хариуцсан нэгжийн удирдлага буюу Захиргааны хэлтсийн дарга Д.Эр байна гэж дүгнэсэн байна.

 

8.5 Нэхэмжлэгч нь ЭТТ-2018/377, ЭТТ-2018/378 дугаартай гэрээний хавсралтад Хуулбар үнэн дардас дарж баталгаажуулаагүй үндэслэлээ Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар баримт бичгийн эх хувийг цаасан хэлбэрт хуулбарласан тохиолдолд цаасан баримт бичигт хуулбар хувь гэсэн тэмдэглэгээ хийх хуулийн шаардлагыг хангаагүй баримтууд байсан гэж тайлбарласан ба энэ асуудлаар шүүхээс үзлэгийн ажиллагаа явуулж тэмдэглэл үйлдсэн.

 

Тухайн компанид мөрдөгдөж буй гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/103 тушаалаар шинэчлэн баталсан Архивын баримт ашиглалтын журам-ын 3.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан, компанийн ажилтан, иргэдийн хүсэлт, зохих зөвшөөрлийг үндэслэн компанийн архивын баримтын бүрэн, хэсэгчилсэн хуулбарыг ажлын 3 хоногт багтаан олгоно гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Д.Эр нь компанийн бодлого, дүрэм журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах үүрэгтэй ба ЭТТ-2018/377, ЭТТ-2018/378 дугаартай гэрээний хавсралт баримтад Хуулбар үнэн дардас дарж баталгаажуулаагүй үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй хэдий ч түүнийг архивын өдөр тутмын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангуулах, хэлтсийн ажилчдаа удирдлага зохион байгуулалт, арга зүйгээр хангаж ажиллах үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Дээрх тогтоогдсон үйл баримтаар тус компанид мөрдөгдөж буй Архивын баримт ашиглалтын журам-ын 3.1-д заасан ажлын 3 хоногийн хугацааг ганц Д.Эрд 235 хуудас баримтуудыг бэлтгэн оруулсан 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолох боломжгүйн гадна Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ХД24/33 дүгнэлтэд дурдсан Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 3.1.8-д өөрчлөлт орсон талаар өмнө дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, ХД24/33 дүгнэлт гарахаас өмнө компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/303 дугаар тушаалаар Компанийн тэмдэг, дардас, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журмын 3.1.9-т өөрчлөлт оруулсан боловч бодитоор 3.1.8-д Байгууллага, иргэдэд архивын хуулбараар олгож буй бүхий л төрлийн баримт, бичиг, лавлагаанд хэрэглэх зорилгоор Захиргаа хариуцсан нэгжийн удирдлага нь ...... ХК хуулбар үнэн, ... он ... сар ... өдөр, гарын үсэг, ...... ХК зөвхөн албан хэрэгцээнд №03 гэсэн бичвэртэй дардаснуудыг хэрэглэнэ гэснийг

Байгууллага иргэдэд архиваас хуулбараар олгож буй бүх төрлийн баримт бичиг, лавлагаанд хэрэглэх зорилгоор ашиглагддаг дардсыг тамга тэмдгийн үйлдвэрт захиалж хийлгэсэн албан бичгийн огноо дугаараар үүсгэсэн Бүртгэлийн дугаар .......... ХК, Хуулбар үнэн, ...он ... сар ... өдөр, гарын үсэг бүхий бичвэртэй ...... ХК зөвхөн албан хэрэгцээнд 03, ...... ХК Яаралтай гэсэн бичвэртэй дардсыг тус тус хэрэглэнэ гэж өөрчилсөн байна.

Мөн 2024 оны 6 дугаар сарын 07 өдрийн А/200 дугаар тушаалаар батлагдсан Гэрээний журмын 7.4-т Архивд хадгалагдаж буй гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт, дүгнэсэн актын хуулбарыг компанийн Архивын баримт, ашиглалтын журам-ын дагуу Захиргаа удирдлагын асуудал хариуцсан газар олгоно гэж заажээ.

 

ХД24/33 дүгнэлтэд өөрчлөгдсөн журмын зохицуулалтыг үндэслэл болгосноос гадна, нэхэмжлэгч нь Хуулбар үнэн дардсыг хэнд үлдээх талаар 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр чиглэл хүсэж байсан үйл баримт тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

 

8.6 Нэхэмжлэгч нь өөрийн харьяалан удирдаж буй ажилтнуудад хүндэтгэлгүй хандаж, ялгаварлан гадуурхсан, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн талаар нэр бүхий 10 ажилтнаас гомдол гаргасныг Компанийн Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хороо шалгаж ёс зүйн зөрчил гаргасан талаар 2024 оны 02 дугаартай дүгнэлт гаргасан үндэслэлээр хариуцагч түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн.

 

Захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтэн ......нараас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид өргөдөл гаргажээ.

Уг өргөдөлд үүсээд буй асуудлын талаар жишээ болгон дурдахдаа ...өөрийн хамаарах чиг үүргийн дагуу ажлыг танилцуулах, хянуулахаар харилцах бүрд чиглэл өгдөггүйн дээр гарын үсэг зурах бүрдээ алдаа асуудал гарвал надад хамаагүй, чи өөрөө хариуцлагаа хүлээ гэх мэт үгийг тогтмол хэлдэг..., аль ажлын чиг үүргийн дагуу үүрэг даалгавар өгч байгаа нь нь ойлгомжгүй, тодорхойгүй, үүрэг чиглэл өгөхдөө зохион байгуулалт арга зүйгээр хангадаггүй, ажлын ачааллыг тооцоолж тодруулахгүйгээр ханддаг, өөрийн өгсөн чиг үүргээ өөрөө буцаан үгүйсгэдэг тул өөрийнх нь зассан баримтыг гарган харуулахад чимээгүй болон авч үлддэг... ямар ч тохиолдолд ажилтны буруу болгон тулган шаарддаг..., өгч буй үүрэг даалгаврын зарим нь илт хэн нэгнийг болон өөрийнхөө хийж буй ажлыг үгүйсгэсэн байдалтай байхыг шаарддаг, ажлын шаардлагаар бусад газар, нэгжийн удирдлагатай уулзсан тохиолдолд дарга нартай давж харьцлаа, давж харьсан шалтгаанаа тайлбарлахгүй байна.Хов зөөдөг дарга нартаа очиж хэлээрэй гэх мэт үгсийг яриандаа тогтмол хэрэглэдэг, Захиргааны хэлтсийн даргын хэлсний дагуу хийхгүй тохиолдолд Арга хэмжээ авна, ажлаа өгөөрэй, чаддаг хүнийг нь авч ирнэ гэх мэт үгийг байнга хэлдэг..., ...төрийн алба ингэж ажилдаггүй та нар шиг боловсролгүй, бичиг үсэггүй чадваргүй хүнтэй ажиллахгүй, чамайг бодоод эрт хэлж байна, өргөдлөө бичиж өг эсвэл өөр хэлтэс, нэгж рүү шилж гэдэг байдлаар урт хугацааны турш зарим ажилтнуудаас шаарддаг,

Гадаад үзэмж, ар гэрийн байдлаар ялгаварлан гадуурхаж, хамт олны хооронд харилцах хүндэтгэлийн үг, ажлаас гадуурх хамт олны баярын арга хэмжээг өөрийн хүсэлд тааруулан тулгадаг гэх мэт маш их үг үйлдлээр дарамталдаг гэсэн байна.

8.7 Хариуцагч ...... ХК-ийн Ёс зүйн хорооны хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 16, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үргэлжилж, ...... ХК-ийн Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооноос 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №2 дугаартай дүгнэлтийг гаргасан байна.

Дүгнэлтэд Захиргааны хэлтсийн дарга Д.Эрг ...өөрийн шууд удирдлага дор ажилладаг ажилтнуудын ажлын алдаа дутагдалд ажил хэрэгчээр хандаж мэргэжил, ур чадвар хангалтгүй ажилтныг холбогдох сургалтанд хамруулах, удирдлагын зөв арга зүйгээр хангаж зөвлөн чиглүүлэх, хамт олны уур амьсгал, хамтын ажиллагааг чухалчлан сайжруулах, ур чадвар, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх бусад арга хэмжээ авах, улмаар ажлын хариуцлага алдсан нь тогтоогдсон бол ажилтанд сахилгын арга хэмжээ авхуулах саналыг холбогдох дүрэм, журмын дагуу гаргах зэрэг удирдах албан тушаалтанд байвал зохих зүй ёсны арга барилыг удирдлага болгон ажиллахын оронд нэгжийн ажилтныг ар гэрийн эмзэг асуудлаар нь дарамталсан, ажлаас гарах өргөдлөө өгөхийг ажилтнаас үндэслэлгүйгээр шаардсан, баримт нотолгоогүйгээр арга хэмжээ авах талаар ажилтанд сануулж дарамталсан, ажилтны ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд хайхрамжгүй хандсан, ажилтныг ажил үүргээ гүйцэтгэх явцад нь нотлогдож тогтоогдоогүй үйлдлээр гүтгэн дарамталсан, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа үг хэллэгээр шаардлага тавьсан, ажилтнуудтайгаа мэндлэхгүй байх зэргээр биеийн ажилтныг загнаж зандарсан, ажилтанд учирсан уй гашууг сонсохгүй ширүүн дориун хэлэмжээр үл тоодог, ажилтныхаа тайлбар, үгийг хүлээн авахгүй байх зэрэг үл хүндэтгэх байдлыг удаа дараа гаргаж байсан нь Захиргааны хэлтсийн нэр бүхий ажилтнуудыг ажлын байрны сэтгэл зүйн дарамтад оруулж, ажилдаа идэвхгүй, сэтгэл ханамжгүй, ажлын байранд хэвийн ажиллах нөхцөл боломжгүй байдлыг бий болгосон, улмаар нэгжийн зарим ажилтан компанийн өөр газар, нэгжид шилжин ажиллах хүсэлтийг өгөх зэрэг аргагүй нөхцөл байдалд хүргэсэн гэж үзжээ.

Улмаар Д.Эргийн дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.3, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.15, 5 дугаар зүйлийн 5.2.1, Ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5, 2.9, 5.1, Ажил олгогчтой байгуулсан G/2023/0030 тоот Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.14 дэх заалт, Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлын байрны тусгай шаардлагыг зөрчин Ёс зүйн зөрчил гаргасан байна гэж Ёс зүйн хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүд 100%-ийн саналаар шийдвэрлэсэн байна.

 

8.8 Нэхэмжлэгч талаас ...... ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/71 дугаар тушаалаар батлагдсан Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны бүрэлдэхүүнээс өөр бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн талаар гаргасан тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны бүрэлдэхүүнд гишүүнээр С.Э байх хэдий ч Л.Ар гишүүн оролцож шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Харин Захиргаа удирдлагын газрын дарга Д.А хуралдааныг даргалсан нь ашиг сонирхлыг зөрчил үүсгэсэн гэх нэхэмжлэгчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

 

8.9 Түүнчлэн ...... ХК-ийн Ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэл, Ёс зүйн зөрчлийг хянан шалгах хорооны дүгнэлтээс үзвэл, нэр бүхий 10 ажилтнуудаас нэхэмжлэгчийн талаар гаргасан гомдолд дурдсан ёс зүйн зөрчил баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Ажил олгогч буюу хариуцагч нь Д.Эргийн талаар ирүүлсэн гомдолд дурдсан зөрчлийг шалгаж тогтоох бөгөөд бусад ажилтнуудаас гаргасан гомдол нь зөрчлийг гаргасан гэдгийг шууд нотлох баримт биш гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, ажилтнуудын гомдолд дурдсан зөрчлийг ажил олгогч нь шалгаж тогтоох ёстой байна.

 

8.10 Иймд нэхэмжлэгчийг өөрийн харьяалах ажилтнуудтай харилцахдаа дарамталсан, доромжилсон, зүй бус үг хэллэг хэрэглэсэн, ажлын зүй ёсны шаардлага тавьдаггүй гэх зэргээр хөдөлмөрийн гэрээний 4.5.7-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үйл баримт хэргийн баримтаар бүрэн тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

8.11 Ажил олгогчоос хөдөлмөрийн сахилгын зөрчилд шийтгэл ногдуулахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, 123.6 дахь хэсэгт Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж тус тус зохицуулсан. Д.Эрг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг дуустал эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил үүргээ гүйцэтгээгүй талаар дүгнэсэн, түүнчлэн ёс зүйн зөрчлийг дахин давтагдах шинжтэй, үргэлжилсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр гаргасан гэж тайлбарлах тул хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

9. Үр дүнгийн урамшуулалд 9,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

...... ХК-ийн Ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журмын 4.1-т ажилтны ажлын үзүүлэлтийн дүнг үндэслэн гүйцэтгэх захирлын шийдвэрээр улирлын шагналт цалин, жилийн үр дүнгийн урамшуулал олгохоор зохицуулжээ.

Хариуцагч талаас уг журмын 3.1.1-3.1.6-д заасан үзүүлэлтийг үндэслэн компанийн ажилтан, нэгжийн удирдлагын ажлын үр дүнг дүгнэх талаар тайлбар гаргасан.

...... ХК-ийн ажилтны ажил дүгнэх, шагнал, урамшуулал олгох журам-ын 3.1-д компанийн ажилтан, нэгжийн удирдлагын ажлын үр дүнг дараах үзүүлэлтээр дүгнэхээр заасан. Үүнд: ажлын төлөвлөгөөний биелэлт, компанийн удирдах ажилтан болон нэгжийн удирдлага, шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хэрэгжилт, идэвхи санаачилга, шинэ санал санаачилга, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж, сахилга, хариуцлага гэж заасан ба нэхэмжлэгч Д.Эргийн ажлын үр дүнг дүгнээгүй байна.

Энэ талаар хариуцагч талаас Ажилтны ажил дүгнэх заавар-т заасан үзүүлэлтээр холбогдох тайлан, ажлын төлөвлөгөөний биелэлт дүгнэгдээгүй, нэхэмжлэгч 2025 онд ажил үүрэг гүйцэтгээгүй гэж тайлбарлах тул үр дүнгийн урамшууллыг олгох үндэслэлгүй байна.

 

10. Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч ...... ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/04 дугаар Д.Эргийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Эрг урьд эрхэлж байсан ...... ХК-ийн Захиргааны хэлтсийн дарга-ын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

Нэхэмжлэгч Д.Эрг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцон гаргуулж шийдвэрлэв.

12. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тооцох нь зүйтэй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.1, 2.2.-т заасны дагуу дундаж цалин хөлсийг Д.Эргийн Цалингийн карт-д үндэслэн тооцоход, 2024 оны 10 дугаар сард 15,238,234 төгрөг, 2024 оны 11 дүгээр сард 1,684,333 төгрөг, 2024 оны 12 дугаар сард 25,148,380 төгрөг, нийт 42,070,947 төгрөг байна. 1 сарын дундаж цалин хөлс 14,023,649 төгрөг, 1 ажлын өдрийн дундаж цалин хөлс 647,245 төгрөг байна.

Үүнээс тооцож үзэхэд нэхэмжлэгч Д.Эргийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нь 148,027,406 төгрөг / 14,023,649 төгрөг * 10 сар ажлын 14 өдөр/ байна

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6-д ажилтан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах үндсэн эрхтэй, 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

Өөрөөр хэлбэл ажилтныг ажиллаж байх хугацаанд болон ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон аль ч үед ажил олгогч нь тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэл төлөх үүргийг хүлээнэ.

Иймд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нэхэмжлэгч Д.Эргийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ...... ХК-д даалгах нь зүйтэй байна.

14. Нэхэмжлэгч Д.Эргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ...... ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 968,287 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д заасантай нийцэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эрг хариуцагч ...... ХК-ийн Захиргааны хэлтсийн дарга-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ...... ХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 148,027,406 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Эрд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/1153 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэл ногдуулахад хассан цалин болон үр дүнгийн урамшуулалд 9,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх олговор болох 148,027,406 төгрөгөөс шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч Д.Эргийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ...... ХК-д үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ...... ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 968,287 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ