Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2026/00003

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.А*******ад холбогдох  800,123.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад    

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч  Д*******ын А******* нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2024-09-02-ны өдөр 2167293 тоот Т******* кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т******* аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийг шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2167293 тоот Т******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 529,858.20 төгрөг, үндсэн хүүнд 233,315.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 26,350.28 төгрөг, шимтгэлд 1,600 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 800,123.95 төгрөгийг хариуцагч Д*******ын А*******аас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч ******* ******* овогт Д*******ын А******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “800,123.95 төгрөгийг 2025 оны 3 сард төлж барагдуулах боломжтой.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Т******* ББСБХХК нь хариуцагч Д.А*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 800,123.95 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Д.А******* нь 800,123.95  төгрөгийг “Т******* ББСБ” ХХК-нд төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1167293 дугаартай “TOKI CREDIT” үйлчилгээний гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 800,123.95 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 800,123.95 (найман зуун мянга нэг зуун хорин гурван төгрөг ерэн таван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,752 төгрөгийн тавин хувь 11,876 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11,876  төгрөгийг, хариуцагч Д.А*******аас улсын тэмдэгтийн хураамж 11,876 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 800,123.95 (найман зуун мянга нэг зуун хорин гурван төгрөг ерэн таван мөнгө) төгрөгийг хариуцагч Д.А******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,752 төгрөгийн тавин хувь 11,876 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 11,876  төгрөгийг, хариуцагч Д.А*******аас улсын тэмдэгтийн хураамж 11,876 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д.А******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР