Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/ма2018/01134

 

 

 

 

 

 

 

 

 

Ү.Зуунайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15ы өдрийн 102/ШШ2018/00826 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ү.Зуунайгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Бадамд холбогдох,

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод 700 м.кв талбай бүхий, зуслангийн зориулалттай газрыг А.Бадамын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, барьсан байшинг буулгахыг даалгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Цэлмэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Пүрэвбаатар

Хариуцагч: А.Бадам

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Жамъян

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/434 тоот захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар олгосон. Гэтэл зуслангийн газар дээр 2017 оны 10 дугаар сараас А.Бадам нь зөвшөөрөлгүйгээр дүнзэн торх босгосон. Энэ талаар газрын албанд хандаж шалгуулахад газар давхацсан ямар нэг маргаан байгаагүй. Газрын албанаас А.Бадамд газар чөлөөлүүлэх албан шаардлагыг 2017 оны 12 дугаар сард хүргэж, гарын үсэг зурж авсан. Гэвч байшингаа үргэлжлүүлэн барьсан. Иймд А.Бадамын барьсан дүнзэн байшинг буулгаж, газар чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Бадам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай охин Д.Болортуяа бид хоёр зуслангийн газар авахаар ярилцаж байгаад Шарга морьтод байрлалтай 4 айлын газар зарна гэсэн зарын дагуу М.Азжаргалтай утсаар ярьсан. М.Азжаргалын ээж Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтод хэсгийн ахлагч М.Алтанцэцэг гэдэг хүн тухайн газрыг үзүүлсэн. Тухайн газар хойд талаараа төмөр хашаатай, урд талдаа модон жорлонтой хашаа байсан. Ингээд аятайхан газар байсан тул энэ 4 айлын газрыг сонгоод, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн газрын кадастрын зураг үзүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 07-нд М.Алтанцэцэгтэй уулзахад бид газрынхаа материалыг өгсөн, одоо газар олголт зогссон, 2018 он гаргаад зуслангийн газар олгож эхэлнэ гэсэн. Тэгэхээр төрийн байгууллагад ажилладаг хүн гэдэг утгаар нь итгэсэн. Ингээд манай охин н.Болортуяа М.Азжаргалтай гэрээ байгуулж, 2 500 000 төгрөгийг өгсөн, газрын гэрчилгээ гарсны дараа 2 500 000 төгрөг өгөхөөр болсон. 2017 оны 10 дугаар сараас би байшингаа барьсан. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр З.Цэлмэг над руу утсаар ярьж манай газар дээр байшин барьлаа гэсэн. Тэгээд би М.Алтанцэцэг рүү яриад та надад хүний газар өгсөн байна гэхэд тийм зүйл байхгүй гэсэн. М.Алтанцэцэгийг газрын албан дээр очиж шалгуулъя гэхээр өөрөө очихгүй байсан. Манай байшинг барьж байсан хүмүүс газрын маргаантай асуудал үүслээ гэхэд барьж байсан байшингаа зогсоосон. Би өөрөө ч хохирсон, хүний газар байсан бол байшин барихгүй байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ү.Зуунайгийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод байрлах нэгж талбарын 18645328848419 дугаар бүхий газарт барьсан 2 давхар дүнзэн байшинг буулгаж, А.Бадамын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөггаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Бадам давж заалдах гомдолдоо: Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж хуульчилсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А434 тоот шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд 700 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон гэх газрын гэрчилгээний хуулбарыг хэрэгт баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч миний бие дээрх шийдвэр гарсан эсэхэд эргэлзэж шүүхэд уг шийдвэрийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах талаар хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Уг А434 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг М.Алтанцэцэг Нийслэлийн Засаг даргад гаргахад иргэн Ү.Зуунай нь дүүргийн Засаг даргын 2008 оны 162 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй байсан газар нь замын трассд орсон тул зүүн урагшаа шилжүүлж зургийн өөрчлөлт оруулсан байна гэсэн хариу ирсэн бөгөөд 2015 оны А434 дугаар шийдвэрийн талаар хариу ирээгүй байдаг. Иймд шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ү.Зуунай нь хариуцагч А.Бадамд холбогдуулан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод 700 м.кв талбай бүхий, зуслангийн зориулалттай газрыг А.Бадамын хууль бус эзэмшлээс чөлөөлж, барьсан байшинг буулгахыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/434 тоот захирамжаар Ү.Зуунайд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгож, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 000596266 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, газар эзэмшигч нь газрын кадастрын зургийг Блюжей данд ХХК-иар хийлгэж нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн 1 дэх цэгийг Х 5328467.06, У 645831.53, 2 дахь цэгийг Х 5328501.26 У 645845.41, 3 дахь цэгийг Х 5328485.66 У 645863.55, 4 дэх цэгийг Х 5328458.66 У 645846.90 координаар тогтоож хүлээлгэн өгсөн, кадастрын зургийг Сүхбаатар дүүргийн Газрын алба баталгаажуулж эдлэн газын улсын тоо бүртгэлд бүртгэсэн байна. /хх 6, 10-12/

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын хэсгийн ахлагч М.Алтанцэцэг тухайн газрыг надад үзүүлсэн, 2018 он гаргаад зуслангийн газар олгож эхлэнэ гэж хэлсэн..., би М..Алтанцэцэгт 2 500 000 төгрөгийг өгсөн..., би өөрөө байшин барьж хохирсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч Ү.Зуунай нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч гэж үзнэ.

 

Иймд шүүх нэхэмжлэгч Ү.Зуунайг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтод байрлах нэгж талбарын 18645328848419 дугаар бүхий газарт барьсан 2 давхар дүнзэн байшинг буулгаж, хариуцагч А.Бадамын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А434 дүгээр шийдвэрийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүх хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Хариуцагч А.Бадам нь худалдан авсан газрын төлбөрөө зохих этгээдээс нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15ы өдрийн 102/ШШ2018/00826 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Бадамаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.ЦОГТСАЙХАН