2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2026/00382

 

2026        01          06                                    191/ШШ2026/00382

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, *******,, тоотод байрлах, “Ашид капитал ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.  

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч “Ашид капитал ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Зээлдэгч ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-9-3-нд 7110265909 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 2,150,000 төгрөгийн зээлийг сарын 2,85 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 414 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 2,886,064.45 төгрөгийг гаргуулахаар харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2025-8-19-ний өдрийн 307/ШЗ2025/06133 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ /хх-1/.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ашид капитал ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, *******ыг эрэн сурвалжлуулах иргэний хэргийг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-28/. 

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-2/, төлөөлөгчөөр ДЭ.Т*******, О.Ч******* нарыг томилсон 2025-12-03-ны өдрийн 10/13289 дугаартай итгэмжлэл /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, 11,000 төгрөгийн төлбөрийн баримт /хх-6/, төлөөлөгчөөр Б.Билгүүнийг томилсон 2024-10-30-ны өдрийн А/24/102 дугаартай итгэмжлэл /хх-7/, 2024-9-3-ны өдрийн *******ын гаргасан Ашид капитал ББСБ ХХК-с үйлчилгээ авах хүсэлт /хх-8/, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Р20303913 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ /хх-9-10/, 7110265909 дугаартай цахим зээлийн гэрээ /хх-11/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-12/, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 307/ШЗ2025/06133 дугаартай захирамж /хх-13-14/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр *******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-19/ баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч “Ашид капитал ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлсон байна /хх-1/.

 

2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Р20303913 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 7110265909 дугаартай цахим зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтаас үзэхэд ******* нь дээрх гэрээнд зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

4. Тиймээс шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2026/00597 дугаар захирамжаар *******ын оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Дархан-Уул аймаг, *******, 1-р баг, Баян-Өлзийт төмөр зам 5-р гудамж ******* гэх лавлагаа ирсэн байна /хх-19/.

 

5. Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,493,571.40 төгрөг гаргуулахаар дээрх лавлагаанд дурдсан хаягийн дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч ******* нь Дархан-Уул аймаг, *******, 1-р баг, Баян-Өлзийт төмөр зам 5-р гудамж ******* хаягт оршин сууддаггүй болохыг багийн засаг дарга, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн албан хаагчийн илтгэх хуудсаар тогтоогдсон үндэслэлээр шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 307/ШЗ2025/06133 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-13-14/.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь Дархан-Уул аймаг, *******, 1-р баг, Баян-Өлзийт төмөр зам 5-р гудамж *******од оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 307/ШЗ2025/06133 дугаартай захирамжаар тогтоогдож байна. 

 

7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай, Оорцог овогт *******-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч “Ашид капитал ББСБ” ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-28/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай, Оорцог овогт *******-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч “Ашид капитал ББСБ” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч******* /холбоо барих утас-*******/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч “Ашид капитал ББСБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ