Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2026/00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Н.А******* “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд н.Э******* эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025  оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т*******, хүсэлт гаргагч Н.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.А******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ““Миний бие нь Э*******той 2024.09.24-ний өдөр Приус-30 маркийн 57-09УЕЕ дугаартай хар өнгийн суудлын машиныг 17,000,000 төгрөгөөр тохиролцож наймаалцсан. Тухайн үед уг машин банк бусад 10,000,000 төгрөгийн төлөлттэй байсан. Уг төлөлтийг нь сар бүрд нь хийх, болон үлдэгдэл 7,000,000 төгрөгт 2 адуу, sonata-6 маркийн суудлын хуучин машин, /1,000,000/, мотоцикль /Dayun/ 1,800,000 төгрөг төлж наймаалцсан.

Банк бусын төлөлтийг 2024 оны 10 сараас үргэлжлүүлэн 6 сар хүртэл төлөлт хийгдэхээр байсан 10, 11, 12, 2025 оны 01 сар хүртэл холбогдох хүнтэй холбогдоод төлөөд явж байсан боловч Э*******ын эхнэр гэх эмэгтэй банк бус руу холбогдож хэл ам хийснээс улбаалан банк бусын төлөөлөгч цагдаа нь ирээд хүний нэр дээрх машиныг унаж дураараа явлаа гэсэн утгатай юм яриад хураагаад аваад явсан. Тэрнээс хойш Э*******той холбогдож чадахгүй байгаа. Хуучин хаяг дээрээ байхгүй утас нь ч холбогдохгүй байгаа тул Э******* эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч Н.А******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э******* манайд ирээд мөнгө хэрэгтэй байна. Миний машиныг авчих гээд хэд хоног ирээд гуйгаад байсан. Эхлээд нөхөр бид хоёр үгүй гэж хэлээд явуулсан. Бид хоёр машинаа солих санаатай байсан. Тэгээд Э******* ирээд миний машиныг авчих дүүд нь мөнгө хэрэгт байна гээд байсан. Тухайн үед бид хоёр машинаа солино гэж байсан юм. Тэгсэн Э******* миний машин банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ байдаг гэж хэлсэн. Банк бус санхүүгийн байгууллага дээр байдаг юм бол бид хоёр авахгүй гэсэн яаралтай мөнгө хэрэгтэй байна гээд авсан юм. Бид хоёр машиныг нь 17,000,000 төгрөгөөр тохиролцож авсан. Тэгээд 10,000,000 төгрөг банкин дээр байгаа үлдэгдэл 7,000,000 төгрөгт нь юм өгөөд авчих гээд байхаар нь 2 тооны адуу 1 мотоцикль өгсөн. Машиныг өөрөө сэлбэгт өгөөд 1,000,000 төгрөг болгоод авъя гэхээр нь бид хоёр тэг, тэг гээд өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр банк бус санхүүгийн байгууллагын төлбөрийг нь төлөхөөр болсон. Тэгсэн зээлээ төлөхгүй хугацаа хэтэрсэн болохоор цаад хүнтэй нь ярилцаж тохиролцоод 4 сар төлөөд явсан. Э******* нь ямар ч асуудал байхгүй гээд бид хоёрт бичиг хийж өгсөн боловч эхнэр нь банк бус санхүүгийн байгууллага руу утсаар яриад Э******* машинаа зарсан байна. Тэгээд авсан хүмүүс нь хамаагүй унаад яваад байна гэж хэлсэн байсан. Нэг өдөр банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөгч, цагдаа ирээд тэр машиныг аваад явсан. Тэгээд бид хоёр машин ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Тийм учраас Э******* эрэн сурвалжлахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хүн Бор-Өндөрт байдаг байсан. Тэгээд хуучин хаяг дээрээ байхгүй. Хашаагаа зараад өөрөө хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Э******* Бор-Өндөрт амьдардаг байсан. Уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаад ажлаасаа гараад тогтсон ажил байхгүй. Энд тэнд ажил хийгээд явдаг байсан. Бид хоёр зөндөө хайсан. Хүнээс асууж сураглаж үзсэн. Э******* нь фэйсбүүкээсээ бид хоёрыг блоклосон байсан.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Н.А*******, түүний нөхөр Б.А******* нар нь тэдний “хуурай” дүү гэх н.Э*******той түүний банк бус санхүүгийн байгууллагын нэр дээрх 57-09 УЕЕ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулжээ. Хүсэлт гаргагчаас зохих хэмжээний төлбөрийг н.Э*******од төлсөн боловч тэрээр одоог хүртэл тээврийн хэрэгслээ хүлээн авч чадаагүй, н.Э*******той холбоо тогтоож чадаагүй, түүний оршин суугаа хаяг тодорхойгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

 Иймд н.Э******* гэх хүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах,  155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж тус тус хуульчилсан.

Иймд хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, н.Э*******  эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох н.Э******* нь тухайн үед 57-09 УЕЕ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл эзэмшиж байсан, холбоо барих утасны дугаар нь 80950373 /80950378 байж болзошгүй/ байсан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар н.Э*******  эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих н.Э******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.БАТБАЯР