Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2026/00001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Хэнтий аймгийн Б******* сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: “*******” ХК-ийн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Э*******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025  оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О*******, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч “*******” ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ”Иргэн Б******* овогтой Э******* нь *******ны Б******* тооцооны төвөөс 2023 оны 10 сарын 19-ний өдөр 1430086362 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 12,500,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.

Б.Э******* нь тухайн үед Хэнтий аймаг, Б******* сум 1-р баг Нийтийн байр 7-4 тоот хаягт оршин суудаг байсан.

Зээлдэгч нь Банктай байгуулсан 1430086362 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч зээлээ төлөөгүй өдрөөс хойш оршин байх хаяг дээр очиж уулзах гэсэн боловч тус хаяг дээр байхгүй мөн утасны дугаараар холбогдож чадахгүй байгаа. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Б******* Э*******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү” гэжээ

Хүсэлт гаргагч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.Э******* нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өрхийн хэрэглээний зориулалтаар 12,500,000 төгрөгийг *******наас 19.2 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлж авсан. Үүнээс хойш 2024 оны 10 дугаар сарын 24-нд хамгийн сүүлийн төлөлт хийгээд өнөөдрийн байдлаар 424 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Уг зээлийг авах үедээ Б******* сумын 1 дүгээр баг Нийтийн байрны 7-4 тоотод оршин суудаг байсан. Уг хаягаар *******ны зүгээс удаа дараа очсон боловч байгаагүй. 86007244 утасны дугаарыг барьдаг байсан. Энэ дугаар холбогдох боломжгүй байгаа. Тиймээс уг харилцагчийн оршин суугаа хаягийг тодорхой болгож, эрэн сурвалжилж өгнө үү. Эгч болох Б******* овогт С******* гэж хүнтэй холбогдсон. Эгч нь мэдээлэл өгөхөөс татгалзаад, бүрэн мэдээллийг өгөхгүй байгаа. Хүүхдүүд нь энд амьдардаг. Эхнэр нь хамт байдаггүй. Хүүхдүүдээс нь тодруулах гэсэн боловч боломжгүй гэдэг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 Хасбанк ХК нь зээлдэгч Б.Э*******тай 2023 оны 10 сарын 19-ний өдөр 1430086362 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд Б.Э******* нь гэрээгээр хүлээсэн зохих ёсоор биелүүлээгүй гэх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Түүний одоо оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.9 дэх хэсэгт нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах,  155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана гэж тус тус хуульчилсан.

Иймд хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Э*******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Хэнтий аймгийн Б******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Б.Э*******ын эгч Б.С******* болон хүүхдүүд нь Б******* суманд оршин суудаг гэх мэдээллийг хүсэлт гарагчийн зүгээс өгсөн болохыг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай Б******* Э*******ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Б.Э*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Хэнтий аймгийн Б******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.БАТБАЯР