Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/434

 

2025            04             10                                      2025/ДШМ/434                                                

 

А.Мэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

яллагдагч А.Мэ, түүний өмгөөлөгч Д.Тамир,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/1952 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр эсэргүүцлийг үндэслэн А.Мэд холбогдогч эрүүгийн 2410035271981 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч А.Мэ нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хорооллын ...тоотод согтуугаар иргэн У.Атэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт нь цаасны хутгаар нэг удаа хутгалж элгийг нь гэмтээн, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Яллагдагч А.Мэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэт шалгаагүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

1. Яллагдагч А.Мийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, шалтгаан нөхцөлийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд:

Яллагдагч А.Мэ, хохирогч У.А, гэрч М.Э нар нь “Г” ХХК-д хамт ажилладаг, найз нөхдийн харилцаатай этгээдүүд байх бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нийлж согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Мөрдөн байцаалтад хохирогч У.А, гэрч М.Э нар “...А.Мэ буйдангийн цаана шээж байгаа юм шиг хана руу буруу хараад зогсож байхад “чи гэрт шээгээд байгаа юм уу” гэхэд эргэж хараад Агийн цээж хэсэгт түлхсэн” гэж мэдүүлсэн байна. Гэтэл А.Мэ сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...намайг унтах гэтэл М.Э нүүр рүү алгадаад байсан” гэж /хх 16, 91/ тус тус мэдүүлжээ.

Гэмт хэрэг гарсан даруй 2024 оны 08 дугаар сарын 29-ний 02 цаг 26 минутад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч, түргэн тусламж дуудсан байна. Яллагдагч А.Мэ, хохирогч У.А нарт эмнэлгийн тусламж үзүүлсэн эмнэлгийн ажилтан болон дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч нараас гэрчийн мэдүүлэг авч, хэргийн газарт ирэхэд А.Мийн биед гэмтэлтэй байсан эсэх, хэрэв гэмтэлтэй байсан бол биеийн аль хэсэгт ямар гэмтэлтэй байсан, түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн эсэхийг асууж тодруулах нь гэмт хэрэг гарсан сэдэлт, шалтгаан нөхцөлийг тодруулахад ач холбогдолтой гэж үзлээ.

2. Яллагдагч А.Мийг тухайн шөнө эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд А.Мийн 2024 оны 8 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө эрүүлжүүлэгдсэн баримтыг хэрэгт хавсаргаж, түүний биед гэмтэлтэй байсан эсэхийг тодруулах нь зүйтэй.

3. Хохирогч У.А Цэргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн хагалгаанд орсон гэх боловч Өвчний түүх зэрэг холбоотой баримт хэрэгт авагдаагүй тул хавтаст хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Яллагдагч А.Мэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ууганцэцэг бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана.” гэж заасан байхад хэргийн оролцогч нарын хэний хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгчийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан эсэх нь тодорхойгүйгээр зарлан явуулж, гэм буруугийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой “эрүүлжүүлэгдсэн баримт, өвчний түүх гаргуулах” болон хэлэлцүүлгийн явцад тогтоох боломжтой “гэмт хэрэг гарсан сэдэлт, шалтгаан нөхцөлийг тодруулахад ач холбогдолтой” гэх үндэслэл дурдаж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай, бүрэн дүүрэн шалгаж тогтоосон болно.

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан аливаа хүн, хуулийн этгээд нь өөрийн харсан, мэдсэн зүйлийг санаатайгаар худал мэдээллэвэл хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр хуульчилсан журмыг мөрдөгч урьдчилан тайлбарлаж тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулж баталгаажуулдаг бөгөөд хохирогч У.Агээс үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлгийн эх сурвалжаа шууд зааж “... Мэ том өрөөний буйдангийн ард цаашаа хараад бие засаж байгаа мэт зогсож байхаар нь би араас нь очоод “шээгээд байгаа юм уу андаа” гэж асуутал эргэж хараад “Би айлд шээхээр тийм эргуү п... биш” гэж хэлээд Мэ баруун гараараа миний цээжний зүүн хөхний товчноос доор хэсэг рүү цохиод авах шиг болсон. Тэгсэн миний амьсгаа давчдаад, халуу дүүгээд, толгой эргээд би доошоо сөхрөөд суусан. Тэгээд Мийн цохисон хэсэг рүү харсан чинь миний гэдэс рүү цус урсаад байж байсан...” гэж тогтвортойгоор мэдүүлдэг.

Уг мэдүүлгийг давхар баталж, хохирогч У.Агийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэхэд хохирогч У.Агийн биед ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, амь насанд аюултай “хэвлийн хөндий рүү хатгагдаж зүсэгдэж нэвтэрсэн элэг гэмтээсэн шарх” бүхий гэмтэл тогтоогдсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шинжээчийн дүгнэлт гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичиг бөгөөд Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч эмчийн 11886 дугаартай шинжилгээний дүгнэлтийг няцаасан, үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй юм.

Мөрдөн шалгах ажилагааны явцад өгсөн хохирогчийн дээрх мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт нь гэрч М.Эийн “...Мэ эргэж хараад Агийн цээжин хэсэгт 1 удаа түлхсэн. Тэгсэн А доошоо сөхрөөд суусан. Би гайхаад яваад очтол Мэ баруун гартаа улаан хар өнгийн иштэй цаасны хутга барьчихсан, тэрүүгээрээ Аг хатгаад унагаасан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт хохирогч У.Агөөс нотлох баримтаар хавсаргуулахаар гаргаж өгсөн картын хуулбарыг хэрэгт хавсаргасан бөгөөд Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийг гаргуулан хэрэгт хавсаргах нь хэрэгт чухал ач холбогдолгүй ажиллагаа бөгөөд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын нотлох чадварыг өөр хооронд нь бодитоор харьцуулж үнэлэлгүй, үндэслэлгүйгээр прокурорт буцаасан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол...” гэж тодорхой хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэх үеийн гэмт этгээдийн сэтгэл санааны байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд тусгайлан хуульчлаагүй тул гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэх, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдалд хамаарахаар асуудал байхад шүүхээс хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, гэмт хэрэг гарсан сэдэлт, шалтгаан нөхцөлийг тодруулахад ач холбогдолтой гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн, яллагдагч А.Мэ нь өөрийн биед учирсан хохирлын шинж байдлыг тогтоолгохоос сайн дураар татгалзсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар хүсэлт, мөрдөгчийн хууль бус шийдвэр, үйл ажиллагааны талаар гомдол прокурорт огт гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдалд шүүхээс агуулгын хувьд бүхэлд нь дүгнэлт хийлгүйгээр, гэмт хэрэг үйлдэгдсэнээс 6 сарын хойно буюу нэлээдгүй цаг хугацаа өнгөрсний дараа яллагдагч болон түүний өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт анх удаа дурдсан “шалдан зураг авсан, түүнийг мөрдөгч устгуулсан, ...мэдүүлгийг уншуулалгүй шууд гарын үсэг зуруулсан, ...нүд хөхөрсөн байсан..." гэх мэдүүлэгт ач холбогдол өгч, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь үгүйсгэж, “эрүүлжүүлэгдсэн баримтыг хэрэгт хавсаргаж, түүний биед гэмтэлтэй байсан эсэхийг тодруулах нь зүйтэй гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан бөгөөд улсын яллагчаас шүүх хуралдаанд хохирогч У.Аг оролцуулах санал гаргасан нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинэчилсэн мэдүүлэг авах байдлаар гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан нөхцөл, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийх ач холбогдолтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын дотор шүүх хуралдааны явцад тогтоогдсон нөхцөл байдлыг, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж узэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан тайлбартаа: “... Прокурор үндсэндээ 3 агуулгаар эсэргүүцэл гаргасан байсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг зарлахдаа хэн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байхад хурал зарласан гэсэн байсан. Хавтаст хэргийн 107-108 дугаар хуудсанд урьдчилсан хэлэлцүүлгийн хурал зарлуулах хүсэлт болон өмгөөлөгч Д.Тамирыг оролцуулах хүсэлтийг хавсаргасан байгаа. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал хуулийн дагуу явагдсан. Хохирогч А болон гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан. Хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож чадаагүй. А.Мийг унтаж байхад нь сэрээсэн, цохисон, доог тохуу хийсэн асуудлууд байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар А.Мэ мэдүүлсээр байхад мэдүүлэгт нь тусгаагүй. Мөрдөгч хөтөлж мэдүүлэг авсан байдаг. А.Мийг шалдан унтаж байхад нь зургийг нь дарж “пиво авч өгөхгүй бол энэ зургийг чинь фэйсбүүкэд тавьлаа шүү” гэсэн байдаг. Тэгээд А.Мэ уг үйл явдалтай холбоотой нотлох баримтыг устгуулсан байсан.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос А.Мийг 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хорооллын ...тоотод согтуугаар иргэн У.Атэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний цээжин тус газарт нь цаасны хутгаар нэг удаа хутгалж элгийг нь гэмтээн, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, “... гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, шалтгаан нөхцөлийг бүрэн шалгаж тогтоох, хохирогчийн өвчний түүх болон хэрэг болсон өдөр эрүүлжүүлэгдсэн талаарх баримтуудыг тус тус шалгах ...” шаардлагатай гэсэн үндэслэлүүдийг зааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй болжээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй, шүүх хуралдааны явцад нотолж болохыг зохицуулан хуульчилсан.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, буруутай бол ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Ингэхдээ, Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх зарчмын үндсэн дээр гэмт хэрэгт холбогдогч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шаардлагатай гэж үзвэл шинжээч зэрэг оролцвол зохих талуудыг бүрэн хамруулан, шүүхийн хэлэлцүүлэгт өрнүүлсэн мэтгэлцээний үр дүнд хэргийн үйл баримтыг үнэлэх, бодит байдлыг тогтоох бүрэн боломжтой.

Иймд прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/1952 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/1952 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 09 дүгээр эсэргүүцлийг хангасугай.

2. Яллагдагч А.Мэд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

                             ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР

                             ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ