| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00587/15 |
| Дугаар | 315/ШШ2025/00455 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 315/ШШ2025/00455
2025 11 17 315/ШШ2025/00455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын *******, ******* гэх газарт нутаглах, Цэрэнгийн *******гийн
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Би 2008 оны 08 дугаар сараас 2010 оны 06 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн ******* сургуульд малчнаар ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон боловч 2008-2010 онуудад ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай болсон тул намайг 2008 оны 08 дугаар сараас 2010 оны 07 дугаар сарыг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сургуульд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрч асуулгах тухай хүсэлт, Баруун-Урт сумын ******* сургуулийн захирлын “Багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай” 2008.05.28-ны өдрийн 60 дугаартай тушаал,
Баруун-Урт сумын ******* сургуулийн захирлын 2006.10.19-ний өдрийн “Ажилчин ажилд томилох тухай” 90 дугаартай тушаал
Баруун-Урт сумын ******* сургуулийн захирлын 2007.08.23-ны өдрийн “Цалин олох тухай” 51 дугаартай тушаал
2009.05.23-ны өдрийн ******* сургуулийн зарлагын падаан
******* сургуулийн 2007 оны 01 сараас 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх цалингийн тооцооны хүснэгт
Баруун-Урт сумын ******* сургуулийн малын тооцоо тайлан, мал авах эрхийн бичгүүд,
Баруун-Урт сумын ******* сургуулийн захирлын 2009.12.26-ны өдрийн “Зарлага болгох тухай” 154 дугаартай тушаал, болон хавсралтууд зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 2008 оны 08 дугаар сараас 2010 оны 06 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн ******* сургуульд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3.Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* нь 2008 оны 08 дугаар сараас 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн ******* сургуульд малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “Би 2008 оны 08 дугаар сараас 2010 оны 06 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн ******* сургуульд малчнаар ажиллаж байсан. 2010 онд ажиллаж байсан талаар нотлох баримт гарч ирэхгүй байна” гэх тайлбар,
Баруун-Урт сумын ******* сургуулийн захирлын “Багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай” 2008.05.28-ны өдрийн 60 дугаартай тушаал,
Баруун-Урт сумын ******* сургуулийн захирлын 2006.10.19-ний өдрийн “Ажилчин ажилд томилох тухай” 90 дугаартай тушаал
Баруун-Урт сумын ******* сургуулийн захирлын 2007.08.23-ны өдрийн “Цалин олох тухай” 51 дугаартай тушаал
2009.05.23-ны өдрийн ******* сургуулийн зарлагын падаан
******* сургуулийн 2007 оны 01 сараас 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх цалингийн тооцооны хүснэгт
Баруун-Урт сумын ******* сургуулийн малын тооцоо тайлан, мал авах эрхийн бичгүүд,
Баруун-Урт сумын ******* сургуулийн захирлын 2009.12.26-ны өдрийн “Зарлага болгох тухай” 154 дугаартай тушаал,
Гэрч *******гийн: “...******* 2008 оны 10 сард ******* сургуульд малчнаар ажилд орж байсан. Би тухайн үед сургуулийн аж ахуй хийдэг байсан. ******* нь сургуульд малчнаар 2 жил ажилласан. Бид хоёр хавар очиж ямаа самнаж байсан. Яг хэдэн онд ажлаасаа гарсан талаар сайн санахгүй байна. Өвөл зуд болоод сургууль малгүй болсон учир ******* ажлаасаа гарсан. Би тус сургуульд 2013 он хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг,
Гэрч *******ын: “...******* нь 2006 оны 10 дугаар сараас Баруун-Урт сумын тэмүүлэл цогцолбор сургуулийн малчнаар анх ажилд орсон. Тэр үед би сургуулийн захирлаар ажиллаж байсан тул ажилд авсан тушаалыг гаргаж байсан. Би 2013 оны 08 сарын хүртэл ажиллаж байсан. Миний санаж байгаагаар манай сургууль малгүй болоод ******* 2009 оны наадмын дараа үлдсэн малаа хүлээлгэж өгөөд ажлаасаа гарсан. ******* 2010 оны 06 дугаар сар хүртэл ажилласан талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* сургуульд 2008 оны 08 дугаар сараас 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
5. Иймд ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* сургуульд 2008 оны 08 дугаар сараас 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгч ******* нь ******* сургуульд малчнаар ажиллаж байгаад 2010 оны 06 дугаар сард ажиллаасаа гарсан гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас 2009 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2010 оны 06 дугаар сар хүртэлх хугацааг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Цэрэнгийн ******* нь Сүхбаатар аймгийн ******* сургуульд 2008 оны 08 дугаар сараас 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР