Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00104

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00104

 

 

 

С.Туулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29ий өдрийн 181/ШШ2017/02445 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С.Туулын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ө.Энхцэцэгт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 25.500.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Оршихийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Туул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч С.Туул болон түүний өмгөөлөгч Д.Ганбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Туул нь Ө.Энхцэцэгийг 2004 оноос эхэлж Азийн фэнгшу-ийн холбооны зөвлөх гэдэг үүднээс мэддэг. Ө.Энхцэцэг нь би чам руу өөрийн үйлчлүүлэгч нараас фэнгшүтэй холбоотой бараа бүтээгдэхүүн авах хүмүүсийг явуулна гэж намайг БНХАУ-руу дагуулж яван 120 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн болох хөшиг, абжур худалдаж авсан. Бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах ажлын байраа түрээсэлж, тохижуулсан. Ө.Энхцэцэг надаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 23 600 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэмж 5 000 000 төгрөг, нийт 28 600 000 төгрөгийг хүүгүй, барьцаагүй тохиролцож 6 сарын хугацаатайгаар зээлдсэн боловч авсан мөнгөө хугацаандаа буцааж өгөөгүй, мөн тохирсны дагуу бараагаа зарж өгөөгүйн улмаас ашиг олох нь байтугай авсан бараа эргэлтэд ороогүй, миний бүх мөнгө удаан хугацаанд түгжигдэж, анх татан авсан бараа хадгалагдаж өнөөг хүрсэн. Энэ хугацаанд би банк бус санхүүгийн байгууллагаас 115 000 000 төгрөгийн зээл авснаар 36 500 000 төгрөгийн хүү төлсөн. Анх ямар ч хүүгүй мөнгө зээлсэн, мөнгөө өгөхгүй 2, 3 жил болж чирэгдүүлснээс санхүүгийн бэрхшээлд орж хэд хэдэн банк бус санхүүгийн байгууллага болон Ариг банк ХХК, өөрийн болон ах дүүсийн байрыг барьцаанд тавьж 3-6 хувийн хүүтэй зээл авч үндсэн зээл, зээлийн хүү, алданги төлж хохирч байна. Иймд хариуцагч Ө.Энхцэцэгээс 26 700 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 1 200 000 төгрөгийг төлсөн байх тул уг мөнгийг хасч нэхэмжлэлийн шаардлагаа 25 500 000 төгрөг болгон багасгаж байна. Ө.Энхцэцэг нь 11 500 000 төгрөг төлсөн гэдэгт маргахгүй. Гэхдээ 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрээг бичгээр баталгаажуулахдаа мөнгө зээлдүүлснээс болж надад учирсан хохирлыг тооцож, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан тул үндсэн зээлийн үлдэгдэл болон гэрээнээс учирсан хохиролд тооцон нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Туул, Ө.Энхцэцэг нар нь ажил хэргийн холбоотой хүмүүс юм. Анх 2014 оны 10 дугаар сард нийт 28 600 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, хүүгүй зээлж авахаар гэрээг байгуулсан болно. Энэ хугацаанд 12 удаагийн төлөлтөөр нийт 12 200 000 төгрөгийг зээлдүүлэгчид эргүүлэн төлсөн. 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүүгүй, барьцаагүй мөнгө зээлдүүлсэн байсан зэргийг харгалзан үзэж 26 700 000 төгрөг төлнө гэж хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ хариуцагч уг өдөр бодитоор мөнгө хүлээж аваагүй тул уг гэрээ хүчин төгөлдөр бус юм. Үндсэн зээлээс төлсөн хэсгийг хасаж үлдэх 10 000 000 төгрөгийг төлөх ёстой гэдгийг ойлгож байна гэжээ.

Хариуцагч Ө.Энхцэцэг нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр надад 26 700 000 төгрөг зээлүүлсэн гэх хуурамч зээлийн гэрээ байгуулсан юм. С.Туул 2017 оны 04 дүгээр сард Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод миний фенг шуйгийн лекц хийх зар тавьсан байсныг харчхаад чиний худалч, луйварчин булхайг чинь хүмүүст хэлнэ гэж намайг айлган сүрдүүлж зээлийн гэрээ байгуулсан. С.Туул хэлэхдээ чи надаас 2014 оны 10 дугаар сараас хүү тооцохгүйгээр удаа дараа мөнгө зээлсэн, тохирсон хугацаандаа мөнгө өгөхгүй өнөөг хүрсэн гэж анх зээлдүүлсэн мөнгөний үлдэгдлийг өөрөө тооцож гаргаж, энэ мөнгөнд хүү, алданги оруулж тооцон зээлийн гэрээ байгуулсан. Би гэрээ байгуулсан өдөр С.Туулаас ямар ч мөнгө аваагүй бөгөөд түүнээс их айдаг тул мөнгө авсан гэх баримтыг хуурамчаар үйлдсэн юм. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэж байх тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Туул түүний өмгөөлөгч Д.Ганбат нар сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа: Сөрөг нэхэмжлэлийн тухайд бодитоор 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 26 700 000 төгрөг зээлдүүлээгүй нь үнэн. Өмнө нь олгосон 2 удаагийн зээлийн үлдэгдэл, хохирлыг тооцож хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан. Ө.Энхцэцэг нь өөрөө хугацаандаа мөнгө төлж чадаагүй хариуцлагаа ойлгож бид харилцан тохиролцож, эцсийн байдлаар гэрээг хийсэн. Ямар нэг дарамталсан зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө.Энхцэцэгээс 25 500 000 төгрөгийг гаргуулж С.Туулд олгож, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших давж заалдах гомдолдоо: анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ө.Энхцэцэг нь 2014 оны 10 дугаар сард С.Туулаас 28 600 000 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулалгүй, хүүгүй, барьцаагүйгээр 6 сарын хугацаагаар зээлж авсан. Энэхүү мөнгөнөөс Ө.Энхцэцэг 12 700 000 төгрөгийн эргэн төлөлт хийж 15 900 000 төгрөгийн өр үлдсэн. Гэтэл С.Туул 2014 оны 10 дугаар сард Ө.Энхцэцэгт өгсөн 28 600 000 төгрөгийг 2 жил 6 сарын дараа 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ө.Энхцэцэгт 26 700 000 төгрөг зээлүүлсэн болгон Зээлийн гэрээ нөхөж байгуулсан. Энэ өдөр Ө.Энхцэцэгт ямар ч мөнгө өгөөгүй бөгөөд загнаж, айлган сүрдүүлж гэрээнд гарын үсэг зуруулжээ. Ө.Энхцэцэг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Ө.Энхцэцэг 15 900 000 төгрөг төлөх үндэслэлтэй байх тул түүнээс 25 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 9 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул залруулан, өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч С.Туул нь хариуцагч: Ө.Энхцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25.500.000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Ө.Энхцэцэг нь С.Туулаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 23 600 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэмж 5 000 000 төгрөг, нийт 28 600 000 төгрөгийг хүүгүй, барьцаагүй, 6 сарын хугацаатайгаар тохиролцож зээлдсэн, зээлдэгчид уг мөнгийг шилжүүлэн өгсөн, зээлдэгч авсан мөнгөө хугацаандаа буцааж өгөөгүй, хугацаа хэтрүүлж 12 700 төгрөгийг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгө төлсөн төлбөрийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон./хх-61-66, 67-73, 95, 96/ Энэ талаар талууд маргаагүй болно.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч зээлийн мөнгийг буцаан өгөхийг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан 28 600 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаандаа төлөөгүй учраас Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна. ..., 222.5 дах хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн мөнгийг буцааж төлөх үүргээ гүйцэтгээгүй хугацаанд тохирох хэмжээний хүүг гаргуулах тухай учиртай юм. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд зээлсэн мөнгөний төлөгдөөгүй мөнгөн төлбөрийн үүрэгт тохирсон хүү шаардах эрхтэй.

Гэтэл шүүх Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн хүү шаардах эрхийн талаар болон хүүгийн хэмжээ ямар байвал зохих, тохирох хүүгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна. Талуудын 2017оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нөхөн үйлдсэн 26 700 000 төгрөгийг зээлсэн гэх баримтаар эргэлзээгүйгээр төлөгдөөгүй үнийн дүнг тогтоосон гэж үзэн тохирох хүүгийн хэмжээг тогтоох боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Хариуцагч нь хугацаандаа үүргээ биелүүлээгүйгээс ББСБ, банкнаас зээл авсан тухай дурдаж тайлбар гарган, уг тайлбараа нотлохоор баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Хэргийн 18 дугаар талд 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн 2016 оны 04 дугээр сарын 12-ны өдрийн Хөгжил Финанс ББСБ болон нэхэмжлэгч С.Туул нарын хоорондын зээлийн гэрээг сунгасан, нэмэлт өөрчлөлт оруулсан тухай баримт авагдсанаас үзэхэд нэхэмжлэгч нь 2016.04.12-ны өдөр бусдаас зээл авсан, энэ зээлийн хүү сарын 2.8 хувийн хүүтэй байсан. Хариуцагч нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тогтоосон хугацаандаа мөнгөө төлөөгүй. Ийм учраас хариуцагчийн төлөөгүй үлдэгдэл төлбөрт сарын 2.8 хувиар тооцон хүү гаргуулах нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт нийцнэ гэж үзлээ.

Талуудын хоорондын гэрээгээр авсан зээлийн төлбөрөөс төлөгдсөн дүнг хасаад /28 500-12 700/ 15 900 000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 24 сарын хугацаагаар, сарын 2.8 хувийн хүүгээр тооцоход 22 132 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Тодруулбал, хариуцагч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй буюу мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлэх хугацаа зөрчсөнтэй холбоотой хуулиар тогтоосон хүү төлөх үүрэг үүссэн бөгөөд тэрээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт заасны дагуу хүү төлөх ёстой. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү төлөх гэрээний үүрэг байдаг бол Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт хуулиар тогтоосон хүү төлөх үүргийг зохицуулсан юм.

Хэргийн 6 дугаар талд авагдсан зээлийн гэрээгээр талууд өмнөх зээлийн үлдэгдэл дээр гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирлыг тооцон 26 700 төгрөг төлөхөөр тохиролцсон байх ба энэ гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй талаар маргаагүй. Зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн өгөөгүй нөхцөл нь зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй болохоос тохиролцсон гэрээг шууд хүчин төгөлдөр бус гэж үзэх хуулийн үндэслэлд хамаарахгүйгээс гадна хариуцагч хүч хэрэглэж хийсэн хэлцэл болох нөхцөл байдлаа нотлоогүй учраас 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалсан шүүгчийн нэрийг буруу бичиж алдаа гаргасан нь хэргийн шийдэлд нөлөөлөөгүй, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байгаа ч цаашид анхаарвал зохино.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр

сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02445 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 гэсний дараа 222 дугаар зүйлийн 222.5 гэж нэмж, 25 500 /хорин таван сая таван зуун мянган/ гэснийг 22 132 800 /хорин хоёр сая нэг зуун гучин хоёр мянган/ гэж, нэхэмжлэлийг гэсний дараа , нэхэмжлэлийн шаардлагаас 3 367 200 төгрөгт холбогдох хэсгийг тус тус гэж нэмж, 2 дах заалтын 285 450 гэснийг 268 614 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Б.НАРМАНДАХ