Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/542

 

 

 

 

  2025           05             08                                        2025/ДШМ/542

 

С.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/287 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Энхбаярын бичсэн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцлээр С.Эд холбогдох 2406065422813 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Онход овгийн С.Э, 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ...........тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:............/;

С.Э нь 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ............ дүүргийн .......... дүгээр хороо, ........... тоотод Н.Этэй “манай ээжийг цохилоо” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж нүүрэн тус газарт нь гараараа нэгээс хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь тархины 2 тал бөмбөлгийн завсраар ар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 06542 2813 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1233 дугаар яллах дүгнэлт, тус прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2406065422813 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогч Н.Э, мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, С.Эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Энхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн үйл баримтын хувьд иргэн н.Нэргүй, хохирогч Э.Энар нь тухайн үед маргалдаж, иргэн н.Нэргүй нь өөрийн төрсөн хүү С.Эг дуудаж, улмаар шүүгдэгч С.Э өөрийн төрсөн эхийг өмөөрч хохирогч Э.Э маргалдаж, улмаар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж, шүүгдэгч С.Э нь хохирогч Э.Энхтүвшиний нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан. Шүүгдэгч С.Э нь хохирогч Э.Энхтүвшиний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхад дан ганц насанд хүрээгүй гэрч Ш.Эын мэдүүлэгт үндэслэн аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэн шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэл муутай байна. Тодруулбал, хэрэгт авагдсан хохирогч Э.Энхтүвшиний “2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрийнхээ хаалгыг солиулчхаад хадам ээждээ чанасан мах оруулж өгөхөөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 14-161 тоотод ганцаараа очиход. Нэргүй, Ганаа хоёр архи уугаад сууж байсан. ...гадаа үүдэнд сууж байтал Нэргүй тамхины хайрцаг над руу шидэхээр нь би зөрүүлээд шидтэл гэр лүү ороод хүүхдээ дуудтал гэрээс Эюу болсон нь мэдэхгүй...хаалганы босго дээрээс үсэрч ирээд миний зүүн талын нүд рүү гараараа цохиж, намайг араас өшиглөх гэхэд эхнэр дундуур орж болиулсан” мэдэхгүй хаалганы босго дээрээс үсэрч ирээд миний зүүн талын нүд рүү гараараа цохиж, намайг араас өшиглөх гэхэд эхнэр дундуур орж болиулсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн “Манай нөхөр Нэргүй эгчээр тоглоод эргүй авгай гээд тамхины хайрцаг шидсэн чинь Нэргүй эгч гэр дотор унтаж байсан Эдуудаад удалгүй С.Э гарч ирээд манай нөхрийг давраад байгаараа гэхээр нь манай нөхөр Эбитгий маяглаад бай гээд цааш түлхсэн чинь С.Э гараараа Н.Эг цохиод авсан” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.Бадралын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11794 дүгээр “Н.Эий биед тархины 2 тал бөмбөлгийн завсрын ар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар аргагүй хамгаалалт хийсэн нөхцөл байдлыг үгүйсгэсэн буюу харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд дан ганц Ш.Эын мэдүүлгээр аргагүй хамгаалалт хийсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч С.Э нь хохирогч Э.Э маргалдаж, улмаар өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч Э.Энхтүвшиний нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэдгийг нотолж буй гэрч Б.Бийн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.3 дахь заалтад тус тус заасан буюу шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос С.Эыг “2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 14-61 тоотод Н.Этэй “манай ээжийг цохилоо” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар биед нь халдаж нүүрэн тус газарт нь гараараа нэгээс хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь тархины 2 тал бөмбөлгийн завсраар ар хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт зүүн нүдний зовхины дотор буланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг эцэслэн хянан шийдвэрлэж, С.Эгийн Н.Эгийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдлийн талаар дүгнэхдээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох “Аргагүй хамгаалалт”-ын тохиолдолд буюу өөрийн эрүүл мэндийг эсрэг хийсэн Н.Эий хууль бус довтолгооны эсрэг хийсэн үйлдэл гэж дүгнэж, С.Эы “Н.Эий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Миний ээжийг цохилоо гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Н.Эий довтолгооны эсрэг хийсэн С.Эгийн “Н.Эий биед хөнгөн хохирол учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн эсрэг, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан аргагүй хамгаалалт байна гэж үзлээ.

С.Э нь аргагүй хамгаалалтаа Н.Э нь С.Эгийн төрсөн эхтэй хэрүүл маргаан үүсгэж, түүнийг цохиж, үүнийг харсан С.Э төрсөн эхийгээ өмөөрөхөд хохирогч шүүгдэгчийг хоолой хэсгээс багалзуурдаж нүүр хэсэгт цохисны дараа шүүгдэгч хохирогчийн нүүр хэсэгт цохиж байгаа үйлдлийг хохирогчийн халдлага довтолгоон төгсөөгүй үргэлжилж байх үед уг халдлага довтолгооныг зогсоох зорилгоор халдлага үйлдэгч этгээд рүү чиглэж үйлдсэн, уг халдлагыг зогсооход чиглэсэн байх тул дээрх аргагүй хамгаалалт хууль ёсны байх шаардлагууд хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болох “Аргагүй хамгаалалт” хийгдсэн үндэслэлээр С.Эыг цагаатгаж шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/287 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Энхбаярын цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Харин анхан шатны шүүх Цагаатгах тогтоолын 2 дахь заалтдаа “ ... прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, ... яллах дүгнэлтийг тус тус хүчингүй болгох” -оор заасан нь шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/287 дугаар цагаатгах тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Д.Энхбаярын 2025 оны 03 дугаар сарын 06-ны 09 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ,

 ШҮҮГЧ                                              Б.БАТЗОРИГ

                         ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                               Ц.МӨНХТУЛГА