Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 315/ШШ2025/00493

 


 

 

 

2025       12           02                                            315/ШШ2025/00493

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* баг, *******, ******* тоот хаягт оршин суух, *******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сум, ******* баг, *******, тоот хаягт оршин суух, т холбогдох, 

 

Хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Номин-Эрдэнэ  нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь 

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* өөрийн цахим хаягаар 3-6 сарын хугацаатай хөрөнгө оруулалт авна, сар бүр хөрөнгө оруулалтын 10 хувийн ашиг хүртээнэ гэх зарын дагуу 2025 оны 01 дүгээр сарын 17-нд 40,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. 2025 оны 04 дүгээр сарын 17-нд эргүүлэн өгөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул хариуцагч *******ээс 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эвлэрэх боломжтой гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүнийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба хариуцагчийн зүгээс 16.000.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр төлсөн болно. Нэхэмжлэлд дурдсанаар 40 сая төгрөгийг авахдаа ямар нэгэн гэрээ байгуулаагүй ба уг 40 сая төгрөг нь ямар зориулалттай, ашиг олсон эсэх, бизнесийн эрсдэл учирсан эсэх зэрэг хоорондын харилцааны талаар огт дурдаагүй байна. Мөн 16 сая төгрөг авсан талаараа нэхэмжлэлдээ огт дурдаагүй байгаа тул үүнийг хасаж тооцох нь үндэслэлтэй байна. Миний хувьд эвлэрэх боломжтой. Нэхэмжлэгч 40 сая төгрөгийг шилжүүлж өгсөн байгаа  хариуцагч нь үүнээс 16 сая төгрөгийг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 24 сая төгрөг дээр эвлэрэх боломжтой. Хариуцагч ******* БНХАУ-д ажиллаж байгаа, удахгүй ирнэ. Ингээд шинээр гэрээ хийх ч юм уу, хоорондоо тохиролцож шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.  

 

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны  *******аас *******т 40,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримтын хуулбар, гэх фейсбүүк хаягаас оруулсан постуудыг хуулбарласан баримт, гэх фейсбүүк хаягаас бичсэн чаатыг хуулбарласан баримт, *******ийн ХААН банкны дугаартай  депозет дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг,

 

Хариуцагчаас хариу тайлбар, дугаартай итгэмжлэл зэргийг шүүхэд нотлох баримтаар тус тус гаргаж ирүүлсэн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгч *******ийн  хариуцагч *******ээс Хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагын 24,000,000 төгрөгийг хангаж, үлдэгдэл 16,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.  Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон.

Үүнд: *******ийн гуйлтаар 2025.01.17-ны өдөр 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ******* нь уг мөнгийг аваад 10 хувийн ашиг төлнө гэдгээ чатаар хэлдэг байсан  тэгээд миний Хаан банкны тоот дансанд нийт 4 удаагийн үйлдлээр арвижих ашиг гэж 16,000,000 төгрөг шилжүүлсэн. Иймд үндсэн зээл болох 40,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас хариуцагчаас шаардах эрхтэй гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч ******* нь 16.000.000 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр нэхэмжлэгчид төлсөн  болно. Нэхэмжлэлд дурдсанаар 40 сая төгрөгийг авахдаа ямар нэгэн гэрээ байгуулаагүй ба уг 40 сая төгрөг нь ямар зориулалттай, ашиг олсон эсэх, бизнесийн эрсдэл учирсан эсэх зэрэг хоорондын харилцааны талаар огт дурдаагүй байна. Нэхэмжлэгч нь 16 сая төгрөг авсан талаар огт нэхэмжлэлдээ дурдаагүй байгаа тул үүнийг хасаж тооцох нь үндэслэлтэй байна гэж маргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, Хаан банк дахь нэхэмжлэгчийн тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хоорондоо бичсэн фейсбүүк чат зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 Талуудын хооронд  гэрээ бичгээр байгуулагдаагүй бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан.

 

5.2 Хариуцагч *******ийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч ******* нь 2025.01.17-ны өдөр 40,000,000 төгрөгийг түүний Хаан банкны тоот дансанд шилжүүлснээр *******, ******* нарын хооронд  зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 28******* зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

 

7. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 40,000,00 төгрөгийг хариуцагч *******т шилжүүлэн өгсөн байх ба зээлдэгч нь зээлсэн мөнгийг тохирсон хугацаандаа буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг хариуцагч *******ээс шаардсан нь үндэслэлтэй байна.

 

8. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ийн Хаан банкны тоот дансанд 2025.02.18-нд 4,000,000 төгрөг, 03 сарын 21-нд 4,000,000 төгрөг 2025.04.21-нд 4,000,000 төгрөг, 2025.06.03-нд 4,000,000 төгрөгийг “” нэртэйгээр шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Хаан банкны дипозет дансны хуулгаар тогтоогдож байна.

 

9. Иргэний хуулийн 28******* зүйлийн 282.3 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд зохигчдын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгчээс хариуцагч *******ийн урьдчилан төлсөн 16,000,000 төгрөгийг зээлийн хүү гэж тооцон үндсэн зээл 40,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч өөрийн гаргаж буй тайлбар татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн гэх фейсбүүк хаягаас 2024.08.09-нд оруулсан “гэртээ зүгээр сууж байгаад хөрөнгө оруулаад сар бүр 10 хувийн ашиг хүртэх хүмүүс чат 2,3 хүн авна...” гэх

 мөн 2024.05.19-нд оруулсан  “...Өгвөл өгсөн шиг өгөөд, хийвэл хийсэн шиг хийгээд өгье юүүкүү Дуусашгүй брэндийн 2 дахь бүтээл амжилттай захиалагдлаа үүн дээр 2.3хан даацтай ашиг хүртэх хүмүүс оролцож болно чат бичээрэй сар бүр 10%н ашгийг 3-6н сар тогтмол хүртээл явна. Мөн ДАА-брэнд маань эхний ээлжинд өөрөөрөө босч байгаа тул та бүхний саналд нийцсэн нутгийн үйлдвэрлэлийг эхний ээлжинд урдаа үйлдвэрлээд Монголдоо нийлүүлэхээр ярилцаж тохирлоо ямар залуучууд биднийг бүтэлтэй дэмжээд өгдөг биш дээ төр засаг нь.. ингээд ч болов өөрсдийн хүчээ дайчлаад хөдлөөд эхлэлээ нь Зарим нь үйлдвэр нь энд бол гэх юм хэлэх амархан хийх хэцүү шүү хүмүүсээ...” гэх,

дэлгүүр гэх фэйсбүүк хаягнаас 2024.08.29-нд оруулсан “...8.29нд том мэдээтэй ингээд хичээл зүтгэлийн минь оргил батлагдлаа намайг дэмжсэн бух хүмүүст баярлалаа нийт хөрөнгө оруулагч нартаа баярлалаа одоо ингээд урт ажлын гүүр маань тавигдсан тул та хэдийгээ хайрлах хохиролгүй болгох их гүрний ажил маань тээргүй болчихсон ямар их зовж ямар их айваа хэдүүлээ надад гомдсон бүх хүмүүсээ уучлаарай, одоо удахгүй хичээл зүтгэл шүдээ зуугаад тууштай явсны минь үр дүн дүнгээ онцын онцоор тавиуллаа энэ л өдрийг хүлээж нойр хүрэхгүй өглөө босоод л гол харлаад хоол ч орохгүй байлаа ш дээ би нь хоосон шүлсээ залигаад хоосон дансаа байн байн хараад хөөрхий хэдэн хөрөнгө оруулагч нараа бодоод нуур далай болтол уйлсаан би одоо удахгүй хэдүүлээ болчилоо шдээ баярын нулимс л урсдаг болж байнаа одоо тасралтгүй д уйлаад юмаа би араггүй л өглөгийн хот юм бнаа Баярлалаа Баярлалаа”, гэх,  2025.03.04-нд оруулсан нь 2024 оны 8н сараас эхлэн хөрөнгө оруулагч нар татаж тэдэндээ сар бүр 10%н ашиг хүртээж амьдрал ахуйд нь хэн хэндээ тус дэм болж иржээ... Битүүний өдөр хүртэл нийт хөрөнгө оруулагч нарын 80%г буцаан өгч амжилттай хаалаа салбар-2 болж салаалж үржиж өслөө баярлалаа та бүхэндээ мөн манайх борлуулагч болон гэрээрээ хуримтлал явуулдаг иргэдийг дэмжиж мөн борлуулалтын хувиас нь 10%н ашиг болон бараан дээр цэвэр үнэ нэмж зарах боломжийг нийт 21н хүнд олгож тэднийхээ амьдралд тустай дэмтэй явж байнаа... дэм дэмэндээ гэж хүн гэдэг амьтан чинь урмаар л тэтгэгдэж амьдардаг жуу дээ цаашдаа ч манайх барааны борлуулагч болон хөрөнгө оруулагч нараа авсаар байх болно Гар гараасаа бариад хорвоог хамтдаа туулж хөгжицгөөе 4.15H хүртэл сар бүрийн хөрөнгө оруулалтын хувиа 10% хэвээр байлгаж борлуулагч нартаа 15%н ашиг хүртээхээр шийдлээ админ нь учир 4.15нд 9н настай болж байгаан байнаа өөрөөсөө мөнгө гаргалгүй итгэл даагаад бараа борлуулаад ашиг авах хүмүүс бас холбогдоорой удахгүй 12 сумандаа салбартай болноо Коментоор мэдээлэл гээд байлгүй админтайгаа шууд л холбогдоорой манайхан 10н борлуулагч лав нэмж авна жүү” гэх, 

2025.03.10-нд оруулсан “Зиак админ нь ганцаараа байгаа болохоор борлуулагч нарт зориулсан сургалтаа өнөөдөр хийх ёстой байсан амжихгүй байгаа тул биеэрээ ирж уулзаж мэдээлэл авч болно. Сap бүр 10%н ашиг хүртэж хөрөнгө оруулагч нар холбогдож бас болно... Утас: ” гэх,  

2025.03.26-нд оруулсан “26,27,28-нд хөрөнгө оруулсан хүмүүс буцаагаад 1 хувиа өөрсдөө авч байгаа жүү” гэх  постуудыг

мөн   гэх фейсбүүк хаягаас  “ заа моонийгоо савчих найз 3-н сараар 10 хувь авъя, байгаагаа савчих найз, руу захиалга гээд найзаа”  гэж бичсэн чаат зэргийг хуулбарлаж ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд эдгээрийг үндэслэн зохигчдын хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

11. Иймд  40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 24,000,000 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12.  Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 24,000,000 төгрөгт  ноогдох улсын тэмдэгтийн хураамж 284,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 28******* зүйлийн 282.3 , 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс зээлийн гэрээний үүрэгт 24,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн урьдчилан төлсөн 16,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 24,000,000 төгрөгт  ногдох улсын тэмдэгтийн хураамж 284,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.БАЯРБААТАР