Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/567

 

 

 

    2025          05            14                                         2025/ДШМ/567

 

И.Сид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Гармаа,

шүүгдэгч И.С, түүний өмгөөлөгч М.Батбаатар, Д.Очирваань,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/326 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Сийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2411000001500 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Ондгон овгийн И.С, 1988 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:......................./;

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн ................... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Шүүгдэгч И.С нь Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.............” гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдөр хүртэлх хугацаанд зохих зөвшөөрөлгүйгээр 273 кг ховор ургамал болох “Хуш” модны үр буюу самрыг хууль бусаар бэлтгэж, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Бага баяны ам” гэх газраас өөрийн эзэмшлийн ............... улсын дугаартай “тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслээр Чингэлтэй дүүргийн “Гүнт шалган” нэвтрүүлэх товчоо хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: И.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч И.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Сид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Сийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч И.Сид мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан 7 шуудай 273 килограмм цайруулсан самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч И.Соос 80.999.100 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт битүүмжлэгдсэн И.Сийн эзэмшлийн 50-88 УАУ улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг чөлөөлж, уг автомашины үнэ болох 12.985.000 төгрөгийг шүүгдэгч И.Соос гаргуулж улсын орлого болгож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч И.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар 80.999.100 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэ болох 12.985.000 төгрөг, нийт 93.984.100 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 80.999.100 төгрөг гаргуулсан хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг нь торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн 3 төрийн эрүүгийн хариуцлагатай гэмт хэрэг байна. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг анхаарах ёстой байсан. Тодруулбал, надад 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь миний хувийн байдлыг харгалзаж үзээгүй буюу гэр бүлийн байдал болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл байдлыг минь анхаараагүй. Би 2023 оны 11 сард уушгины хатгалгаа авч, мөн тунсаанд хордон яаралтай тусламжаар Цэргийн госпитальд хүргэгдсэн. Улмаар 2 сар ухаангүй тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 2024 оны эхээр эмнэлгээс гарсан юм. Үүний улмаас уушгины асуудалтай болж, одоогоор удаан ярих, хол болон шатаар алхах тохиолдолд амьсгаа давхцаж, ухаан балартах, байнга өндөр амьсгаатай байх зэрэг эмгэгтэй болоод байгаа. Энэ асуудлаас болж өдөр тутамд байнга эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Эхнэр маань эмнэлэгт тогооч ажилтай, 2-12 насны дөрвөн хүүхэдтэй. Нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаар миний бие эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэж чадахгүй болох, улмаар насаараа энэхүү уушгины асуудлаа эмчлүүлж чадахгүй болох, гэр бүлээ авч явах зэрэг асуудалд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан. Хуучнаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын А/282 дугаар тушаалаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д зааснаар тодорхой хугацаанд хуш модны самрыг бэлтгэж болдог бөгөөд миний бие самар түүхдээ ямар нэгэн байдлаар ойн санг эвдэж сүйтгээгүй, шууд хохирол учруулаагүй байдаг. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Дамно” ХХК цайруулсан 7 шуудай самрыг 2.730.000 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээ нь яг бодит байдал дээр самар хэдэн төгрөгөөр борлуулагдаж буй эдийн засгийн үнэлгээ юм. Үүнийг шүүх харьцуулалгүй шууд өндөр хохирлоор тооцсонд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хохирлын хэмжээг багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирваань тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл бүхий хэд хэдэн нөхцөл байдал байна гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлэгт дурдсанаар И.Сийн самар түүсэн газар нь улсын болон орон нутгийн хамгаалалттай бүсэд хамаарахгүй бөгөөд байгаль орчинд хор хохирол учруулахуйц үйлдэл хийгдээгүй. Мөн самар түүх явцад мод гэмтээгээгүй, байгаль орчинд хор хохирол учруулаагүй нь тогтоогдож байна. Шүүгдэгч И.Сийн хувийн байдлыг харгалзан үзвэл, тэрээр 2023 оны 11 дүгээр сард ажлын байрандаа "тунсаа" хэмээх нэршилтэй хорт бодист хордож, уушгины 90 хувийг алдсан. Үүний улмаас тэрээр эмнэлэгт 74 хоног ухаангүй байж, 4-5 сарын турш хүчилтөрөгчийн аппарат хэрэглэсэн байна. Эмч нарын зөвлөснөөр түүний уушгийг  сэргээх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шилмүүст ойд байнга агаарлах шаардлагатай болсон. Шүүгдэгч нь тухайн үед зөвшөөрөгдөөгүй хугацаанд унасан боргоцой түүсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаарх баримтад маргахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын хүрээнд гэмт хэргийн шинж чанар, хор уршиг, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан, тохирсон шийтгэл оногдуулах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн шүүгдэгч нь 4 хүүхэдтэй, эрүүл мэндийн байдал хүнд, өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин ч хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзаж, тэнсэн харгалзах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн гомдлыг дэмжиж оролцож байна. Үүнд нэмж хэлэхэд хохирлын асуудлыг анхан шатны шүүх хуульд заасны дагуу хохирлыг хэмжээг гаргуулаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.1 болон 49.4.1 дэх заалтыг үндэслэж 80.999.100 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь хуульд нийцэхгүй байна. Учир нь, самар нь Ойн тухай хуулийн 3.1.12 дах заалтад зааснаар “ойн дагалдах баялагт” хамаарна. Хэрэв ойн дагалдах баялагт хохирол учруулсан, зөвшөөрөлгүй түүсэн тохиолдолд Ойн тухайн хуулиар учруулсан хохирол төлбөрийг гаргуулах зохицуулалтай байдаг. Тус хуулийн дагуу гаргуулах боломжтой байсан. Тодруулбал, Ойн тухайн хуулийн 42.1.3 дахь хэсэгт “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн” хохирлыг гаргуулна гэдэг. Ингэхдээ яаж гаргуулна гэхээр хохирлын хэмжээг хэрхэн тооцох аргачлалыг заасан. Нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр гаргуулна гэдэг. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гурван шинжээчийн дүгнэлт гарсан. Хоёр нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг үндэслэсэн бол нэг нь 273 кг самар нь зах зээлд хэдэн төгрөгөөр зарагдаж байгааг тодорхойлсон. 1 кг-ийг 10.000 төгрөгөөр тооцож 2.730.000 төгрөгөөр тооцсон дүгнэлт гаргасан. Холбогдох хуулийн дагуу харахад нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг 2.730.000 төгрөгөөр гаргах боломжтой холбогдох зохицуулалт нь байна. Үүнийг ялгаж харах шаардлага нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь 1995 онд батлагдсан бол Ойн тухай хууль нь 2015 онд батлагдсан. Сүүлд батлагдсан буюу тухайн баялагтай холбоотой асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль. Тиймээс энд учирсан хохирлыг энд байгаа хуулиараа зохицуулна гэж нарийвчилсан гэж ойлгож болно. Хохирлыг 80.999.100 төгрөгөөр тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж болно. Холбогдох хуулийг анхаарч үзээгүй байна. Ойн тухайн хуулийн 42.4 дэх заалтад бусад хохирлын асуудлыг ойн сангийн, экологи эдийн сангийн үнэлгээг үндэслэж гаргуулж болно гэж заасан байдаг. Бусад асуудлыг ойн сангийн шууд учирсан хохирлыг гаргуулж болохоор байгаа юм. Гэтэл И.Сийн яригдаж байгаа асуудал нь ойгоос самрыг түүхдээ бусад ургамалд шууд хохирол учруулсан зүйл байдаггүй. Зүгээр унасан байсан самрыг түүсэн асуудал байна. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзвэл хохирлын асуудлыг Ойн тухай хуулийн дагуу шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирлын хэмжээг багасгаж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Гармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч болон өмгөөлөгчийн гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээгүй, мөн зорчих эрхийг хязгаарлахдаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хязгаарласан нь үндэслэлгүй гэж тайлбарласан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс гэр нь Баянзүрх дүүрэгт оршдог, мөн Цэргийн төв эмнэлэгт тогтмол хяналтад байдаг тухайгаа тайлбарласан. Үүний дагуу зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр гэж зааж байгаа нь тухай хүний эрх ашгийг хөндөхгүй гэж үзэж ялын саналыг тавьсан. Өөр эмнэлэгт үзүүлэх шаардлагатай бол өөрчлөх боломжтой. Мөн Д.Очирваань өмгөөлөгчийн хэлж байгаагаар хуш модыг гэмтээсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд зааснаар И.С нь Засгийн газраас тогтоосон бус хугацаанд хуш модны самрыг түүж бэлтгэсэн үйл баримт тогтоогддог. Тиймээс модыг гэмтээхгүйгээр түүсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд зааснаар тогтоосон бус хугацаанд буюу хориглосон цаг хугацаанд самрыг түүсэн гэж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн. М.Батбаатарын өмгөөлөгчийн хувьд хохирлыг Ойн тухай хуулиар зохицуулах ёстой гэж үзсэн. Хэргийн явцад хоёр шинжээчийн дүгнэлт авагдсан. Шүүх шинжилгээний газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3015 дугаар шинжээчийн дүгнэлтээр  хохирлыг 134.998.500 төгрөгөөр дүгнэдэг. Шүүх шинжилгээний газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 2888 дугаар шинжээчийн дүгнэлтээр 273 кг самрын 98.900 төгрөгөөр бодож хохирлыг 26.999.000 төгрөгөөр дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчид ашигтай байдлаар 26.999.700 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн 3 дахин үржүүлж нийт 80.999.100 төгрөгөөр хохирлын дүнг тогтоосон байна. Мөн 1995 оны Засгийн газрын 153 дугаар тогтоолд ховор ургамлын жагсаалтыг нарийвчлан гаргаж өгсөн. Үүнд нарсны төрлийн модны үр хамаарна. 2015 оны Засгийн газрын 414 дүгээр жагсаалтад нарсны төрлийн модны үр, ойн нэрс, хуш, нарсны үр, идээ гэх зэрэг тодотгож нэмэлт өөрчлөлийг оруулсан. Тиймээс энэ нь өөрөө Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.2 дах заалтад зааснаар ойн дагалдах баялаг гэдэгт хамаарч байгаа учраас 26.999.000 төгрөгийг 3 дахин буюу 89.999.100 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/326 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар И.Сид холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч И.С нь .........дүүргийн ...............дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “.............” гэх газраас 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 17-ны өдөр хүртэлх хугацаанд зохих зөвшөөрөлгүйгээр 273 кг ховор ургамал болох “Хуш” модны үр буюу самрыг хууль бусаар түүж, бэлтгэн, 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “...............” гэх газраас өөрийн эзэмшлийн .......... улсын дугаартай “тоёота приус 30” маркийн тээврийн хэрэгслээр Чингэлтэй дүүргийн “................” нэвтрүүлэх товчоо хүртэл тээвэрлэсэн болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/,

эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх 3/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 39-43/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-д зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад “ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” буюу 26.999.700*5=134.998.500 төгрөгийг нэхэмжилж байна.”  /хх 67-69/,

гэрч Ц.П“Энэ оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай авга дүү И.С “самранд явах гэсэн юм, та надтай цуг яваад хоол унд хийгээд агаарт байж байгаач” гэхээр нь зөвшөөрөөд цуг явсан юм. Тэр өдрөө “Бага баяны ам” гэх газар руу И.Сийн эзэмшлийн 50-88 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй бид хоёр ирсэн. Замдаа шавар шавхайд суугаад маргааш өглөө “Бага баяны ам” гэх ууланд очиж И.С мод руу самар түүхээр ганцаараа яваад би хоол унд бэлдээд үлдсэн. Орой нь манай дүү ирээд түүсэн самраа цайруулахад 7 шуудай самар болсон. Тэгээд тэндээсээ шөнөдөө бид хоёр хөдлөөд Улаанбаатар хот ирж байх замд цагдаа саатуулсан. И.С ганцаараа түүж бэлтгэсэн. Надад самар түүж бэлтгэсэн асуудал байхгүй.” /хх 12-13/,

шүүгдэгч И.Сийн яллагдагчаар өгсөн: “Тогтоол болон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлнө.” /хх 125-126/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Мөнхчулууны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2888 дугаар “Сибирь нарс /Хуш/-Pinus sibirica модны үрийг цайруулан бэлтгэсэн самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр юм. Сибирь нарс /Хуш/ Pinus sibirica мод нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт’’-д орсон ургамал. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс /Хуш/- Pinus sibirica модны үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс /Хуш/- Pinus sibirica мод нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол алтай гэсэн ургамал-газар зүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 29,9%-тай байгаа тул нойтон байна. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд хэмжээ, жинд өөрчлөлт орох боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн самрыг цаашид үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 килограмм нойтон, Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 273 килограмм самрын экологи эдийн засгийн үнэлгээг тооцвол 98.900x273кг килограмм=26.999.700 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 26.999.700х3=80.999.100 төгрөг байна.” /хх 81-87/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3015 дугаар “Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 26.999.700х5=134.998.500 төгрөг байна.” /хх 109-110/ гэсэн дүгнэлтүүд,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЭК-24-28 дугаар “Цайруулсан 7 шуудай самар 2.730.000 төгрөгөөр үнэлэв” /хх 134-136/ гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүгдэгч И.Сийг “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч И.С “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хохирлын хэмжээг багасгаж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдөр баталсан Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зөв, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан суурь хууль бөгөөд уг хуулиар байгаль орчинд хамаарах объектуудыг газар, ус, агаар, ургамал, амьтан гэх зэргээр төрөлжүүлэн салбарын хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

Тухайлбал, Байгалийн ургамлын тухай хуулиар ой болон таримал ургамлаас бусад ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байх бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар ургамлын нөөц, нөхөн сэргэх чадварыг харгалзан нэн ховор, ховор, элбэг ургамал гэж ангилан, ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулж, энэ төрөлд багтах ургамлын жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилжээ.

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-ийг ховор ургамлын жагсаалтад оруулсан тул энэ төрлийн мод, түүний үр, идээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлээр хамгаалсан байна.

Самар нь Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар ойн дагалт баялагт тооцогдох бөгөөд хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр, тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах журмыг тогтоосны зэрэгцээ тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар тухайлан заасан нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, жам ёсоор нөхөн сэргээгдэх шинж чанарыг хадгалах зорилгыг илэрхийлж буйг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч нь худалдан борлуулах зорилгоор, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал болох сибирь хуш модны самрыг түүж бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь дээрх зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.  

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын тухайд сибирь хушны самар нь ховор ургамалд тооцогдохын зэрэгцээ ойн дагалт баялагт хамаарч байх тул анхан шатны шүүх ойн санд хохирол учруулсан гэж үзэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээр хор уршгийг тооцож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь Сибирь хушны самрыг ойгоос модонд гэмтэл хохирол учруулалгүй түүсэн гэж тайлбарлажээ.  

Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжид нэн ховор, эсхүл ховор ургамал болон тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бүхий л үйлдлийг хамааруулсан билээ.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ялын онцгой төрөл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаарлалтын бүсийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна. 

Иймд гэм хорын хохирлыг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцуулах, ял оногдуулахгүй тэнсэхийг хүссэн шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/326 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                Ц.МӨНХТУЛГА