Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/ма2018/01133

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мөнгөнтүлхүүрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07ы өдрийн 181/ШШ2018/00546 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Мөнгөнтүлхүүрийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Баттулга, Л.Дашиймаа, А.Нарангэрэл, П.Адъяа, А.Оргодол нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 14 098 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Мөнгөнтүлхүүр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Баднайнямбуу

Хариуцагч Л.Дашиймаа

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Нарангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Мөнгөнтүлхүүр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 02 цагт манай хөрш айлын модны цех нь шатаж манайх руу гал дамжин гэр орныг минь шатаасан. Бид 1 дүгээр сарын 8-ны өдөр н.Бадамханд өмгөөлөгчийн хамт н.Оргодол Л.Дашиймаа 2-той зөвшилцөж 8-9 хоногийн дотор байшинд нь засвар хийгээд гэрт чинь оруулъя гэсэн боловч хариу өгөлгүй сар гаран болсон учир шүүхэд хандсан. Бид орон гэргүй 14 сар болж байхад хэрэг шийдэгдээгүй байр түрээслэн амьдарч байна. Гал үүдний амбаараас эхэлсэн. Гал гараад 5 минут өнгөрсөн байхад бидэнд галын талаар хэн ч мэдэгдээгүй. Шөнийн 02 цагт үүдний амбаарт юм дуугараад байхаар нь гарч харахад гал гарч байсан. Бид 3 хүүхдээ гаргасан, хаалгаар гал дамжин гэрийн доторх эд зүйлсийг шатаасан. Галын шалтгаан хажуу айлаас гарсан гэдэг нь нэгэнт тогтоогдчихсон. Цагдаагийн байгууллага эд хөрөнгөө үнэлүүл гэсний дагуу бид Итгэлт эстэймент ХХК-иар үнэлгээ хийлгэсэн боловч хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй учир Баянмодот ХХК-иар үнэлүүлэхэд 11 958 600 төгрөг гарсан. Үүнийг хариуцагч нараас нэхэмжилж байгаад сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа 1 700 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Одоо гал гарсан байшингийн өмчлөгч нь Л.Дашиймаа, гэм хор учруулсан этгээд Ч.Баттулга, тэр цехэд хийсэн бүтээгдэхүүнийг А.Нарангэрэл борлуулдаг тул хариуцагч нараас 14 607 680 төгрөг гаргуулахаар шаардсан. А.Нарангэрэлд холбогдох шаардлагаас татгалзая, Л.Дашиймаа, Ч.Баттулга нараас нэхэмжилнэ. Энэхүү нэхэмжлэлийн үнийн дүнд Баянмодот ХХК-ийн үнэлгээний дагуу 11 958 600, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл гэр түрээсэлсэн 9 сарын төлбөрт 450 000 төгрөг, Баянмодот ХХК-ийн үнэлгээний хөлс 250 000 төгрөг, нийт 14 098 600 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Л.Дашиймаа, Ч.Баттулга, А.Нарангэрэл нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 01 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө манай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Алтайн 28-7-н тоотод орших хашаа байшинд гал гарч манай 32 м.кв бүхий байшин, тоног төхөөрөмж галд автан бид маш их хэмжээний хохирол учирсан. Бид дээрх гал хаанаас, ямар шалтгаанаар гарсныг одоог хүртэл мэдэхгүй. Тухайн өдөр гал хойноосоо эхэлж гарсан байдаг, салхи баруунаас зүүн чиглэж байсан, хариуцагч Ч.Баттулга нь гал гарсан гэх байшингаас оройн 24 цагийн үед гарч явахад ямар нэг гал гарах шинж тэмдэг байгаагүй, бүх зүйл хэвийн байсан. Гэтэл гэнэт л шөнийн 1 цаг 30 минутын орчим манай хажуу айл буюу нэхэмжлэгч нарын байшингийн талаас манай байшин дээвэр хэсгээсээ шатаж эхэлсэн юм. Бид эхэн үед манай байшингаас эхлээд гал гарсан учир гал манайхаас гарсанд бид буруутай мэт ойлгон, нэхэмжлэгч нараас уучлалт гуйж, амбаарыг чинь янзалж өгнө гэж байсан боловч бодит байдалд гал бидний буруутай үйл ажиллагааны улмаас гарсан гэдэг нь тогтоогддоггүй. Бид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн эд хөрөнгөнд учирсан хохирлын үнэлгээ болон галын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Дашиймаа шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож гаргасан тайлбартаа: 2017 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө манай хашаанд 9х10 хэмжээтэй нөхөр зээ хүү бидний амьдардаг, 6х6 хэмжээтэй Ч.Батулга эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байшин байсан. Гал гарах үед би унтаж байсан. Нөхөр маань бие засах гэж гараад ажлын амбаар араасаа шатаж байна гэсээр орж ирсэн. Манай нөхөр байшингийнхаа урьд байсан машинаа гаргасан. Тэр хугацаанд Ч.Баттулга эднийхийг мөн дуудаад гарч ирэхгүй байсан. Манай ажлын амбаар тэр чигтээ шатсан. Энэ амбаар нь 90 хувийн гүйцэтгэлтэй өмчлөлийн орон сууц, энэ байшинд амьдарч байсан н.Оргодол гэдэг хүү маань эхнэр авч хадмындаа амьдрах болсоор би ажлын багаж хэрэгслээ байршуулан ажилладаг. Манай хүргэн зургийн жааз хийдэг. Манай нөхөр ойр зуурын зүйлс хийж Нарантуул зах дээр тавьж борлуулдаг. Амбаар доторх зарим эд зүйлс шатсан. Гал гарах үед хаалгаа онгойлгосноос болоод ламперан тааз нь хэсэг хэсэг хэмжээний газар хайлж урсаад хөшиг болон хана тааз зэрэгтээ нөлөөлсөн зүйл байгаа. Нэхэмжлэгч тал зарим зүйлсээ хэтэрхий өндөр үнэлсэн. Тэр үед Б.Мөнгөнтүлхүүр нь дүүтэйгээ, ээжтэйгээ ирээд бид нарыг чирч зодож алгадсан. Тухайн үед би уур бухимдлаасаа болж ингэж байна гэж бодоод өнгөрөөсөн. Түүний дараа н.Бадамханд гэх өмгөөлөгчийг дагуулан ирсэн. Бид нар өвлийн хүйтэн байсан тул байшинг чинь хүүхдүүдтэйгээ нийлээд янзлаад гэр оронд нь оруулаад өгье гэж хэлж байсан. Би өөрөө их хэмжээний хохирол амссан учир энэ хэргийг хариуцмааргүй байна. Хамгийн сүүлд гал түлсэн хүн нь Ч.Баттулга. Галын дүгнэлт маш тодорхой гарсан. 3 үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн. Итгэлт эстэймэнт ХХК 12 907 680 төгрөг, Хөрөнгийн үнэлгээний төв 9 251 000 төгрөг, Баянмодот ХХК нь 11 951 600 төгрөгөөр тус тус үнэлсэн. Эдгээрээс жишээ дурдахад Итгэлт эстэймент ХХК нь 11 метр модон хашааг 105 000 төгрөгөөр үнэлсэн бол Хөрөнгийн үнэлгээний төв 4 метр хашаа гээд үнэ тавиагүй, Баянмодод 2мм-ийн банзан 4 метрийн урттай 3 куб метр 54 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байсан. Буйдангийн үнэлгээ гэхэд Итгэлт эстимэйт ХХК нь 15 000 000 төгрөгөөр үнэлж, эдэлгээний үнэд 300 000 төгрөг хасаад 12 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Энэ мэтээр зөрүүтэй үнэлгээ гаргасан. Гутлууд гэхэд л хүн хэрэглэх гутал огт байхгүй байхад өндрөөр үнэлсэн учир би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид манай байшинд гал гарсан гэдэгт маргахгүй. Харин галаас үүдэн иргэн Б.Мөнгөнтүлхүүрийн байшингийн амбаар болон доторх эд зүйл шатсан байгаа дээр маргаж байна. Цагдаагийн байгууллагын алдаа нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлдээ галд шатсан болон үлдсэн зүйлсийг тодорхой тусгах ёстой байсан. Гэтэл тэдгээрийг огт дурдаагүй бөгөөд нөгөө талыг нь танайхаас гал гарсан байна гээд нөгөө талыг нь танайх эд хөрөнгөө үнэлүүл гэж хэлдэг. Тэгэхээр нэхэмжлэгч тал өөрийн санаанд таарсан бүхий л зүйлийг үнэлүүлсэн. Галын байцаагч нар галын акт тогтоохдоо галд шатсан болон үлдсэн зүйлсийг тус тусад нь гаргадаг байтал тэгж гараагүй. Тухайн үед хариуцагч нар галын акттай холбоотой гомдол саналаа гаргаагүй учраас өнөөдөр яах аргагүй нотлогдчихоод яваад байна. Анхны үнэлгээний дүнд эхлээд нэхэмжлэгч, дараагийн дүгнэлтэд хариуцагч тал гомдол гаргасан. Дахиад 2 дүгнэлтийг хүлээн зөвшөөрөлгүй хариуцагч тал дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтүүдээс харахад эд зүйлсийн үнэлгээ бодит байдалд нийцээгүй. Гэр хөлсөлсөн асуудал дээр яг мөнгө авалцаж өгөлцсөн баримт байхгүй. Нэхэмжлэлийн үнийн дүнгийн зарим хэсгийг хариуцагч нар хүлээн зөвшөөрдөг бөгөөд үнэлгээтэй холбоотой асуудал маргаантай байгаа учраас хариуцагч нар хүлээн зөвшөөрөхгүй. Бид байшинд шаардлагатай засварын ажлыг хариуцаж болно. Гэм хорыг өмчлөгч Л.Дашиймаа гал гаргасан гэх Ч.Баттулга хариуцах ёстой юм уу гэдэг тал дээр бас л эргэлзээтэй байна. Хэдийгээр өмчлөгч нь Л.Дашиймаа байх боловч гэм хор учруулсан этгээд Ч.Баттулга гэдэг нь харагддаг гэжээ.

Хариуцагч А.Нарангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Би гэртээ 2 хүүхдээ хардаг. Би гал гарах үед гэртээ байсан бөгөөд ажлын амбаарт огт ороогүй. Би Л.Дашиймаатай хамт нэг хашаанд нөхөр Ч.Баттулга болон 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай байшин руу гал ороогүй ажлын амбаар шатсан. Тус ажлын байрны хөрөө рамыг хааяа л хэрэглэж байсан. Нөхөр маань ч бас хааяа л юм хийдэг. Би энэ хэрэгт ямар ч хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ч.Баттулга шүүхэд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт манай эхнэрийг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. Тухайн ажлын байранд хамгийн сүүлд гал түлээд гарсан хүн би юм. Би тэр өдөр нь ажиллаагүй, орой 21 цагийн үед гал түлээд шөнийн 12 цаг хүртэл ажил хийж байгаад буусан. Шөнө 02 цаг болж байхад гал гарсан. Намайг гарах үед гал буучихсан байсан гал гарахаар байгаагүй. Амбаар дотор байсан запас дугуй болон амартизатор шатсан гэж нэхэмжлэгч мэдүүлдэг боловч тэнд тэдгээр зүйлс байсан ул мөр байдаггүй. Бусад тайлбар нь Л.Дашиймаагийнхтай ижилхэн. Би нэхэмжлэлийн үнийн дүнгээс амбаар болон байшингийн дотор засал хийхийг хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээний дүн дээр санал нийлэхгүй байна. Жишээ нь 11 метр 5 м-ийн банзан хашаа гэж бичсэн байна гэтэл 8 м-ийг манай ажлын байр халхалдаг энэ мэтчлэн худал зүйлс байна гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Мөнгөнтүлхүүр П.Адъяа, А. Оргодол, А.Нарангэрэл нарт холбогдох шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний Хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 11 958 600 төгрөгийг хариуцагч Л.Дашиймаагаас гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнгөнтүлхүүрт олгож, нэхэмжлэлээр шаардсан дүнгээс үлдэх 2 140 000 төгрөг гаргуулах болон хариуцагч Ч.Баттулгад холбогдох шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Дашиймаагаас 200 000 төгрөг гаргуулж, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263 623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Дашиймаагаас 206 287.6 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Мөнгөнтүлхүүр давж заалдах гомдолдоо: Миний бие хариуцагч нарт холбогдуулан шүүхэд Итгэлт эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 12 467 680 төгрөг, хөрөнгийн үнэлгээний зардал 200 000 төгрөг, гэр хөлсөхөд төлсөн 240 000 төгрөг, нийт 12 907 680 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа нэмэгдүүлж хохирлыг Баян модот ХХК-д төлсөн үнэлгээний 250 000 төгрөг, гэр түрээсэлсэн 9 сарын төлбөр 450 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1 000 000 төгрөг, нийт 1 700 000 төгрөгөөр нэмэгдүүлж 14 607 680 төгрөгийг шаардсан. Хохирлын үнэлгээг Баян модот ХХК-ийн гаргасан 11 958 630 төгрөгөөр тогтоосныг үндэслэн анхны хохиролтой холбоотой шаардлагаа 509 050 төгрөгөөр багасгаж, нийт 14 098 630 төгрөгийг шаардсан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн хохирол болох Баян модот ХХК-ийн гаргасан үнэлгээ болох 11 958 630 төгрөгийн хэмжээгээр төлбөрийг гаргуулж бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Өмгөөлөгчийн болон үнэлгээчний зардлыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч байгаа боловч Л.Дашиймаа нарын буруутай үйлдлээс болж одоог болтол бусдын гэрийг сарын 50 000 төгрөгөөр хөлсөлсөн зардлыг буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлээгүйд гомдолтой. Гал гарснаас миний эд хөрөнгө шатсан нь Л.Дашиймаагийн буруугаас болсон гэж үзэж түүнээс хохирол гаргуулахаар шийдвэрлэж байгаа тохиолдолд үүнээс шууд шалтгаант холбоотой гэр хөлслөн амьдарч буй зардлыг гаргуулах нь зүй ёсны хэрэг юм. Бид 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байшин шатсан өдрөөс эхлэн орох оронгүй болж, Б.Тогосоос 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 240 000 төгрөгөөр хөлсөлж уг зардлыг анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шаардсан. Харин 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай М.Хүрэлбаатараас сарын 50 000 төгрөгөөр гэр хөлсөлж амьдарсан юм. Гэтэл 2017 оны 10 дугаар сар болоход бидний хэрэг маргаан шийдвэрлэгдээгүй тул гэр хөлслөх гэрээг дахин 3 сараар сунгаж 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан ч хариуцагч нар хохирол төлж барагдуулаагүй манай шатсан байшин, эд хогшил одоо болтол хэвээр, хүн амьдарч ямар ч боломжгүй байгаа тул бид гэр хөлслөх гэрээгээ 2018 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс дахин 3 сараар сунгасан. Өөрөөр хэлбэл, бид 2017 оны 7 дугаар сараас хойш 3, 3 сараар сунгасаар 2018 оны 4 дүгээр сарыг хүртэл нийт 9 сарын турш сар бүр 50 000 төгрөгөөр гэр хөлслөн амьдарч хөлсөнд нийтдээ 450 000 төгрөгийг, өмнөх 240 000 төгрөгийн хамт нийт 690 000 төгрөгийг зарцуулаад байна. Энэ талаар тухайн гэр хөлслүүлсэн хүмүүстэй хийсэн гэрээ болон тэдгээр хүмүүсээс гэр хөлслүүлсэн төлбөрөө авсан талаарх тодорхойлолт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байтал эдгээр баримтыг хариуцагч талаас баримтаар үгүйсгэж чадаагүй байхад, мөн галд байшингаа шатаалгаж үүнээс үүдэн гэрт хөлс төлөн амьдарч байгаа бодит үйл баримт байсаар атал хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн гэр хөлслөн амьдархад зарцуулсан 690 000 төгрөгийг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Дашиймаагийн өмгөөлөгч Д.Нарангэрэл давж заалдах гомдолдоо: Хариуцагч Л.Дашиймаа хохирлын үнэлгээг хэт өндөр үнэлсэн гэж маргаж байхад шүүхийн шийдвэрт хариуцагч тал маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хийлгэсэн Баянмодот ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланг хариуцагч зөвшөөрдөггүй бөгөөд шүүх хуралдаан зарлагдсан, 3 удаа үнэлгээ хийлгэсэн дахин үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэхээр нь Л.Дашиймаа хүсэлт гаргаагүй. Баянмодот ХХК-ийн нэр бүхий 3 үнэлгээчин галд шатсан хөрөнгөд учирсан хохирлын зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон гэж гарын үсэг зурсан байх боловч үнэлгээчин Ч.Чинбат гэх хүн байгаагүй, хоёр хүн л обьект дээр очсон байна. Шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар томилогдсон шинжээчдээс нэг нь оролцоогүй байх тул хууль зөрчсөн, хүчингүй дүгнэлт гэж үзэхээр байна. Хариуцагч Л.Дашиймаа нь нэхэмжлэгчийн 30 гаруй тооны хуучин гуталнуудыг хэт өндөр үнэлсэн гэж маргаад байхад Баянмодот ХХК-ийн үнэлгээчид гутал, сандаал, кет, пүүз ажлын гутал зэргийг нэг бүрчлэн биетээр үзээгүй, гэрэл зураг авч бэхжүүлээгүй, шинжилгээг бүрэн бодитой хийгээгүй байна. Үнэлгээ хийсэн хүмүүс шатсан гуталнуудыг газар дээр нь үзэж гэрэл зургаар бэхжүүлэн аваагүй гэдгийг хариуцагч баталдаг бөгөөд эх сурвалж нь тодорхойгүй гэрэл зургийг тайланд хавсаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч шатсан амбаар дотор запас дугуй, амортизатор байсан гэдэг боловч шатсан ул мөр байгаагүй талаар Ч.Баттулга тайлбар өгсөн байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд ч тусгагдаагүй байх ба хохирлын үнэлгээний тайланд запас дугуйны гэрэл зураг хавсаргагдаагүй байхад үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй юм. Иймд Баянмодот ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланг тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй тул шинжээчийн дүгнэлт хуульд нийцээгүй. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн Баянмодот ХХК-ийн үнэлгээний тайлангаас харахад Б.Мөнгөнтүлхүүр нь шатсан гуталнуудын тоо ширхэгийг эхний үнэлгээгээр 30 гутал гэж байсан бол 32 болгож, 9 гутлын үнийг өгсөн нэмэгдүүлж үнэлснээс гадна 2015 онд 11 гутал, 2016 онд 16 гутал худалдаж авсан гэж үнэлүүлсэн нь бодит үнэнд нийцэхгүй байгаа тул хариуцагч зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд Баянмодот ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь хуулийн шаардлага хангаагүй, хүчингүй дүгнэлт байх тул анхан шатны шүүх энэ дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Л.Дашиймаа Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 28-7 тоотод амьдрах газраа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газраа үнэлэн орон сууцаар солино гэж холбогдох газруудтай гэрээ хийнсээр 2017 оны 9 дүгээр сард Дархан-Өргөө хотхоны 3 өрөө орон сууцанд орсон. Б.Мөнхөнтүлхүүрийнх ч бас гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд шатсан амбаар, байшин байгаа газраа үнэлэн орон сууцаар солих нөхцөл бүрдсэн харагдаж байна. Ийм байхад шатсан амбаар, байшинг сэргээхэд зориулж материалын зардал, ажиллах хүчний зардал, тээврийн зардал гэж үнэлгээ хийлгэж 5 125 395 төгрөг нэхэмжилж байгаа нь хариуцагчаас мөнгө л авах сонирхол байгаа нь харагдаж байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 140 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг Л.Дашиймаа зөвшөөрсөн. Харин Баянмодот ХХК-ийн хийсэн хүчингүй тайланг үндэслэн 11 958 600 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хариуцагч зөвшөөрөхгүй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, хохирлын үнэлгээг үнэн зөв хийлгүүлэх хүсэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Мөнгөнтүлхүүр нь хариуцагч Л.Дашиймаа, Ч.Баттулга, А.Нарангэрэл, П.Адъяа, А.Оргодол нарт холбогдуулан гэм хорын хохиролд Итгэлт-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн 12 467 680 төгрөг, үнэлгээний хөлс 200 000 төгрөг, гэр хөлслөсөн төлбөр 240 000 төгрөг, нийт 12 907 680 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Адъяа, А.Оргодол, А.Нарангэрэл нарт холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж, гэм хорын хохиролд Баян модод ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн 11 958 600 төгрөг, үнэлгээний хөлс 450 000 төгрөг, гэр хөлслөсөн төлбөр 690 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, нийт 14 098 600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч тал хэрэгт нотлох баримтаар Итгэлт-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан /хохирлын үнэлгээ 12 467 680 төгрөг/-г ирүүлснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, тус компанийн үнэлгээний тайлангаар хохирлын хэмжээг 9 251 000 төгрөгөөр тогтоосон байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч галд шатсан байшин, амбаар, эд хогшил, тавилгад учирсан хохирлын зах зээлийн бодит үнэ цэнийг тодруулах зорилгоор дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хэргийг шийдвэрлэхэд хамаарал бүхий нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэн хүсэлтийг хүлээн авч бүрэлдэхүүнтэй шинжээчээр Баян модод ХХК-ийг томилсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцсэн боловч шинжээч С.Цэвээнроломд шинжээчийн эрх, үүргийг танилцуулсан атлаа шинжээч Р.Байгалмаа, Ч.Чинбат нарт эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг урьдчилан тайлбарлах, шинжээчээр оролцохоос татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах ажиллагаа хийгээгүй тул уг дүгнэлтийг хуульд зааснаар үнэлэх боломжгүй болно./хх 176-178/

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан журмыг баримталж гаргаагүй дүгнэлтийг шийдвэрийн үндэслэлээ болгосон нь буруу болжээ.

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07ы өдрийн 181/ШШ2018/00546 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Б.Мөнгөнтүлхүүрээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 110 төгрөг, хариуцагч Л.Дашиймаагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 287 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.ЦОГТСАЙХАН