Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/568

 

 

 

    2025             05             14                                       2025/ДШМ/568

 

Э.Ахолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Борхүү,

шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/470 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Ахолбогдох 2403007711006 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Түмэн овгийн Э.А, 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:..................../;

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....................... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 05 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...................дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2024 оны 07 дугаар 18-ны өдрийн 306 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. 

Шүүгдэгч Э.А нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Гацууртын эцэс, Хар усан тохойн шинэ замд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 16 цаг 30 минутын үед “Toyota Land Criuser” маркийн 16-70 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөл хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.3 Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон.”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Toyota Land Cruiser Prado” маркийн 23-00 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Toyota Land Cruiser Prado Маркийн 23-00 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зорчиж явсан зорчигч Б.Д, жолооч Б.Бнарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Алтантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.А“Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Алтантулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аоногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аоногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Аас 77.783.200 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Дт 12.188.425 төгрөг, хохирогч Б.Бд 65.594.775 төгрөг тус тус олгож, хохирогч Б.Б, Б.Д нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад эсрэг урсгалд орж иргэн Б.Бы машиныг мөргөж Б.Б болон түүний эхнэрийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Би эдгээр хүмүүст учруулсан хохирол төлбөрийг барагдуулах гэж хичээгээд бүрэн төлж чадаагүй, хохирлоо төлөх боломж хайж шүүхээс 5 хоногийн хугацаатай завсарлага авсан боловч бодож төлөвлөсөн ажил маань амжаагүй. Би гэмт хэрэгт холбогдсон цагаасаа өөрийн буруутай асуудалд гэмшиж мөрдөгч прокурорын хэлсэн үг, гаргасан шийдвэрийг үг дуугүй хүлээн зөвшөөрч ар гэр, үр хүүхдүүдийнхээ тухай, хохирол төлбөрийг төлөх боломж нөхцөлийн талаар нэг ч зүйл яриагүй. Хэргийн материалаа уншиж танилцаагүй гарын үсгээ зур гэсэн бүхэнд зураад л явж байсан. Эцэст нь шүүх хуралдаан болох үед хохирогчийн тал өмгөөлөгчтэй оролцоно гэхээр нь мөн адил өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан хойшилсон. Хойшилсон хугацаанд өмгөөлөгч авч чадаагүй. Хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзаж ярилцсан боловч хөлс төлбөрийг төлөх боломж байгаагүй. Дараагийн хуралдаанд дахин энэ шалтгаанаар хурлыг хойшлуулахгүй гэж шүүгчийн туслах ойлгуулсан ба өмгөөлөгчгүй хуралдаа орох юм уу гээд байсан учир арга буюу бичиж өгөөд шүүх хуралдаанд орсон. Хэргийн нөхцөл байдал ар гэрийн байдал бүх л зүйлээ сайн ярьж ойлгуулж чадаагүй. Шүүх хуралдаанд оролцсон прокурор надад 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал хэлсэн. Хохирогч ялын талаар санал хэлээгүй юм гэдгийг шийтгэх тогтоол гаргаж аваад уншиж танилцахдаа ойлгож мэдсэн. Харин шүүх надад  яагаад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноох болсон. Яагаад би хохирлын үнэлгээнээс хэт өндөр 77.783.200 төгрөгийг төлөх болсон зэргийг одоо ч ойлгоогүй сууж байна. Би өөрийгөө буруугүй гэж огт маргахгүй. Гэхдээ миний өмгөөлүүлэх эрхийг хангаагүй, ял шийтгэл хүлээхэд хөнгөрүүлэх ямар нөхцөл байдал байгаа, хохирол төлбөр яагаад ийм өндөр болсон зэрэг миний хувьд хувийн байдал, ар гэрийн байдлыг шүүхэд хэлэх, хохирогч тал өмгөөлөгчтэй оролцож байхад өмгөөлөгчтэй мэтгэлцэх боломж бололцоогүйгээр ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Миний ард бага насны 4 хүүхэд, хөхүүл хүүхдээ асарч байгаа ажилгүй эхнэр амьдралын ямар ч баталгаагүй намайг хоригдоод сар болоход түрээсийн байрнаасаа хөөгдөж орон гэргүй болоод байгаа. Ар гэр маань үнэхээр хүнд үлдэж байгаа учир энэ бүхнийг бодож би шүүхэд мэтгэлцэх, хариуцлагыг хөнгөрүүлэх бүхий л байдлаа хэлж чадаагүй нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас өмгөөлөгчгүй явсан. Шүүх хуралдаанд нөгөө тал өмгөөлөгчтэй эрх зүйн хувьд илүү давуу байдалтай орсноос шалтгаалсан гэж үзэж байна. Би хуульч, өмгөөлөгч хүнтэй яаж мэтгэлцэж маргалдаж чадах билээ. Бүр чадахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. Намайг хоригдсоны дараа найз нөхөд маань миний төлөө санаа тавьж, өмгөөлөгчийн туслалцаа авах болсноор шүүхэд хүсэлт гаргаж 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өмгөөлөгчийн хамт хэргийн материалтайгаа танилцаж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх миний өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээн авсан атлаа шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг маань хангаагүй намайг өөрийгөө өмгөөлөх талаар бичгээр хүсэлтээ өгсөн гэдгээр өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оруулж, эсрэг талын өмгөөлөгчтэй мэтгэлцэх хэргийн материалаас эргэлзээтэй баримтуудыг шинжлэн судлах хохирол төлбөрийн асуудал ялангуяа хохирогч нарын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох талаар гомдол хүсэлт гаргах боломж олгоогүй, эцэст нь улсын яллагчийн шүүх хуралдаанд хэлсэн ялын саналаас хэт өндөр ял шийтгэсэнд гомдолтой байна. Би өмгөөлөгч авах хүсэлтээсээ татгалзаагүй дахин шүүх хуралдаанд шүүх хурал хойшлуулахгүй гэсэн шаардлагын үүднээс арга буюу бичиж өгсөн. Миний ар гэрийн байдал,  бага насны 4 хүүхэд, ажилгүй эхнэр минь надаас илүү хүнд байдалд байна. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар сольж өгнө үү. Би хувиараа машин засах ажил эрхэлдэг, энэ ажлаа хийгээд явбал ар гэр, үр хүүхдээ тэжээх, хохирогч нарт учруулсан хохирлоо барагдуулахад илүү боломж олдох байх гэж бодож байна.” гэв.

Шүүгдэгч Э.Алтантулгын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Алтантулгын хувьд өөрийн гэм бурууг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Харин анхан шатны шүүх Э.Аял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж шийтгэх тогтоолдоо заасан боловч “Шүүхээс шүүгдэгч Э.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна” гэсэн өмнөх дүгнэлтээ үгүйсгэсэн эрс зөрүүтэй дүгнэлт хийж хорих ял оногдуулах үндэслэлээ тодорхойлсон нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Мөн улсын яллагчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна гэсэн үндэслэлээ “тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно” гэж заасан нь ял шийтгэлийг хүндрүүлэх тухай хуульд заагаагүй нөхцөл байдал гэж үзэж байна. Э.Атээврийн хэрэгслийн жолооч Б.Б, зорчигч Б.Д нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Дыг хохирогчоор тогтоогоогүй, хохирогчоор байцаагаагүй. Харин хэрэг шүүхэд шилжиж, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдаан зарлагдан хуралдах үед улсын яллагчаас “нэмэлтээр” гэх тайлбартайгаар 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Дыг хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчийн мэдүүлгийг шүүхэд гаргаж өгснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдаанд Б.Дыг хохирогчоор оролцуулан, Э.АБ.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоолын үндэслэл болгосныг хууль бус гэж үзэж байна. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Маралын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн 1047 тоот яллах дүгнэлтэд Б.Дыг “гэрч” гэж бичиж, түүний 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар оруулж, уг яллах дүгнэлтийн хавсралтад хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд байгаа гэрч Б.Дын мэдүүлгийг шинжлэн судлахаар заасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд хохирогчийн мэдүүлгийг “Нотлох баримт” гэж заасан бөгөөд мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Прокурорын 1047 тоот яллах дүгнэлтэд Б.Дыг гэрч гэж тодорхойлон хэргийг шүүхэд хүргүүлсэн байх бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б.Дыг хохирогчоор тогтоосон гэх тогтоол, хохирогчийн мэдүүлгийг хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт гэж үзэж байна. Э.А нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан үед болон шүүхийн шатанд хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцаагүй, харин шүүхэд хүсэлт гаргаж 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өмгөөлөгчийн хамт хэргийн материалтай танилцсан. Шүүх хуралд ирэх үед хохирогчийн тал өмгөөлөгчтэй оролцож байсан учир мөн адил өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй, дараагийн хуралд ирэхдээ нэг адил шалтгаанаар хурлыг хойшлуулахгүй гэж шүүгчийн туслах ойлгуулснаар арга буюу өмгөөлөгчгүй оролцоно гэж бичиж өгөөд шүүх хуралдаанд орсон байдаг. Э.Алтантулгын хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, энэ талаар ямар нэг маргаан байхгүй боловч шүүх өмгөөлүүлэх эрхээр нь хангаагүй, хохирогчийн тал өмгөөлөгчтэй оролцож байхад эрх зүйн тэгш байдлыг хангаагүй, хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөр, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын асуудал зэрэг бүхий л асуудлаар мэтгэлцэх боломж бололцоо олгоогүй нь учир дутагдалтай байна. Түүний хувьд ял шийтгэлээ хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол төлбөрийн хэмжээ, өөрийн хувийн байдал, ар гэрийн байдлаа шүүхэд тодорхойлж чадаагүй нь өмгөөлөгчийн туслалцаа авч чадаагүйтэй холбоотой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт прокурор, мөрдөгч нь “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно” гэж заасан. Гэтэл хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээ, зэрэглэлийг тогтоосон мэргэжлийн байгууллага, шинжээчийн дүгнэлт гараагүй байхад анхан шатны шүүх “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б, Б.Д нарын сэтгэцэд гэмт хэргийн улмаас гуравдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэг учирсан болохыг тогтоосон байна” гэж шийтгэх тогтоолд заагаад Э.Аас Б.Б, хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, нийт 19.800.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Э.А холбогдох хэргийг хянан хэлэлцэж, ял шийтгэл оногдуулахдаа прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд биш, хэрэг шүүхэд шилжсэн цаг хугацаанд улсын яллагчаас нэмэлтээр гэх тайлбартай гаргаж өгсөн тогтоол, мэдүүлэг гэх баримтыг хүлээн авч, хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон, Э.А Б.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, мэргэжлийн байгууллага шинжээчийн дүгнэлт гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд гуравдугаар зэрэглэлийн сэтгэцийн эмгэг учирсан болохыг тогтоосон байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн, хуульд байхгүй үндэслэлээр ял шийтгэлийг хүндрүүлж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маш их гомдолтой байна. Гомдолтой байна гээд энэ хүнийг дарамталж, ярьж төвөг удаагүй. Шүүгдэгч “үйлдсэн хэргээ ухамсарлаж байна” гэж хэлсэн учраас хүлээцтэй хандсан. Бид өөрсдөө эмчид үзүүлж, эмнэлэгт хэвтсэн. Э.А өмгөөлөгч авах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгч аваагүй байсан учраас шүүх хуралдаан үргэлжилж, хэргийг шийдсэн. Би нөхөр, хүүхдийн хамт тухайн өдөр явсан. Манай хүүхэд 3 настай. Бага насны хүүхдэд MRI, томографи хортой, хүүхдээ ажиглаж бай гэж хэлсэн. Тиймээс шинжилгээ өгөөгүй. Хохирогч гэж бодоод мэдүүлгээ өгсөн. Э.А бага багаар ч болов хохирол төлбөрийг төлье гэдэг сэтгэл байгаагүй. Надад олдож байгаа нь энэ гээд 5 хоногийн хугацаанд 1.000.000 төгрөг өгсөн.” гэв.

Хохирогч Б.Дын өмгөөлөгч Б.Борхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд прокурорын гаргасан ялын санал, бусад байдлаар ийм ял оногдуулж өгнө үү гэж байр сууриа илэрхийлээгүй. Шүүгдэгч өмгөөлөгчгүй оролцсон учраас хохирогчийн өмгөөлөгчөөс “ийм ял оногдуулж өгнө үү” гэх нь ёс зүйгүй гэж үзсэн. Шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж ял оногдуулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байсан. Шүүх Э.Ахорих ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, үйлдэл, хохирол төлбөртэй холбоотой асуудлыг харгалзан үзсэн. Шүүгдэгч өмнө нь өөр төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан. Энэ нөхцөл байдал нь мөн нөлөөлсөн. Аль аль тал нь залуу гэр бүл, амьдрах гээд ажил, хөдөлмөр хийж байгаа хүмүүс. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тойрог зам, далан дээр мөргөсөн. Хохирогчийн машин ард талынхаа портер машинд шахагдаж зогссон. Тэгээгүй бол далан руу шахаж, унагаах байсан. Миний үйлчлүүлэгч нар амьд гарсандаа баярлаж байгаа. Энэ гэмт хэргээс болж ажлаа хийж чадахгүй, байр, машины лизингээ төлөх боломжгүй, машинаа засуулж чадахгүйд хүрч байна. Ялыг хөнгөрүүлэх, хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэх байх. Энэ асуудлыг заавал хэргийг буцаахгүйгээр шийдвэрлэх боломжтой. Хэргийг буцаавал зардал, чирэгдэл гарах байх. Хуульд заасан нотолбол зохих байдал, хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн. Практик дээр 2025 оны 03 дугаар сараас сэтгэл санааны хохиролтой холбоотой шинжээчийн дүгнэлтийн асуудал яригдаж эхэлсэн. Үүнээс өмнө мөрдөгч тогтоол үйлдэж, хүснэгтээр тогтоож байсны дагуу шийдвэрлэсэн. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд ял шийтгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Э.Ахолбогдох хэрэгт шүүгдэгч өмгөөлөгч хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч өөрөө өмгөөлөгч аваагүй болох нь тогтоогдсон. Э.Аоногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял түүний үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохиролд тохирсон гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон өмгөөлөгчийн гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Э.Ахолбогдох хэрэгт нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхаарч үзээгүй орхигдуулсан нөхцөл байдлын талаар зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай ба энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” зарчимд нийцнэ гэж үзэж, дараах дүгнэлтийг хийлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.5 дахь заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн шалгах, шүүх хуралдааны явцад нотлохоор заасан бөгөөд дээрх ажиллагаа нь бүрэн бус болсон байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж заасан бөгөөд шалгах ажиллагаагаар Б.Даас 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор мэдүүлэг авсан гэх боловч /хх 31/ тухайн үед түүнээс гэрчээр мэдүүлэг авсан нөхцөл байдал байна.

Харин Э.Ахолбогдох хэргийг шүүхэд шилжсэний дараа мөрдөн байцагч Б.Дыг хохирогчоор тогтоож мэдүүлэг /хх 178-181/  авсан болох нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлын тэмдэглэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Дын өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй гэж үзнэ.

Энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журамд нийцнэ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш энэхүү зохицуулалтыг хэрэглэхээр заасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайлан нэрлэн заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж хуульчилсан байх ба уг нэрлэн заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт хамаарч байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч сэтгэл санаа хэцүү байна гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүх энэ талаарх шаардлагатай ажиллагааг хийлгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэснийг зөрчсөн үндэслэлд хамаарна.

Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх асуудлыг хууль, журамд заасны дагуу нарийвчлан шалгаж тогтоох, сэтгэцэд хор уршиг учирсан гэж үзвэл тухайн хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэргийн үйл баримтад нийцүүлэн хууль зүйн дүгнэлт хийсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/470 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан гомдлын “хохирогчийг буруу тогтоосон” гэх хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Э.Алтантулгын “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Э.Аурьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/470 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.Аурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ШҮҮГЧ                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

    ШҮҮГЧ                                            Д.ОЧМАНДАХ

    ШҮҮГЧ                                            Ц.МӨНХТУЛГА