Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0332

 

Б.М-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Р.А нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.М-гийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэсэн бичиглэлтэй Шижээ овогтой Батгэрэлд олгосон газар эзэмших эрхийн 0122457 дугаартай гэрчилгээ нь хууль бус болохыг тогтоож, тус гэрчилгээг хүчингүй болгохыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ж.Б нь эхнэр Ж.Б-ийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээрийн 8-р багийн 2-р хэсгийн 161 тоот байшинг 576.2 м.кв газрын хамт 2004 онд М.Б гэдэг залуугаас худалдаж авсан. Тухайн үед газар байшинг худалдаж авахад М.Б гэдэг залууд газар болон байшингийн гэрчилгээ байхгүй байсан ба улмаар Сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаартай захирамжаар 576.2 м.кв газартаа 0122457 дугаартай газар эзэмших гэрчилгээг эхнэр Ш.Батгэрэлийн нэр дээр авсан ба энэ газар дээрээ 12 жил амьдарч байгаа юм. Эхнэр Ш.Батгэрэл нь 2012 онд нас барсан ба Ж.Б нь 13 настай өнчин хүүхдийнхээ хамт үлдсэн ба дараагаар нь хүнд өвчин тусч харвалт өгөн хөдөлмөр чадвар алдалтаар группт гарсан. Хүүгийнхээ нэр дээр талийгаач ээжийнх нь газар эзэмших гэрчилгээг болгохоор хууль ёсны дагуу буюу өв нээгдсэн үеэс нь хойш нотариатчид хандаж 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгож авсан байсан. Гэтэл Ж.Б-тай олон жил айл хөрш явсан эхнэр, нөхөр болох Б.М, Г.Б нар нь огт чимээгүй байж байгаад эхнэр нас барснаас хойш буюу 2016 оноос гэнэт энэ газар манай эзэмшлийн байшин газар байгаа юм. Манайх 1966 онд энэ газар дээр гэрчилгээ авсан байсан гээд хүүхэд Ж.Б 2-ыг хөөх болсон ба энэ байдлыг лавлаж үзэхэд 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/125 дугаартай захирамжаар маргаан бүхий газар Б.М-гийн нэр дээр болсон байна. Иймээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гарсан А/125 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандахад урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж хүлээн авахаас татгалзсан болно.Үүний дагуу Ж.Болдбаатарын зүгээс Сэлэнгэ аймгийн Засаг даргад гомдол гаргасан ба энэ хооронд газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийн маргаан гарч иргэний хэргийн 3 шатны шүүхээр өмчлөгч нь Ж.Бболохыг тогтоосон. Нөгөөтэйгүүр энэ хэргийн гуравдагч этгээд өмнө нь сумын Засаг даргын захирамжид гомдол гаргахад хүлээж авахаас татгалзсан, нэхэмжлэгч гомдол гаргахаар хүлээн авч шийдвэрлэж байгаа нь шүүх эрх тэгш байх зарчим, үндсэн хуульд заасан...ялгаварлахгүй...байх эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн маргаан бүхий газар нь гуравдагч этгээдийн хүү болох Б.О-т өвийн гэрчилгээгээр шилжсэн ба энэ гэрчилгээтэй холбоотой асуудлыг яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн маргаж буй газрын өмнө нь болон хойно авсан гэх газар эзэмших гэрчилгээнд дурьдагдсан хэмжээ болон байршил зөрүүтэй, гуравдагч этгээдийн эхнэрийн нэр дээр байх гэрчилгээний хэмжээ зөрүүтэй зэрэг эргэлзээ бүхий байдлууд байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.   

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.М нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “2008 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэсэн бичиглэлтэй 0122457 дугаартай Ш-гийн Б-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохыг Сүхбаатар сумын Засаг даргад даалгах,  2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0122457 дугаартай гэрчилгээнд бичигдсэн нэгж талбарын давхардалтай хүний газар дээр хийсэн кадастрын зургийг хүчингүй болгуулах, давхардлыг арилгахыг Сүхбаатар сумын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчжээ. Тодруулбал,

Маргаан бүхий 2008 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 0122457 дугаар гэрчилгээгээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 47 тоот шийдвэрийг үндэслэн 576,2 м.кв газрыг дөчин жилийн хугацаатай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Ш.Батгэрэлд олгосон байх ба энэ талаар гуравдагч этгээд Ж.Б “М.Б гэдэг хүнээс газар болон байшинг худалдан аваад хуучин байшинг буулгаж шинэ байшин бариад 12 жил амьдарч байгаа” гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь тухайн газар дээр байрлах байшинд н.Б гэгч амьдарч байсныг хүлээн зөвшөөрсөн байхад тухайн нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй.

          Түүнчлэн, нэхэмжлэгч Б.М нь гуравдагч этгээд Ж.Б-ыг маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглан амьдарч байгааг мэдэж байсан ба уг газар дээрх үл хөдлөх хөрөнгийн асуудлаар хэргийн оролцогч нар иргэний хэргийн шүүхэд маргаж үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ж.Б тогтоогдсон гэх үйл баримтыг тодруулаагүй, энэ талаарх баримтыг цуглуулаагүй.

Нөгөөтэйгүүр, шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг бүрэн тодруулаагүй, хөөн хэлэлцэх хугацааг шалгаагүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах шаардлага гаргахдаа тухайн захиргааны байгууллагын  хууль бус ямар эс үйлдэхүйтэй холбогдуулан гаргаж байгаа нь тодорхой байх ёстой бөгөөд эс үйлдэхүй болон даалгах шаардлагууд нь дангаар шийдвэрлэгдэх боломжгүй юм.

Гэтэл захиргааны байгууллага ямар хууль бус эс үйлдэхүй гаргасан нь ойлгомжгүй төдийгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар өгснөөс үзэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасантай нийцээгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч өөрийн эзэмшил газартай нь давхардуулан Ш.Б газар эзэмших гэрчилгээ гаргуулсан гэдгийг хэзээ мэдсэн, гуравдагч этгээд Ж.Б-ын тайлбарт дурдсан хашаа байшин болон газрыг М.Б гэх хүнээс худалдан авсан эсэх, М.Б нь нэхэмжлэгчээс тухайн газар байшинг худалдан авсан эсэх, Ж.Б нь газар дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч эсэх, нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газраа Ж.Б-ын гэр бүлд яагаад өдийг хүртэл эзэмшүүлж байсан, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын 2008 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 47 дугаар захирамжаар 11 иргэнд газар эзэмших зөвшөөрөл олгосон атлаа хавсралтад 10 хүний нэр бичигдсэн байгааг шалгах, гуравдагч этгээдээр Ж.Б болон өвлөгч Б.О нарын хэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй эсэх зэрэг нөхцөл байдлыг шалгаж тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь ач холбогдолтой байна.

Ийнхүү хэрэгт авагдсан баримтаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр  сарын 16-ны өдрийн 10 дугаар  шийдвэрийг хүчингүй  болгож,  анхан  шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.   Улсын   тэмдэгтийн   хураамжийн   тухай   хуулийн   7   дугаар   зүйлийн   7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуүлийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зорчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах зрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР                   

                               ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА 

                               ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН