Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 928

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, иргэн П.М*******ы нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох “...Иргэн П.М*******ы эзэмшлийн газрын орц, гарцын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны алба /хуучнаар/-ны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, орц, гарцын асуудлыг шийдвэрлэж өгөхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч*******, өмгөөлөгч П.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Тус шүүхэд хянагдаж буй П.М*******ы нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааны явцад талууд дараах нөхцөлөөр тохиролцон эвлэрлийн гэрээг байгуулав. 

Нэхэмжлэгч талаас “П.М*******д Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 388 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 1******* дугаар нэгж талбар бүхий газрын орц гарцын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож орц гарцын асуудлыг шийдвэрлэж өгөхийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах”-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд Г.Чинтуяагийн 1******* дугаар нэгж талбартай эзэмшил бүхий газраар дамжин орц гарц гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн.

Хариуцагч талаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүхэд гаргасан тайлбараа өөрчилж, тогтоогдож буй нөхцөл байдлыг үндэслэн 1******* дугаар нэгж талбар бүхий газрын орц гарцын асуудлыг дараах байдлаар шийдвэрлэхээр болов.

Үүнд: Иргэн Н.А*******ын нийтийн эзэмшлийн зам талбай буюу бусдын орц гарц нь дээр байрлуулсан хүчдэлд холбогдоогүй, ашиглагдаагүй байгаа трансформаторыг болон зөвшөөрөлгүй барьсан бетонон суурьтай төмөр хашааг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу зохих арга хэмжээ авч буулгуулах, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх ажиллагааг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө гүйцэтгэж, нэхэмжлэгч П.М*******ы эзэмшил газрын орц гарцыг гаргахаар болов. 

Гуравдагч этгээдээс энэхүү тохиролцоог татгалзах зүйлгүй, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болохыг бичгээр илэрхийлсэн болно.

Мөн энэхүү тохиролцоо нь өөр бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд талуудын хэн аль нь хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй, энэ талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгосон болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* нар нь тус шүүхэд хянагдаж байгаа ...иргэн П.М*******ы эзэмшлийн орц, гарцын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны алба /хуучнаар/-ны үйлдлийг хууль бус болохыг тогтоож, орц, гарцын асуудлыг шийдвэрлэж өгөхийг даалгуулах тухай шаардлагатай захиргааны хэргийн талаар харилцан тохиролцож, Эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А*******, хариуцагч Сүхбаатар дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд “...хариуцагч нь иргэн Н.А*******ын нийтийн эзэмшлийн зам талбай буюу бусдын орц гарц нь дээр байрлуулсан хүчдэлд холбогдоогүй, ашиглагдаагүй байгаа трансформаторыг болон зөвшөөрөлгүй барьсан бетонон суурьтай төмөр хашааг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу зохих арга хэмжээ авч буулгуулах, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлүүлэх ажиллагааг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө гүйцэтгэж, нэхэмжлэгч П.М*******ы эзэмшил газрын орц гарцыг гаргах” хэмээн гүйцэтгэх үүргийг хариуцагч хүлээв” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ... нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т ...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээгээ шүүхэд бичгээр гаргасан бөгөөд гуравдагч этгээд П.Ганбат нь энэхүү эвлэрэн хэлэлцэх асуудал нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болохыг бичгээр илэрхийлж ирүүлсэн байх тул нэхэмжлэгч П.М******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч П.М******* болон хариуцагч Сүхбаатар дүүргийн Газрын албыг төлөөлөх эрх бүхий этгээд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т ...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан талаар тайлбарласан бөгөөд түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан П.М*******ы нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* нар харилцан тохиролцож, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                            Д.ОЮУМАА