| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2403007080874 |
| Дугаар | 2025/ДШМ/600 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/600
2025 05 20 2025/ДШМ/600
Д.Гд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О, түүний өмгөөлөгч С.Ариунцацрал,
шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Г.Намуун,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ууганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/483 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Огийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Гд холбогдох 2403007080874 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ихарцат овгийн Д.Г, 1986 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, , ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ................ тоот оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УА86102812/;
Шүүгдэгч Д.Г нь согтуурсан үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 20 цаг 40 минутын орчимд .................. дүүргийн ...............дугаар хороо, Гачууртын эцсийн гүүрний баруун талын зам дээр “Тоёота Ланд Круйзер” маркийн ............... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон, эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч П.Цг мөргөж, амь нас нь хохирсон, мөн осол гаргасан даруйдаа хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Д.Гүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Г“Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон”, мөн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Гд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Гд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр 3 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гцагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэг хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гас 79.000.000 /далан есөн сая/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Од олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийг оршуулахтай холбогдсон зардлуудтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хандаж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэрэгт хадгалуулах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалуулж, шүүгдэгч хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жолооч Д.Г нь согтуурсан үедээ “Тоёота ланд круйзер” маркийн 64-56 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа миний аавыг дайрч зугтаасан, мөн тусламж үзүүлээгүйн улмаас аав минь нас барсан юм. Миний аав хууч өвчингүй, цоо эрүүл, бие сайтай хүн байсан. Д.Г нь ослоос хойш хохирогч бидэнтэй огт уулзаагүй, гэм буруугаа ухамсарладаггүй, хохирол төлбөр төлдөггүй юм. Миний бие өмгөөлөгчөөрөө дамжуулан мөрдөн байцаагч болон прокурорт удаа дараа гомдол гаргаж Д.Гэд хөрөнгийг битүүмжилж өгнө үү гэхэд хүлээн авалгүй хууль зөрчсөн. Мөн анхан шатны шүүх, прокурор Д.Гсогтуугаар бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон хүний амь бүрэлгээд зугтсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргасаар байгаа, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 79.000.000 төгрөгийг төлөөгүй байхад үндэслэлгүйгээр түүнд давуу байдал бий болгож 2 жил 3 сарын хорих ял оногдуулсанд бид маш их гомдолтой байна. Мөн Д.Гөмгөөлөгч Д.Хандсүрэн нь хохирогч намайг “чи хэдэн төгрөг нэхээд байгаа билээ” гэх мэтээр удаа дараалан, мөн анхан шатны шүүх хуралдаан дээр хүртэл гутаан доромжилсон. Анхан шатны шүүх хуралдаан дуусмагц гэрчээр оролцсон найз Д.Мөнхбаттай хоорондоо инээлдэн гараа хавсарч алгадан баярлаж, над руу тавлан инээж зогссоныг хараад хохирогч би үхсэн хүний хохь, амьдынх нь зол болж байна даа гэж эхэр татан уйлж ижийдээ очсон юм. Иймд үндэслэлгүйгээр хэт нэг талыг барьж Д.Гд давуу байдал үүсгэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж зохих ял шийтгэлийг нь оноож өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Огийн өмгөөлөгч С.Ариунцацрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Огийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэж, хэргийн газраас зугтааж, анхны тусламж үзүүлээгүй, хохирол төлбөрийг бүрэн төлөөгүй байхад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж мөн хуулийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн эхний хурал дээр энэ хүмүүс уулзсан. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд удаа дараа гомдол гаргасан. Энэ бүхнээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байсан болох нь нотлох баримтаар тогтоогдоно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Д.Г 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш бидэнтэй огт ирж уулзаагүй” гэж бичсэн байна. Осол болсны дараа манай аав, ээж, эгч очиж уулзсан. Оршуулгын зардалд 15.300.000 төгрөг шилжүүлсэн. Сэтгэл санааны хохиролд 99.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, 7 хоногийн хугацаа олгож, 20.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. “Шүүх хуралдаан болсны дараа Д.Мөнхбаттай алгаараа цохиж, инээлдсэн” гэж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хуралдаан болсны дараа намайг цагдаа гавлаж, авч гарсан. Д.Мөнхбат руу харах нь битгий хэл эхнэр рүүгээ ч харж чадаагүй, шүүх танхимаас гарсан. Манай эхнэр залгаж “гомдол гаргаад нэмэргүй, юм олж долоохгүй гэж хэлсэн” гэж бичсэн байна. Манай эхнэр залгаагүй, Ц.О өөрөө залгасан.” гэв.
Шүүгдэгч Д.Гөмгөөлөгч Г.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг гарсны дараа Д.Ггэр бүлээс хохирогч талтай очиж уулзсан. Аавынх нь амь нас хохирсон учраас эмээж очиж уулзаагүй. Өөрөө очиж уулзвал маргаан гарч магадгүй гээд очиж уулзаагүй талаараа анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Д.Г анхнаасаа үйлдсэн хэргээ үнэн, зөвөөр мэдээлж, цагдаад өөрөө дуудлага өгсөн. Үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, хохиролтой холбоотой нэхэмжилсэн төлбөрийг төлж, сэтгэл санааны хохирлыг тогтооход завсарлага авч, 20.000.000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүх хуралдааны дараа Д.Гэхнэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч рүү сэтгэл санааны хохирлын төлбөрийг бага, багаар ч болов төлж бай гэж хэлсний дагуу 200.000 төгрөг шилжүүлэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө залгаж “битгий мөнгө шилжүүлээд бай” гэж уурласан. Хохирол төлбөрөөс бага багаар өөрийн боломжоор шилжүүлэх гэсэн боловч уурласан гэдэг тайлбарыг хэлсэн. Шүүгдэгч гэм буруу дээрээ маргаагүй, прокурорын гаргасан ялын саналтай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд санал нийлсэн. Анхан шатны шүүх прокурорын гаргасан ялын саналаас хэт их багасан зүйл байхгүй. Анхан шатны шүүх хохирол төлбөрөөс төлсөн, гэм буруугаа ухамсарласан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийг шууд санаатайгаар үйлдээгүй зэргийг харгалзан үзэж, хуулийг зөв хэрэглэж, ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй” гэж байна. Шүүгдэгч Д.Гд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй. Хохирогч тал 15.279.380 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Үүнд өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөг хүртэл багтсан. Энэ бүгдийг хохиролд тооцож, шүүхийн шатанд шүүгдэгч 15.300.000 төгрөгийг төлсөн. Сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх жишиг аргачлалын 3.3-т заасны дагуу шүүхээр тогтоолгох зүйтэй гэж үзэж, 99.000.000-150.000.000 төгрөг гарч байсан. Шүүгдэгч 5 хоногийн завсарлага авч, 20.000.000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч “хохирол төлбөрийг яаралтай гаргуулж авъя, төлбөр мөнгөний асуудлаа шийдвэрлүүлмээр байна” гэдгээ хэлсэн. Прокуророос ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тодорхой хэмжээгээр хохирол, төлбөрийг төлж барагдуулж байгааг харгалзан ялын санал гаргасан. Анхан шатны шүүх прокурорын гаргасан саналын дагуу хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Д.Г нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 20 цаг 40 минутын орчимд ........... дүүргийн ................ дугаар хороо, Гачууртын эцсийн гүүрний баруун талын зам дээр “Тоёота Ланд Круйзер” маркийн .............. УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 5.3, 3.7-д тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч П.Цг мөргөж, амь нас нь хохирсон, мөн осол гаргасан даруйдаа хэргийн газрыг орхиж зугтаасан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Огийн "Аав маань архи согтууруулах ундаа болон тамхи хэрэглэдэггүй, муу зуршил байхгүй. Сүүлийн үед хөл муудаад байна гэж ярьдаг байсан. Тухайн өдөр манай эгч Одгэрэл над руу 22 цагийн орчимд залгаад аав осолд орчихсон, машинд мөргүүлсэн байна гэж хэлэхээр нь би замын цагдаа дээр очоод болсон явдлын талаар мэдсэн. Буяны ажилтай холбоотой 20.000.000-25.000.000 төгрөг орчим зардал гарсан. Гомдолтой байна, гарсан зардал, хохирлыг нэхэмжилнэ, хуулийн дагуу шийдэж өгнө үү." /хх 32/,
гэрч Д.М"Шар хоолойн фермд байх ахындаа би машинаа үлдээгээд Д.Гэзэмшлийн “Тоёота Ланд Круйзер” маркийн машинтай уул руу гарсан. Бүрэнхий болох үед Д.Г буугаад явсан. Би эхнэр хүүхдүүдийнхээ хамт майхнаа бариад үлдсэн. Над руу 23 цагийн орчим цагдаагаас ярьсан. Д.Г ослын талаар хэлээгүй, маргааш өглөө нь би Д.Г руу залгахад аваагүй. Тэгээд эхнэр рүү нь залгаад юу болсон талаар асуухад гэртээ ирж байгаад осол гаргасан байна гэж хэлсэн." /хх 75/,
гэрч Б.Б“Гачууртын гүүрээр зүүнээс баруун тийш чиглэлтэй тээврийн хэрэгслийг жолоодоод явж байхад гүүрний хойд талд 1 дүгээр эгнээний брожур хэсэг дээр эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан. Би тэр хүнийг хараад машинаа зогсоогоод буугаад, согтуу хүн унтаж байгаа байх замаас гаргая гэж бодоод очиход толгой хэсгээс нь цус гарчихсан байхаар нь дуудлага өгч цагдаа нарыг иртэл хэргийн газарт байсан. Намайг очиход ямар ч ухаангүй байсан." /хх 173/,
шүүгдэгч Д.Гяллагдагчаар өгсөн: “болсон осолд маш их харамсаж байна, бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна." /хх 154/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 5070 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн "Д.Г 38н/эр" гэж хаягласан "00401664" гэсэн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цуснаас 1,3 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 1,3 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 80-81/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 3008 дугаар “амь хохирогч П.Цгийн цогцост сээрний 7-8 дугаар нугалмын завсраар салсан хугарал, нугас бүрэн тасрал, баруун талд 2-8, зүүн талд 2-7-р хавирганы шууд бус хугарал, хоёр талын уушгины няцрал, цус хуралт, няцарсан шарх, цээжний хоёр талын хөндийн цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, бага тархины зүүн тал бөмбөлгийн аалзан хальс доорх цус харвалт, дэлүүний няцрал, баруун атгаал ясны далд, зүүн умдаг, суудал яс болон зүүн сүүж, ууцны үелэмжээр салж зөрсөн хугарал, духны баруун хэсэг, баруун хөмсөг, нүдний гадна булан, баруун өвдөгт шарх, дух, баруун ташаа, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед автомашинд мөргөгдөх үед үүссэн байх боломжтой. Амь хохирогчид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь дээрх хавсарсан олон гэмтлүүдийн улмаас нас баржээ. 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 04:10 цагийн цогцсын гадна үзлэгээр амь хохирогч нь нас бараад 6-8 цаг орчим болсон байжээ. Амь хохирогч нь гуравдугаар бүлгийн цустай байна. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” /хх 106-118/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1140347750 дугаар дүгнэлт /хх 124-129/ гэсэн дүгнэлтүүд,
гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээлэл /хх 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын акт, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-14/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5/, цогцост үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 16 18/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 136-139/, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1672 дугаар "Мөрдөгчийн магадалгаа" /хх 140-141/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.Гд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Гсогтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Түүний замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохирсон, улмаар хэргийн газрыг зориуд орхин зугтаасан хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч нь гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Гд эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан [U1] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэм бурууд нь тохирсон байх тул “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 1.4-т “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн акт, энэхүү журмыг мөрдлөг болгоно”,
мөн журмын 2.3-д “энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтас хэргийн материалд хавсаргана”,
мөн журмын 2.6-д “Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана. Шаардлагатай тохиолдолд хавтас хэргийн материал болон эмнэлгийн баримт бичиг, материалыг хамт ирүүлнэ”,
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 1.1-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ” гэж тус тус заасан хэдий ч анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож /660.000*150=99.000.000/ ерэн есөн сая төгрөгийг шүүгдэгч Д.Гас гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгчийн зүгээс маргаагүй, анхан шатны шүүх хуралдааны явцад 5 хоногийн завсарлага авч хохирлоос 20.000.000 төгрөг төлж, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлсэн байх тул энэ талаар давж заалдах шатны шүүх хөндөөгүй болно.
Иймд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/483 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Д.Г нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 97 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/483 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Г нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 97 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
[U1]Зөвхөн ийм л дүгнэлт хийсэн байна у