| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/01031/И |
| Дугаар | 305/ШШ2025/00855 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 305/ШШ2025/00855
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: *** -ын нэхэмжлэлтэй мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бигэр сумын Урт багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие *** оны 12 дугаар сарын 14-ний өдөр Бигэр сумд төрсөн. Би 1993 онд 10 дугаар анги төгсөөд мал дээр гарч, ээжийнхээ хамт мал маллах болсон. 2002 онд *** -той гэр бүл болсон. Би 1993 оноос өдийг хүртэл өөрийн төрлөх нутагтаа тасралтгүй 33 жил мал маллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1992 онд өрхийн тэргүүн нас барж, 1993-2000 оны малын А данс миний төрсөн дүү болох *** -ын нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэврийн хүсэлтийг буцааж шүүхээр тогоолгож ир гэсэн юм. Иймд энэ байдлыг харгалзан үзэж миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бигэр сумын Урт багт мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-*** -аас *** -д олгосон итгэмжлэл,
-*** -ын иргэний үнэмлэхийн хуулбар,
-*** -ын 0569962 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-1993, 1994 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны хуулбар,
-*** -д 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон Үнэмлэх-ийн хуулбар,
-Хүрэмт багийн өрхийн малчдын мал сүрэгт цусан халдвартын вакцин тарьсан 1995 оны жагсаалт гэх баримт,
-1996 оны Хүрэмтийн хэсгийн малд бруцелёз рев-1 вакцин хийсэн жагсаалт гэх баримт,
-1997 оны 05 дугаар сарын 15, 1998 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдийн Малд угаалга тарилгын боловсруулалт угаалт хийсэн акт, 1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн бод малын зүсийн карт гэх баримтууд,
-Бигэр сумын Хүрэмт хэсгийн малчдын суурьт ДХХ энтэрбактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн жагсаалт,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03-08/6812 дугаартай архивын лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Бигэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 466 дугаартай архивын лавлагаа, архивын эх баримтын хуулбар,
-*** -ийн нас барсны бүртгэлийн лавлагаа,
-*** -гийн нас барсны бүртгэлийн лавлагаа,
-*** -ын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 692 дугаартай тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 289 дугаартай тодорхойлолт,
4.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч *** нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бигэр сумын Урт багт мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойших хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.
Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
4. Нэхэмжлэгч *** -ийн *** нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бигэр сумын Урт багт дүү *** нарын хамт мал маллаж байсан болох нь:
-*** -д 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон *** овогтой *** илгээлтийн эзэн нь зоо-мал эмнэлгийн анхны мэдлэг эзэмжшиж, цаашид эмнэлгийн ажилд сонирхолтой байгааг үндэслэн мал эмнэлгийн идэвхтнээр бүртгэн авч үнэмлэх олгов гэх Үнэмлэх-ийн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Бигэр сумын 6 дугаар багийн 1993, 1994 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд *** гэх өрх 8 ам бүлтэйгээр бүртгэгдсэн байгаагаар мөн Хүрэмт багийн өрхийн малчдын мал сүрэгт цусан халдвартын вакцин тарьсан 1995 оны жагсаалт гэх баримт, 1996 оны Хүрэмтийн хэсгийн малд бруцелёз рев-1 вакцин хийсэн жагсаалт гэх баримт, 1997 оны 05 дугаар сарын 15, 1998 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдийн Малд угаалга тарилгын боловсруулалт угаалт хийсэн акт, 1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн бод малын зүсийн карт гэх баримтууд, Бигэр сумын Хүрэмт хэсгийн малчдын суурьт ДХХ энтэрбактериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийсэн жагсаалт,
-*** -ын 0569962 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 1993 оны 06 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03-08/6812 дугаартай 2000 оны хүн амын тооллогоор аймаг Говь-Алтай, сум Бигэр, байршил хөдөөд гээд өрхийн тэргүүн *** , хүү *** , охин *** нарын 8 хүн бүртгэгдсэн... архивын лавлагаа
-Говь-Алтай аймгийн Бигэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаартай тус багийн иргэн *** нь багийн өрийн бүртгэлийн 0027 дугаарта бүртгэлтэй, 1993-2000 он хүртэл мал маллаж байсан нь үнэн болно гэх тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 466 дугаартай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1984 оны 02 сарын 20-ны өдрийн 36 дугаар зарлигаар Бигэр сумын харъяат ***-г алдарт эхийн одонгоор шагнасугай. *** 1975/9, ***1979/5 гэж бүртгэгдсэн архивын лавлагаа, архивын эх баримтын хуулбар,
-*** 1992 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нас барсныг бүртгэсэн нас барсны бүртгэлийн лавлагаа,
-*** 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барсныг бүртгэсэн нас барсны бүртгэлийн лавлагаа,
-***, *** нарын гэр бүлд *** төрснийг бүртгэсэн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 692 дугаартай тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад Бигэр сумын 1995-2000 оны малын А данс шилжиж ирээгүй тул ***-д холбогдох лавлагааг олгох боломжгүй болно гэх тодорхойлолт,
-Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 289 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
5. Иймд ***-ыг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бигэр сумын Урт багт дүү *** нарын хамт мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Олхонууд овогт Нацагийн Эрдэнэсувдыг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Бигэр сумын Урт багт дүү *** нарын хамт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ