Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/216

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,

Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-д холбогдох эрүүгийн 1838004900265 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Д.

Шүүгдэгч С.Д нь 2018 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн нутаг “Өлийн үзүүр” гэх газраас хууль бусаар 3.77 метр.куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж ойн санд 1.384.344 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Д нь 2018 оны 05 дугаар сард Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн нутаг “Өлийн үзүүр” гэх газраас хууль бусаар 3.77 метр.куб хэрэглээний нойтон шинэс мод бэлтгэж ойн санд 1.384.344 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 05 дугаар сарын дунд үед л байх өдрийг нь сайн санахгүй байна. Би “Өлийн үзүүр” гэдэг уулнаас босоо мод тайрч унагаасан. Би тайрч унагаасан модоо 2 метрээр тайрахад нийт 28 ширхэг мод болж байсан. Би модоо Цэцэрлэг сумын төвд байдаг хөрөө рамны хашаанд буулгасан. Би тэнд модоо зүсүүлж хашааны банз болгох гэж байсан. ...Би сумынхаа Бааяа гэдэг хүнээс 4.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод тал мөнгийг нь өгөөд талыг нь өгөөгүй байсан юм. ...Машины марк мэдэхгүй ачааны машин болохоор портер л гэдэг юм байх гэж боддог. Би хохирлоо төлж барагдуулсан. ..Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Улсын байцаагчийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Хохирогч М.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн иргэн С.Д нь тус сумын 1 дүгээр багийн нутаг “Өлийн үзүүр” гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн талаар мэдсэн. Миний сонссоноор 4 босоо нойтон мод унагааж түүнийгээ хөрөө рамны хашаанд зүсүүлэхээр оруулж ирээд баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

Гэрч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 05-ны орой манай нөгөө байгаль хамгаалагч Б.Г хөрөө рам дээр хүрээд ирээч, танай хариуцдаг 1 дүгээр багийн иргэн С.Д орж ирсэн байна гэж хэлэхээр нь яваад очтол 1 дүгээр багийн иргэн С.Д гэдэг залуу нойтон зүсвэрийн мод оруулж ирсэн байхаар нь асуутал эрхийн бичиг авсан шүү дээ гэж хэлэхээр нь би чамд босоо нойтон модны эрхийн бичиг олгоогүй, би босоо нойтон модны эрх олгох ч үгүй гэж хэлсэн. Тэгээд модыг нь рамны хашаанд тоолж хураалгасан нийт 28 ширхэг, 1 метр 80 см-ийн урттай модыг Д-ийн хөрөө рам дээр хураалгасан. Маргааш нь Д-г өөрийг нь дагуулж явж мод бэлтгэсэн азрыг нь заалгахад 1 дүгээр багийн нутаг “Өлийн үзүүр” гэх газар гэрийнхээ ойролцоо байдаг модноос босоо мод 4 ширхэгийг унагааж ачсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хэдэн жилийн өмнө сумынхаа Л гэдэг хүнээс ... ХӨВ улсын дугаартай хөх өнгийн Маяти маркын машин худалдан авсан юм. Машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гээд чадалгүй явсаар байгаад саяхан сумынхаа Д гэдэг залууд зарахаар болоод 2 сая төгрөгийг нь бэлэн аваад үлдэгдлийг нь дараа авна гээд өгсөн байсан” гэх мэдүүлэг /хийн 27-28 дугаар хуудас/, 

Хөвсгөл аймгийн “Эрчимт Идэр” сум дундын ойн ангийн инженер Г.Өнөрсайханы 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай:

  1. Иргэн С.Д-ийн бэлтгэсэн гэх модонд хэмжилт хийхэд 3.77м3 хэрэглээний нойтон шинэс мод байгаа нь тогтоогдов.
  2. Уг мод нь хэрэглээний мод мөн.
  3.  Гарал үүслийн гэрчилгээг Монгол улсын Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу олгоно. Дээрх модонд “Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ” шаардлагагүй.
  4. Иргэн С.Д нь Монгол улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалт, 35.4.2 дахь заалтыг тус тус зөрчин мод бэлтгэсэн гэж үзэж дараах байдлаар үнэлгээг тооцов. “...иргэн С.Д нь нийт 1.384.344 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий шинэс мод бэлтгэсэн нь тогтоогдов.
  5. Ойн санд учруулсан хохирлыг тооцохдоо 2018 оны 7 сарын 24-ний өдрийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Г.Ө, техникч Б.П, Ж.Г, байгаль хамгаалагч Б.Г нарын хийсэн хэмжилтийн үр дүн, БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Экологи эдийн засгийн үнэлгээ, Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан “Хэвийн шувтантай бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрд” MNS 2379 2010 ийг ашиглан тооцов. Иргэн С.Д-ийн мод бэлтгэсэн гэх ойн сангийн бүсийг тооцохдоо 2012 оны “Ой зохион байгуулалтын материал”-ыг ашиглав гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Төрийн банкны 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Төрийн сангийн 100171800952 тоот данс руу модны нөхөн төлбөр утгаар шүүгдэгч С.Д-ээс 1.384.344 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 55 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 35 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838004900265 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч С.Д нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Д нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч С.Д нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч М.Р нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838004900265 дугаартай хэргийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож,  битүүмжлэгдсэн Хюндай Маяти маркийн ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож, 3.77 м3 модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Д-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 3.77 м3 хэрэглээний нойтон шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Хюндай Маяти маркийн .... ХӨВ дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг автомашиныг эзэмшигчид нь буцаан олгосугай.  

5. Эрүүгийн 1838004900265 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.НЯМСҮРЭН