| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 101/2024/07172/И |
| Дугаар | 191/ШШ2025/11218 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/11218
2025 12 01 191/ШШ2025/11218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ......... дүүрэг, ..... хороо, ......... хороолол, ....... тоот хаягт оршин суух Б овогт С.П /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ........... дүүрэг, ........ хороо, ........... тоот хаягт оршин суух Ловогт Б.А /РД:............./-д холбогдох
нэхэмжлэлийн шаардлага: 2,496,624,787 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчМ.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэлдээ:
...С.П би өөрийн танил Б.Атай 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 6 сарын хугацаатай, нэг сарын 2.2 хувийн хүүтэй, 1,500,000,000 төгрөгийг зээлж байсан бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1650 дугаартай Зээлийн гэрээгээр хүүгийн хэмжээг 2 хувь болгон өөрчилж, гэрээг нотариатаар батлуулсан юм.
Дээрх зээлийн гэрээний дагуу С.П би 1,500,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Аны ХБин дахь ...тоот дансанд 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлж байсан.
Мөн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1651 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 6 сарын хугацаатай нэг сарын 2 хувийн хүүтэй, 2,000,000 юань буюу тухайн өдрийн Монгол банкны зарласан юаны ханш болох 471.08 төгрөгөөр тооцож 942,160,000 төгрөгийг түүний ХБин дахь ...тоот дансанд шилжүүлж байсан.
Ийнхүү тэрээр 2023 оны ..... сарын 09-ний өдөр гэрээний хугацааг сунгах тухай хүсэлт гаргаж хуримтлагдсан хүү болон цаашид гарах хүүгийн төлбөрт тооцож орон сууц өгөх тухай хүсэлтийг тус тус гаргасан бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1049 дугаартай Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1650 дугаартай зээлийн гэрээний хугацааг 5 сараар буюу 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд дахин гэрээний хугацааг дахин 6 сараар сунгаж, 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаатай болгон өөрчилж Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулж байсан.
Мөн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан 1651 дугаартай зээлийн гэрээг Б.Аны хүсэлтийн дагуу 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр болон 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрүүдэд тус тус сунгаж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулан үндсэн зээлийн гэрээний хугацааг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байдаг.
Б.А нь дээрх хоёр зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс хойш зээлийн гэрээний хүүг зохих ёсоор төлөөгүй, харин өөрийн хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үндсэн зээлийн төлбөрөөс 400,000,000 төгрөгийг, 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр үндсэн зээлийн төлбөрөөс 200,000,000 төгрөгийг, 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг тус тус хасуулж, мөн дээрх 2 гэрээний хуримтлагдсан зээлийн хүүгийн төлбөрт орон сууц өгөхөөр харилцан тохиролцож 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1024/5, 12 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1024/2, С/131 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээг тус тус байгуулсан юм.
Дээрх 2 зээлийн гэрээний 3.7 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр зохицуулсан байх бөгөөд зээлдэгч Б.А нь 1650 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 870,000,000 төгрөгийн төлбөрийг төлөлгүй 205 хоног хэтрүүлж, хүүгийн төлбөрт 134,882,000 төгрөг, алданги 183,930,000 төгрөг, нийт 1,188,812,000 төгрөгийг төлөөгүй, 1651 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 942,160,000 төгрөгийн төлбөрийг төлөлгүй 145 хоног хэтрүүлж, хүүгийн төлбөрт 229,039,587 төгрөг, алданги 136,613,200 төгрөг, нийт 1,307,812,787 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна.
Иймд Б.Аас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1650 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1,188,812,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1651 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 1,307,812,787 төгрөг, нийт 2,496,624,787 төгрөгийг гаргуулан өгч надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү. ...,
1.2. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 700,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 611,815,600 төгрөг өөр бусад зориулалтаар хийсэн гүйлгээ бөгөөд энэхүү зээлийн гэрээний үүрэгт хамааралгүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Харин 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 10,000,000 төгрөгийн гүйлгээг зээлийн үндсэн төлбөрөөс хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Талууд зээлийн хүүгийн зарим хэсэгт орон сууцнууд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч 1024 байрны 5 тоотод байршилтай, 56.54 м.кв талбайтай, 180,928,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг л өгсөн байдаг. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны ..... сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Үүнээс өмнө талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан бөгөөд хожим нотариатчаар гэрчлүүлж, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөх байдлаар харилцан тохиролцож нэмэлт гэрээ байгуулсан нь талуудын чөлөөт байдлын зарчимд харшлаагүй. Талууд гэрээгээ тухай бүр нь дүгнэж акт үйлдэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Хэрэв 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг 1650 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс хасаж тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 860,000,000 төгрөг, зээлийн хүү 132,068,669 төгрөг болно. ... гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
2.1. 2025 оны ..... сарын 20-ны өдрийн тайлбартаа:
...МГ ХХК болон С.П нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №В/43,44,45,52,59 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр С.П тус гэрээний төлбөрт 700,000,000 төгрөгийг Б.Аны ХБны ...тоот дансанд шилжүүлж байр захиалсан.
2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр МГ ХХК-ийн зүгээс дээрх гэрээнд заасан орон сууцуудыг С.Пийн хүсэлтээр захиалгын гэрээг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй талаарх тодорхойлолтоо С.Пид гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч С.П нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус нэг цаг хугацаанд нэг гэрээний асуудлаар хоёр өөр нэхэмжлэлийн шаардлага гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 зүйлийн 69.1.1, 69.1.3-т зааснаар Б.Аны арилжааны банкны данснууд болон МГ ХХК-ийн арилжааны банкны данснуудыг нэхэмжлэлийн үнийн дүнгээр хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоож шийдвэрлүүлсэн ба Б.Аны болон "МГ ХХК-ийн үйл ажиллагаанд хохиролтой үйл ажиллагаа явуулсан. Үүнд:
С.П нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №B/43,44,45,52,59 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээний үүрэгт 11,809,382 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж тус байруудыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй хугацаа хэтрүүлсний төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байдаг бөгөөд тус хэрэгт иргэний хэрэг үүсэж одоогийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа дээр хэрэг хянагдаж эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.
Гэвч С.П нь дээрх гэрээний төлбөр болох 700,000,000 төгрөгийг давхардуулан нэхэмжлэлийн агуулгыг өөрөөр тодорхойлж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүссэн МГ ХХК болон С.П нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №В/43,44,45,52,59 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-ний төлбөрт шилжүүлсэн 700,000,000 төгрөгөө Б.Ад зээлүүлсэн гэж нэмж хүү алданги тооцон нийт зээлийн гэрээний үүрэгт 2,496,624,787 төгрөг гаргуулахаар давхардуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж нэхэмжлэл гаргасан.
Б.Аны зүгээс С.Пийн хоёр өөр шүүхэд нэг гэрээний төлбөрийг хоёр өөр агуулгаар тайлбарлаж нэхэмжлэл гаргаж байгаа асуудлыг нэг талд шийдвэрлүүлэхээр хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлэх хүсэлтийг тавьсан боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авалгүй Б.Аны арилжааны банкны данснуудыг 2,496,624,787 дүнгээр зогсоож шийдвэрлэсэн.
С.Пийн хувьд МГ ХХК-иас Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу орон сууцуудаа авахаас татгалзаагүй мөртлөө тус орон сууцуудын төлбөрт шилжүүлсэн 700,000,000 төгрөгийг МГ ХХК-ийн захирал Б.Аас давхардуулан зээлийн гэрээний үүрэгт нэмж хүү, алданги тооцуулан авахаар нэхэмжлэл гаргасан явдал нь үндэслэлгүй юм.
Тиймээс хоёр өөр шүүхэд нэг гэрээний төлбөрийг хоёр өөр агуулгаар тайлбарлаж нэхэмжлэл гаргасныг харгалзан үзнэ үү. ...
2.2. Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...талуудын хооронд Зээлийн гэрээ байгуулагдсан боловч 1650 дугаартай гэрээний дагуу 800,000,000 төгрөг, 1651 дугаартай гэрээний дагуу 900,000,000 төгрөгийг л шилжүүлсэн. Өмнө нь С.П, МГ ХХК нарын хооронд Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний төлбөрт 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 700,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг давхардуулан зээлийн гэрээний үүрэгт гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Мөн Б.Аас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 611,815,600 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг тус тус эргэн төлсөн. Иймээс нийт 1,351,085,600 төгрөгийг хасаж өгнө үү. Түүнчлэн 1024 байрны 5, 12 тоотод байршилтай 56.54 м.кв талбай бүхий орон сууцыг тус бүр 180,928,000 төгрөгт, 2 тоотод байршилтай 53.89 м.кв талбай бүхий орон сууцыг 172,448,000 төгрөгт тооцож өгсөн зэргээр нийт 1,885,389,600 төгрөг төлөгдсөн гэж үзэж байна. Нөгөөтээгүүр, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны ..... сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн бөгөөд С.П нь хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байна. Иймд энэ цаг хугацаанаас хойших гэрээний нэмэлт өөрчлөлт, гэрээ дүгнэсэн актууд нь хүчин төгөлдөр бус болох тул хүү, алданги шаардах эрхгүй. ... гэжээ.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.П, Б.А нарын хоорондох 2022 оны 9 дүгээр сарын 17, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ /гар бичмэлтэй хамт/, нотариатчаар гэрчлүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1650, 1651 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1049, 1050 дугаар, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3294, 3295 дугаартай гэрээний хуулбар, 2023 оны ..... сарын 17, 2023 оны 4 дүгээр сарын 05, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрүүдэд 1650, 1651 дугаартай Зээлийн гэрээ дүгнэсэн актын хуулбар,М.Ц д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх 4-24, 47, 114/-ийг гаргаж өгсөн.
3.2. Хариуцагч талаас: оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, өмгөөлөгч А.Бтэй байгуулсан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, МГ ХХК, С.П нарын хоорондох 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №B/43,44,45,52,59 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээний хуулбар, Голомт банкны төлбөрийн баримтын хуулбар /гүйлгээний огноо: 2022.12.13/, А.Бт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, А ХХК-иас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийн хувь, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШЗ2024/16536 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар, А ХХК-иас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан 2025 оны ..... сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн хувь, С.Поос тус шүүхэд гаргасан 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн хувь, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/29964 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар, шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/32370 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар, ХБны шилжүүлгийн мэдээлэл /гүйлгээний огноо: 2023.1.07/, Капитрон банкны төлбөрийн баримт /гүйлгээний огноо: 2024.8.08/-ын хуулбар, Г.Л аас Д.Б д олгосон 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 0255 дугаартай итгэмжлэл, Г.Л ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010260 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Эмиралд плас ХХК, МГ ХХК нарын хоорондох 2021 оны ..... сарын 11-ний өдрийн 0.....тай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний хуулбар /хх 38, 58-59, 65-68, 78-82, 87, 91-104, 131-138/-ыг гаргаж өгсөн.
3.3. Зохигч талуудын хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч С.П нь хариуцагч Б.Аас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,496,624,787 төгрөг тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Б.Атай 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,500,000,000 төгрөгийг, сарын 2.2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд уг гэрээг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1650 дугаарт бүртгүүлж нотариатчаар гэрчлүүлсэн. Улмаар мөн өдрийн болон 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1049, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3295 дугаартай гэрээнүүдээр зээлийн хугацааг сунгаж, хүүгийн хэмжээг өөрчлөн, алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1651 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 2,000,000 юаныг, сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд уг гэрээг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1050, 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3294 дугаартай гэрээгээр тус тус сунгаж, хүүгийн хэмжээг өөрчлөн, алданги төлөхөөр тохиролцсон. Талууд зээлийн гэрээнүүдийг тухай бүр дүгнэж, акт үйлдэж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд Б.А нь 1650 дугаартай гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 870,000,000 төгрөгийг төлөөгүй 205 хоног хэтрүүлж, хүүгийн төлбөрт 134,882,000 төгрөг, алдангид 183,930,000 төгрөг, нийт 1,188,812,000 төгрөгийн, 1651 дугаартай гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 942,160,000 төгрөгийг төлөөгүй 145 хоног хэтрүүлж, хүүгийн төлбөрт 229,039,587 төгрөг, алдангид 136,613,200 төгрөг, нийт 1,307,812,787 төгрөгийн өртэй болсон. Хэрэв 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг 1650 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс хасаж тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 860,000,000 төгрөг, зээлийн хүү 132,068,669 төгрөг болно. ... гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр маргасан. Үүнд:
...талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч 1650 дугаартай гэрээний дагуу 800,000,000 төгрөг, 1651 дугаартай гэрээний дагуу 900,000,000 төгрөгийг л шилжүүлсэн. Харин 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр С.П нь МГ ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний төлбөрт 700,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг давхардуулан зээлийн гэрээний үүрэгт тооцон гаргуулах нь үндэслэлгүй. Мөн Б.Аас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 611,815,600 төгрөг, 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг тус тус эргэн төлсөн тул нийт 1,351,085,600 төгрөгийг өрөөс хасах ёстой. Түүнчлэн 1024 байрны 5, 12 тоотод байршилтай тус бүр 56.54 м.кв талбай бүхий орон сууцыг 180,928,000 төгрөгөөр, 2 тоотод байршилтай 53.89 м.кв талбай бүхий орон сууцыг 172,448,000 төгрөгөөр тооцон өгсөн зэргээр нийт 1,885,389,600 төгрөгийг төлөгдсөнд тооцох үндэслэлтэй. Нөгөөтээгүүр, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны ..... сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд С.П нь уг хуульд зааснаар эрх бүхий этгээдэд бүртгүүлээгүй тул түүнээс хойших гэрээний нэмэлт, өөрчлөлт болон гэрээ дүгнэсэн актууд хүчин төгөлдөр бус. Иймд хүү, алданги шаардах эрхгүй. гэжээ.
4. Зохигч талууд 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 1,500,000,000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон бөгөөд уг гэрээг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1650 дугаарт бүртгүүлэн нотариатчаар гэрчлүүлж, хүүгийн хэмжээг сарын 2 хувь болгон бууруулсан ба зээлийн хугацааг 6 сараар сунган, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.
5. Улмаар 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1049 дугаартай гэрээгээр зээлийн хугацааг 5 сараар сунгасан ба 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3295 дугаартай гэрээгээр зээлийн хэмжээг 900,000,000 төгрөг, хүүгийн хэмжээг сарын 2.2 хувь болгон өөрчилж, зээлийн хугацааг дахин 6 сараар буюу 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгажээ.
6. Мөн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 2,000,000 юаныг, сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлэхээр тохиролцсон бөгөөд уг гэрээг мөн өдөр 1651 дугаарт бүртгүүлэн нотариатчаар гэрчлүүлж, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.
7. Улмаар 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1050 дугаартай гэрээгээр зээлийн хугацааг 6 сараар сунгасан ба 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3294 дугаартай гэрээгээр зээлийн хугацааг дахин 6 сараар буюу 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл сунгажээ.
8. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шинжийг хангасан байх ба тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдал нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр болсныг илтгэнэ.
9. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд /хүү тогтоосон бол түүний хамт/ буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
10. Зээлийн гэрээний талууд өмнө амаар байгуулсан гэрээг бичгэн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулах тохиолдол нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдалд харшлахгүй юм.
11. Зохигч талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй боловч олгосон зээлийн хэмжээ, эргэн төлөгдсөн дүн, мөн зарим хугацаанд хамаарах хүү, алдангийг шаардах үндэслэлтэй эсэх асуудлаар маргаантай байна.
12. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны ..... сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй байхаар заасан.
13. Нэхэмжлэгчийн хувьд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон боловч талууд гэрээний хугацаанд тухай бүр тооцоо нийлж, гэрээ дүгнэсэн акт үйлдэж байсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн гэж үзэхээр байна.
14. Сүүлийн байдлаар 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1650 дугаартай гэрээг дүгнэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 900,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 144,833,333 төгрөг, нийт 1,044,833,333 төгрөг болсон бөгөөд мөн өдрийн арилжааны банкны ханш 478.10 төгрөгөөр тооцсон 1651 дугаартай гэрээг дүгнэхэд үндсэн зээлийн үлдэгдэл 956,200,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 163,828,662.41 төгрөг байсныг талууд харилцан баталгаажуулжээ. Үүгээр гэрээний дагуу олгогдох мөнгөний зарим хэсгийг бодитоор шилжүүлээгүй гэх асуудал үгүйсгэгдэж байна.
15. Энэ цаг хугацаанаас хойш хариуцагч 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөг төлсөн байх бөгөөд мөн 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг 1650 дугаартай гэрээний үндсэн зээлийн үлдэгдлээс хасахад нэхэмжлэгч татгалзахгүй болохоо илэрхийлэв.
16. Талууд зээлийн хүүд орон сууц тооцуулахаар харилцан тохиролцсон гэх бөгөөд нэхэмжлэгч нь 1024 байрны 5 тоотод байршилтай 56.54 м.кв талбай бүхий орон сууцыг 180,928,000 төгрөгт тооцож хүлээн авснаа зөвшөөрсөн боловч, тус байрны 2 болон 12 тоотод байршилтай орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж аваагүй болохоо мэдэгдсэн.
17. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу өөрийн тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй бөгөөд хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дэмжигдэхгүй байна.
18. Талуудын хоорондох гэрээ дүгнэсэн акт, мөн хийсэн зарим эргэн төлөлтүүдэд тулгуурлан тооцоолбол:
- 1650 дугаартай гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 860,000,000 төгрөг /1,500,000,000-400,000,000-10,000,000-200,000,000-30,000,000/, 2022 оны 9 дүгээр сарын 17-ноос 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртлэх хугацааны хүүгийн үлдэгдэл 220,650,000 төгрөг /401,578,000-180,928,000/, 2024 оны 2 дугаар сарын 05-наас 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны алданги 176,300,000 төгрөг /860,000,000 х 0.1% х 205/,
- 1651 дугаартай гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 942,160,000 төгрөг /1 юань=471.08 төгрөг/, 2022 оны 10 дугаар сарын 05-наас 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны хүүгийн үлдэгдэл 339,817,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 05-наас 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны алданги 136,613,200 төгрөг /942,160,000 х 0.1% х 145/ болохоор байна.
19. Энэхүү тооцооллоор хүүгийн хэмжээ нь нэхэмжлэгчийн гаргасан тооцооллын дүнгээс хэтэрч байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хязгаарлан хариуцагчаас:
- 1650 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 860,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 132,068,669 төгрөг, алданги 176,300,000 төгрөг нийт 1,168,368,669 төгрөгийг,
- 1651 дугаартай гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 942,160,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 229,039,587 төгрөг, алданги 136,613,200 төгрөг нийт 1,307,812,787 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
20. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас нийт 2,476,181,456 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,443,331 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
21. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Аас 2,476,181,456 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Пид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,443,331 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,641,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 12,538,857 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН