Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 00217

 

 

 

       2018          08               09                                                         2018/ШЦТ/217   

               

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-т холбогдох эрүүгийн 1838005670277 дугаартай хэргийг 2018 оны 08 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Б.

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4-р багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Б-ийн нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4-р багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Б-ийн нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ...тэгээд даваа руу Б-ийн машинтай өгсөж гарсан. Даваан дээр гараад би хамарнаасаа гарсан цусаа тогтоогоод байж байхад Б чи үхээгүй байгаа дээрээ энэ түлхүүрээ ав гээд над руу шидсэн. Тэр үед миний уур хүрээд Б-ийг машиндаа сууж байхад нь мөр рүү нь гараараа цохиод татаж гаргаж ирээд маргалдсан. Тэгж маргалдаж байхад Б миний гарнаас барьчихаад байхаар нь татаж байгаад нүүр рүү нь өвдөглөсөн. Намайг өвдөглөх үед Б тонгойсон, тэр үед нь 2-3 удаа түүнийг өшиглөсөн” гэх мэдүүлэг, 

Хохирогч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ...Тэгээд бид нар пивоо уухаа болиод Л-ийн гэр рүү хөдөлсөн. Хөдлөөд явж байхад Б мотоцикльтойгоо бид нарын урд уул руу өгсөж яваад мотоцикльтойгоо уначихсан. Тэгэхээр нь бид нар зогсоод харахад Б ухаангүй, хөмсөгнөөс нь цус гарчихсан байдалтай байхаар нь Б-г машиныхаа арын суудалд оруулж суулгасан. ...Б босч ирэнгүүтээ уурласан, тэгэхээр нь би чи юунаас болоод уурлаад байгаа юм бэ, бид нар чамайг яасан юм бэ гэж хэлэхэд урдаас уурлах гэж байгаа байдал гаргаад байхаар нь бид нар түүнийг тоохгүй шууд машиндаа ороод сууцгаасан. Би машиндаа суугаад машиныхаа сандалыг хойш нь болгоод хэвтэж байхад гэнэт машины хаалга онгойгоод намайг хүн цохьсон, тэгээд хэн бэ гээд харахад Б байсан. Би тухайн үед шууд машинаасаа буугаад чи одоо яагаад намайг цохиод байгаа юм бэ, би чамайг яасан юм бэ гэж асуухад миний өөдөөс юм хэлэлгүй дахиад намайг цохих гээд дайрсан, тэгэхээр нь би нүүрээ дараад суух гэхэд Б толгой руу маань 2-оос 3 удаа өшиглөсөн. ...тухайн үед Б-д зодуулсны улмаас миний толгой эргээд нилээд хэсэг хэвтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Х.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ...тэгтэл Бааска яахаараа миний мотоциклийг Г барьдаг юм бэ гээд уурлаад байсан. Тэгэхээр нь Б юу яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Б машинаас бууж газар хэсэг хэвтэж байгаад босч ирээд машины хаалга онгойлгож Б-ийн нүүр рүү нь гараараа цохиход нь Б машинаасаа бууж Б-г бариад ноцолдсон. Тэгснээ Б болъё гээд нүүрээ дараад доошоо суухад нь Б нүүр рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг  /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 353 дугаартай:

1. Э.Б-ийн биед доод уруулын салстад, доод хэсгийн салстад шарх, цээжний баруун дээд хэсэгт, доод хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна.

3. Э.Б-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

      4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838005670277 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч М.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 300.000 төгрөгийг хохирогч Э.Болд-Эрдэнэд төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838005670277 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838005670277 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.      

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.НЯМСҮРЭН