Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02000

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02000

 

 

 

Ш.Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02219 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Г ХХК-ийн хариуцагч Э.М.Ж.Б.А ХХК-д холбогдуулан гаргасан 217 102 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , Г.Ганбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасанхүү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Э.М.Ж.Б.А ХХК-тай хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажилласан. Уг гэрээгээр Э.М.Ж.Б.А ХХК-ийн барьж байсан барилгад 2 800 000 000 төгрөгийн хөрөнгө оруулах үүрэг хүлээсэн бөгөөд 150 000 000 төгрөгийн хөрөнгө оруулсаны дараа Э.М.Ж.Б.А ХХК-иас гэрээ цуцлах санал гаргасныг хүлээж авсан. Улмаар тус компанийн гүйцэтгэх захирал ба хувьцаа эзэмшигчид нь хөрөнгө оруулалтыг хэрхэн төлж барагдуулах талаар 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хэлцэл хийж, 150 000 000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, түүний хүү 50 000 000 төгрөгийг мөн сарын 08-ны өдөр төлөхөөр, уг хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус заасан. Улмаар хариуцагч нь тэр өдрөө хүү болох 50 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэвч хариуцагч нь үндсэн төлбөр төлөх үүргээ мөн л биелүүлээгүй бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 3 000 000 төгрөг, мөн сарын 31-ний өдөр мөн 3 000 000 төгрөг, 10 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөг, 12 дугаар сарын 13-ны өдөр 38 000 000 төгрөг буюу нийт 69 000 000 төгрөг төлсөн байна. Дээрх төлбөр нь хариуцагчийн үндсэн төлбөр болон хэтрүүлсэн хугацааны алдангид тооцогдож хасагдаж байсан. Өнөөдрийг хүртэлх алдангийн хэмжээ 99 103 200 төгрөг болсон бөгөөд үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 72 367 500 төгрөгийг шаардах эрхтэй байна. Иймд хариуцагчаас бидний оруулсан хөрөнгө оруулалтын үлдэгдэл болох 144 735 000 төгрөг, түүний алданги 72 367 500 төгрөг, нийт 217 102 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Баасанхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.М.Ж.Б.А ХХК нь Ш.Г ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2 800 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу 150 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Манай компани уг төсөлд хамтран ажиллах боломжгүй болсон тул 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээ дуусгавар болгох тухай гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 150 000 000 төгрөг, түүний хүү 50 000 000 төгрөг, алданги төлөхөөр хэлцэл хийж нотариатаар гэрчлүүлсэн гэж байгаа боловч хэлцэл гэдэг нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дах хэсэгт заасны дагуу талууд гарын үсэг зурснаар хэлцэл хүчин төгөлдөр болно.

Манай компани нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу компанийн ажилтан С.Эрдэнэбатад Япон улсаас оруулж ирсэн 9019 УНВ улсын дугаартай цагаан өнгөтэй Тоёота Веллфайр маркийн суудлын автомашиныг 31 000 000 төгрөгөөр үнэлэн гэрээний төлбөрт шилжүүлсэн. 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 50 000 000 төгрөг, мөн сарын 13-ны өдөр 3 000 000 төгрөг, мөн сарын 31-ний өдөр 3 000 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөг, мөн сарын 13-ны өдөр 10 000 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 13-ны өдөр 38 000 000 төгрөг нийт 150 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дүгээр зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Г ХХК-ийн хариуцагч Э.М.Ж.Б.А ХХК-д холбогдуулан гаргасан 217 102 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 243 462 төгрөг 50 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо: Талууд гэрээний чөлөөт байдлын хүрээнд харилцан тохиролцож 150 000 000 төгрөгийн 4 жилийн хугацааны хүү болох 50 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон атал анхан шатны шүүх хүү шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь гэрээний чөлөөт байдлын зарчим, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн диспозитив зарчмыг шууд зөрчиж байна.

Хариуцагч нь 4 жилийн хугацаанд 50 000 000 төгрөгийн хүү буюу мөнгөн төлбөрийн үүрэг болох 150 000 000 төгрөгийн 33,33 хувийн хүү тооцож төлөхөөр тохирсон байна. Үүнийг жилээр илэрхийлбэл, жилийн 8,33 хувийн хүүг нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт заасны дагуу шаардаж байна. Нэхэмжлэгчийн 2015 онд хариуцагчид шилжүүлсэн 150 000 000 төгрөгийн худалдан авах чадвар жил бүр 8 хувиар буурсан. Иймд хариуцагчийн хүүнд төлсөн 50 000 000 төгрөгийг үндсэн төлбөрт оролцуулан тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт илт үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай албан бичиг нь зохигчдын харилцан тохиролцоо болох дээр маргадаггүй. Тухайн баримтыг үйлдэхдээ нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь харилцан тохиролцож үйлдсэн байдаг. Энэ талаар хариуцагч огт маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Нэхэмжлэгч нь уг хэлцлийн дагуу төлбөр, алданги төлөхийг хариуцагчаас удаа дараа шаардаж байсан, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тус хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрсний нотолгоо болж байна. Нэхэмжлэгчийн хувьд үүргийн гүйцэтгэлийг хангуулж, алданги тооцох нь эрх аШ.Гийг хөндөхгүй, харин ч ашигтай тул хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй юм.

Иймд нэгэнт алданги төлөх талаар талууд харилцан тохиролцож, түүнийг бичгээр баталгаажуулсан байх тул алданги шаардах эрхгүй гэх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч 31 000 000 төгрөгт тооцож Toyota Vellfire маркийн автомашиныг шилжүүлсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит үнэнд нийцэхгүй. Учир нь гэрчийн мэдүүлгээр ч бусад нотлох баримтаар ч тус автомашиныг 150 000 000 төгрөгийн тооцоонд оруулж шилжүүлээгүй байдаг. Тухайлбал, хэргийн гол нотлох баримт болсон 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцэлд ...2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 50 000 000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 150 000 000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэж тодорхой бичжээ. Энэхүү 31 000 000 төгрөгийн автомашин нь үндсэн төлбөртэй хамааралгүй, харин бусдын бизнесийн эргэлтийн хөрөнгийг 4 жил гаруй төлж барагдуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлогын дүнд тооцож шилжүүлсэн хөрөнгө байна. Тодруулбал, хариуцагч нь 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 31 000 000 төгрөгийн автомашинийг нэхэмжлэгчид шилжүүлж, мөн 50 000 000 төгрөгийн хүү болон үндсэн төлбөр 150 000 000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрхи үйл баримтыг буруу үнэлсний улмаас шийдвэр үндэслэл бүхий болсонгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Ш.Г ХХК нь хариуцагч Э.М.Ж.Б.А ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 217 102 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах нэртэй гэрээгээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, Ш.Г ХХК нь гэрээнд заасны дагуу хураамжид 150 000 000 төгрөг Э.М.Ж.Б.А ХХК-д шилжүүлсэн үйл баримт хэргийн 16-27 дах талд авагдсан гэрээ, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-16-27,101,102/ Мөн талууд гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, Э.М.Ж.Б.А ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг 11 дүгээр хорооллын Б хэсэгт байрлах худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаж буй барилгаас 150 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Ш.Г ХХК-аас авсан 150 000 000 төгрөгт тооцон, 2016 оны 4 дүгээр улиралд шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Гэрээ дуусгавар болгох тухай гэрээ, Үл хөдлөх хөрөнгө захиалж худалдах-худалдан авах гэрээ, хэргийн оролцогчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогджээ. /хх-28-29, 97, 103/ Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин хариуцагч тал үүргээ биелүүлсэн эсэх, нэхэмжлэгч, хариуцагчаас хүү, алданги шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч Ш.Г ХХК нь хариуцагч Э.М.Ж.Б.А ХХК-ийн 150 000 000 төгрөг төлөх үүрэгт хүү, алданги тооцон нэхэмжлэл гаргахдаа хариуцагч компанийн явуулсан 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай албан бичгийг нотолгооны эх сурвалжаа болгон шүүхэд өгснийг хариуцагч ... мөнгийг буцаан шилжүүлж өгсөн, уг албан бичиг нь хэлцэл биш учир хүү, алданги шаардах эрхгүй гэх үндэслэл заан маргасан байдаг.

Уг бичгийн нотлох баримтаас үзэхэд Э.М.Ж.Б.А ХХК нь хөрөнгө оруулалт болох 150 000 000 төгрөгийг, хүү, хохиролд нийт 200 000 000 төгрөг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, мөн өдрөө 50 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулах, уг хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлж, тус компанийн захирал С.Баасанхүү, хувьцаа эзэмшигч Б.Чинзоригт нар гарын үсгээ зурж баталгаажуулан, компанийн тамгыг даржээ. /хх-41/ Тус бичигт гэрээний нөгөө тал болох Ш.Г ХХК-ийн гарын үсэг зурагдаагүй хэдий ч үүрэг гүйцэтгэгч Э.М.Ж.Б.А ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдээс өөрийн үүргээ тодорхойлон бичгийн хэлбэрт оруулж Ш.Г ХХК-д хүргүүлсэн болох нь хариуцагчийн гаргаж буй тайлбараар нотлогдож байна.

Иймээс талуудыг, хамтран ажиллах гэрээний үүргийг өөр гэрээний үүргээр сольсон, хүү, алдангийн талаар тохиролцон хэлцэл хийсэн гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсгийн зааснаар нэхэмжлэгч тал үндсэн үүрэг болон хүү, алданги хариуцагчаас шаардах эрхтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсгийн заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч Э.М.Ж.Б.А ХХК-аас гэрээний үүргээ биелүүлсэн гэж маргадаг.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбар, гэрч С.Эрдэнэбатын мэдүүлэг зэргээр хариуцагчийн үндсэн үүргийн хэмжээ нь 200 000 000 төгрөг болох, үүнээс 119 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 31 000 000 төгрөгт тооцон Тоёото Веллфайр маркийн 9019 УНВ улсын дугаартай суудлын автомашин шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна. /хх-102, 104/

Нэхэмжлэгч тал дээрх төлбөрийг гүйцэтгээгүй үүргийн алдангид суутган тооцсон гэх үндэслэлээр хариуцагчаас гэрээний үүрэг шаардаж буй нь үүрэг гүйцэтгэх дараалал тогтоосон Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх хэсэгт заасан журамд нийцэхгүй. Учир нь тус хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч нь аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй, хэрвээ сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд гүйцэтгүүлэхээр, мөн үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэхээр журамлажээ. Дээрх хуульд заасны дагуу хариуцагч Э.М.Ж.Б.А ХХК-ийн гүйцэтгэсэн үүрэг болох 150 000 000 төгрөгийг үндсэн үүрэг 200 000 000 төгрөгөөс хасч тооцож, үлдэх 50 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Уг үүрэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцоход мөн зүйлийн 232.4 дэх хэсэгт тогтоосон 50 хувиас хэтэрч байх тул энэ хэмжээгээр хязгаарлах нь зүйтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнээд хариуцагч Э.М.Ж.Б.А ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 75 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 142 102 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/02219 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.М.Ж.Б.А ХХК-аас 75 000 000 /далан таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 142 102 500 /нэг зуун дөчин хоёр сая нэг зуун хоёр мянга таван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Э.М.Ж.Б.А ХХК-аас 532 950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ш.Г ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 243 462 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД