Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/218

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д-д холбогдох эрүүгийн 1838004890263 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Д.

Шүүгдэгч А.Д нь 2018 оны 02 дугаар сарын 4-нөөс 5-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн нутаг “Их харгана” гэх газраас хууль бусаар 5.3 куб.метр мод бэлтгэж ойн санд 1.946.160 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Д нь 2018 оны 02 дугаар сарын 4-нөөс 5-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн нутаг “Их харгана” гэх газраас хууль бусаар 5.3 куб.метр мод бэлтгэж ойн санд 1.946.160 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн нутаг “Их харгана”-ы Номон далай гэх газраас 22 ширхэг босоо мод унагаагаад мориор чирээд өөрийн малын өвөлжөөн дээр аваачсан. ...Өвөлжөөний гадна чирж аваачсан модоо дундуур нь хуваахад 61 билүү, 62 мод болсон. Би эхлээд ямар нэгэн мод бэлтгэх зөвшөөрөл аваагүйгээр модоо унагаасан. ...зөвшөөрч байна, малынхаа хашааг хуучраад нураад унахаар нь шинээр хашаа барьж сэлбэе гэж бодоод 22 ширхэг босоо нойтон мод унагаасан нь үнэн. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Улсын байцаагчийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-20 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

  • , иргэний нэхэмжлэгч М.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн иргэн А.Д нь тус сумын 1 дүгээр багийн нутаг “Их харгана” гэх газраас эрхийн бичиггүй 22 ширхэг босоо нойтон мод унагааж өвөлжөөнийхөө гадаа буулгасан талаар сонссон. ...Байгаль орчинд учруулсан хохирлын мөнгийг нэхэмжилнэ. Өөр надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-35 дугаар хуудас/,

Гэрч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Цэцэрлэг сумын 1 дүгээр баг хариуцан ажилладаг байгаль хамгаалагч юм. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр манай нөгөө байгаль хамгаалагч Б.Г гэдэг хүнд Цэцэрлэг сумын 1 дүгээр багийн нутаг Их харгана гэх газарт иргэн А.Д гэдэн хүн нойтон мод огтолж, огтолсон модоо өвөлжөөн дээрээ авчирсан байна гэх мэдээлэл иргэнээс ирсэн байсан. Мэдээллийн дагуу байгаль хамгаалагч Г, байгаль хамгаалагч Н нарын хамт уг газарт очиж үзэхэд тус багийн иргэн А.Д-ийн Их харганы дээд өтөг гэх өвөлжөөн дээрээ 62 ширхэг мод тээвэрлэж авчирсан болов уу гэмээр авчирч орхисон байсан. Бид нар мод бэлтгэсэн ой руу нь орж шалгалт хийхэд 22 ширхэг хожуул олж тоолсон” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн инженер Г.Өнөрсайханы 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай:

  1. Иргэн А.Д-ийн бэлтгэсэн гэх модонд хэмжилт хийхэд 5.3 м3 хэрэглээний нойтон шинэс мод байгаа нь тогтоогдов.
  2. Уг мод нь хэрэглээний мод мөн.
  3.  Гарал үүслийн гэрчилгээг Монгол улсын Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу олгоно. Дээрх модонд “Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ” шаардлагагүй.
  4. Иргэн А.Д нь Монгол улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.2 дахь заалт, 35.4.2 дахь заалтыг тус тус зөрчин мод бэлтгэсэн гэж үзэж дараах байдлаар үнэлгээг тооцов. “...иргэн А.Д нь нийт 1.946.160 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий шинэс мод бэлтгэсэн нь тогтоогдов.
  5. Ойн санд учруулсан хохирлыг тооцохдоо 2018 оны 7 сарын 24-ний өдрийн “Эрчимт-Идэр” сум дундын ойн ангийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгч Г.Өнөрсайхан, техникч Б.Пүрэвсүрэн, Ж.Ганжаргал, байгаль хамгаалагч Б.Гүндсамбуу нарын хийсэн хэмжилтийн үр дүн, БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Экологи эдийн засгийн үнэлгээ, Стандартчилал, Хэмжил Зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан “Хэвийн шувтантай бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрд” MNS 2379 2010 ийг ашиглан тооцов. Иргэн А.Д-ийн мод бэлтгэсэн гэх ойн сангийн бүсийг тооцохдоо 2012 оны “Ой зохион байгуулалтын материал”-ыг ашиглав гэх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838004890263 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч А.Д- нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Д- нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч А.Д- нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч М.Р нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэсэн байх тул шүүгдэгч А.Д-ээс байгаль орчинд учруулсан хохирол болох 1.946.160 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газарт олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838004890263 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 5.3м3 модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Д-г хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 5.3 м3 хэрэглээний нойтон шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Д-ээс 1.946.160 /нэг сая есөн зуун дөчин зургаан мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.

6. Эрүүгийн 1838004890263 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.НЯМСҮРЭН