Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар  2025/ДШМ/472

 

2025            04           29                                             2025/ДШМ/472                                                         

 

Б.Гөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Өсөхбаяр шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/577 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн эрүүгийн 2403007520975 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 07 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр И-март худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр Yutong загварын Нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.5. “Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлаганд 0,5 мертээс илүүгүй зайд шахаж зогсоно” гэсэн заалтыг зөрчиж зорчигчийг замын зорчих хэсэгт буулгасны улмаас Б.Ц нь Тоёота Приус загварын тээврийн хэрэгсэлд мөргүүлж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:

Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гөд оногдуулсан торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн нар давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Замын хөдөлгөөнд зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нар бүгд эрх эдэлж үүрэг хүлээхээр заасан байдаг, энэхүү зам тээврийн осол хэрэгт зорчигч Б.Ц Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.2.в-д заасныг, хохирогч Б.Цг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Тоёота Приус загварын автомашины жолооч мөн дүрмийн 13.1-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Б.Г нь хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй хэдий ч түүний өөрийнх нь хэлсэн дүнгээр эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг бүгдийг төлж барагдуулсан, хохирогч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд "...эрүүл мэндийн зардалд 1.132.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг авсан, бүрэн дүүрэн хохирлоо барагдуулсан. Хоёр жолоочид гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй..." гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан. Шүүх, шүүгдэгч Б.Гөд ял оногдуулахдаа "...шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг гарах үед чиглэлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан буюу олон хүний амь нас, эрүүл мэндийг хариуцан ажиллаж байсан нөхцөл байдлыг харгалзан өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг хүлээн авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй" гэсэн ба тухайн зам тээврийн осол хэрэг гарах үед жолооч Б.Г хөдөлгөөнд оролцоогүй, зорчигчийг буулгах түр зогсолт хийх үед болсон байдаг. Шүүгдэгч Б.Гийн хувийн байдлын хувьд тэрээр 21 жил тээврийн хэрэгсэл жолоодсоноос сүүлийн 3 жилд нийтийн тээврийн автобусны жолооч хийж энэ хугацаандаа ямар нэгэн осол аваар гаргалгүй ажилласан байна. Хувийн амьдралын хувьд эхнэр, 14, 18 настай 2 хүүхдийн хамт түрээсийн байранд амьдардаг, том хүү Г.Мнь ШУТИС-ийн 1 дүгээр курсийн оюутан, Б. Г өөрийн эхнэрийн хамт өнөөдөр Монголын олон гэр бүлүүдийн нэгэн адил хоёулаа хөдөлмөрлөж, үр хүүхдүүдээ сургуульд сурган, цалингийн зээлээ авч оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, унаа машин авч, цалингийн зээл, түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулж яваа энгийн нэгэн гэр бүлийн өрхийн тэргүүн, аав хүн юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно" гэж, мөн хэсгийн 1.1 дэх заалтад "энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх;..." гэж заасан. Иймд Шүүгдэгч Б.Г болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан. Мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж хуульчилсан. Шүүгдэгч Б.Г нь анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрөө мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хэргийн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаас харахад замын оролцож байсан 3 этгээд нь бүгд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн. Мөн шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 14.5 дугаар зүйлд заасныг зөрчсөний улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Иймээс шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт гарсан шалтгаан нөхцөл байдал болон өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлсэн тул түүний хувийн байдлыг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэснийг чөлөөлж өгнө үү. Учир нь, шүүгдэгч нь Автобус баазад ажилладаг, түүний хийдэг ажил нь эрэлт хэрэгцээ ихтэй. Улмаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажлаас халагдах, түүний гэр бүлийн байдал хүндрэх, хүүхдийн сургалтын төлбөр төлөх шаардлагатай тул шүүгдэгчид нэг удаа боломж олгож өгнө үү” гэв.

 

Прокурор А.Марал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Б.Г нь Юутонг загварын Нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.5 дэх заалтыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зорчигчийг замын зорчих хэсэгт буулгасны улмаар тус замд зорчин явсан Тоёота Приус ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж хохирогч Б.Цд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Мөн Тоёота Приус ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Амарсанааг Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан зөрчлийг зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзэж Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар зөрчлийн материалыг хүргүүлж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

1. Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 07 цагийн орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр И-март худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр Yutong загварын Нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.5. “Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлаганд 0,5 мертээс илүүгүй зайд шахаж зогсоно” гэсэн заалтыг зөрчиж зорчигчийг замын зорчих хэсэгт буулгасны улмаас Б.Ц нь Тоёота Приус загварын тээврийн хэрэгсэлд мөргүүлж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Цгийн “... 57 дугаар сургуулийн урд талаас хорооллын чиглэлийн автобусанд суугаад гэмтэл дээр буух байсан чинь миний суусан автобус хорооллын эцэст зогссон. Тэгээд буудлаас хөдөлсний дараа “гэмтлийн эмнэлгийн зам хаасан байна, энд буугаарай, гэмтлийн эмнэлэг дээр зогсохгүй юм байна” гэсэн. Тэгэхээр нь “би бууна” гэж хэлсэн. Автобус шууд зогсоод арын хаалга онгойлгосон ба би автобуснаас буусан. Дараа нь юу болсныг мэдэхгүй байна. Намайг нүдээ нээхэд нэг цагдаа намайг тэвэрчихсэн байсан. Тэр үед миний байсан утас зам дээр урагшаа шидэгдсэн байсан. Нэг эгч миний утсыг авчирч өгөхөөр нь би өөрийнхөөө утсаар ээж рүүгээ нөгөө цагдаа ахаар яриулсан. ... би энэ ослоос өмнө биедээ ямар нэгэн гэмтэл авч байгаагүй, энэ ослоос болж миний баруун хөлийн суурь яс бяцарсан, өвдөг, гуя, бөгс хөхөрсөн, хүзүү хөдлөхгүй хэдэн хоног болсон. ... тухайн автобус буудал дээр эхлээд зогссон. Тэгээд хөдлөөд нилээн яваад “буух хүн байвал буугаарай, эндээс алхаад яваарай” гэж хэлсэн. Би тэр үед гэмтэл дээр зогсохгүй юм байна гээд бууя гэтэл шууд зогсоод намайг зам дээр буулгасан. ...” /хх 22/

иргэний хариуцагч “Блюбус” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О-гийн “... тухайн осол болдог өдөр гэмтлийн эмнэлгийн хойд талын зам хаалттай байсан учраас урьд өдөр нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 13-ны орой манай байгууллага дээр нийтийн тээрийн бодлогын газраас чиглэл ирсэн. Түүний дагуу манай ... чиглэл өөрчлөгдсөн байсан. Өглөө нь манай байгууллага бүх жолооч нартаа энэ талаар хэлж анхааруулсан. Автобусанд ямар нэгэн гэмтэл учраагүй. Камерын бичлэг 7 сараас хойш хийгдээгүй байсан. ...” /хх 38/,

гэрч Б.А-гийн “... би 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 07 цаг 40 минутын орчимд өөрийн эзэмшлийн Тоёота Приус ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа хорооллын эцсийн 113 дугаар сургууль дээрээс хүүхдэдээ хичээлийн номыг нь авахаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр хорооллын эцсийн автобусны буудал дээр явж байхад миний урд талд нэг автобус буудлын карманаас гараад буцаж эргэхээр гэрэл дохиогоо өгөөд зогсож байсан. Тэгэхээр нь би тэр автобусны хажуугаар нь гарахын тулд дохиогоо өгөөд нөгөө зогсож байсан автобусны хажуугаар гарч байхад миний зүүн талаас нэг зорчигч автобуснаас гэнэт буугаад ирсэн. Тэгээд тэр автобуснаас бууж байсан хүн миний жолоодож явсан машины зүүн талын толийг шүргээд буцаад автобус руу цохигдоод газар унасан. Би унаж явсан машинаа зогсоогоод машинаасаа буун нөгөө хүн дээр очиход 18-19 орчим насны эмэгтэй хүүхэд байсан. Би биеийн байдлыг нь асуухад намайг тоохгүй нэг хүн рүү гар утсаар яриад байсан. Би тэр хүүхдийн доогуур өмсөж явсан хувцсаа дэвсэж өгөөд өөрийнхөө утсаар 103-д дуудлага өгсөн. ... тэр автобус замын зорчих хэсэг дээр замын дунд хэсэгт хүн буулгасан. Тэр үед замын ачаалал багатай, замын ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Би тэр үед ойролцоогоор 30-40 км/цагийн хурдтай явж байсан. Би тэр автобусыг тэнд хүн буулгана гэж бодоогүй. Тэр автобус урьд нь автобусны буудал дээр зогсож байгаад хөдөлсөн. Би тэр автобусыг хүнээ буудал дээр буулгасан гэж бодож явсан. ...” /хх 46/,

Б.Гийн яллагдагчаар өгсөн “... тэр өдөр би ... чиглэл буюу Зунжин худалдааны төвөөс Тэц-4 чиглэлийн “Б” ХХК-ийн эзэмшлийн ...улсын дугаартай нийтийн тээврийн автобусны буудал дээр зорчигчдоо буулгаад цааш хөдлөхөөсөө өмнө зорчигчдод “гэмтлийн зам хаасан буцаж эргээд модны 2-оор явна” гэдгээ хэлээд хөдөлсөн гэтэл хойноос заалнаас нэг хүн “бууя” гэсэн ба тухайн үед зааланд байсан хүмүүс бас “хүн бууя” гээд байна гэхээр нь би дөнгөж хөдлөөд араас бууя  гэсэн хүнийг буулгасан. Хаалгаа хаагаад хөдлөх гэтэл хүүе хаая гэхээр нь би зогссон. Тэгээд толиндоо харахад нөгөө автобуснаас бууж байсан охин газар унасан байсан. Намайг зорчигчийг буулгах үед би толиндоо харахад машин байхгүй байсан. Тэгээд бууж байхад нь нэг машин тэр охиныг мөргөсөн байсан. ...” /хх 87-88/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12276 дугаартай “Б.Цгийн баруун тавхайн холбоос, шөрмөсний уутны урагдал, зөөлөн эдийн няцрал, өлмийн 1-р ясны няцрал, баруун тохойд цус хуралт, зулгаралт, баруун гуяны гадна дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, тахимын гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед автомашинд мөргөгдөх, дайрагдах үед үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна.” /хх 54-55/ дүгнэлт,

Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1718 дугаартай “A.Yutong” маркийн нийтийн тээврийн автобусны жолооч Б.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.5. Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах, суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү аль болох ойртож, хашлаганд 0,5 метрээс илүүгүй зайд шахаж зогсоно гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна ...” гэсэн магадлагаа,

дуудлагын лавлагааны хуудас /хх 3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх 4-11/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-14/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Гөд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Гийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Гийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэмд заасан хэм хэмжээ, нийтийн тээврийн жолоочийн үүргийг зөрчсөний улмаас хохирогч Б.Ц мөргүүлж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

4. Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “... тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас чөлөөлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдолдоо ар гэрийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэхийг гол үндэслэлээ болгон тодорхойлжээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, түүний үйлдсэн гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

Хэдийгээр шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлсөн боловч шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ ажил үүргээ гүйцэтгэж, нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиж буй зорчигчдын амь нас, эрүүл мэндэд аюул, хохирол учруулахгүй тээвэрлэх үүрэг хүлээсэн байдал зэргээс үзэхэд түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, торгох шийтгэлийг тус тус оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан гэж үзэхээр байна.

Иймд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас чөлөөлөх талаар гаргасан шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/577 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                                       Ц.МӨНХТУЛГА

 

       ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

       ШҮҮГЧ                                        Б.БАТЗОРИГ