2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 191/ШШ2025/10504

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од байрлах, “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх “*******” ХХК /рд:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  “*******” ХХК  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алеф Эксперенс ХХК (цаашид Алеф гэх) нь Болор Агниста ХХК (цаашид Харилцагч гэх)-тай 2023 оны 10 сарын 11-ны өдөр "Дижитал зар сурталчилгааны тухай гэрээ" байгуулсан. Тус гэрээгээр Алеф нь мета дижитал зар сурталчилгааны платформ болох Фэйсбүүк, Инстаграмм, Мессенжер дээр зар сурталчилгаа байршуулах үйлчилгээ үзүүлэх, Харилцагч нь гэрээгээр хүлээсэн үйлчилгээний хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн. Алеф нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн бол "Болор Агниста" ХХК нь гэрээ байгуулсан эхний сараас зөрчил гаргаж эхэлсэн бөгөөд үйлчилгээний төлбөрийг тогтмол хугацаа хэтрүүлж, төлбөрийг хуваан төлж, Алефд хүндрэл учруулж байсан. Хамгийн сүүлд 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төлөлт хийгдсэнээр гүйцэтгээгүй үлдсэн төлбөрийн хэмжээ 8,211,532,28 төгрөг болсон. Алеф төлөгдөөгүй үлдсэн дээрх төлбөрийн тухай мэдэгдэл илгээхэд Харилцагч нь 2024 оны 10-12 саруудад 3 хуваан төлж барагдуулах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Гэвч одоо хүртэл тус төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулалгүй нэхэмжлэгчийг хохироосоор байна.

Иймд Алеф нь 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр "Болор Агниста" ХХК-иас 15,617,298.42 /арван таван сая зургаан зуун арван долоон мянга хоёр зуун ерэн найман төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулахаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг хариуцагчид гардуулахаар хариуцагч Болор Агниста ХХК-ийн бүртгэлтэй хаяг болох "Улаанбаатар, *******,,,,," хаягаар удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч бүртгэлтэй хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй нь тогтоогдсон тул Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 197/132025/66287 дугаар шүүгчийн захирамжаар манай байгууллагын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих Болор Агниста ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.         Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх лавлагааны хуулбар /хх3/, итгэмжлэл /хх16-18/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх4/, дижитал зар сурталчилгааны гэрээний хуулбар, орчуулгын хамт /хх5-13/, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн Хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн  2025 оны 10 сарын 22-ны өдрийн 66387 дугаар захирамж /хх14-15/,  *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 46546 дугаар захирамж /хх19/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх “*******” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х. нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх19/

 

4. Нэхэмжлэлд дурдсанаар гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

5. Нэхэмжлэгч “*******” ХХК нь *******,*******нд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар  тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх4/

 

6. Нэхэмжлэлд дурдсан “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч  “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  байгуулагдсан дижитал зар сурталчилгааны гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх10/

 

6.1. Дээрх гэрээнд “*******” ХХК-ийн оршин байрлах хаяг Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө.50 тоот гэж бичигджээ.

 

7.         Нэхэмжлэгч нь “*******” ХХК-ийн оршин байрладаг гэх ******* дүүрэг,, Энхтайвны өргөн чөлөө, хаягийг үндэслэн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гаргажээ.

 

8. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 197/ШЗ2025/66387 дугаар захирамжаар хариуцагчийн оршин байрлах хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх14-15/

 

9. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 191/ШЗ2025/48505 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас “*******” ХХК /рд:*******/-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг шаардан гаргуулсан.

 

10.  Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас “*******” ХХК нь ******* дүүрэг,, Энхтайвны өргөн чөлөө,,од оршин байрладаг тухай лавлагааг ирүүлсэн. /хх23-24/

 

            11. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д зааснаар хуулийн этгээд нь өөрийн оршин байрлах газрын хаягийг өөрчилсөн тохиолдолд холбогдох мэдээллийг ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

 

12. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагч “*******” ХХК-ийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин байрлах бүртгэлтэй хаягийн дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* дүүрэг,, Энхтайвны өргөн чөлөө,, хаягт оршин байрлах бүртгэлтэй гэх  “*******” ХХК /рд:*******/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг  эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар  “*******” ХХК /рд:*******/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “*******” ХХК, түүний төлөөлөгч Х. /утас:/-д мэдэгдэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД