| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0213/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/221 |
| Огноо | 2018-08-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн 1838004520247 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Д.Э:
Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Төмөрбулаг сумын “Билүүтийн таг” гэх газраас хууль бусаар 15.3 метр.куб хэрэглээний хуурай шинэс мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 1.652.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Төмөрбулаг сумын “Билүүтийн таг” гэх газраас хууль бусаар 15.3 метр.куб хэрэглээний хуурай шинэс хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 22-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Жаргалантын Билүүт” гэх газраас мод бэлтгэсэн. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын сүүлчээр бэлтгэсэн модоороо хашаагаа барьж дуусгасан. …саравчны хана мөн дээвэр хашааны шон зэрэг нийлээд ойролцоогоор 100 гаруй мод бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ дружба хөрөөгөөр модыг тайрч унагаасны дараа модны мөчрийг гар хөрөөгөөр хөрөөдөж, сүхээр модны ярыг тайрч цэвэрлэж байсан. ...модоо өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох ... ХӨС улсын дугаартай Кантер машинаар тээвэрлэсэн” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-17 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-16 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Э нь учруулсан хохирлоо бүрэн төлчихвөл надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд заагдсан хэмжээгээр хохирлоо нөхөн төлүүлж, сумын хүү торгуулийн 100171100952 дансанд тушаалгаж авна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” Сум дундын ойн ангийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаартай:
Экологи эдийн засгийн үнэлгээний 1.652.400 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тухай баримт /хх-ийн 50 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838004520247 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.Э нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 40 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Э нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Д.Э нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Э-с 1.652.400 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газарт олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838004520247 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөө 1 ширхэг, төмөр иштэй сүх 1 ширхэгийг, битүүмжлэгдсэн 15.3 м3 модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Э-г хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөө 1 ширхэг, төмөр иштэй сүх 1 ширхэгийг, битүүмжлэгдсэн 15.3 м3 модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Э-с 1.652.400 /нэг сая зургаан зуун тавин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН