Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/602

 

 

 

  2025             05            20                                       2025/ДШМ/602

 

Б.Чт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүтэй,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/767 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Чт холбогдох 2403006890938 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.Ч, 1977 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “MSM” ХХК-д нярав ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..................... тоот оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;

Шүүгдэгч Б.Ч нь .............. дүүргийн ............. дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө “MSM” ХХК-ийн урд замд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн орой 21 цагийн орчим “Lexus HS 250H маркийн ............. УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 10.8. Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтална. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ. “уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Суррон” маркийн цахилгаан дугуйтай зорчигчтой мөргөлдсөний улмаас сурроны жолооч А.Чий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:  Б.Чыг “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чаас хохирогчийн сэтгэцийн хор уршгийн зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 8.580.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Золзаяад олгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид учирсан хохиролтой холбоотой болон цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт хураагдсан бичлэг бүхий компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт Б.Ч цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн тогтоол нь хуульд нийцээгүй, зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөлийг хэрэгт цугларсан нотлох баримтад хууль зүйн бодитой дүгнэлт хийж чадаагүй байна. Тухайлбал “Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2751 дугаар  “Шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай, Суррон маркийн ... дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох шалгахад техникийн дээд хурд 86 км/цаг зааж байна. Энэ нь “Мопед” тодорхойлолтыг 50 км/цагаас хэтрэхгүй байх шаардлагаас давж байх тул “Мотоцикл” ангилалд хамаарна. Тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагааг жолоодож шалгахад туршилтын хурд 18 км/цаг, зогссон зай 0,46 метр хэмжээтэй, тоормосны идэвхжилт 62 хувь mel тоормосны ажиллагаа ажиллаж байна.” гэжээ. Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1702 дугаар магадлалд “Мотоциклтой зорчигч А.Ч нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолооч дараахь зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Мөн насанд хүрээгүй хохирогч А.Ч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч /өмчлөгч/ ашиглагч этгээд хүлээнэ. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ. Мотоцикл нь замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т зааснаар А ангилалд хамаарах механикжсан тээврийн хэрэгсэл байх бөгөөд тус тээврийн хэрэгслийг жолоодох тохиолдолд 18 нас хүрсэн, А ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй хүн байхаар тус журамд заасан ба жолооч А.Ч нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна” гэж заасан бөгөөд зам тээврийн ослын шалтгаан нь техникийн бүрэн бус тээврийн хэрэгслийг насанд хүрээгүй этгээд жолоодож явсан болохыг шүүх хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй байх тул Б.Чт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор М.Билгүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.1, 10.8-г зөрчсөний улмаас осол гарч, хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Прокуророос 16 настай, хохирогч А.Чийг зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Чт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Ч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МSМ” ХХК-ны урд замд 2024 оны 8 дугаар сарын 30-ны оройн 21 цагийн орчим “Lexus HS250Н” маркийн ............. УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж суррон маркийн цахилгаан дугуйтай мөргөлдсөний улмаас насанд хүрээгүй хохирогч А.Чий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх  гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-9/,

насанд хүрээгүй хохирогч А.Чий “20 цагийн үед ажил дуусаж гэр рүүгээ явсан. Явах замдаа Хан-Уул дүүрэгт байрлах “МSМ” дэлгүүрийн урд замаар зүүнээс баруун чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байтал “Prado” маркийн автомашин урдуур эсрэг урсгалд орсон бөгөөд дахиад автомашин байхгүй байна гэж бодоод чигээрээ явтал гэнэт урдуур нэг хар хөх өнгийн “Lexus HS250H” маркийн автомашин ороод ирсэн. Харсан даруйдаа тоормос базсан боловч зогсолгүй очоод мөргөчихсөн. Тэгээд би шидэгдээд унасан. Энэ үед гадаа бороо орж байсан. Босоод явах гэсэн боловч хөл мэдээгүй болчихсон байсан учир мөргөлдсөн машины арын суудал дээр очиж суусан. Дараа нь гэрийнхэн рүүгээ залгасан. Удалгүй түргэн тусламж ирж хөл боож цусыг тогтоосон бөгөөд гэмтлийн эмнэлэг орж үзүүл гэж хэлсэн. Би осол гарах үед ганцаараа явж байсан. Ослын улмаас баруун хөл хугарсан. Би тухайн үед баруунаас зүүн чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байсан. Тэр үед хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй байсан, гэхдээ бороо орж байсан ба зам эвдрэл гэмтэлгүй байсан.” /хх 19/,

иргэний нэхэмжлэгч Д.Ггийн “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө “MSM” ХХК урд замд 2024 оны 8 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчим “Lexus HS250H” маркийн 27-45 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь цахилгаан дугуйтай зорчигчтой мөргөлдөж А.Чий биед хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А.Ч нь 1.790.602 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.790.602 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Чаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” /хх 98/,

Шүүгдэгч Б.Чын яллагдагчаар өгсөн: “Би Яармагийн гүүрний зүүн хэсэгт замынхаа хойд талд байрлалтай “МSМ” ХХК-ны хашаанаас өөрийн эзэмшлийн “Lexus HS250H” маркийн 27-45 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод харихаар ганцаараа гарсан. Хашаанаасаа тээврийн хэрэгсэлтэйгээ хөдлөх үед миний тээврийн хэрэгслийн урд манай ажлын газрын хүний нэг машин үргэлжилсэн цагаан шугам даваад зүүн зүгт эргээд явсан. Араас нь би тээврийн хэрэгсэлтэйгээ зүүн зүгт эргэх үйлдэл хийх үед зүүнээс баруун чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр суррон дугуйтай хүн машины зүүн урд хэсгийг мөргөөд машины копудан дээр даваад уначихсан. Би машинаа бүрэн зогсоогоод машинаасаа буугаад хартал машины баруун гар талд нэг хүүхэд хэвтэж байгаад босож ирээд доголоод босоод ирэхээр нь тэр хүүг тэвэрч аваад машиндаа суулгасан. Тэгээд би яаралтай түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Яаралтай түргэн тусламж ирж тухайн хүүхдийг үзээд айхтар ил хугарал гэмтэл мэдэгдэхгүй байна. Та нар өөрсдөө гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гэсэн. Замын цагдаагаас бүрэлдэхүүн иртэл хүлээж байгаад үзлэгээ хийлгэсэн. Үзлэг хийхээс өмнө хүүхдийн ар гэрийнхэн ирээд хүүхдийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Замын цагдаагаас бүрэлдэхүүн ирж хэмжилт хийгээд явсны дараа би өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ гэмтлийн эмнэлэг рүү хүүхдийн араас явсан. Би сурронтой зорчигчийг хараагүй, гэнэт л гараад ирсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. MRI зураг авхуулахад 290.000 төгрөг, рентген зураг авхуулахад 140.000 төгрөг, бэлнээр Чингүүний ахын дансанд 300.000 төгрөг шилжүүлсэн. Эмнэлэгт хэвтэж байхад нь 3 удаа эргэж очсон. Би бусдад учирсан хохирлыг барагдуулахад татгалзах зүйл байхгүй.” /хх 92-93/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11582 дугаар “А.Чий биед баруун шаант ясны дээд бурзангийн далд хугарал, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 26-28/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2751 дүгээр “Шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай, Surron  маркийн, LJ4YWNLF7PJ300054 арлын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох шалгахад техникийн дээд хурд 86 км/цаг зааж байна. Энэ нь “Мопед” тодорхойлолтыг 50 км/цагаас хэтрэхгүй байх шаардлагаас давж байх тул “Мотоцикл" ангилалд хамаарна. Тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагааг жолоодож шалгахад туршилтын хурд 18 км/цаг, зогссон зай 0,46 метр хэмжээтэй тоормосны идэвхжилт 62% тул тоормосны ажиллагаа ажиллаж байна. Тээврийн хэрэгслийн жолооны механизм ажиллаж байна. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.” /хх 35-38/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 333 дугаар /хх 52-56/ гэсэн дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 10-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 116-118/,

Мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1702 дугаартай /хх 80-81/ магадалгаа,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн /Surron/ сурроны эвдрэлийг нийт 380.000 төгрөг гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 124-126/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хэрэгт бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Чын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.1, 10.8 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Суррон” маркийн цахилгаан дугуйтай зорчигчтой мөргөлдсөний улмаас сурроны жолооч А.Чий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Б.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг “техникийн бүрэн бус тээврийн хэрэгслийг насанд хүрээгүй этгээд жолоодож явсан болох талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан хохирогч А.Чий “МSМ” дэлгүүрийн урд замаар зүүнээс баруун чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байтал “Ргаdо” маркийн автомашин урдуур эсрэг урсгалд орсон бөгөөд автомашин байхгүй байна гэж бодоод чигээрээ явтал урдуур гэнэт нэг хар хөх өнгийн Lexus” маркийн автомашин ороод ирсэн. Харсан даруйдаа тоормос базсан боловч зогсолгүй очоод мөргөчихсөн. Тэгээд би шидэгдээд унасан.” /хх 19/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11582 дугаар, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2751 дүгээр /хх 26-28, 35-38/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 333 дугаар /хх 52-56/ гэсэн дүгнэлтүүд зэргээр Б.Ч нь “МSМ” ХХК-ийн урд замд “Lexus НS250Н” маркийн 27-45 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.1, 10.8 заалтуудыг зөрчсөнөөс эсрэг урсгалд өөдөөс ирж явсан А.Чий жолоодож явсан сурронтой мөргөлдөж зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөлийг бүрдүүлж, үүний улмаас А.Чий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-ыг оногдуулахаар заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Чын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх бөгөөд ял шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх үндэслэл тогтоохгүй байна.

Харин автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогч А.Ч тус гэмт хэргээс шалтгаалан сэтгэцийн эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учирсан эсэхийг сэтгэцийн тусгай мэдлэг бүхий шинжээч тогтоогоогүй байхад түүний бие махбодид учирсан хүндэвтэр зэргийн гэмтлээр түүний сэтгэцэд хор уршиг учирсан гэж анхан шатны шүүх дүгнэж, сэтгэцийн хор уршигт нь нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хохирогчийн сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хохирогчийн сэтгэцийн эрүүл мэндэд учирсан гэм хор гэж үзэхгүй бөгөөд энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолоор:

“...“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.”,

“...”Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно. ...” гэж тайлбарлажээ.

Түүнчлэн, хүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг эрх зүйн боловсролтой этгээд биш хүний сэтгэцийн эрүүл мэндийн тусгай мэдлэг бүхий, нарийн мэргэшсэн мэргэжилтэн тогтоох шаардлагатай нь тодорхой асуудал юм.

Иймд дээрх үндэслэлээр, “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр насанд хүрээгүй хохирогч А.Чий сэтгэцэд 3 дугаар зэрэглэлийн хохирол учирсан гэж мөрдөгчийн тогтоосноор сэтгэцийн хохиролд нөхөн төлбөр гаргахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 6 дахь заалтын “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8.580.000 төгрөгийг гаргуулсан” хэсгийг хүчингүй болгов.

Харин шийтгэх тогтоолын 7 дахь заалтад заасан “насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид учирсан хохиролтой холбоотой болон цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэсэн заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирол, сэтгэцийн хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардал зэрэг энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлээ жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн “гэм  буруугийн” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/767 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 7 дахь заалтын “насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид учирсан хохиролтой холбоотой болон цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэснийг “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны хохирол, сэтгэцийн хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардал зэрэг энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлээ жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

                       

ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

 

                        ШҮҮГЧ                                                Ц.МӨНХТУЛГА