| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/10879/И |
| Дугаар | 191/ШШ2025/10587 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/10587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух *******ын ******* /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Энхтөрийн ******* /рд:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүсэлт гаргагч нь хариуцагч Э.*******той 2021 оны 05-р сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлж авсан. Талууд 2021 оны 07-р сарын 28-ны өдөр харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг 2024 оны 06-р сарын 28-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан. Ингэхдээ анх тохирсон зээлийн сарын хүүг 4,5 хувь болгож бууруулсан. Харин зээлийн гэрээний 4-р зүйлд заасан алдангийн хувийг 0,5 хувь хэвээр үлдээсэн.
Хариуцагч буюу зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэвч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр 2025 оны 10-р сарын 06-ны өдрийн №191/11132025/44657 тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа хаягийн дагуу тус шүүхэд Хариуцагчаар оролцвол зохих этгээд Энхтөрийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Зээлийн гэрээний хуулбар /хх3/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 41657 дугаар захирамж /хх4-5/
2.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх9/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Э.*******ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг цахимаар ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх12-13/
4. Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй байсан гэх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
5. Нэхэмжлэл болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 41657 дугаар захирамжид нэхэмжлэгчийг Баянзүрх дүүргийн*******нд оршин суудаг гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй гэж үзлээ. /хх3, 4-5/
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар эрэн сурвалжлах этгээд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байхаас гадна түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх учиртай.
7. Нэхэмжлэлд дурдсан Э.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч Б.******* болон Э.******* нарын хооронд 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх3/
8. Дээрх зээлийн гэрээнд Э.*******ын оршин суугаа хаягийг *******,,,, гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 41657 дугаар захирамжаас үзэхэд нэхэмжлэгч нь төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлд хариуцагч Э.*******ын оршин суугаа хаягийг *******, 6 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 39А/1 байр, 27 тоот гэж тодорхойлжээ. Улмаар энэхүү хаягийг хэрхэн тодорхойлсон нь тодорхойгүй байсан тул тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 45543 дугаар захирамжаар Э.*******ын оршин суугаа хаягийн лавлагааг төрийн мэдээлэл солилцооны хур системээс гаргуулахаар шийдвэрлэсэн. /хх8-9/
Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаанаас үзэхэд Э.******* нь зээлийн гэрээнд дурдсан *******,,,, хаягт оршин суух бүртгэлтэй гэжээ. Тухайн хаягт тэрээр оршин суудаггүй гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй.
Цаашлаад Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар иргэн өөрийн оршин суугаа хаягаа өөрчилсөн бол шинээр оршин суух газрын улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй байдаг.
Мөн Э.*******ын дугаарт холбогдоход тэрээр нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгчтэй холбогдсон талаар тайлбарласан болох нь утсаар ярьсан тэмдэглэлд тусгагдсан байна. /хх10/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлгүй байх тул түүнийг эрэн сурвалжлах боломжгүй юм.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж буй хэргийн хувьд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэлгүй тул Э.*******ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД