| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2016/00774/И |
| Дугаар | 212/МА2017/00051 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 212/МА2017/00051
Х.Тояшийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 81 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух Бахат арыххул овогт Хурметбайн Тояшийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч Х.Тояш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын жолоочийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэст жолоочоор томилогдон байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Харин 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн Газрын 9 дүгээр тогтоол буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн Хөдөлмөрийн хэлтэс өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан нэр бүхий албан тушаалтнуудыг цалингийн сангийн хамт шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлэн ажиллуулаад байсан юм. Гэтэл тус байгууллагын дарга Б.Сьезхан томилогдон ирснээс хойш Б/21 тоот тушаалаар батлагдаж ирсэн бүтэц орон тоонд жолоочийн орон тоо хэвээр хадгалагдаж ирсэн боловч чамайг жолоочоор авахгүй бүхнийг би мэднэ гэж надад 11 дүгээр сарын цалин хөлс олгохгүйгээр, тэтгэвэр тогтоолгож жилийн тэтгэмжээ гаргуулан авахыг хүссэн. Нийгмийн Халамж Үйлчилгээний хэлтсийн жолооч Асхарыг ажиллуулж байгаа бөгөөд үүний улмаас миний хөдөлмөрийн гэрээнд заасан эрх ашиг ноцтой зөрчигдөөд байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтад зааснаар аж ахуй нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болох үндэслэл болохгүй билээ. Иймд миний хөдөлмөрийн гэрээнд заасан жолоочийн ажлаа үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ. гэжээ.
Хариуцагчийн тайлбарын агуулга: Х.Тояшийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 09 тоот тогтоол гарч Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд шинээр тус аймагт /бүх аймагт/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг ажиллуулахаар тогтоож өгсөн байгаа. Энэ тогтоолын дагуу тус аймагт урьд ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд татан буугдсан бөгөөд ажилтан, ажилчид нь тухайн үеийн дарга нарын тухайлбал Х.Тояш нь тус Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын /дарга А.Галия/ 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 6/08 дугаартай тушаалаар тус тус ажлаас чөлөөлөгдсөн байна. Хөдөлмөрийн хэлтсийн даргын 8 тоот тушаалаар жолооч Х.Тояшийг шинээр байгуулагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлсэн гэсэн байдаг. Гэтэл Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд /Н.Номтойбаяр/-ын 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 6/20 дугаартай тушаал гарч энэ тушаалаар тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галияг тэр өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байхад А.Галия нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ажиллахгүй болсноо албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гэдгээ мэдсээр байж дур мэдэн тэр өдөр дээрх 6/08 дугаартай тушаал гаргасан байна. Энэ 6/08 дугаар тушаал нь А.Галиягийн албан тушаалын эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь дуусаж, эрхгүй байхдаа гаргасан тушаал тул хучин төгөлдөр биш гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 6/20 дугаар тушаалаар А.Галия нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 08:00 цагаас эхлэн ажиллах эрхгүй болсон байгаа. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр 01-ний өдрийн 6/21 дүгээр тушаалаар шинэ орон тоог баталсан бөгөөд үүнд: жолооч 1 гэж гэсэн байгаа /тушаалыг хавсралтын хамт хуулбарлан хавсаргав/. Жолооч энэ 1 орон тоонд урьд нь Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан жолоочийг машинтай нь авч ажиллуулсан юм. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт жолоочийн 2 орон тоо, бүтэц төсөв байхгүй. Х.Тояш нь урьд өмнө Хөдөлмөрийн хэлтэст жолоочоор ажиллаж байхдаа даргыгаа болон удирдлагаа эсэргүүцдэг, мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, байнга тайлбар хэлж сөргөлддөг, ёс зүйгүй, харьцааны соёлгүй, машиныг хайр гамгүй бохир эзэмшдэг, ариун цэвэрч бус, олон мянган төгрөгөөр олон сэлбэг тавьж Улсын задралаар машиныг угаалгад өгдөг гэх мэтээр шүүмжлэгдэж байжээ. Энэ нь Хөдөлмөрийн хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр нотлогддог бөгөөд энэ хурлаар Х.Тояшийг урьд ажиллаж байсан харуул жижүүрийн албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолд Аймгийн Хөдөлмөрийн болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдийг нэгтгэх тухай, эдгээр хэлтсүүдэд ажиллаж байсан ажилтнуудын шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын авч ажиллуулах тухай огт бичээгүй бөгөөд энэ тухай заалт чиглэл алга байдаг. Хөдөлмөрийн хэлтэст урьд өмнө нэг суудлын машин байсан гэх бөгөөд энэ машины жолоочоор Х.Тояш нь ажиллаж байсан ба уг машиныг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Орон нутгийн өмчийн газар /дарга Даримхан/ хурааж авсан гэсэн. Х.Тояшийн хариуцан авч жолоодож байсан машин нь Lexus-470" маркийн БӨТ2581 улсын дугаартай юм. Х.Тояшийн оронд өөр жолооч авч ажиллуулаагүй бөгөөд ажиллуулж байгаа гэвэл тэр өөрөө шүүхэд нотлох үүрэгтэй тул нотолно биз. Харин Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Старекс маркийн БӨТ0298 улсын дугаартай машины жолооч З.Асхар нь тэтгэвэрт гарсан тул оронд нь А.Ханат гэдэг залууг бусад жолооч иргэдийн дундаас шалгаруулан авсан. Энэ миний албан тушаалын эрх юм. Харин Х.Тояш нь цомхотголд орсон нэг удаагийн тэтгэмжийг авсан байна. Иймд дээрх шалтгаанууд болон үндэслэлүүдээр болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дүгнэлт хийж Х.Тояшийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөн үүгэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 81 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 36 дугаар зүйлийн 36.1.3-ыг баримтлан Бахат арыххул овогт Хурметбайн Тояшийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын жолоочийн орон тоонд эгүүлэн тогтоохыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан би Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өдөр 81 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлтэй гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн тайлбарт нэхэмжлэлийг яагаад зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүдээ 8 зүйл заалтаар тодорхой бичсэн байгааг танилцана уу? Х.Тояш нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хөдөлмөрийн талаарх маргаан гаргах хугацааг хэтрүүлээд нэхэмжлэл гаргасан байгааг анхан шатны шүүх анхаараагүй. Х.Тояш нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөнийг мэдсэн гэж 2017 оны 01 дүгээр сарын 23-нд шүүхэд гаргасан гомдолдоо тодорхой бичжээ. Ажлаас чөлөөлөгдсөнөө мэдээд аль нэг газарт ажиллаагүй бөгөөд 5 сарын дараа ажилдаа эгүүлэн ажиллуулах тухай нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Х.Тояшд зохих хуульд зааснаар цомхотголд орсон гэж үзэж төрөөс 3 сарын тэтгэмжийг олгосноос гадна 8, 9, 10 дугаар сарын цалинг нь ажиллаагүй ч гэсэн сул олгосон байгаа. Түүнээс гадна Х.Тояшийн унаж байсан гэх хариуцсан "Лехсус-470" маркийн машиныг Аймгийн Засаг даргын Тамгын газрын орон нутгийн өмчийн газар өөрийн мэдэлдээ аль дээр Хөдөлмөрийн хэлтэс гэж ажиллаж байсан үед нь хураагаад авсан гэсэн. Тэхээр Х.Тояшийн жолоодох машин унаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний шазарт байхгүй болсон бөгөөд бусдын машиныг авч жолоодно. гэх эрх Х.Тояшд байхгүй юм. Х.Тояш нь "Лехсус- 470" маркийн машинаараа Аймгийн Засаг даргын Тамгын газрын өмчийн газарт шилжиж ажиллах боломжтой гэж үзэж байна.Анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэлт дээ дээрх болон нэхэмжлэлд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн талд давуу байдлаар үнэлж нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 81 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж Х.Тояшийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч намайг нэхэмжлэл гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн гомдлын тухайд: Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг 2016 оны 8 р сарын 03-ны өдөр зогсоож, Халамж үйлчилгээний хэлтэстэй нэгтгэн нийлүүлж Аймгийн хөдөлмөр,халамж үйлчилгээний газрыг шинээр зохион байгуулан бий болгосон юм. Энэ нь Иргэний тухай хуулийн 31 р зүйлийн 31.2 т Хоёр буюу түүнээс дээш хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх үүрэг хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэнэгэсэнтэй нийцэж байна. Хөдөлмөрийн хэлтсийн дарга асан А.Галия нь намайг 2016 оны 8 р сарын 18 ний өдөр ажлаас чөлөөлж,хөдөлмөрийн хэлтсийн эрх үүргийг залгамжлан авсан Халамж үйлчилгээний газрын мэдэлд цалингийн сангийн хамт шилжүүлсэн байсан ч энэ захиргааны акт гаргах талаар надад огт мэдэгдээгүй бөгөөд баримтжуулсан талаар хариуцагч өөрөө нотолж чадаагүй байж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Харин А.Галия өөрөө 2016.08.18 ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн болохоор захиргааны актыг мэдэгдэх үүргийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар залгамжлан авсныг хариуцагч анхан шатны шүүхэд гаргасан тайлбарын 3-т тодорхой дурдсан байгаа юм. Хариуцагч Б.Сьезхан өөрөө 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр албанд томилогдоод энэ үеэс эхлэн томилгооны асуудал яригдаж эхэлсэн ба надад 10 р сарын цалинг өөрийн гараар өгч байсан болно. Халамж, үйлчилгээний газраас миний 8.9.10-р сарын цалинг бүрэн олгож байсан болохоор 10 сарыг дуустал би ямар ч мэдээлэлгүй явсан болно. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 43 зүйлийн 43.2.-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэгэсэн болохоор миний бие гомдол гаргах хугацаа алдаж байгаагүй гэж үзээд байна. Х.Тояш надад ажиллаагүй байсан 3 сарын буюу 8.9.10 саруудын цалинг зүгээр олгосон гэх гомдлын тухайд: Ажил хийгээгүй хүнд цалин олгоно гэсэн хууль монголд байхгүй гэдгийг Хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах байгууллагын дарга Б.Сьезхан даан ч ухаармаар юм.Би зохих журмын дагуу ажлын цагаа бүртгүүлэн хийснийхээ хирээр цалингаа авч байсан нь зохих баримтуудаар нотлогдсон.Хариуцагч өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Х.Тояшийн унаж явсан ЛЕХСУС-470 маркийн машиныг Орон нутгийн өмчийн газар хураасан учраас Х.Тояш машин жолоодох эрхгүй болж,бусдын машиныг жолоодох эрхгүй гэх гомдлын тухайд: Байгууллагын хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлсэн асуудал миний хөдөлмөрийн гэрээнд хамааралгүй бөгөөд хөрөнгийн талаар маргаан гомдол гаргаагүй юм.Жолоочийг зарлагын паданаар шилжүүлдэг эд бараа юм шиг Б.Сьезхан ойлгоод байгаад нь харамсаж байна. Энэ талаар Анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна. Замын хөдөлгөөний дүрэмд бусдад унаж явсан машиныг шилжүүлснээр машин жолоодох эрх алдана гэсэн заалт байхгүй болно. Энэ дүрмийг жолооч хүнээс илүүтэй сэхээтэн дарга хүн мэдмээр юм. Анхан шатны шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 р зүйлийн 36.3.3 заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх хууль ёсны гарсан Анхан шатны шүүхийн 81 тоот шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгөхийг хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Тояшийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Х.Тояш нь (1) Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын жолоочийн ажлыг үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах тухай гомдол гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т заасан эрхийнхээ дагуу 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, (2) хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын А.Ханатыг жолоочоор томилсон тушаалыг хүчингүй болгох, (3) тус газрын даргын 2016 оны 52 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай гомдол гаргажээ.
Гэтэл шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн тухай дээрх нэхэмжлэлийг хүсэлт гэж үзэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 286 дугаар шүүгчийн захирамжаар Х.Тояшийн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, тус захирамжид гомдол гаргах эрхгүй талаар дурдаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхийг ноцтой зөрчсөн байна.
Түүнчлэн шүүгчийн дээрх захирамжийг гаргаснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг тогтоосон 62 дугаар зүйл, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журмыг хуульчилсан 65 дугаар зүйл, нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах, түүний тайлбарыг авах тухай 72 дугаар зүйл зэрэг зохицуулалт бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөнөөс гадна нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн байхад түүнийг хүсэлт гэж үзэж, улмаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан үндэслэл тодорхойгүй үлджээ.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1.-т заасан агуулгад нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэснээр мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-т заасан нотлох баримтыг үнэлэх журам, 115 дугаар зүйлд заасан шүүхээс шийдвэр гаргах журам тус тус зөрчигдсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн дээр дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийг хязгаарласан шинжтэй учраас түүнийг ноцтой зөрчил гэж дүгнэн, шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг мөн зүйлийн 168.3.-т зааснаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй.
Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан учир хариуцагчийн маргааны үйл баримт, хууль хэрэглээ, нотлох баримтын үнэлгээтэй холбогдуулан гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна. Хариуцагчийн давж заалдах гомдол хуульд зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 81 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧИД Н.ТУЯА
С.ӨМИРБЕК