| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2408000001083 |
| Дугаар | 2025/ДШМ/656 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/656
2025 05 28 2025/ДШМ/656
З.От холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Б.Булгантамир нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лын гаргасан давж заалдах гомдлоор З.От холбогдох 2408000001083 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Ямаан засаг овгийн З.О, 1976 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 1, ганцаараа ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;
Шүүгдэгч З.О нь 2024 оны 07 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .................. тоотод Н.Нцээжин тус газарт нь хутгалж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: З.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокуророос З.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, З.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Оийг 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар З.Оийн цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт гарсан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс З.От холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны төлөөлөгч надад мэдэгдэлгүй шүүх хуралдааныг хийж улмаар зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирол төлбөртэй холбоотой баримтуудаа мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгөөгүй байсан шалтгаан нь зардлын баримтуудыг хэрэгтэй танилцахаар очихдоо мөрдөгчид өгөх гээд авч очсон боловч өөртөө байлгаж бай, прокурор дуудаж авна гээд аваагүй. Гэтэл прокурор болон шүүхээс ч над руу яриагүй хэргийг шийдвэрлэсэн байсан учир баримтуудаа гаргаж өгч чадаагүй. Мөн сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэхээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан. Уг дүгнэлтийг шүүх хуралдаан дээр улсын яллагчаас гаргаж өгсөн. Хохирогч шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг хэлэлцээгүй байгаа нь үндэслэлгүй. Нэгэнт сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан, түүнийг гаргаж өгсөн тохиолдолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон оролцоогүйгээс үл хамаарч хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байтал ийнхүү хэлэлцэхгүй орхигдуулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Мөн З.От холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилснийг эс зөвшөөрч байна. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчийн цээжин тус газарт удаа дараа хутгалж амь насыг санаатайгаар хохироосон нь хангалттай нотлогдон тогтоогдсон байтал сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсвэл сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардалд гарсан хохирол төлбөрийг З.Оээс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй, хохирол төлбөр гаргуулаагүй, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн гэж гомдол гаргасныг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Мөн шүүхээс дүгнэхдээ хохирогчийг алах санаа, зорилго байгаагүй, энэ үр дүнг хүсээгүй, тухайн үед зодуулж байсан учраас сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж хохирогчийн амь насыг хохироосон байсан гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй. Шүүхээс ингэж үзсэн үндэслэлээ нэр бүхий гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хөнгөн гэмтэл учруулсан шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэсэн байсан. Гэтэл нэр бүхий гэрч нар болох Батцэцэг, Эрдэнэчимэг нар тухайн цаг үед байгаагүй буюу энэ хэрэгт хамааралгүй хүмүүсийн мэдүүлгийг үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн зохицуулалтай тул шүүгдэгчийн мэдүүлгийг дангаар нь үнэлж хүчтэй цочрон давчдсан гэж үзсэн үндэслэлгүй. Мөн сэтгэц, эмгэг судлалын 769 дугаартай дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг болох үед өөрийгөө удирдах чадвартай, мөн согтолтын зэрэгтэй байсан, сэтгэл санаа хүчтэй цочрон давчдсан эсэхийг үнэлэх боломжгүй, мөн сэтгэцийн өвчингүй байсан гэсэн дүгнэлтүүд гарсан. Иймээс эдгээр дүгнэлтийг үгүйсгэх ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхээс эдгээр баримтыг хэрхэн яаж үзсэн нь тодорхойгүй бусад баримтыг үнэлж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн сэтгэцтэй холбоотой зүйлчлэл өөрчлөх хэмжээний асуудал яригдаж байгаа тохиолдолд эдгээр дүгнэлт нь ач холбогдолтой байх байсан. Мөн согтолтыг шалгахад тодорхой хэмжээний согтолтой байсан учраас шүүгдэгчийг цочрон давчдсан гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн хэргийн газрын үзлэг, хохирогчийн нас барсан байдалтай холбоотой гэрэл зургууд авагдсан байсан бөгөөд амь хохирогч нь олон удаа хутгалуулж сандал дээрээ суусан байдалтай нас барсныг харахад хохирогч тухайн үед шүүгдэгчийн сэтгэцийг хүчтэй цочрон давчидуулах үйлдэл гаргасан гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хөндөж, хурлын товыг мэдэгдээгүй, хохирол төлбөр гаргуулах боломжоор хангаагүй. Хэрэв баримт байхгүй байгаа тохиолдолд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд сэтгэл санааны хохирлыг гаргуулж шийдвэрлэх боломжтой байсан. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байхад сэтгэцэд учирсан хохирлыг тооцоогүй нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулах талаар прокуророос хүсэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн хохирогчид мэдэгдсэн гэдэг үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн прокуророос анхан шатны шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг гаргуулах талаар санал тавихад шүүхээс иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Мөн хохирлын асуудлаа баримтуудаа бүрдүүлж Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж хэлэлцэхгүй үлдээсэн. Мөн прокурорын зүгээс хэрэгт авагдсан үйл баримтыг шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн бөгөөд энэ талаар эсэргүүцэл бичээгүй. Мөн хохирогчийн гомдлын талаар хэлэлцэхэд ямар нэгэн тодорхой байр суурь байхгүй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” байвал шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт “... гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал;”-д, 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтад заасан“ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл;”-д тодорхой дүгнэлт хийсэн байхаар зохицуулсан.
Хохирогч Н.ЛЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заасны дагуу шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаагаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг зөрчиж хохирогчийг шүүх хуралдаанд оролцох, нэхэмжлэл гаргах, түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргах, шүүх хуралдаанд мэтгэлцэх боломжоор тус тус хангаагүй байна. Үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой дүгнэлтийг бодитой тогтоож чадаагүй байна гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчлийг арилган шүүх хуралдааныг дахин явуулах тул шүүгдэгчийн гэм буруу, зүйлчлэл хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбоотой гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтууд, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч З.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА