Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 141/ШШ2025/00320

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 141/ШШ2025/00320

Завхан аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ***** баг хаягаар оршин суудаг Д овогт Ж.О ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.О нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие 1988 онд Завхан аймгийн ******* сумын 10 жилийн сургуулийг төгссөн. 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ******** сумын яслид асрагчаар ажиллаж байгаад 1992 оны 01 сард ясли татан буугдаад яслийн хүүхдүүд, эд хөрөнгөтэйгөө, мөн ажилтантайгаа *********** сумын хүүхдийн цэцэрлэгийн мэдэлд очсон. Ингээд ажиллаж байгаад 1993 оны 09 сарын 16-нд том хүүгээ төрүүлсэн. Тухайн үед хүүхдээ 2 нас хүртэл асрах чөлөө эдлүүлдэг байсан учраас хөдөлмөр нийгэм халамжийн мэдэлд шилжүүлсэн байдаг. Иймд намайг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.О нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ************ сумын ясли, хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д овогт Ж.О нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ************ сумын ясли, хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:

- Д овогт Ж.Оийн ************* дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Завхан аймгийн ************ сумын *********** багийн засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 35 дугаартай: Тус багийн иргэн ************ тоот регистрийн дугаартай Ж овогтой О нь ам бүл 1 тус багт оршин суудаг нь үнэн болно... гэсэн тодорхойлолт,

-Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/2249 дугаартай: ...Ж.О нь 1990 онд ************ сумын Яслид асрагчаар томилогдсон тухай лавлагаа авахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1990 оны ************ сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн тушаалд Яслийн асрагчаар томилсон тухай тушаал олдохгүй байна... гэсэн тодорхойлолт.

 -Завхан аймгийн ************ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн: ...1993 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хамт олны саналаар багш Ө багш, хүмүүжүүлэгч, тогооч Л тогооч, нярав Хг нярав, туслах багш Оийг туслах багш тус тус томилон ажиллуулсугай... гэсэн тушаалын хуулбар,

- Завхан аймгийн ************ сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн: ...1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, Тус цэцэрлэгийн ажилчдын 1992 оны ээлжийн амралтыг хуваарийн дагуу эдлүүлсүгэй, Ж.О ажилласан жил 2, амралтын үндсэн хоног 21, амрах хоног 21,

- Завхан аймгийн ************ сумын хүний эмнэлгийн салбарын эрхлэгчийн: ...1991 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Яслийн орон тоог цомхотгож нярав- угаагч гэсэн орон тоонд нэгтгэсэн тул нярав Б үүрэгт ажлаас чөлөөлж угаагч О нэгтгэж угаагч нярваар ажиллуулсугай.. гэсэн тушаалын хуулбар,

- Эрүүл мэндийн салбарын эрхлэгчийн: ...1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ...ээлжийн амралт олгох тухай Яслийн эрхлэгч О, нярав угаагч О нарын 1991 ээлжийн амралтыг 07 дугаар сарын 15-наас эхлэн ажлын 21 хоногоор... гэсэн тушаалын хуулбар,

-Ж О 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нээж олгосон: ...1990 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ************ сумын Яслид асрагчаар түр авч ажиллуулав, 1993 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Ж.О асрагчийн ажлаас чөлөөлж, нярваар томилж ажиллуулж, 1993 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ж.О хүүхдээ асрах чөлөө авсан тул хөдөлмөр нийгэм хамгааллын мэдэлд шилжүүлэв, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн дэвтрийг бичилтийг дуусгавар болгов... гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-Гэрч Ж.Т: ...Ж.О нэг нутгийн хүмүүс, нэг газарт ажиллаж байсан учраас танина. Намайг ************ сумын сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байхад ясли татан буугдаад цэцэрлэгтэй нэгдсэн. 1992 онд татан буугдсан санагдаж байна. Тэр үеэс одоог хүртэл цэцэрлэгт нярваар ажиллаж байна. Тухайн үед цэцэрлэгийн даргаар Ц ажиллаж байсан. Бид нэг газарт би нягтлан, Ж.О нярваар ажиллаж байсан. Ж.О 1992-1993 оны үед 275 төгрөгийн цалин авдаг байсан. Ж.О 1992 оноос өмнө яслид нярваар ажиллаж байсныг мэднэ. Учир нэг нутгийн хүмүүс учраас хэнийг хаана ажиллаж байгааг сайн мэднэ... гэсэн мэдүүлэг,

-Гэрч Х.Э: ...Намайг Завхан аймгийн ************ сумын яслид тогоочоор ажиллаж байх үед Ж.О 1990 онд яслийн нярваар ажилд орсон. Бид 2 хамт 1992 он хүртэл хамт ажилласан. Манай ясли нярав, эрхлэгч, үйлчлэгч, нягтлан, асрагч, багш, тогооч, тогоочийн туслах нийт 8 хүн ажиллаж байсан. Тухайн үеийн ясли ************ сумын Нэгдсэн эмнэлгийн харьяа болон ажиллаж байсан. Эрхлэгчээр Ч, нягтлангаар И нар ажиллаж байсан. Бид 2 нэг байгууллагад ажиллаж байсан учраас түүнийг 1990 оноос 1992 он хүртэл ************ сумын Нэгдсэн эмнэлгийн харьяа яслид ажиллаж байсныг сайн мэднэ... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д овогт Ж.О нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ************ сумын ясли, хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Оээс ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д овогт Ж.О нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн ************ сумын ясли, хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН