| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/12004/И |
| Дугаар | 191/ШШ2025/11162 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/11162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******анд байрлах, “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт *******ийн ******* /рд:/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь харилцагч *******ийн *******г цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ.” гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2010117919 дугаартай зээлийн гэрээ байгуулан 25,000,000.00 /Хорин таван сая/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл олгосон.
2025 оны 06 сарын 10-ны өдөр гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр Баянгол, Хан-уул, дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/41203 дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Дээрх байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих *******ийн ******* /рд:/-н оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: итгэмжлэл /хх3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх6/, гүйцэтгэх захирлын тушаал /хх7-9/, хариуцсан захирлын тушаал /хх10-13/, зээлийн гэрээний хуулбар /хх16-17/ дансны хуулга /хх14-15/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх18/ Баянгол, Хан-Уул, дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 41203 дугаар захирамж /хх19/,
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “*******” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Р.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч А. нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх26/
4.Нэхэмжлэлд дурдсанаар гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
5.Нэхэмжлэгч “*******” ХК нь *******,*******нд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх6/
6.Нэхэмжлэлд дурдсан Р.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч “*******” ХК болон Р.******* нарын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /хх16-17/
7. Нэхэмжлэгч нь дээрх гэрээнд дурдагдсан Р.*******гийн оршин суух ,,,, тоот хаягийг үндэслэн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргажээ.
7.1. Баянгол, Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/41203 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
7.2. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 51360 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас *******ийн ******* /рд:/-ийн оршин суугаа хаягийн лавлагааг шаардан гаргуулсан.
7.3 Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Р.******* нь ,,,, тоотод оршин суудаг тухай лавлагааг ирүүлсэн. /хх14/
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар иргэн өөрийн оршин суугаа хаягийг өөрчилбөл шинээр оршин суух газрын улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүтгүүлэх үүрэгтэй байдаг.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Р.*******г эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин суух бүртгэлтэй хаягийн дагуу дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ,,,, тоот хаягт оршин суух бүртгэлтэй гэх ******* овогт *******ийн ******* /рд:/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******ийн ******* /рд:/-ийн оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч "*******” ХК, түүний төлөөлөгч А. /утас:/-д мэдэгдэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД