Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 141/ШШ2025/00322

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 141/ШШ2025/00322

Завхан аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар *********** аймгийн ************ сумын ********** баг хаягаар оршин суудаг С овогт С.О ирүүлсэн Мал тоолуулж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...С.О миний бие Завхан аймгийн ************ суманд 1973 онд төрж, 1990 онд 8 дугаар анги төгсөж, илгээлтээр гарч, ********** багт одоо хүртэл мал маллаж байна. Би одоо 50 нас хүрч малчнаар өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд 2015 оны малын А дансыг тухайн үеийн багийн засаг дарга мал бүхий өрх, малчин өрх гэж *****, ************ код-**, ********** код-**, кодтой хавтгайд бичсэнээс болж малын А дансыг нотлох баримтаар бүртгэхгүй байгаагаас малчнаар байсан 1 жил дутаж байгаа учраас 2015 оны малын А дансыг жинхэнэ эзэмшигчээр тогтоох шаардлага үүсэж байгаа юм. Шүүхээр 2015 оны малын А дансны эзэмшигчээр тогтоолгосноор би өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан: 2015 онд адуу 47, үхэр 33, хонь 240, ямаа 121, нийт 441 тооны мал маллаж байсан үйл явдлаа тогтоолгох... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.О нь 2015 онд адуу 47, үхэр 33, хонь 240, ямаа 121, нийт 441 тооны мал тоолуулж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

С овогт С.О нь 2015 онд адуу 47, үхэр 33, хонь 240, ямаа 121, нийт 441 тооны мал тоолуулж байсан болох нь хэрэгт авагдсан:

-С овогт С.Оын ************ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар,

-Завхан аймгийн ************ сумын ********** багийн засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай: ...Тус багийн иргэн С.О /***** регистрийн дугаартай/ нь ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. 1990 оноос хойш манай багт тогтвор суурьшилтай мал маллан амьдарч байгаа нь үнэн болно... гэсэн тодорхойлолт,

-Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 09 сарын 22-ны өдрийн CVL2581430001000121 дугаартай: ...Нөхрийн-Б.Б, эхнэрийн-С.О, бүртгэсэн он, сар, өдөр-1994-12-10... гэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-...Завхан, ************, **********, өрхийн тэргүүлэгчийн эцэг/эхийн нэр-Б, өрхийн тэргүүлэгчийн нэр-Б, ам бүлийн тоо-5, малчдын тоо-2, адуу 47, үхэр 33, хонь 240, ямаа 121... гэсэн ********** багийн 2015 оны малын А дансны хуулбар,

-Гэрч А.Ч: С.О нь манай ********** багийн хүн. Бид нэг газарт мал маллаж байна. С.О нь нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 1994 онд гэр бүл болсноосоо хойш мал маллан амьдарч байна. Нөхрийг нь Б гэдэг. Б ***** гэх газарт өвөлждөг. Зундаа ***** гэх газарт нутаглаж мал маллан амьдардаг. ...2015 онд тэднийх Завхан аймгийн ************ сумын ********** багийн ********* гэх газарт өвөлжиж байсан. Манай өвөлжөө тэднийхтэй ойрхон. Тэднийх хэчнээн толгой мал тоолуулж байсныг нарийн мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг,

-Гэрч Б.Б: ...Би С.Ой 1994 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байна. Бид 2 1994 оноос одоог хүртэл тасралтгүй мал маллаж байна. Бид одоо ************ сумын ********** багт мал маллаж байна. Бог, бод нийлсэн 200-300 орчим мал маллаж байна. С.О нь өөр ажил хийж үзээгүй ба 1994 он буюу гэрлэснээс хойш одоог хүртэл хөдөө мал маллан амьдарч байна. Бид 3 хүүхэдтэй. 2 хүүхэд тусдаа гарсан, бага хүүтэйгээ хамт малаа маллан амьдарч байна. ...2015 онд манайх Завхан аймгийн ************ сумын ********** багийн ***********гэх газарт өвөлжиж байсан. Манайх адуу 47, үхэр 33, хонь 240, ямаа 121 нийт 441 толгой мал тоолуулж байсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч С овогт С.О нь 2015 онд адуу 47, үхэр 33, хонь 240, ямаа 121, нийт 441 тооны мал тоолуулж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.О ирүүлсэн Мал тоолуулж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан С овогт С.О нь 2015 онд адуу 47, үхэр 33, хонь 240, ямаа 121, нийт 441 тооны мал тоолуулж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УРТНАСАН