Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/225

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Хохирогч Б.Т,

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-т холбогдох эрүүгийн 1838005040268 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Т.

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Т-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Т-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”...тухайн үед эхнэр Д маань Т-с байшингийнхаа түлхүүрийг авъя гэхэд Т эхнэрийн маань гарыг мушгиад уначихсан. Тэр үед би эхнэрийгээ сагаж аваад Т-г цагдаад аваачиж өгнө гээд татаад чирэхэд хойшоогоо саваад унасан. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06-р сарын 01-ний өдрийн өглөө ... Т манай дэлгүүр рүү орж ирээд гэдэс рүү минь гараар цохиод алгадсанаа, дэлгүүрийн түлхүүр хаана байна, би чамаас юу хулгай хийсэн юм гэж хэлсэн, би чамайг ална гэж хэлээд миний хоолойг өмсөж явсан хувцасаар маань боож чирээд үүд рүү аваачсан. Тухайн үед манай ажилтан Б хамт байсан болохоор боль гэж хэлээд салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06-р сарын 01-ий өглөө ... нэг ах орж ирсэнээ шууд л чамаа мууг ингээд алчихъя гээд аймар ууртай Т эгч рүү дөхөөд Т эгчийг цохих гээд дайраад байсан ...Т эгчийг цохиод авсан ... хэрэлдээд зогсож байснаа чамаа муу хулгайчийг ингээд алчихъя гээд үүд рүү хоолойноос нь багалзуурдаад чирээд байсан, энэ үед Т эгч газар уначихсан тэгээд нэг хэсэг чимээгүй болчихсон” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын эхээр байхаа яг өдрийг нь сайн мэдэхгүй байна... Намайг явж очиход Т байшингаа түрээслүүлж байгаа эмэгтэйтэй хэрэлдэж маргалдаад байхаар нь дотогшоогоо оролгүй гадаа нь хүлээгээд зогсож байсан... тухайн үед айхтар хэрүүл гараад байхаар нь би шууд яваад өгсөн. Тухайн үед ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 260 дугаартай:

1. Б.Т-н биед хүзүүний нугаламын зөөлөн эдийн гэмтэл болон баруун хацар хүзүүнд зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ.  

3. Б.Т-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838005040268 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.Т нь урьд 2013 онд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, 2015 онд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-95 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Хохирогч Б.Т нь 100.000 төгрөг нэхэмжилж, шүүх хуралдаанд “Марал од гариг” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Лориста, Нольпаза гэх эмийн 30.240 төгрөгийн ПОС системийн баримт, Төрийн банкны 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн шинжилгээний төлбөрт 8.000 төгрөг төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн эмчийн үзлэгт 15.000 төгрөг төлсөн тухай эмчийн үзлэгийн тэмдэглэл гаргаж өгч байх тул шүүгдэгч Д.Т-с 53.240 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т-т олгож, хохирогч нь бусад хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Т-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838005040268 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Д.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Т-с 53.240 /тавин гурван мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т-т олгож, хохирогч Б.Т нь бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.               

       5. Эрүүгийн 1838005040268 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

       6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.НЯМСҮРЭН