Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 174

 

Г.Б, Э.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан,  Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Д.Цолмон, Х.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар магадлалтай, Г.Б, Э.Х нарт холбогдох 1930000000057 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Д.Цолмонгийн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч боловсролтой, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт зохицуулагч ажилтай, ял шийтгэлгүй, Х овогт Э.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г хүнийг алах гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-г гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-г 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Х-г цагдаагийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, эдлэх ялаас хасаж шүүгдэгч Э.Х-г шүүхээс оногдуулсан ялыг эдэлж дууссанд тооцож” шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Д.Цолмон гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь Үндсэн хуулийн зорилгод нийцэхгүй. Ял хүндрүүлэх заалт хасагдсан байхад хохирогчийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь мөн үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг буюу хэргийг прокурорт буцаах тохиолдол үүсээгүй. Мөн магадлалд хэзээ гомдол гаргасан эсэхийг тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3 дэх хэсгийг үндэслэл болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй ямар нотлох баримтууд байсан, эдгээрийн алийг нь шүүх авч, бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй болох талаар магадлалд дурдаагүй, дээрх нөхцөл байдал харагдахгүй байхад энэхүү хуулийн заалтыг үндэслэл болгосон нь тодорхой бус байна. Магадлалд “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах явдал нь цагдаагийн албан хаагчийн үндсэн үүрэг бөгөөд хохирогч Ц.Н-н бусдад мөнгөө алдсан, зодуулсан талаар гомдол мэдүүлж ирснийг цагдаагийн албан хаагчийн хувьд тохиолдлын чанартай, гэнэтийн шинжтэй нөхцөл байдал гэж үзсэн нь ойлгомжгүй” гэж дүгнэсэн. Гэтэл хохирогч ердийн байдлаар гомдол мэдүүлж ирээгүй, цагдаагийн албан хаагчийн биед халдсан, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн талаар шийтгэх тогтоолд дурдсан. Мөн давж заалдах шатны шүүх “шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй” гэж дүгнэсэн боловч шийтгэх тогтоолд 8 жилийн хорих ял оногдуулсан үндэслэлийг тодорхой дурдсан. Магадлалд “шүүхээс Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээг оногдуулсан нь хуулийн шаардлагад нийцээгүй” гэж дурдсан. Гэвч шийдвэрт үндэслэлийг тодорхой дурдсан ба энэхүү шийдвэр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, оногдуулсан ял нь мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байгаа нь хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна. Хохирогчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд “бид шүүгдэгч Г.Б-г цагдаагийн албан хаагч болохоор нь ялыг хүндрүүлэх зорилгоор гомдол гаргасан, шүүгдэгч энгийн хүн байсан бол гомдол гаргахгүй байх байсан” гэж хэлсэн. Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг агуулдаг. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус байж болохгүй. Шүүгдэгч Г.Б нь 2-13 насны 4 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оршуулгын зардлыг төлсөн, хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг үндэслэл тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэсэн байна.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар хэлсэн саналдаа “Д.Цолмон өмгөөлөгчтэй санал нэг байна. Г.Б 2019 оны 03 дугаар сарын 13-ны шөнө гэртээ бага насны 4 хүүхэд, эхнэрийн хамт амарч байхад нь амь хохирогч хаалганых нь түгжээг мулт татан орж, агсам тавьсан. Г.Б “офицерт албан ёсоор гомдол гарга эсвэл маргааш ир” гэхэд амь хохирогч зүй бус үг хэллэг хэрэглэж, түүний биед халдсан. Үүний улмаас тухайн гэмт хэрэг гарах шалтгаан болсон. Г.Б нь цагдаагийн байгууллагад 7 жил үр бүтээлтэй ажилласан бөгөөд тухайн гэмт хэрэг хохирогчийн зүй бус үйл ажиллагаанаас үүдэн гарсан. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны шөнө Ц.Н-н хэвлийн тус газар өшиглөж улмаар зодож алсан, шүүгдэгч Э.Х нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлсэн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, ял хөнгөдсөн гэж үзэхээр байна. Учир нь шүүгдэгч Г.Б нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж эрхшээлдээ оруулан зодож, амь насыг нь хохироосон хүндрүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна. Харин давж заалдах шатны шүүх хохирогч талын гомдлоор хэргийг хянан хэлэлцэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, зорилгод нийцэхээр байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Д.Цолмонгийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Чандманийн 109Б тоотод иргэн Ц.Н-н хэвлийн тус газар өшиглөн зодож алсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Г.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээ 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, шүүгдэгчид шударга ёсны зарчимд нийцүүлэн гэм бурууд нь тохирсон төрөл, хэмжээний ял оногдуулсан байна гэж үзэв.

Харин давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц-н “ял хөнгөдсөн” гэсэн агуулга  бүхий гомдлыг хангаж “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах явдал нь цагдаагийн албан хаагчийн үндсэн үүрэг тул тохиолдлын чанартай, гэнэтийн шинжтэй нөхцөл байдал үүссэн гэж анхан шатны шүүх үзсэн нь ойлгомжгүй, Г.Б-н хувийн ямар байдлуудыг харгалзан үзсэн нь тодорхойгүй, ялын доод хэмжээг оногдуулсан нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгыг алдагдуулахгүй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна” гэсэн үндэслэл зааж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн байдалтай нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид оршуулгатай холбоотой хохирлыг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт хамааруулан тооцсоныг давж заалдах шатны шүүх  итгэл үнэмшил төрөхүйц байдлаар бодит байдалд тулгуурлан үндэслэлтэй няцааж чадаагүй байна.

Дүгнэвэл, шүүгдэгч Г.Б-д холбогдох анхан шатны шүүхийн шийдвэр, оногдуулсан ял шийтгэл нь үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэргийн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх шаардлагыг бүрэн хангажээ.  

Шүүгдэгч Э.Х-н холбогдсон зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тодорхойлсон хорих ялын дээд хэмжээг нэг жилээр тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцох зохицуулалтад хамаарч хэргийн үйл баримтаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ.

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-иар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь Үндсэн хууль зөрчсөн талаар иргэн мэдээлэл гаргасантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол эрүүгийн хэргийг түдгэлзүүлэхээр заасны дагуу шүүгдэгч Э.Х-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг Г.Б-д холбогдох хэргээс тусгаарлаж, түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Иймд шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Д.Цолмонгийн гаргасан гомдлыг хүлээн авч давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Г.Б-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Х-т холбогдох хэсгийг тусгаарлан Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” нь хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар магадлалтай, Г.Б, Э.Х нарт холбогдох хэргээс шүүгдэгч Э.Х-т холбогдох хэсгийг тусгаарлаж, түдгэлзүүлсүгэй.

2. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Г.Б-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                                                    ДАРГАЛАГЧ                              Б.ЦОГТ

                                                    ШҮҮГЧ                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН