Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 706

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг 5 хороо, ******* ******* тоотод оршин суух Ц*******ын Б*******,  

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 51, Засгийн газрын 7 дугаар байр, Батлан хамгаалахын сайд, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Батлан хамгаалахын сайдын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, Батлан хамгаалах яамны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/259 дүгээр тушаалыг хэрэгжүүлэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ц*******ын Б******* миний бие 1965 онд Өвөрхангай аймгийн Г******* суманд төрж өссөн бөгөөд 1983 онд 10 дугаар ангиа төгсөж, Аж ахуйн 282 дугаар ангид байлдагч, 1987 онд Оросын Холбооны Улсын Фрунзе хотын Нисэхийн сургууль, 2005 онд Батлан хамгаалах их сургууль, 2009 онд БНХАУ-ын Цэргийн академийн дээд дамжаа тус тус төгссөн. 1987 онд офицер болсноос хойш Зэвсэгт Хүчний 065, 325 дугаар ангиудын төв хөдөөгийн салбаруудад салаа, салбарын захирагч, Штабын даргын орлогч гэх мэт ажлуудыг тасралтгүй 31 жил хийж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар томилогдон ажиллаж байхад Батлах хамгаалахын сайдын 2014 оны Б/75 дугаар тушаалаар ажил албан тушаалаас хууль бусаар чөлөөлөгдсөн.

Миний бие Батлах хамгаалахын сайдын 2014 оны Б/75 дугаар тушаал нь хууль бус, хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэж дараах үндэслэлийг гаргаж байна. Үүнд:

1. Тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болох тухайд: Батлах хамгаалахын сайдын 2014 оны Б/75 дугаар тушаалын үндэслэх хэсэгтээ “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн ...Ц*******ын Б******* нь тухайн албан тушаалд ажилласан нэг жилийн хугацаанд албан үүргийн гүйцэтгэлээ бүрэн хангаагүй, Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын штабаас явуулсан үзлэгийн дүнгээр хангалтгүй дүн үзүүлж албан тушаалдаа тэнцэхгүй байгаа тул 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ. Үүнээс харахад Батлах хамгаалахын сайдын 2014 оны Б/75 дугаар тушаалын үндэслэл болгосон хуулийн заалтад ажлаас чөлөөлөх үндэслэл болгох заалт байдаггүй ба Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг зөрчиж тушаал гаргасан байна.

2. Тушаал нь тушаал гаргах бодит үндэслэлгүй тухайд: Батлах хамгаалахын сайдын 2014 оны Б/75 дугаар тушаалд ...Ц*******ын Б******* нь тухайн албан тушаалд ажилласан нэг жилийн хугацаанд албан үүргийн гүйцэтгэлээ бүрэн хангаагүй, Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын штабаас явуулсан үзлэгийн дүнгээр хангалтгүй дүн үзүүлж албан тушаалдаа тэнцэхгүй байгаа тул 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ. Ямар баримтыг үндэслэж, албан үүргийн гүйцэтгэлээ бүрэн хангаагүй, албан тушаалдаа тэнцэхгүй байгаа болох нь тодорхойгүй байдаг ба энэ талаар баримтыг надад ямар нэг байдлаар танилцуулаагүй, нотломж үйлдсэн баримт байдаггүй болно. 

Миний бие ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ хангалттай биелүүлж байсан ба 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд “Хангалттай үнэлгээ” авсан болно. Мөн Батлан хамгаалахын Төв архиваас явуулсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үзлэг шалгалтаар “Сайн” үнэлгээтэй дүгнэгдсэн болно. Ийм учраас Батлах хамгаалахын сайдын 2014 оны Б/75 дугаар тушаалд дурдсан, ажлаас чөлөөлсөн шалтгааныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Батлан хамгаалахын сайдын 2014 оны Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, миний бие Ц*******ын Б*******ыг Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Батлан хамгаалахын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Ц.Б*******ын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан Багахангай дүүргийн Цэргийн штабын даргаар эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Батлан хамгаалахын сайдын 2014 оны Б/75 дугаар тушаал нь “Чөлөөлөх, томилох, ажил хүлээлцүүлэх” тухай харилцааг зохицуулсан ба Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг нь “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх, 22 дугаар зүйлийн  22.1 дэх хэсэг нь “төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах” зэрэг асуудлын эрх зүйн зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтууд нэхэмжлэгч Ц.Б*******ын оронд өөр албан хаагчийг томилохтой холбоотой харилцааг зохицуулсан заалтууд юм. Харин Ц.Б*******тай холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 23.1.1 буюу “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн заалтыг үндэслэсэн.

Ц.Б*******аас нэхэмжлэлдээ Батлан хамгаалахын сайдын 2014 оны Б/75 дугаар тушаалын хуулийн заалтад ажлаас чөлөөлөх үндэслэлтэй заалт байхгүй байна, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг зөрчиж байна гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл нь төрийн албан хаагчийн баталгаатай холбоотой зохицуулалтыг агуулсан ба 27.2.1 дэх заалт нь төрийн албанаас халагдахгүй байх үндэслэл, агуулгыг илэрхийлсэн заалт тул тухайн тушаалд заасан үндэслэлтэй хамаарахгүй заалт юм. Учир нь Батлан хамгаалахын сайдын 2014 оны Б/75 дугаар тушаал нь нэхэмжлэгч Ц.Б*******ыг төрийн албанаас халах агуулга байхгүй ба зөвхөн тухайн албан тушаалд ажиллуулах боломжгүй тул албан тушаалаас чөлөөлөх агуулгатай шийдвэр юм.

Энэ талаар Ц.Б*******т тухайн албан тушаалд ажиллах боломжгүй, хуулийн хүрээнд сэлгэн ажиллуулахаар Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд шилжүүлэх, эсвэл цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон цэргийн албанаас бэлтгэлээр халагдахаар байгаа талаар 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/3451 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн.

Ц.Б*******аас Батлан хамгаалахын сайдад хандаж 2014 оны Б/75 дугаар тушаалаас албан тушаалаас чөлөөлөгдсөнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж өргөдөл гаргасантай холбогдуулан Батлан хамгаалах яамнаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Б*******т “Ц.Б*******ын ажлыг шалгасан тухай дүнгийн талаар шаардлагатай мэдээллийг ирүүлэх тухай” 2014 оны 3/3371 тоот албан бичиг хүргүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 171 тоот “Дэд хурандаа Ц.Б*******ын тухай” албан бичигт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 8 дугаар сарын шуурхай хуралдаан дээр өгсөн үүргийн дагуу цэргийн штабын дайчилгааны бэлэн байдал, нууц хадгалалт, хамгаалалтыг сайжруулах талаар 3 сарын хугацаатай үүрэг өгсөн ба 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгахад хангалтгүй, дутагдлаа засаагүй байсан” гэсэн хариуг ирүүлсэн ба энэ талаар Ц.Б*******т 2014 оны 3/3451 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн.

Мөн 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд хангалттай үнэлгээ авсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм. Учир нь Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг хагас болон бүтэн жилээр дүгнэдэг журамтай ба Ц.Б******* нь зөвхөн 2014 оны эхний хагас жилд үр дүнгийн гэрээг дүгнүүлж, хангалттай үнэлгээ авсан байна.

Харин цэргийн штабын дайчилгааны бэлэн байдал, нууц хадгалалт, хамгааллыг сайжруулах талаар өгсөн үүрэг хангалтгүй, дутагдлаа засаагүй байсан зэрэг асуудал 2014 оны 2 дугаар хагаст хамаарах тул 2014 оны үр дүнгийн гэрээг бүхэлд нь хангалттай дүгнүүлсэн гэж үнэлэх боломжгүй байна.

Улмаар нэхэмжлэгч Ц.Б*******аас 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газарт “цэргийн тэтгэвэр” тогтоолгуулахаар өргөдлөө өгсөн ба уг өргөдлийг үндэслэн Батлан хамгаалахын сайдын 2014 оны 12 дугаар сарын 30-ны Б/160 дугаар тушаалаар цэргийн тэтгэвэр тогтоож, цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан байна.

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд Цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарыг заасан ба ахлах офицер 50 нас хүртэл алба хаахаар заасан байдаг.

Нэхэмжлэгч Ц.Б******* нь албан үүргийн гүйцэтгэлээ хангалттай биелүүлээгүй нь холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, мөн өөрийн хүсэлтээр цэргийн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан, цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Б*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч нь “Батлан хамгаалахын сайдын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, Батлан хамгаалах яамны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/259 дүгээр тушаалыг хэрэгжүүлэхийг даалгах” гэж Батлан хамгаалахын сайдад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж,  үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Батлан хамгаалахын сайдын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Иргэн Ц.Б******* нь Батлан хамгаалахын сайдын тушаалаар Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс томилогдсон бөгөөд тус сайдын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар ...Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн цэргийн штабын дүрэм”-ийн 7 дахь заалт, “Офицерийн алба хаах журам”-ын 6 дугаар зүйлийн 1 дэх заалт, “Цэргийн сахилгын дүрэм”-ийн 42 “г” заалтыг баримтлан тухайн албан тушаалд ажилласан нэг жилийн хугацаанд албан үүргийн гүйцэтгэлээ бүрэн хангаагүй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас явуулсан үзлэгийн дүнгээр хангалтгүй дүн үзүүлж албан тушаалдаа тэнцэхгүй байгаа гэх үндэслэлээр 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Л.Баатарзоригтыг томилсон байна.

2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штаб дээр “Архив, албан хэрэг хөтлөлт, хадгалалт, хамгаалалтын байдал”, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Дайчилгааны бэлэн байдал, нууц хадгалалт, хамгаалалтанд үзлэг явуулсан байдал”-д тус тус хянан шалгах ажиллагаа явуулжээ.

“Архив, албан хэрэг хөтлөлт, хадгалалт, хамгаалалтын байдал”-д Батлан хамгаалахын төв архиваас үзлэгийг хийсэн бөгөөд илтгэх хуудасдаа: “...Үзлэг явуулсан бүрэлдэхүүн Цэргийн штабыг албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаандаа тодорхой арга хэмжээ авч, үр дүнд хүрч ажиллах шаардлагатай, архивын ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтийн 9 асуудлыг 28 үзүүлэлтээр үзлэгийг явуулахад авбал зохих 100 онооноос 86 оноо авч, “В” буюу “Сайн” үнэлгээтэй дүгнэв...”, 

“Дайчилгааны бэлэн байдал, нууц хадгалалт, хамгаалалтанд үзлэг явуулсан байдал”-д Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын орлогч, хурандаа Ц.А*******аар ахлуулсан 4 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хянан шалгах ажиллагааг явуулж, 12 нэр төрлийн асуудлаар дүгнээд 10-50 оноо өгсөн боловч хэдэн оноо авахаас 10, 20, 30, 40, 50 оноо өгч буй нь тодорхойгүй атал нийт 340 оноо өгөөд 12 үзүүлэлтдээ харьцуулахад 28,3%-тай болохыг тогтоосон нь ойлгомжгүй, бүртгэл, жагсаалт байхгүй, стандартын шаардлага хангаагүй гэсэн тэмдэглэлүүдийг үйлдсэн байна.

Батлан хамгаалахын төв архиваас 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 9529 дүгээр албан бичгээр бүх дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын архив, албан хэрэг хөтлөлт, баримтын хадгалалт хамгаалалтын байдалд үзлэг явуулсан тайланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргад,

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 171 дүгээр албан бичгээр дэд хурандаа Ц.Б*******ын тухай болон тус дүүргийн Цэргийн штаб дээр дээрх 2 үзлэгийг хийсэн дүнгийн талаар Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргад тус тус хүргүүлжээ. 

Энэ албан бичигтээ нэхэмжлэгч Ц.Б******* нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг “2014 онд сахилгын шийтгэл хүлээсэн тухай” дурдсан байна. 

Нэхэмжлэгчийн маргаж буй Батлан хамгаалах сайдын тушаал нь Төрийн албаны тухай хууль, Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм, Офицерийн алба хаах журам зэрэг хууль тогтоомжийн холбогдох зүйл заалтыг үндэслэл болгосон хэдий ч нэхэмжлэгч Ц.Б*******ын хувьд хамаарагдах хууль зүйн үндэслэл нь дараахь байдлаар тайлбарлагдаж байна. 

Батлан хамгаалахын сайдын 2008 оны 65 дугаар тушаалаар баталсан “Офицерийн алба хаах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.7-д “Удирдах албан тушаалын офицерийг шинээр томилох буюу дэвшүүлэх, бууруулах, шилжүүлэн томилохдоо 6.7.1. “... Аймаг, /нийслэл/ дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нарыг  Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон төрийн албаны зөвлөлийн  салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Батлан хамгаалахын сайдын тушаалаар”, 

Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм”-ийн 7 дугаар зүйлд “Хоёроос доошгүй нэр дэвшигчийг оруулан аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр штабын даргыг Батлан хамгаалахын сайд, ... томилж, чөлөөлнө. Штабын дарга, ажилтныг томилж, чөлөөлөх асуудлыг ажлын 7 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргыг албан тушаалд томилох, бууруулах хууль эрх зүйн зохицуулалттай болно.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д “Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно гэсэн байхад Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ц*******ын Б*******ыг Төрийн албаны зөвлөл болон төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтгүйгээр, Нийслэлийн Засаг даргатай зөвшилцөлгүйгээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-д “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” гэж заасан үүргээ хууль, журамд заасны дагуу биелүүлээгүй үйлдэл болжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Б*******ыг 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсний дараа Батлан хамгаалахын сайд Д.Б*******д ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой маргаж буй талаар өргөдөл гаргасны хариуд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 171 дүгээр албан бичгээр дээрх 2 шалгалтын дүнгийн талаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.М*******т илтгэсэн, мөн 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчийн тайлбарт дурдсан архив, бичиг хэргийн шалгалтын дүнгийн тайланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт хүргүүлсэн баримтуудаар нотлогдож байна. 

Түүнчлэн шүүхээс Батлан хамгаалахын сайдын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаар тушаалыг гаргахад үндэслэл болгосон нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэхийг хариуцагч байгууллагаас хүсэхэд холбогдох материалыг ирүүлээгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тийн тайлбарт “Ц.Б*******аас Батлан хамгаалахын сайдад хандаж 2014 оны Б/75 дугаар тушаалаас албан тушаалаас чөлөөлөгдсөнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж өргөдөл гаргасантай холбогдуулан Батлан хамгаалах яамнаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Б*******т “Ц.Б*******ын ажлыг шалгасан тухай дүнгийн талаар шаардлагатай мэдээллийг ирүүлэх тухай” 2014 оны 3/3371 тоот албан бичиг хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 171 тоот “Дэд хурандаа Ц.Б*******ын тухай” албан бичигт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 8 дугаар сарын шуурхай хуралдаан дээр өгсөн үүргийн дагуу цэргийн штабын дайчилгааны бэлэн байдал, нууц хадгалалт, хамгаалалтыг сайжруулах талаар 3 сарын хугацаатай үүрэг өгсөн ба 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгахад хангалтгүй, дутагдлаа засаагүй байсан” гэсэн хариуг ирүүлсэн ба энэ талаар Ц.Б*******т 2014 оны 3/3451 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн” гэсэн нь маргаан бүхий тушаалыг хариуцагч хуульд заасан шаардлагыг хангалгүйгээр гаргасан нь тогтоогдож байна. 

Мөн нэхэмжлэгч Ц.Б*******ыг үүрэгт ажлаас “тухайн албан тушаалд нэг жилийн хугацаанд албан үүргийн гүйцэтгэлээ бүрэн хангаагүй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас явуулсан үзлэгийн дүнгээр хангалтгүй дүн үзүүлж, албан тушаалдаа тэнцэхгүй” гэх үндэслэл нь 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ц.Б*******ын баталсан “Архив, албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн хадгалалт, хамгаалалтын талаар хийгдсэн ажлын төлөвлөгөө”, 2014 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 88% буюу “сайн” гэж үнэлсэн Засаг даргын үнэлгээ, Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2013 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үзүүлэлтээр хангалттай гэж дүгнэгдсэн, 2014 онд Багахангай дүүргийн Засаг даргын захирамжаар 2 удаа Дайчилгааны бэлтгэл нөөц, бага мэргэжилтэн бэлтгэх, Цэргийн дүйцүүлэх албанд татах, сургалтанд хамруулах сургалтуудыг зохион байгуулсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. 

Хариуцагч “уг тушаал нь  нэхэмжлэгч Ц.Б*******ыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн албанаас халах агуулга байхгүй, зөвхөн тухайн албан тушаалд ажиллуулах боломжгүй тул албан тушаалаас чөлөөлсөн” гэх тайлбар, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 3/3451 тоот албан бичгийн агуулгаас харахад маргаан бүхий тушаалын холбогдох заалтаар нэхэмжлэгчийг хуулийн хүрээнд сэлгэн ажиллуулах, Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэлд шилжүүлэх зэргээр Сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд төрийн албан хаагчийн ажиллах, албан тушаал эрхлэх баталгааг хангаж зохицуулах боломжтой байжээ.

Иймд Батлан хамгаалах сайдын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаар тушаалын Ц.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Харин нэхэмжлэгч Ц.Б******* 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргад “Цэргийн тэтгэвэр тогтоолгох” хүсэлтийг өгсний дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/160 дугаар тушаалаар ...ажиллаж байсан, дэд хурандаа Ц.Б*******ыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халсан, мөн нэхэмжлэгч өөрийнх нь оронд Ц.Баатарзоригтыг томилсон асуудалтай маргахгүй гэх тайлбарыг өгсөн тул Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар эргүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Батлан хамгаалах сайдын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаар тушаалын Ц.Б*******т холбогдох үүрэгт ажлаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгосонтой холбоотойгоор 1994 оны Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг ...зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч ...-д авах эрхтэй” гэж дурдсан тул 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс тэтгэвэр тогтоолгох хүртэлх хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалын үндсэн цалинг, нэмэгдлийн хамт зохих журмын дагуу бодож олгох нь зүйтэй байна. 

2. Батлан хамгаалах яамны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/259 дүгээр тушаалыг хэрэгжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Батлан хамгаалах яамны Б/259 дүгээр тушаалаар Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Ц.Б*******т 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажил хүлээлцсэн хугацааны тэтгэмжийг зохих журмын дагуу бодож олгохоор болсон хэдий ч хэрэгжүүлээгүй байна. 

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин болон дээрх тушаалын дагуу олгогдох ажил хүлээлцсэн хугацааны тэтгэмжийг олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь ажилгүй байсан хугацааны буюу 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны хооронд 40 хоногт давхар цалин, тэтгэмж гаргуулахыг хүссэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Иймд нэхэмжлэгч Ц.Б*******ын Батлан хамгаалах яамны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/259 дүгээр тушаалыг хэрэгжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Харин хариуцагч байгууллага хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл олгох асуудлыг шийдвэрлэхдээ Батлан хамгаалах яамны 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн Б/259 дүгээр “Ажил хүлээлцсэн хугацааны тэтгэмж олгох тухай” тушаалыг хэрэгжүүлэх, эсхүл хууль зүйн хүчинтэй байлгах эсэх асуудлыг зохицуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4, 23 дугаар зүйлийн 23.1.1, 1994 оны Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагаас “Батлан хамгаалахын сайдын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/75 дугаар тушаалын Ц.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны буюу 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 40 хоногийн цалинг нэмэгдлийн хамт гаргуулах” хэсгийг хангаж, үлдэх “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, Батлан хамгаалах яамны 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/259 дүгээр тушаалыг хэрэгжүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУМАА