Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 609

 

 

 

 

 

 

 

 

 

Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг

хүчингүй болгох хүсэлтийг шийдвэрлэх тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Чойжилсүрэн,

Асран хамгаалагч гэх Ц.Нямсүрэн,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Ц.Алтанцэцэгийн асран хамгаалагч гэх Ц.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Алтанцэцэгт холбогдох материалыг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Рулам овогт Цэрэннадмидын Алтанцэцэг, 1986 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 87 дугаар гудамжны 1275а тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар: /КК86091606/.

 

            Ц.Алтанцэцэг нь 2014 оны 8 дугаар сарын 10-ны орой бусадтай бүлэглэн бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан санаатай алсан гэмт хэрэг үйлдэж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 716 дугаар тогтоолоор Ц.Алтанцэцэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэжээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ц.Алтанцэцэгийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг зогсоох асуудлыг шийдвэрлүүлэхээр прокурорын тогтоол үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Алтанцэцэг нь бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдэж, “оюун ухааны хүндэвтэр хомсдол” сэтгэцийн өвчний улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагджээ. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын комиссын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5 дугаар дүгнэлтээр Ц.Алтанцэцэгийн сэтгэцийн өвчин эдгэрсэн, эрүүл мэндийн байдал нь сайжирсан гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн асран хамгаалагч Ц.Нямсүрэн нь Ц.Алтанцэцэгийг нийгэмд аюултай үйлдэл дахин хийхгүй байхаас урьдчилан сэргийлэн байнга хяналт тавьж, сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид тогтмол үзүүлж, шаардлагатай эм тариаг хэрэглүүлж байх боломжтой болох нь тогтоогдохгүй байна. Иймд Ц.Алтанцэцэгийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгох тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэж, Ц.Алтанцэцэгийг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгох тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

            Асран хамгаалагч гэх Ц.Нямсүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч нарын 5, 6 дугаартай дүгнэлтээр дүү нарыг минь сэтгэцийн өвчин нь сайжирсан, өөрийн хийсэн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, хянах чадвартай болсон гэж дүгнэсэн тул 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэх асуудлыг шүүхээр хэлэлцэж, Ц.Оргилсайхан, Ц.Алтанцэцэг нарын өвчнийг сайжирсан гэж үзэх боломжгүй хэмээн мөн өдрийн 76 дугаар шүүгчийн захирамжаар албадан эмчилгээг цуцлах асуудлыг шийдвэрлэхгүй прокурорын тогтоолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нь гомдолтой байна. Түүнчлэн уг захирамжинд асран хамгаалагч Ц.Нямсүрэн нь Ц.Оргилсайхан, Ц.Алтанцэцэг нарыг нийгэмд аюултай үйлдэл дахин хийхгүй байхаас урьдчилан сэргийлэн байнга хяналт тавьж хэрэгжүүлж байх боломжтой болох нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг хийж, дүү нарыг эмнэлгээс чөлөөлөхгүй орхисон нь үндэслэлгүй байна. Учир нь би шүүх хуралдааны үеэр Ц.Оргилсайхан, Ц.Алтанцэцэг нарыг би өөр дээрээ авч хамтдаа амьдран эмчийн зөвлөсний дагуу эм тариаг нь авч өгч эмчилгээг үргэлжлүүлэн асарч, хяналт тавьж байх тухайгаа хэлсээр байхад энэ байдлыг үгүйсгэж захирамж гаргасан нь үндэслэлгүй болжээ. Мөн шинжээч эмч нар дээрх өвчтөнүүдийн сэтгэцийн байдал нь сайжирсан гэж дүгнэлт гаргасаар байхад шүүх эрүүл мэндийн байдал нь сайжирсан гэж үзэх боломжгүй байна гэсэн нь юуг харгалзан үзэж, шинжээч нарын дүгнэлтийг үгүйсгэж байгааг ойлгохгүй байна. Иймд Ц.Оргилсайхан, Ц.Алтанцэцэг нарын албадан эмчилгээг хүчингүй болгох асуудлыг дахин хэлэлцүүлж, дүү нарыг минь эмнэлгээс гаргаж өгнө үү. Хэрэв миний дүү нарын албадан эмчилгээг цуцалсан тохиолдолд би дүү нараа өөрийн хашаанд тусад нь гэр барьж байрлуулан, харж хандаж байх болно. Намайг ажилдаа явсан хойгуур дүү Ц.Ариунсайхан /24 настай/ харж хандаж байх учир хяналт тавихад хүндрэл гарахгүй” гэв.

 

Прокурор Б.Чойжилсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанаар албадан эмчилгээ хийлгэж байгаа Ц.Алтанцэцэгийн талаар хэлэлцээд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч нарын 5 тоот дүгнэлтээр сэтгэцийн өвчин нь эдгэрсэн, сайжирсан гэж үзэх боломжгүй байна гэж анхан шатны шүүх үзсэн. Сэтгэцийн өвчин нь сайжирсан гэж үзэх боломжгүй байна гэдэг нь яг юуг үндэслэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Ц.Нямсүрэн нь Ц.Алтанцэцэгийг нийгэмд аюултай үйлдэл дахин хийлгэхгүй байхад байнга хяналт тавих, шаардлагатай эмчилгээ, эм тариа хийх боломжтой нь тогтоогдохгүй байна гэсэн. Шүүх хуралдааны явцад өвчтөнг эм тариагаар тогтмол хангана гэж ярьж байсан. Шүүхийн шийдвэр үндэслэл муутай гарсан. Сэтгэцийн эрүүл мэндийн байдал сайжирсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ нь эдгэрсэн биш сайжирсан. Харин шүүгчийн захирамжид сайжирсан гэж юуг үндэслэсэн нь тодорхойгүй байна. Тийм учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна. Харин энэ захирамжид прокурор эсэргүүцэл бичих тухай заагаагүй байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтооно” гэж заасны дагуу Ц.Нямсүрэнг шүүхээс асран хамгаалагчаар тогтоосон эсэх нь тодорхойгүй байна.

 

             Ц.Нямсүрэнг асран хамгаалагчаар тогтоосон эсэх нь чухал ач холбогдолтой бөгөөд Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.3 дахь хэсэгт “сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэний бусдад учруулсан гэм хорыг түүний асран хамгаалагч буюу түүнд байнгын хяналт тавих үүрэг бүхий этгээд хариуцан арилгана” гэж зааснаар асран хамгаалагч нь гэм хорын асуудлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

 

            Мөн түүнчлэн Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд сэтгэцийн эмгэгтэй хүний хууль ёсны төлөөлөгчийн эрх, үүрэгийг хуульчилж өгсөн ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Сэтгэцийн эмгэгтэй хүний хууль ёсны төлөөлөгч нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ”:

“11.1.4.сэтгэцийн эмгэгтэй хүнийг хоол, хувцас, орон байраар хангах, асран халамжлах;

11.1.7.хуульд заасан бусад эрх, үүрэг” гэж заажээ.

 

Тухайн сэтгэцийн эмгэгтэй хүний хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч дээрх хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ Ц.Алтанцэцэгийг цаашид дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас болон хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдахгүй байх нөхцлийг хангаж, байнга хяналт тавьж байх үүргийг давхар хүлээнэ.

 

            Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын комиссын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 5 дугаар дүгнэлтээр “Ц.Алтанцэцэгийн сэтгэцийн өвчин эмчилгээний үр дүнд сайжирсан, өөрийн хийсэн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө хянах чадвартай гэсэн боловч Ц.Алтанцэцэгийн сэтгэцийн өвчин нь цаашид сэдрэх эсэх нь гэр бүлийн хүмүүсийн харьцаа хандлагаас хамааралтай ба харъяаллын дагуу сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид тогтмол үзүүлж, шаардлагатай эм тариаг хэрэглэж байгаа тохиолдолд сэдрэх магадлал бага” гэжээ.

 

Асран хамгаалагч гэх Ц.Нямсүрэн нь Ц.Алтанцэцэгийг харъяаллын дагуу сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид тогтмол үзүүлж чадах эсэх, шаардлагатай эм тариаг худалдан авч, хэрэглэж байх эдийн засгийн баталгаа байгаа эсэх, оршин суух орон байртай эсэх, асран хамгаалагч нь ажил хөдөлмөр эрхэлж, түүнийг эзгүй байх үед хэн хараа хяналтандаа байлгах баталгааг гаргаж нотолсон байх ёстой.

 

            Гэтэл  Ц.Алтанцэцэгт холбогдох материалд энэ талаар авагдсан нотлох баримт байхгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн “Ц.Нямсүрэн нь Ц.Алтанцэцэгийг нийгэмд аюултай үйлдэл дахин хийхгүй байхаас урьдчилан сэргийлэн байнга хяналт тавьж, сэтгэцийн нарийн мэргэжлийн эмчид тогтмол үзүүлж, шаардлагатай эм тариаг хэрэглүүлж байх боломжтой болох нь тогтоогдохгүй байна гэж үзсэн” нь үндэслэл бүхий байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Ц.Алтанцэцэгийн асран хамгаалагч гэх Ц.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар захирамжийг хэвээр үлдээж, Ц.Алтанцэцэгийн асран хамгаалагч гэх Ц.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

    

   ШҮҮГЧИД                                                     Ц.ОЧ

                                                                                                 

Т.ӨСӨХБАЯР