Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2018/0349

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, Б.С, Н.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0246 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Э-ийн нэхэмжлэлтэй, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0246 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 23 дугаар зүйлийн 23.3.2, 23.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, ажилд томилохгүй байгаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Э-ийг тус газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтэст мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг ТЗ-6 шатлалаар тооцон олгуулж, энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас “2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0246 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ тус газраас иргэн Б.Э-тэй 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Гадаад улсад урт хугацаагаар суралцуулах тухай гэрээ”-ний гуравдугаарт заасан “Суралцагчийн эрх, үүрэг” хэсгийн 3.2, 3.4-д заасан суралцагчийн үүргийн хэрэгжилт хангалтгүй талаарх хариуцагчаас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хэлэлцээгүй, зөвхөн “Захиалагчийн эрх, үүрэг” хэсгийн 4.5, “Бусад зүйл” хэсгийн 5.1-д заасан зүйл, заалтыг хэлэлцэн нэхэмжлэгчид давуу байдал тогтоож, хэргийг илт нэг талд шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.7-д заасан “... түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэж үзэж байна.

Тус газраас Б.Э-ийг өөрийнх нь эзэмшсэн мэргэжлийн дагуу сул орон тоо гарсан тохиолдолд ажилд томилохоор хүлээгдэж байгаа бөгөөд одоогоор сул орон тоо гартал төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаагаар тооцож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор төлсөөр ирсэн билээ.

2. Тус газрын мэргэжилтэн Ш.Х гадаадад суралцах болсонтой холбогдуулан Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтэст сул орон тоо гарсан бөгөөд энэхүү сул орон тооны ажлын байранд “мэдээллийн технологийн” чиглэлийн мэргэжилтэй хүн байх шаардлагатай байтал шүүхээс нэхэмжлэгч тал болох “харилцаа холбооны” мэргэжилтэй Б.Э-ийг шаардлагад нийцсэн гэж үзсэн.

Мэдээллийн технологийн гэдэг нь компьютер дээр суурилсан мэдээллийн систем, програм хангамж болон техник хангамжийн дизайн, хөгжүүлэлтийг, харилцаа холбооны гэдэг нь утастай болон утасгүй сүлжээ, интернетийн шугам, радио телевизийн шугам сүлжээг хариуцдаг тусдаа үйл ажиллагаа бүхий 2 өөр мэргэжил юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн “нэхэмжлэгчийн ажиллаж байсан Мэдээллийн технологийн хэлтэс нь Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтэс болж, тус хэлтэст түүний гүйцэтгэж байсан цахим засгийн энтерпрайз архитектур, мэдээллийн системийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүрэг, ажлын байранд тавигдах шаардлага дээрх сул орон тоонд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар томилогдсон М.О-ын эрхэлж буй Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн цахим засгийн үйлчилгээ, төр хувийн хэвшлийн түншлэл хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүрэг, тавигдах шаардлага төдийлөн зөрүүтэй биш, чиг үүрэг хадгалагдан үлдсэн байна” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул дээрх гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт зохих өөрчлөлтийг орууллаа.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд анх Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 246 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Э-ийг тус газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд дараа нь Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтнээр жинхэлж, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 52 тушаалаар Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтнээр томилсон байх бөгөөд Б.Э нь төрийн жинхэнэ албан хаагч байна.

Үүний дараа нэхэмжлэгч БНСУ-ын СККЮ их сургуульд “Глобал цахим бодлого, цахим засаг” чиглэлээр магистрын сургалтад суралцах болсон тул өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Б.Э-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй ур хугацааны сургалтын гэрээ байгуулж, магистрт суралцах хугацаанд нь төрийн албан хаагчийн нөөцөд байхаар тооцжээ.

Улмаар нэхэмжлэгч Б.Э гадаадад сургуулиа төгсөөд ирсэн тул “Ажилд орох тухай” хүсэлтээ Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын даргад 2017 оны 06 дугаар сарын 27-ний өдөр гаргахад “...Монгол Улсын Их Хурлын сонгуулиар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, тус газрын бүтэц, орон тоо 2016 оны 08 дугаар сард батлагдсан. Тус газарт сул орон тоо байхгүй бөгөөд тантай байгуулсан гэрээнд заасны дагуу салбарын байгууллагад ажиллах боломж нээлттэй, бид дэмжих болно” гэсэн хариу өгсөн. Үүний дараа нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дахин “Ажил орох тухай” хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хариуцагч шийдвэрлээгүй, орхигдуулсан байна.

Гэтэл тус газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар М.О-ыг Мэдээллийн технологи, бодлого зохицуулалтын хэлтэст цахим засгийн үйлчилгээ, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон байх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасныг зөрчжээ.

Учир нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Мэдээллийн технологийн хэлтэс нь Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтэс болж өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан цахим засгийн энтерпрайз архитектур, мэдээллийн системийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт болон гуравдагч этгээд М.О-ын одоо эрхэлж буй Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтсийн цахим засгийн үйлчилгээ, төр хувийн хэвшлийн түншлэл хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүрэг, тавигдах шаардлага нь төдийлөн зөрүүтэй биш, чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

Мөн Төрийн албан хаагчийн 3 сараас дээш хугацаагаар суралцах болсон үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдөх, төрийн албаны нөөцөд байх, төрийн албанд буцаан томилохыг Төрийн албаны тухай хуулийн 17, 23 дугаар зүйлд зааснаар зохицуулах бөгөөд тус хуулийн  17 дугаар зүйлийн 17.4-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина”, 23 дугаар зүйлийн 23.3.2-т “гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон”, 23.5-д “Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж тус тус заасан.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б.Э нь төрийн албанаас түр чөлөөлөгдөж, “Гадаад улсад урт хугацаагаар суралцуулах тухай” гэрээ байгуулж, төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байхад хариуцагч гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, Б.Э-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилохгүй эс үйлдэхүй гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар  “М ц х” ХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан М.О-ыг Мэдээллийн технологийн бодлого, зохицуулалтын хэлтэст цахим засгийн үйлчилгээ, төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн урт хугацааны чөлөөтэй, төрийн албан хаагчийн нөөцөд байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах, чөлөөний хугацаа дуусаж, ажилд орохоор хүсэлт гаргасан ажилтныг ажилд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахгүй сул орон тоо байхгүй гэсэн үндэслэлээр ажилдаа буцаж орох хүсэлтийг нь шийдвэрлэхгүй орхигдуулах зэрэг хариуцагчийн эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, хэргийг хянан шийдвэрлэсэн боловч “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-ийг баримтлаагүй нь буруу юм.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлсөөр хохирсон гэж үзэх юм бол уг хохирлыг эс үйлдэхүй гаргасан хариуцагчаас гаргуулж, тус хуулийн зүйл, заалтыг баримтлах нь зүйтэй юм.

Иймд шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг нэмсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0246 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “23.5 дахь” гэснийг “23.5, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН

                               ШҮҮГЧ                                                         Э.ЗОРИГТБААТАР