| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/04491/И |
| Дугаар | 191/ШШ2025/11272 |
| Огноо | 2025-12-03 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/11272
| 2025 12 03 | 191/ШШ2025/11272 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,,од оршин байрлах “*******” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,, лангуу хаягт байрлах “*******” ТББ /рд:/,
Хариуцагч: ,,од оршин суух Боржигон овогт ын ******* /рд:/ нарт холбогдох
Хариуцагч нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7,284,174 төгрөг гаргуулах тухай үндсэн,
10,000,000 төгрөг гаргуулах тухай “*******” ТББ-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч:Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, түүний төлөөлөгч Д.*******, өмгөөлөгч Т.Цэрэндагва нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх манай компани нь Урт цагааны 4-р корпуст, 727,32 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө өмчилдөг байсан ба Нийслэлийн Засаг даргын 2020.02.19-ний өдрийн А/216 дугаартай “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай” захирамж гарснаар цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, тог цахилгаан, ус дулааныг тасалсан.
Үүнийг тус үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг, иргэн хуулийн этгээдүүд эсэргүүцэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн.
Улмаар ийнхүү үйл ажиллагааг зогсоох тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлтийг уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түр зогсоосон тул тус үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг, иргэн хуулийн этгээдүүд нэгдэж, “*******” ТББ-ыг байгуулж, тус төвийг цахилгаан эрчим хүчээр хангаж өгөх хүсэлтийг удаа дараа, маш олон байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасны эцэст 2020 оны 10 сараас түр цахилгаанаар хангахаар болсон боловч гэрээг ганцхан ширхэг аж ахуйн нэгжийн нэрээр, тэр нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй этгээдтэй байгуулах шаардлагыг тавьсны дагуу манай компанийн зүгээс “*******” ТББ болон бусад үйл ажиллагаа эрхлэгчдийг төлөөлөн гэрээ байгуулсан.
Түүнээс хойш гарсан цахилгааны төлбөрийг “*******” ТББ-д нийт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдүүд өгч, ТББ-аас бүгдийг нь цуглуулж, тушаадаг байсан.
Манай компанийн хувьд ч сар бүр гардаг, өөрийн хэрэглэсэн тогны төлбөрөө тус ТББ-д шилжүүлэн өгч байсан ба 2023 оны 11 сарыг дуустал хугацаанд энэ журмаар төлбөрөө бүрэн төлж барагдуулсан ба хамгийн сүүлийн байдлаар 2023.11 сарын манай хэрэглээний цахилгааны төлбөр 350.000 төгрөг гарсныг бүрэн төлж барагдуулсан.
Түүнээс хойш манай компанийн зүгээс “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгад огт үйл ажиллагаа явуулаагүй, 2023.12.05-ны өдөр тус үйлчилгээний төвийн барилгыг нураасан.
Гэтэл “*******” ТӨХК-с манай компанид холбогдуулан 2023.11.03-2024.01.04-ний өдрийг хүртэлх хугацааны 6.471.814 төгрөгийн цахилгааны төлбөр, түүний алданги 682.934 төгрөг, нийт 7.154.748 төгрөгийг нэхэмжилж, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба учрыг нь тодруулахад манай компанийн болон бусад иргэн, хуулийн этгээдүүдээс төлсөн төлбөрийг “*******” ТББ-ын гүйцэтгэх захирал П.******* нь өөрийн дансаар хүлээж авсан боловч цааш нь төлөөгүй, хувьдаа авч, завшсан болохыг олж мэдлээ.
Үүний улмаас манай компанид ихээхэн хохирол учирч байх ба “*******” ТӨХК-с тус шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийг тус шүүхээс хянан шийдвэрлэж, 2025.04.02-ны өдрийн 191/ШШ2025/02732 дугаар шийдвэрээр манай компаниас 7.154.748 төгрөгийг цахилгааны төлбөрт, 129.426 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тус тус гаргуулан “*******” ТӨХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Иймээс манай компани нь ямар ч үндэслэлгүйгээр бусдын өмнөөс энэ хэмжээний төлбөр төлөхөд хүрч хохирч байгаа тул үүний цаана дээрх цахилгааны төлбөрт манай компаниас болон бусад иргэн, хуулийн этгээдүүдийн цахилгааны төлбөрийг хураан авч, зохих байгууллагад нь төлөлгүйгээр хувьдаа авч байгаа хариуцагч “*******” ТББ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
Тухайлбал энэ асуудлын талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасан байх ба хариуцагч ТББ болон манай компани 2-ын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй тул энэ хуульд зааснаар хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн хариуцагч “*******” ТББ нь анх урт цагаан худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах ганцхан зорилготойгоор үүсгэн байгуулагдсан ба одоо уг худалдааны төвийн барилга нь нураагдсан тул түүнээс хойш огт үйл ажиллагаа явуулаагүй, улсын бүртгэлд бүртгэлтэй хаяг болох ЧД, 3-р хороо, Урт цагаан 5-р корпус, 4-р давхар гэх хаяг нь байхгүй болсон билээ.
Тиймээс манай зүгээс хариуцагчаар “*******” ТББ-ыг тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу тус ТББ-ын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу удирдах зөвлөлийн дарга ын *******гийн үйл ажиллагаагаа явуулж байгаа хаягийн дагуу энэхүү нэхэмжлэлээ гаргаж байгаа болно.
Иймд хариуцагч “*******” ТББ-с 7,284,174 төгрөгийг гаргуулан манай компанид олгох шийдвэрийг гаргаж өгнө үү.
1.1. Тус шүүхэд хянагдаж байгаа "*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “*******” ТББ, иргэн П.*******д тус тус холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие, хариуцагч “*******” ТББ-аас гаргасан “...”*******” ХХК-с ЧД-ийн Эрчим хүчний газартай гэрээ хийхдээ урьдчилгаа болгон байршуулсан 10.000.000 төгрөгийг гаргуулах” гэсэн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлтэй танилцаад, бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “*******” ХХК-ийн захирал Д.******* өрөөндөө доорх нэр бүхий компанийн захирлуудыг дуудан цахилгааны гэрээг манай компанийн нэр дээр хийхээр боллоо. Иймд өнөөдрийн дотор барьцаа болгон 10,000,000 төгрөг байршуулах шаардлага тавилаа. Миний зүгээс та нарыг төлөөлөн гэрээ хийж байгаа учраас энэ мөнгийг гаргах боломжгүй, ААН-ийн захирлууд одоогоор ажлын байран дээрээ байхгүй дуудах гэхээр хугацаа орох болчхоод байна. Иймд танай компаниуд барьцаа мөнгийг түр гаргаж өгөөд цахилгаанаар хангагдсаны дараа хурал хийж танилцуулан барьцаа мөнгийг хуваарилан гаргуулъя гэснээр ТББ-ын тэргүүн, “*******” ХХК захирал ******* 3.000.000, ТББ-ын УЗ-ийн гишүүн, “” ХХК-ийн захирал 3.000.000, ТББ-ын УЗ-ийн гишүүн, “” ХХК-ийн захирал 2.000.000 төгрөг, иргэн Төмөртогоо 2.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг “*******” ХХК-ийн захирал *******, гүйцэтгэх захирал Төмөртогоо, тухайн үед ТББ-ын гүйцэтгэх захирал байсан Цэндбаатар нарт бүрдүүлэн өгсөн” гэсэн нь ор үндэслэлгүй, баримтгүй зүйлээр гүтгэн, нэхэмжлэгч компанийг шүүхэд нэр хүндийг нь харлуулах гэж оролдож байна гэж үзэж байна.
Учир нь нэхэмжлэгч “*******” ХХК болон компанийн захирал Д.******* урт цагаан худалдааны төвийг түр цахилгаанаар хангуулах асуудалтай холбоотойгоор хэнээс ч 10.000.000 төгрөг авч байгаагүй бөгөөд тухайн үед буюу 2020 оны 9, 10 сарын үед тус худалдааны төвийг цахилгаанаар хангуулах асуудал нэлээд удаашралтай, маргаантай байсан тул ТББ-ын зарим гишүүдээс “...тог цахилгааны асуудлыг шийдвэрлэхийн тулд бидний өмнөөс хөөцөлдөөд өгөх хүн байна, таньдаг хүнтэй гэсэн гээд, тэрхүү хөөцөлдөж тог цахилгааны асуудлыг шийдэж өгөх хүнд 10,000,000 төгрөг өгвөл болох юм байна...” гэсэн яриа гарч байсан боловч тэр яриа огт хэрэгжээгүй, намжсан байдаг.
Харин тухайн үед урт цагаан худалдааны төвийн түр тог цахилгаанаар хангах асуудлыг нэхэмжлэгч “*******” ХХК болон "*******” ТББ-ууд болон ТББ-ын гишүүдийн зүгээс өөрсдөө нэлээд олон сар хөөцөлдөж байж шийдвэрлэж чадсан ба Эрчим хүчний газраас барьцаа мөнгө шаардсан зүйл огт байхгүй, манай компанийн зүгээс ч барьцаа гэх нэрээр бусдаас мөнгө авч байгаагүй тул ор үндэслэлгүй зүйлээр нэхэмжлэгчийг гүтгэж байна.
Хэрэв тийм асуудал болсон гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа бол хоосон амаар худлаа ярьж, нэхэмжлэгч компанийн нэр хүндэд халдалгүй, холбогдох баримтуудаа шүүхэд гарган өгч нотлох шаардлагатай гэж үзэж байна.
Түүнчлэн хариуцагч ТББ-ын сөрөг нэхэмжлэлээс харахад өөр бусдад өгсөн мөнгөө нэхэмжлэгч компаниас, мөн өөр бусад этгээдийн мөнгийг өмнөөс нь нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр холбогдуулан нэхэмжилж байгаа нөхцөл байдал байгааг анхаарч үзэхийг хүсэж байна.
Иймд хариуцагч "*******” ТББ-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
1.2. Урт цагаанд 30 ААН байсан юм. Бүх ААН хариуцагчид цахилгааны төлбөрийг төлдөг. Урт цагааныг нураасан. 2020 онд Нийслэлээс цахилгаан тасалсан. Улмаар гэрээг тогтвортой ААН-тэй хийнэ гээд манай компани гэрээ хийсэн. Тэгээд 2023 онд урт цагааныг буулгасан. 2020 оноос хойш холбоо, цахилгааны төлбөрийг авахаар тохиролцож ААН-үүд төлбөрөө төлдөг байсан. Гэтэл цааш нь тушаагаагүй тул цахилгаан түгээхээс манайхыг төл гээд шүүхийн шийдвэр гарсан. Иймд ТББ төлбөрийг хариуцах ёстой. Учир нь төлбөрийг холбооны тэргүүн авч байсан юм. Иймд 7,284,174 төгрөг гаргуулна. Манайд мөнгө өгөөгүй юм. Гэрээ хийснээрээ манайх хариуцаад байгаа юм.
Хурлын протокол нь хуурамч юм. Энэ хурал болоогүй. Манай өрөөнд хурал болоогүй. Уг тэмдэглэлийг зохиож ирсэн байна.
10 сая төгрөгийн баримт байхгүй. Цахилгааны гэрээ байгуулахын тул Төмөртогоод түр тушаал гаргасан юм. Энэ мөнгө манайд хамааралгүй. Бүх ААН цахилгааны төлбөрөө ТББ-д өгсөн юм. Манайхыг 263,000 төгрөгийн өртэй гэж байгаа бөгөөд үнийг бид ТББ-д өгсөн юм. Шүүхийн шийдвэртэй тул гэрээг өгөөгүй. Мөнгийг хариуцагч нараас гаргуулна.
1.3. 2020 онд Нийслэлийн засаг даргын захирамжаар урт цагааны үйл ажиллагааг зогсоох болсноор цахилгааныг тасалсан. Үүнээс болоод үйл ажиллагаа явуулж байсан 30 гаруй ААН нийлж ТББ байгуулсан. Ингээд захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улмаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн тул цахилгааны гэрээ байгуулах шаардлагатай болсон. Цахилгаан түгээх нь олон ААН-тэй байгуулахгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг ААН-тэй гэрээ байгуулна гэсэн юм. Ингээд хоорондоо ярилцаад цахилгаанаар хангах гэрээг нэхэмжлэгч байгуулсан. Улмаар төлбөрийг ТББ-р дамжуулж төлж байхаар тохирсон. Нэхэмжлэгч нь өөрийнхөө л төлбөрийг төлнө гэж тохирсон. ТББ төлбөрийг цуглуулаад цахилгаан түгээхэд төлөхөөр тохиролцсон юм. Энэ талаар хэрэгт баримт авагдсан. Гэтэл 2023 оны 10 сард нэхэмжлэгч нь төлбөрөө төлөөд өргүй болоод үйл ажиллагаа явуулаагүй. Урт цагааныг 2023 онд буулгасан. Энэ үед 11 сарын төлбөрийн асуудал үлдсэн. Энэ үед нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулаагүй байсан тул төлбөргүй. Гэтэл цахилгаан түгээх төлбөр шаардаад шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх болсон. Цахилгааны төлбөрийг нэхэмжлэгчийн нэр дээр гэрээ байгуулсан боловч үйл ажиллагаа явуулж байсан ААН төлбөрөө хураалгасан байдаг. Хариуцагч нь өөр зүйлийн төлбөрт төлбөрийг төлсөн байдаг. Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм. Мөнгөн дүн нь шүүхийн шийдвэр болон улсын тэмдэгтийн хураамжийн нийлбэрээр гаргасан юм.
10 сая төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэггүй гэдэг тайлбараа дэмжиж байгаа юм. Хэрэгт гэрээг шаардлага хангасан хэлбэрээр өгөөгүй. Гэхдээ зурган хэлбэрээс харахад барьцаа авах ёстой гэсэн зүйл байхгүй. Иймд барьцаа аваагүй. Хэрэв авсан бол төлбөрөө төлчих байсан тул барьцаа аваагүй нь харагдаж байна. Энэ 10 саяын асуудал нь тухайн үед цахилгааны гэрээ хийхэд хүнээр хөөцөлдүүлэхэд шаардлагатай гэж яригдсан бөгөөд энэ асуудал болоогүй. Мөн 10 саяыг 4 өөр этгээд төлсөн гэж байна. Гэтэл нөгөө гурваасаа итгэмжлэл аваагүй тул төлөөлөх эрхгүй. 10 саяыг нэг хүн биш хэд хэдэн хүн хувааж авсан байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2024.11.25-2024.1.4 хүртэлх төлбөр гэж шүүхийн шийдвэр дээр байгаа юм. Бэлэн мөнгөний орлогын баримтаар хариуцагч нэгдсэн журмаар хураамж авдаг байсан нь нотлогдоно. Мөн дансны хуулгаар хариуцагч нар авдаг нь тогтоогдоно. Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хуулийн 493.1, 493.7-д зааснаар хохирол нэхэж байгаа юм. Сөрөг нэхэмжлэл баримтаар нотлогдохгүй байна. Хариуцагч мөнгийг хурааж аваад цахилгаан түгээхэд төлдөг болон төлөгдөөгүй гэдэг талаар маргаагүй. Мөн төлөөгүй болох нь шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа юм. Өмнө нь шүүх гэрээ байгуулсан байгууллага төл гэсэн байдаг гэв.
2. Хариуцагч бөгөөд хариуцагч “Урт цагаан хөгжлийн төв” ТББ-н төлөөлөгч П.******* нь шүүхэд гаргасан үндсэн, нэмэлт тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хар Чонот’’ ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын А/216 тоот захирамжаар Урт цагаан үйлчилгээний төвийн ажиллагааг зогсоож ус дулаан цахилгаанаар хязгаарласан бөгөөд захирамжийг түдгэлзүүлэх талаар Нийслэлийн ЗХАШШ-д нэхэмжлэл гаргаж хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл тус үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн хуулийн этгээдүүд нэгдэж цагаан хөгжлийн холбоо ТББ-ийг байгуулж тэргүүнээр нь Алаг даага ХХК-ний захирал Доржхорлоо, гүйцэтгэх захирлаар нь Цэндбаатар нар томилогдон ажиллаж байсан болно.
Миний бие 2023 оноос эхлэн Доржхорлоо даргын бие нь тааруу эмчилгээ хийлгэх шаардлагатай гэснээр ААН-ийн төлөөлөл хуралдаж тус ТББ-ийн тэргүүнээр сонгогдон ажилласан болно.
Энэ үед ******* ХХК-ны гүйцэтгэх захирал Төмөрчөдөр дулаан цахилгааны төлбөрийг хариуцан ажиллаж байсан бөгөөд тус хурлаар дулааны гэрээг ТББ-д, цахилгааны гэрээг ******* ХХК тус тус хариуцан ажиллахаар шийдвэрлэж, төлбөр тооцоо хариуцсан менежерээр Ундрахыг ажиллуулж байсан болно.
Менежер Ундрах нь цахилгаанчин Болдбаатар, сантехникч Нямаа нарын бүрэлдэхүүнтэйгээр сар бүрийн бичилтийг хийж зохих байгууллагуудтай нь төлбөр тооцоог хийн өр төлбөргүйгээр ажиллаж ирсэн.
2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн цахилгаан гэнэт тасалснаас ААН-үүд цахилгааны бичилт хийгдээгүй, тоолуурын заалт авах боломжгүй болж энэ асуудлыг удаа дараалан Чингэлтэй эрчим хүчний газарт хандсаны дагуу 2023 оны 11 сарын 15-ны өдөр 2 цаг тог залгаж бичилт хийсэн.
Чингэлтэй эрчим хүчний газраас нийт 5,593,563 төгрөг төлөх нэхэмжлэл гаргасан.
Үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн ААН байгууллагуудын тоолуурын заалтаар 5,472,144 төгрөгийн бичилт хийгдэн алдагдал 121,449 гаран тухайн үед байдал маш хүнд байсан бөгөөд цаашид цахилгаанаар хангах эсэх нь тодорхойгүй хүмүүс тоггүй ажиллах боломжгүй зэргээс шалтгаалан байгууллагууд төлбөр тооцоог цаг тухайд хийгээгүйн улмаас цахилгаан бичигдсэнээс хойших төлбөр цаашлаад дулааны төлбөрийн асуудлыг хэрхэх талаар нийтийн хурлаар хэлэлцүүлэх санал оруулан 2023 оны 11 сарын 28-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажилласан.
2023 оны 11 сарын 15-аас хойших цахилгааны төлбөрт төлөгдсөн ТББ-ын дансаар нэр бүхий 10 иргэн ААН-ийн 2,155,502₮, бэлнээр 11 н иргэн ААН-ийн 1,706,054₮ бүгд 3,841,556 цугларсныг дулааны төлбөр төлөөгүй 7 иргэн ААН-ийн 3,836,078₮ төгрөгийн төлөлтөд шилжүүлэн төлсөн болно. /Хурлын тэмдэглэл хавсаргав./
Хар Чонот ХХК-ний захирал ******* нь цахилгааны гэрээний барьцаа гэж 1,000,0000₮ 4 н ААН-ээс гаргуулан авсан. Энэ барьцаа мөнгөнөөс цахилгаанд төлөх төлбөрөө суутгахгүйгээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Тухайн үед цахилгааны төлбөр төлөгдөөгүй :
1. Шим дэлгүүр Мөнгөнцэцэг-903,482₮
2. Хөм ХХК-ний урд өрөө Оюунболд-68,429₮
-57,915₮
3. Нарлаг тал ХХК1-146,152₮
4. Тавлаг ХХК Ганбаатар-153,806₮
5. Хар Чонот ХХК *******-263,599₮
6. Иргэн Түмэнжаргал-37,175₮
Дүн:1,630,558
Дулааны төлбөр төлөгдөөгүй:
1. Хар Чонот ХХК ******* -1406,0000₮
2. Тавлаг ХХК Ганбаатар-941490₮
3. Анома Дашням-609436₮
4. Нарлаг тал ХХК -327368₮
5. Нью трейд Төмөрчөдөр-357900₮
6. Дэгжих-2-Болорма193884₮
Дүн:3836,078₮
Дулаан цахилгааны төлөгдөөгүй 5466,636 төгрөгийг гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагынхаа дагуу дээрх иргэн байгууллагуудаас Хар Чонот ХХК нь төлүүлэх боломжтой.
Миний бие болон ******* ТББ нь Чингэлтэйн эрчим хүчний байгууллага болон Хар Чонот ХХК-тай цахилгааны асуудлаар байгуулсан гэрээ хэлцэл байхгүй бөгөөд энэ асуудлыг хуулийн өмнө хариуцахгүй тул Хар Чонот ХХК-ний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
2.1. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбоотойгоор 2025.06.02-ны өдөр хариу тайлбар гарган өгсөн боловч 2025.09.30-ны өдөр шүүхэд дуудагдан хавтаст хэрэгтэй танилцсаны үндсэн дээр зарим нэгэн тодруулан шалгуулах зүйл байна гэж үзэв.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2022 оны 10-р сараас эхлэн Урт цагаан үйлчилгээний төвийн иргэн, ААН-үүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан бөгөөд гэрээний мэргэжилтнээр Ундрах ажиллаж цахилгааны төлбөр тооцоог бэлнээр болон “*******” ХХК-ийн дансанд шилжүүлэн авч ажил үйлчилгээгээ явуулж ирсэн байдаг.
“*******” ХХК үйлчилгээний төвөөс нүүснээр төлбөр тооцооны асуудалд хүндрэл учирч ААН-ийн удирдлагууд хуралдан “*******” ТББ-ын удирдлагыг сольж миний биеийг томилон дулаан, цахилгааны төлбөр тооцоон дээр хяналт тавин ажиллахыг даалгаж тооцооны менежерээр Ундрахыг томилон ажиллуулах шийдвэрийг гаргасан байдаг бөгөөд бид 2023 оны 10-р сар хүртэл ЧД-ийн Эрчим хүчний газарт болон ДШСГазруудад нэг ч төгрөгийн өр төлбөргүйгээр ажил үйлчилгээг хариуцан хэвийн жигд явуулж ирсэн байдаг.
2023 оны 11-р сарын 7-ны өдөр хотын захирагч Х.Нямбаатарын шийдвэрээр цахилгааныг гэнэт тасалснаас үүдэлтэйгээр ААН байгууллагуудын үйл ажиллагаа доголдож ажилчид нь ажлын байраа орхин гарах, зарим нэгэн байгууллагууд нүүж гарах зэрэг маш хүнд байдал үүссэн болно. Улмаар Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг нурааснаар урьд тайлбарт дурдсан иргэн ААН-үүд тооцоо төлбөр хийгээгүйн улмаас өр төлбөр үүссэн байдаг.
Гэтэл энэ байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан “*******” ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхийн оронд хэн нэгэнд хариуцлага тохохыг санаархан миний биеийг хариуцагчаар татан шүүхэд хандсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч “*******” ХХК нь өөрөө дулаан, цахилгааны нийт төлөгдөөгүй үлдэгдэл 1,671,005 төгрөгийн өр төлбөртэй байдаг.
Дулаан, цахилгааны төлбөрийн бичилт хийгдэхдээ өмнөх сарын хэрэглээ нь дараа сарынхаа 5-10-ны дотор бичигдэж зохих байгууллагуудаас ирдэг бөгөөд бид төлбөрийг 10-аас 20-ны хооронд хийж барагдуулдаг, өөрөөр хэлбэл, 10-р сарын цахилгааны бичилт 11-р сарын 5-10-ны хооронд бичигддэг гэсэн үг бөгөөд нэхэмжлэлд дурдагдсан төлбөрийн тооцооны хамрах хугацаа нь 2023 оны 10-р сарын 10-аас 2023 оны 11 -р сарын 10 байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрчим хүчний газраас 2023 оны 11-р сарын 15-нд бичилт хийсэн байдаг.
Гэтэл “*******” ХХК нь урьд сарын 9-р сарын (хамрах хугацаа 2023.09.11-2023.10.10) төлбөр болох 302,973 төгрөгийг төлөөгүй, хугацааныхаа төлбөрийг төлсөн мэтээр шүүхэд мэдүүлж байгаа нь хуульд хэр нийцэх вэ? (Баримтыг хавсаргав).
1. Тоолуурын заалт нь 31857 - 32885
Төлсөн мөнгөн дүн 302,973 төг
Хамрах хугацаа (2023.09.11-2023.10.10)
2. Тоолуурын заалт 32885-33742
Төлөх дүн 263,599 төг төлөгдөөгүй
Хамрах хугацаа (2023.10.10-2023.11.15)
Иймд хэрэгт холбогдуулан:
1-рт “*******” ХХК-ийн дулаан цахилгааны төлбөр болох 1,671,005 төг ямар дансаар төлөгдсөн болохыг шалган тогтоож өгнө үү.
2-рт Цахилгааны төлбөрийг иргэн, ААН-үүд НӨАТ-ын 10%-тайгаар төлж ирсэн байдаг бөгөөд бидэнд байгаа баримтаар 2023 онд НӨАТ-д ЧД-ийн Эрчим хүчний газарт 5,755,633 төг төлсөн байх ба гэрээт байгууллага болох “*******” ХХК нь НӨАТ-ын шивэлтийг ААН-дэд хийгээгүй гэх гомдол санал маш ихээр гарч байсан.
Иймд гэрээт байгууллага болох “*******" ХХК-ийн дансанд НӨАТ-т хэчнээн төгрөг орсон эсэх, түүнийг иргэн, ААН-дийн данс руу олгосон хийгээд үлдэгдэл хэчнээн төгрөг байгааг шалган тогтоож өгнө үү. Учир нь НӨАТ-ын дүнг иргэн ААН-дэд буцаан олгох хуулийн заалт байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй байна. (Баримтыг хавсаргав)
3-рт “*******” ХХК-ийн захирал Д.*******, гүйцэтгэх захирал Төмөртогоо нарт 2020 оны 10-р сард ЧД-ийн Эрчим хүчний газартай гэрээ хийхэд барьцаа болгон байршуулсан 10,000,000 төгрөгийг шалгаж тогтоож өгнө үү. Барьцаа мөнгөтэй холбогдуулан бид шүүхэд нэхэмжлэл гаргах болно.
Эцэст нь миний бие нь нэхэмжлэгчтэй 20 гаруй жил хамт ажиллаж сүүлийн маш хүнд 3 жилийг хамтдаа туулан хүн ёсоор харьцаж гэрээгээр хариуцах ёстой ажлыг нь хүртэл хүн чанар гарган өдий хүртэл саадгүй явуулж ирсний шанд аваагүй мөнгөнийхөө төлөө авсан болж хөрөнгөжсөн гэх нэр дуулан шүүхийн хаалга татан явж байгаадаа туйлын гомдолтой байна.
“*******” ХХК-ийн төлөөлөл гэх ******* гэгч нь одоогийн ажлын байран дээр ирж элдвээр хэлж хулгайч луйварчин залилагч гэх мэтээр удаа дараалан хүмүүсийн дэргэд гутаан доромжилж хашгичин орилж сэтгэл санааны маш хүнд дарамт учруулж байгаад мөн гомдолтой байна. Энэ хүмүүст хүний мөс чанар монгол хүний ёс жудаг гэж байна уу.
Миний бие болон “Урт цагаан хөгжпийн холбоо” ТББ нь Чингэлтэй дүүргийн Эрчим хүчний байгууллага болон “*******” ХХК-тай цахилгааны асуудлаар байгуулсан гэрээ хэлцэл байхгүй бөгөөд энэ асуудлыг хуулийн өмнө хариуцахгүй тул “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
2.2. Нэхэмжлэгчтэй 2000 онд анх ажлын байранд хөрөнгө оруулалт хийхээр тохирч үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2019 онд захирамж гарч урт цагааны үйл ажиллагааг зогсоож ус цахилгааныг зогсоосон. Улмаар хүсэлт гаргасан. Үйл ажиллагаа явуулахад цахилгаанаар хангахад хөрөнгөтэй гээд нэхэмжлэгчтэй цахилгаан түгээх гэрээ байгуулсан. Бид 2 жил нэхэмжлэгчид төлбөр төлдөг байсан. Нэхэмжлэгч нь 2021, 2022 онд ААН нь нүүсэн юм. Улмаар цахилгааны төлбөрийг хариуцах эзэнгүй болоод бид хуралдсан. Нэхэмжлэгчийн гэрээний мэргэжилтэнтэй гэрээ байгуулсан. Тэр үес нэхэмжлэгчийн ажилтныг төлбөр хариуцсан менежерээр томилсон юм. Улмаар би ТББ-н тэргүүнээр томилогдсон. Нэхэмжлэгч нүүсэн тул менежер Ундрах төлбөрийг хариуцах болсон юм. 2023 оны 11 сар хүртэл төлбөрийн өргүйгээр явж ирсэн. Тухайн үед байдал хүнд байсныг нэхэмжлэгчийн төлөөлөгч мэдэж байгаа юм. Шүүхийн асуудал дуустал үйл ажиллагаа явуулах болоод 2023 оны 11 сар хүрсэн юм. Цахилгааны төлбөр нь 5,563,000 төгрөгийн нэхэмжлэх ирсэн байдаг. 11 сарын 7-нд цахилгааныг тасалсан юм. Бичилт хийгдээгүй байсан бөгөөд хүсэлт гаргаад бичилт хийж энэ төлбөр гарсан юм. Цахилгаанчин явж энэ төлбөрийн бичилт хийгдсэн юм. 42 тоолуур дээр бичилт хийгээд 5,472,144 төгрөг гарсан, алдагдал нь 123,449 төгрөг гарсан. Ингээд Ундрах менежер 3,836,078 төгрөг хураасан. Баримтыг өгсөн. Төлөөгүй үлдэгдэл нь 6 ААН-н 1,630,558 төгрөг байдаг юм. 11 сарын 28-нд хурал хийгээд энэ хураасан мөнгийг цахилгаанд төлөх үү, дулаанд төлөх үү гэдгийг шийдсэн. Энэ хурлын тэмдэглэлийг өгсөн. Энэ хурлаар цугларсан мөнгийг дулаанд төлөх шийдвэр гарсан юм. Үүний дагуу менежер Ундрах дулааны төлбөрийг төлсөн. Ингээд 5 сая төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй үлдсэн юм. Бид дулаанаа төлсний дараа цахилгааны төлбөрийг төлөхөөр ярьсан юм. Энэ төлбөрт нэхэмжлэгч нь 263,599 төгрөгийн үлдэгдэлтэй байдаг. Мөн дулаанд нэхэмжлэгч нь 1,406,000 төгрөгийн өртэй байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 3 сая төгрөг хурааж авчхаад дур мэдэн өөр газар уруу шилжүүлсэн гэж байна. Гэтэл би дур мэдэн шилжүүлээгүй. Харин хурлын шийдвэрээр шилжүүлсэн юм. Би мөнгийг гардаж хурааж аваагүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь би гэрээтэй байгууллага биш юм. Сар болгон 5-9 сая төгрөгийн төлбөрийг цахилгаанд төлдөг байсан. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч НӨАТ-г шивж өгдөггүй байсан тул би шаардлага тавьдаг байсан. Улмаар нэхэмжлэгч нь өөрийн дансаар НӨАТ-н буцаалтыг шивүүлж авсан байдаг. Би цахилгаан түгээх болон нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй. Хурлаас надад үүрэг өгсөн тул би ажлыг хийж байсан.
Сөргөөр барьцаа болгосон 10 сая төгрөг гаргуулна. Сөрөг нэхэмжлэлээр гэрээ байгуулахтай холбоотойгоор цахилгаан түгээх нэхэмжлэгтэй гэрээ байгуулах үед ******* ХХК-с 3 сая, Инванс ХХК-с 2 сая, ХХК-с 3 сая, нэхэмжлэгчийн захирал байсан Төмөртогоо 2 саяыг тус тус төлсөн. Яагаад барьцаа байхад цахилгааны төлбөрийг төлөөгүй вэ.
Хурлын тэмдэглэлийг хуурамч гэж байна. Хурлыг нэхэмжлэгчийн ажлын байранд хийдэг. Хурлын тэмдэглэл хуурамч биш хурал явагдсан. Би хуурамчаар үйлдээгүй. 10 саяыг ТББ-н тэргүүнүүд өгсөн юм. Тухайн үед барьцаа бол 10 сая төгрөг байршуулна гэсэн тул бүрдүүлж өгсөн юм. Гарын үсэгтэй баримтыг өмнө олон хэвлээд хурал хийх болгонд болон албан тоотод хавсаргадаг байсан юм. 10 сая төгрөг өгсөн баримтгүй гэв.
3. Хариуцагч “*******” ТББ нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “*******” ХХК-аас ЧД-ийн Эрчим хүчний газартай гэрээ хийхдээ урьдчилгаа болгон байршуулсан 10,000,000 төг-ийг гаргуулах
Үндэслэл: Нийслэлийн Засаг даргын 2020.02.19-ний өдрийн А/216 дугаартай “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай захирамж гарснаар иргэн, ААН-үүд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж цахилгаан, дулаангүй болсон Үүнийг тус үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн ААН-үүд эсэргүүцэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган Нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлтийг түдгэлзүүлэх асуудал эцэслэн шийдвэрлэх хүртэл цахилгаан дулаанаар хангаж өгөх хүсэлтийг холбогдох шат шатны байгууллагуудад уламжлан хандсаны эцэст 2020 оны 10-р сард түр цахилгаанаар ханган ажиллах гэрээг “*******” ХХК-тай хийхээр болж тус төв дээр ЧД-ийн эрчим хүчний газраас шалгалтын ажиллагаа явагдсан байдаг.
Тухайн үед цахилгаангүй байсны улмаас ихэнх ААН-үүд ажиллах хүнгүй болсон байсан бөгөөд шалгалт явсны дараа “*******” ХХК-ийн захирал Д.******* өрөөндөө доорх нэр бүхий компанийн захирлуудыг дуудан цахилгааны гэрээг манай компанийн нэр дээр хийхээр боллоо. Иймд өнөөдрийн дотор барьцаа болгон 10,000,000 төг байршуулах шаардлага тавилаа. Миний зүгээс та нарыг төлөөлөн гэрээ хийж байгаа учраас энэ мөнгийг гаргах боломжгүй ААН-үүдийн захирлууд одоогоор ажлын байран дээрээ байхгүй дуудах гэхээр хугацаа орох болчхоод байна. Иймд танай компаниуд барьцаа мөнгийг түр гаргаж өгөөд цахилгаанаар хангагдсаны дараа хурал хийж танилцуулан барьцаа мөнгийг хуваарилан гаргуулъя гэснээр:
1. ТББ-ын тэргүүн, “*******” ХХК захирал ******* 3,000,000 төг
2. ТББ-ын УЗ-ийн гишүүн, “” ХХК захирал 3,000,000 төг
3. ТББ-ын УЗ-ийн гишүүн, “" ХХК захирал 2,000,000 төг
4. Иргэн Төмөртогоо 2,000,000 төг
Нийт 10,000,000 төг
“*******” ХХК-ийн захирал *******, гүйцэтгэх захирал Төмөртогоо, тухайн үед ТББ-ын гүйцэтгэх захирал байсан Цэндбаатар нарт бүрдүүлэн өгсөн байна.
Гэрээ хийгдэж “Урт цагаан” үйлчилгээний төв цахилгаанаар хангагдан үйл ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд “*******" ХХК-ийн захирал *******д барьцаа болгон байршуулсан мөнгөний асуудлыг шийдэж өгөөчээ. Хурал зөвлөгөөнөө хийж Урт цагаанд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууддаа тэгш хуваарилахыг удаа дараалан шаардаж байсан боловч асуудлыг зохицуулна гэсээр 2023 оны 11-р сар хүрсэн байдаг.
2023 оны 11-р сард мөн л цахилгаангүй болж улмаар 2024 оны 1-р сард Урт цагааны барилгыг буулгаж ААН-үүд тарцгаасан. Бид зарим нэгэн байгууллага иргэд өр төлбөртэй үлдсэн талаар хурал зөвлөгөөн дээр танилцуулагдаж байсныг мэдэх учир барьцаа болгон байршуулсан мөнгөөр өр төлбөрөө барагдуулсан гэж ойлгож байтал “*******” ХХК нь “*******” ТББ дээр цахилгааны төлбөр төлүүлэхээр нэхэмжлэл гарган шүүхэд хандсан болохыг олж мэдлээ.
Иймд “*******” ХХК-ийн захирал Д.*******аас цахилгааны гэрээ хийхдээ биднээс барьцаа болгон авсан 10,000,000 төгрөгийг нэр бүхий компаниудад гаргуулан өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү.
Бид нэхэмжлэлээ өөрсдийн төлөөлөл болох “*******” ТББ-аар дамжуулан нэхэмжилж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд өөрсдийн биеэр байлцан энэ өгсөн мөнгө гэрчлэх болно гэжээ.
4. Зохигч дараах нотлох баримтыг ирүүлсэн:
4а. Нэхэмжлэгчээс: Хаан банк дахь Д.*******гийн дансны хуулга /хх7-19/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02732 дугаар шийдвэрийн хуулбар /хх78-82/,
4б. Хариуцагч П.*******гээс: 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх35-38/, цахилгаан зарцуулалтын тооцооны баримтууд /хх39-57/, бэлэн мөнгөний орлогын баримтууд /хх58-70/, дулааны төлбөрийн нэхэмжлэх /хх71-76/, цахилгаан зарцуулалтын тооцооны баримт /хх111/, төлбөрийн нэхэмжлэх /хх112-127/, тодорхойлолт /хх128/,
4в. Хариуцагч “*******” ТББ-с: Тодорхойлолт /хх132-133/,
4.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Хаан банкны лавлагаа /хх88/, Хаан банк дахь “*******” ТББ-н дансны хуулга /хх89-96/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч “*******” ТББ-с 5,679,824 төгрөг, хариуцагч П.*******гээс 1,604,350 төгрөг тус тус гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь 7,284,174 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “*******” ТББ-д холбогдуулан гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 25167 дугаар захирамжаар П.*******г хамтран хариуцагчаар татжээ. Улмаар мөнгөн хөрөнгийг хэн алинаас нь гаргуулна гэж тайлбарласан.
3. Хариуцагч “*******” ТББ, П.******* нар нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний оролцогч биш, нэхэмжлэгч мөн адил төлбөрийн үлдэгдэлтэй, цахилгааны төлбөрийг дулааны төлбөрт шилжүүлсэн, барьцааны мөнгөн хөрөнгө байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. Улмаар хариуцагч “*******” ТББ нь барьцааны мөнгөн хөрөнгө болох 10,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02732 дугаар шийдвэрээр “*******” ХХК-с цахилгааны төлбөр, алдангид нийт 7,154,748 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 129,426 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэжээ. /хх78-82/
Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар зохигч маргаагүй.
Дээрх шийдвэрийн үндэслэх хэсгээс үзэхэд хариуцагч “*******” ТББ нь “*******” ТӨХК-д урт цагаан үйлчилгээний төвийг цахилгаанаар хангах талаар хүсэлт гаргаж байсан байна. Улмаар “*******” ТӨХК нь цахилгаан эрчим хүчээр хангахад татгалзахгүй талаар мэдэгдэж, харин гэрээ байгуулах нөхцөлийг тайлбарласан байна.
Цаашлаад нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийн дагуу “*******” ТӨХК-тай “*******” ХХК нь цахилгаан эрчим хүчээр хангах тухай гэрээ байгуулсан байна.
Мөн дээрх шийдвэрээс үзэхэд энэхүү цахилгааны төлбөр нь дан ганц энэ хэргийн нэхэмжлэгчийн хэрэглэсэн төлбөр бус урт цагаан үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байсан байгууллагуудын нийт хэрэглэсэн төлбөрийн үлдэгдэл болох нь тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож үйл баримтыг дахин нотлохгүй.
Түүнчлэн тухайн үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд нь “*******” ТББ-р дамжуулан цахилгааны төлбөрөө төлөхөөр тохиролцсон байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна. Зохигч энэ үйл баримтын талаар маргаагүй. /хх58-70/
5. Зохигч хариуцагч “*******” ТББ-н тэргүүн буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь хариуцагч П.******* болох талаар маргаагүй бөгөөд энэхүү тайлбар нь тус ТББ-н улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх134/
6. Нэхэмжлэгч нь хариуцагч П.*******г өөрийн хувийн дансаар цахилгааны зарим төлбөрийг авсан тул хамтран хариуцагч гэж тайлбарласан нь түүний Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна. /хх90-96/
Хариуцагч бөгөөд хариуцагч “*******” ТББ-н төлөөлөгч П.******* нь нийт 3,836,078 төгрөг цугларсныг цахилгааны биш дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрт төлсөн гэж тайлбарласан. Гэвч хэрэгт дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэх байгаа боловч төлсөн баримт авагдаагүй. /хх71-76/
Эдгээрээс үзэхэд хариуцагч нар нь бусад байгууллагаас төлсөн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг дамжуулан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өмнө нь шүүх шийдвэрлэсэн цахилгааны төлбөр, түүний алданги болон улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.7-д зааснаар хохирол шаардах эрхтэй гэж тайлбарласан.
Дээрх үндэслэлээр “*******” ТББ нь төлбөрийг дамжуулан төлөх үүрэгтэй байсан тул энэхүү алданги болон улсын тэмдэгтийн хураамж нь хариуцагч П.*******д хамаарахгүй гэж үзлээ. Харин түүний хувийн дансаараа авсан мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах нь зүйтэй. Учир нь тэрээр бусад байгууллагын цахилгаан эрчим хэрэглэсэн төлбөрийг хувийн журмаар авах эрхгүй тул ийнхүү авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.
8. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрийн үлдэгдэлтэй гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй. Хэрэгт авагдсан цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрийн талаар ******* гэсэн гарын үсэгтэй баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй. Учир нь тэрээр уг баримтыг үйлдэх эрх бүхий этгээд гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна. /хх39-57/
9. Хариуцагч П.*******гийн хувийн дансаар цахилгааны төлбөр гэх утга бүхий орлогын гүйлгээг түүний Хаан банк дахь данснаас шүүж үзэхэд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 480,910 төгрөг, мөн өдөр 575,890 төгрөг, мөн өдөр 29,000 төгрөг, 16-ны өдөр 53,550 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 465,000 төгрөг, нийт 1,604,350 төгрөг хүлээн авчээ. /хх91, 95/
Энд цахилгааны засвар гэсэн гүйлгээг оруулаагүй, учир нь хэргийн маргааны зүйл нь цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрийн талаар байна.
Иймд хариуцагч П.******* нь хувийн дансаараа хүлээн авсан боловч зохих этгээдэд төлөөгүй 1,604,350 төгрөгийг түүнээс, үлдэх 5,679,824 төгрөгийг хариуцагч “*******” ТББ-с гаргуулж шийдвэрлэв.
10. Хариуцагч бөгөөд хариуцагч “*******” ТББ-н төлөөлөгч П.******* нь барьцаа гэх 10,000,000 төгрөгийг “*******” ХХК 3,000,000 төгрөг, “” ХХК 3,000,000 төгрөг, “” ХХК 2,000,000 төгрөг, н.Төмөртогоо 2,000,000 төгрөгөөр бүрдүүлсэн гэж тайлбарлаж, холбогдох тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн. /хх128/
Энэхүү тодорхойлолтод тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч, түүний гүйцэтгэх удирдлагад өгсөн гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй.
Хэдийгээр 3,000,000 төгрөг зарцуулсан гэх “*******” ХХК-н захирлыг П.******* гэсэн байх боловч Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага гэдэг нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд юм. Өөрөөр хэлбэл, компани болон гүйцэтгэх удирдлага нь хууль зүйн хувьд тусдаа этгээд байдаг.
Эдгээрээс үзэхэд барьцаа гэх 10,000,000 төгрөг нь сөрөг нэхэмжлэл гаргасан “*******” ТББ-д хамааралгүй, цаашлаад нэхэмжлэгч хүлээн авсан гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин энэ асуудлаар эрх бүхий этгээд нь зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.7, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч “*******” ТББ-с 5,679,824 төгрөг, хариуцагч П.*******гээс 1,604,350 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “*******” ТББ-н сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 132,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ТББ-с 105,827 төгрөг, хариуцагч П.*******гээс 26,773 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД