| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00346/И |
| Дугаар | 141/ШШ2025/00323 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 141/ШШ2025/00323
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 141/ШШ2025/00323 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ************* баг хаягаар оршин суудаг М овогт Б.Э ирүүлсэн Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Э нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Завхан аймгийн ****** сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд 1987 оны 07 дугаар сараас 1989 оны 10 дугаар сарын 20 хүртэл мал маллаж байсан тухай тодорхойлолт Завхан аймгийн архиваас бүрэн гүйцэт олдохгүй байгаа тул 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Завхан аймгийн ****** сумын *********** бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Завхан аймгийн ****** сумын *********** бригадад малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч М овогт Б.Э нь 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Завхан аймгийн ****** сумын *********** бригадад малчнаар ажиллаж байсан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
- М овогт Б.Э ********* дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Завхан аймгийн ****** сумын *********** багийн засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 293 дугаартай: Б.Э нь ************ тоот регистртэй, ам бүл-6, эхнэр хүүхдийн хат амьдардаг. Тэрээр тус багийн харьяат байнгын оршин суугч иргэн мөн болохыг тодорхойлов... гэсэн тодорхойлолт,
Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/327 дугаартай ...1987-1989 онд ****** сумын ************ нэгдлийн *********** бригадад мал маллаж байсан гэх Б.Э цалингийн тодорхойлолтыг олгов.
1988 онд 745,40 төгрөг, 3, 5-7, 9 сар, Хуу№- гэжээ.
Жич 1987-1989 оны нэгдлийн даргын тушаал, томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаал, туслах үйлдвэр бригадын цалингийн цэсэнд холбогдох баримт олдохгүй байна... гэсэн лавлагаа, цалингийн цэсийн хуулбар,
- Бийн Э нь 1971 оны 05 дугаар сарын 24-ний өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: ...Ажилладаг байгууллага-****** сумын ************ нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин... гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-Гэрч Н.Г: ...Б.Э 1987 оноос 1989 он хүртэл Завхан аймгийн ****** сумын ***********ын ам гэх газарт, өвөлдөө ************* гэх газарт хурга маллаж байсан. Би тухайн үед *********** багт хургатай хонь маллаж байсан, намартаа Улаанбаатар хот руу мал тууж ордог байсан. Малаа туучхаад 10, 11 сарын үед эргэн ирж малаа малладаг байсан. Бид нэг нутаг, нэг багийн хүмүүс учраас түүнийг мал маллаж байсныг сайн мэднэ. Б.Э нь цэргээс халагдаж ирээд *********** багт мал маллаж байсныг сайн мэднэ... гэсэн мэдүүлэг,
-Гэрч Б.Г: ...Б.Эг Т гэж дууддаг байсан. Бид нэг багийн хүмүүс учраас мал маллаж байсныг сайн мэднэ. 1987-1989 он хүртэл надтай хамт 1 настай мал малласан. Б.Э манайхтай айл байсан. Б.Э надтай хамт 1987-1989 он хүртэл 1 настай мал маллаж байсан учраас оныг нь тод сайн санаж байна. Тэр үеэс хойшоо хаана ямар мал маллаж байсныг сайн мэдэхгүй байна. Бид 2 400-500 орчим толгой 1 настай мал малладаг байсан. Тэр үед 100 орчим төгрөгийн цалин авдаг байсан. Бид ********** гэх газарт өвөлжиж мал малладаг байсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч М овогт Б.Э нь 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Завхан аймгийн ****** сумын *********** бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Э ирүүлсэн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М овогт Б.Э нь 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал Завхан аймгийн ****** сумын *********** бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН